Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2016/0389/З |
Дугаар | 221/МА2017/0641 |
Огноо | 2017-09-06 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2017/0641
А.Ц, А.И нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатардаргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч П.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0519 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор,А.Ц, А.И нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0519 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Ц, А.И нарын итгэмжлэгдсэн Б.Б-н гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 279 дүгээр захирамжийн Д.Байгалмаад холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах, анх мэдээллийн санд бүртгэгдсэн байсан 799 м.кв газрын мэдээллийг өөрчилсөн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Д.Б-н газрын байршил, эргэлтийн цэгийг тогтоож, хүлээлгэж өгсөн ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, маргаан бүхий газрын эргэлтийн цэгийг хуульд нийцүүлэн тогтоолгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, 700 м.кв газар эзэмших эрх олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: А.Ц, А.И нарын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн газрын албанд холбогдох захиргааны хэргийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 128/ШШ2017/0519 дугаар шийдвэрийн зөвхөн дараах дүгнэлт хэсэгт холбогдуулах хянуулахаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр маргаан бүхий газартай холбогдох захиргааны байгууллагаас хууль журмыг зөрчиж гүйцэтгэсэн үйлдэл үйл ажиллагааг тогтоож дүгнэсэн.
Гэвч нэхэмжлэгч нараас зуслангийн газраа хүссэн өргөдлийн эх хувь шүүхийн үзлэгээр одоогүй, ... тухайн газар дээр удаан хугацаагаар оршин сууж байгаа нь тэдэнд шаардах эрхийг үүсгэхээргүй байх тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлтийг хянуулах хүсэлтэй байна.
Учир нь бид зуслангийн хашааны хил хязгаарыг "М" ХХК-иас тогтоосон эргэлтийн цэгийн газар эзэмших эрхийн хүсэлтээ гаргаарай гэсний дагуу бид хүсэлтээ гаргасан, төдийгүй газрын албаны ажилтнуудтай удаа дараа уулзаж, хүсэлтээ дахин дахин өгч байсан байхад өгсөн хүсэлт одохгүй гэсэн үндэслэлээр үгүйсгэгдэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Газрын албаны ажилтнууд бидний гаргасан өргөдлийг алба болгосон, архивт хадгалаагүй нь иргэн бидний буруу биш учраас гомдолтой байна. Энэхүү дүгнэлт нь төрийн албаны хариуцлагагүй ажиллагааг зөвтгөсөн үйлдэл боллоо.
Шүүхийн ажиллагаагаар хариуцагч байгууллагын иргэдийн өргөдлийг бүртгэсэн хадгалдаггүй нь тогтоогдсон.
Иймд миний гомдлын дагуу шүүхийг шийдвэрийн холбогдох хэсэгт давж заалдах журмын дагуу хянаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч нараас мэдээллийн санд бүртгэгдсэн зургийг өөрчилж, улмаар давхцал үүсгэж, газар эзэмших эрх олгохгүй байгаа нь хууль бус хэмээн маргасан байна.
Нэхэмжлэгчийн эзэмшиж буй гэх газар нь 799 м.кв хэмжээтэй 1864329907559 нэгж талбарын дугаартайгаар, гуравдагч этгээдийн эзэмшиж буй гэх газар нь 199 м.кв хэмжээтэй 18641329922550 нэгж талбарын дугаартайгаар 2006 оны 9 дүгээр сард газрын кадастрын мэдээллийн санд тодорхой газар эзэмшигчийн нэргүйгээр бүртгэгдсэн байх бөгөөд 2008 оны 9 дүгээр сард газрын хэмжээ нь нэхэмжлэгчийнх 628 м.кв, гуравдагч этгээдийнх 400 м.кв болж өөрчлөгдсөн байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд Д.Б-н эзэмшиж буй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулагийн зусланд байршилтай газар нь анх иргэн Б.О-т Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 193 дугаар захирамжаар 400 м.кв хэмжээтэй олгогдож, улмаар Б.Отгонбаяраас Б.Баяржаргалд газар эзэмших эрх нь шилжиж, Б.Б-с Х.Б-т, сүүлд Х.Б-с энэ хэргийн гуравдагч этгээд болох Д.Б-д тус тус шилжин бүртгэгдэж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна.
Харин нэхэмжлэгчийн өнөөг хүртэл тухайн эзэмшиж буй гэх 799 м.кв хэмжээтэй газрыг эзэмшүүлсэн тухай шийдвэр гараагүй байх бөгөөд нэгж талбарын дугаараар бүртгэгдсэн гэх газар нь түүний нэрээр бүртгэгдээгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/769 дүгээр албан бичгээр ирүүлсэн лавлагаа, болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч нарыг тухайн газарт амьдарч байсныг үгүйсгэхгүй ч газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй нөхцөлд тэдгээрийн газар эзэмших хууль ёсны эрх зөрчигдөнө гэж үзэх боломжгүй бөгөөд энэ тохиолдолд бусдын хууль ёсоор эзэмшиж байсан газартай нэхэмжлэгчийн газрыг давхардуулан олгосон гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Сүхбаатар дүүргийн Газрын албанд газар эзэмшихийг хүссэн хүсэлтээ удаа дараа өгч байсан гэх боловч анхан шатны шүүхээс Сүхбаатар дүүргийн Газрын албаны архивын 2002-2008 онуудын өргөдлийн бүртгэлийн дэвтэрт хийсэн шүүлтээр тэдгээрийн нэрээр гаргаж байсан өргөдөл олдоогүй болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон байх тул тухайн хугацаанд өргөдлөө хуульд заасан журмын дагуу гаргаж байгаагүй байна.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2015 оны 09 дүгээр сарын 14, 23-ны өдрүүдэд, мөн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрүүдэд тус тус газар эзэмшихийг хүссэн өргөдөл гаргаж байсан болох нь дээрх үзлэгээр тогтоогджээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэг буюу газар эзэмших хүсэлт гаргаж байсан эсэхэд гомдол гаргасан тул шүүх гомдлын хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзахдаа холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 заалтыг ...татгалзсугай гэснийг татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 519 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг ...татгалзсугай гэснийг татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ