Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 435

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Бехболот, И.Давааням нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Хатанцэцэг,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюуны гаргасан 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 942 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Хатанцэцэгийн бичсэн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 14 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 201626020904 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Каракас овогт Төмөрханы Бехболот, 1991 оны 10 дугаар сарын 3-нд Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Перфектмотор шинэчлэл” ХХК-ийн автомашин засварын газарт механикч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Ишгэн толгой гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 12 дугаар гудамжны 114 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:СТ91100312/,

2. Аргамууд овогт Ишдоржийн Давааням, 1977 оны 5 дугаар сарын 30-нд Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Уул уурхайн оператор мэргэжилтэй, “Илд голд” ХХК-д операторч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 12 дугаар гудамж, 120 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:РФ77053079/,

Т.Бехболот нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард Аюушийн 1 дүгээр гудамжинд байрлах Apple зочид буудлын хажуугийн хашаанд иргэн И.Даваанямыг “эхнэр, нөхрийн асуудалд оролцлоо” гэснээс буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

И.Давааням нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард Аюушийн 1 дүгээр гудамжинд байрлах Apple зочид буудлын хажуугийн хашаанд иргэн Х.Бекмуратыг “гэртээ агсам тавьж, эхнэр хүүхдээ хөөж явууллаа” гэснээс буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Т.Бехболотын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар, И.Даваанямын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хохирогч Т.Бехболот, Х.Бекмурат нарын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3 дугаар сарын 23-ны өдрийн 3922, 3 дугаар сарын 25-ны өдрийн 3921 тоот дүгнэлтээр тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Т.Бехболот, Х.Бекмурат нарыг хохирогчоор тус тус тогтоож, тэднээс байцаалт авчээ. 2016 оны 3 дугаар сарын 19-ний шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард Аюушийн 1 дүгээр гудамжинд иргэн Т.Бехболот, Х.Бекмурат нарыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж И.Даваанямд 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсан байна. Гэтэл Баянгол дүүргийн прокурорын газраас түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард Аюушийн 1 дүгээр гудамжинд байрлах “Apple” зочид буудлын хажуугийн хашаанд иргэн Х.Бекмуратыг “гэртээ агсам тавьж, эхнэр хүүхдээ хөөж явууллаа” гэснээс буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримттай тохирохгүй байна. Яллах дүгнэлтэд бичигдсэнээр хэргийн хохирогчийг Х.Бекмурат гэж бичсэн байх бөгөөд хохирогч Т.Бехболотод хөнгөн гэмтэл учруулсан яллагдагч И.Даваанямын үйлдлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг давтан гэмт хэрэг гэнэ. Энэ хуулийн тусгай ангийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдэх нь зөвхөн тусгай ангид заасан тохиолдолд давтан гэмт хэрэгт тооцогдоно” гэж заажээ. Яллагдагч И.Даваанямын хохирогч Т.Бехболот, Х.Бекмурат нарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан нь “давтан” үйлдэл эсэхийг шалгах нь зүйтэй. 167 тоот яллах дүгнэлтэд яллагдагч И.Даваанямын нэрийг И.Дашням гэж бичсэнийг дурдах нь зүйтэй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Т.Бехболот, И.Давааням нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Т.Бехболот, И.Давааням нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Хатанцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээрх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүгчийн захирамжинд зааснаар И.Давааням нь хохирогч Х.Бекмурат, Т.Бехболат нарыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл тус тус учруулсан үйлдлийг давтан гэмт хэрэг гэж үзсэн байна. Гэмт хэрэг давтан үйлдэх гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа биеэ даасан эхлэл, төгсгөлтэй үйлдсэн байхыг шаарддаг. Прокуророос И.Даваанямын үйлдлийг давтан биш үргэлжилсэн үйлдэл гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Үргэлжилсэн үйлдэл нь субъект нэг зорилгод хүрэхийн тулд төсөөтэй буюу нэг төрлийн үйлдлүүдийг тасралтгүй хэрэгжүүлсэн нь нэгдмэл хор уршиг бүхий нэг гэмт хэрэг бөгөөд үргэлжилсэн үйлдлийн эхлэл нь нэг зорилгод хүрэх зорилгоор хийгдсэн анхны үйлдэл, төгсгөл нь сүүлчийн үйлдэл байдаг учир И.Давааням нь давтан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Яллах дүгнэлтэд И.Давааням нь зөвхөн Х.Бекмуратын биед хөнгөн гэмтэл учруулсан мэтээр бичиж, Т.Бехболотын нэрийг орхигдуулан бичсэн. Гэхдээ орхигдуулан бичсэн ч гэсэн И.Даваанямын үргэлжилсэн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй гэж зүйлчилсэн нь өөрчлөгдөхгүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 942 дугаар шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцжээ.

            И.Давааням нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард Аюушийн 1 дүгээр гудамжинд байрлах Apple зочид буудлын хажуугийн хашаанд иргэн Т.Бехболот, Х.Бекмурат нарын биед гэмтэл учруулсан хэрэгт шалгагдсан байхад яллах дүгнэлтэд хохирогч Т.Бехболотын биед гэмтэл учруулсан эсэх асуудлыг орхигдуулсан нь уг хэргийг шүүх хянан хэлэлцэхэд саад болох нөхцөлийг үүсгэжээ.

            Т.Бехболотын нэрийг Т.Бехболат гэж буруу бичсэн байгааг анхааруулж, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж хуулийн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, прокурор Г.Хатанцэцэгийн бичсэн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 942 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Хатанцэцэгийн бичсэн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Хэргийг прокурорт очтол Т.Бехболот, И.Давааням нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

                                    ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ