Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 029

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралданы танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Өлгий сумын 7 дугаар багийн Засаг дарга Х.Берикболыг тус албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргахыг тус сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда, хариуцагч Өлгий сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч сумын Засаг даргын орлогч Г.Салтанат, гуравдагч этгээд Өлгий сумын 7 дугаар багийн Засаг дарга Х.Берикбол, түүний өмгөөлөгч С.Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга . нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбартаа:

Өлгий сумын 7 дугаар багийн Засаг даргаар 13 гаран жил ажиллаж байгаа Х.Берикбол нь 2007 оноос эхэлж бусадтай хамтран эх хүүхдийн тэтгэмж, гэр бүлд олгох мөнгөн тусламжийн мөнгө 71,438,800 төгрөгийн онц их хэмжээний хөрөнгөнд холбогдож, түүнээс шууд санаатай, шунахайн зорилгоор завшиж ашигласан 10.833,000 төгрөгийн хохирлыг төрийн санд төлж, 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 082 дугаар шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн хэдий ч өршөөлд хамрагдаж үлдсэн.

Үүний араас үргэлжлүүлэн 2012 оны 10 дугаар сараас улсын төсвийн хөрөнгөөр баригдах тус 7 дугаар багийн конторын 35,0 гаран сая төгрөгийн барилгын материалыг бусдаас авч Х.Берикбол өөрөө хариуцан зохион байгуулж конторыг бариулж дуусгаад түүнийг хувийн сууц болгон ашиглаж бусдыг залилан мэхэлсэн хэрэгт өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д ...баг, хорооны Хурлын хуралдааныг жилд 3-аас доошгүй удаа хуралдуулна... гэж заасан. Гэтэл Х.Берикбол тус багийн Засаг даргаар 2012 оны 12 дугаар сарын 12-нд томилогдон ажилласнаас хойш өдгөө 2014 оны 03 дугаар сарын 30, 2015 оны 04 дүгээр сарын 05-нд тус тус хоёрхон удаа багийн Хурлыг хийх боломж олгосон.

Эдгээр хоёрхон удаагийн хуралдаанд Засаг дарга Х.Берикбол ажил хийхгүй, мэдлэг чадваргүй, улсын өмч, хөрөнгийг идэж ашигладаг, залилан хийдэг, байнга хуулийн байгууллагад шалгагддаг, нэр хүнд муу, шүүмжлэл хэлсэн хүнийг хавчин гадуурхдаг, аливаа тусламж, тэтгэмжид ялгаварлан ханддаг, төслийн ажлыг өөрөө авч хийдэг, хүмүүсийн хооронд хов зөөж, гүтгэлгээр ажлаа явуулдаг, хамт олон, ард иргэдийг хагалан бутаргаж, хувийн ажил, бизнесээ хөөцөлддөг, шударга бус, худлаа хэлдэг зэрэг багийн иргэдээс маш их шүүмжлэл хүлээж эцэс сүүлд 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон 80 хүнээс 77 хүн буюу 96,25% нь багийн Засаг даргын ажилд "хангалтгүй" гэж санал өгч, Х.Берикболыг тус багийн Засаг даргаас огцруулах тухай багийн Хурлын 02 тоот тогтоол гаргасан.

Багийн Хурлын энэ шийдвэрийн биелэлтийг хангах талаар зохих журмын дагуу Өлгий сумын Засаг дарга Ө.Хабайд өргөн мэдүүлсэнд тэрбээр "Танай багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг судалж байгаад хариу өгөх болно" гэсэн боловч хариу өгөөгүй өдгөө 8 сарын хугацаа өнгөрсөн ч Хурлын шийдвэрийг үл ойшоон Х.Берикболыг хамгаалж, албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байна.

Иймд Өлгий сумын 7 дугаар багийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолын биелэлтийг хангаж, багийн Засаг дарга Х.Берикболыг тус албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргахыг Өлгий сумын Засаг дарга Ө.Хабайд даалгаж шийдвэрлэж өгнө үү. Уг тогтоол нь тухайн өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу гарсан. Тухайн өдрийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар хуралд оролцсон хүмүүсийн санал хүсэлтийг тодотгож, уг тогтоолд дээрх гурван үндэслэлийг зааж өгсөн. Холбогдох тогтоол, хурлын тэмдэглэл болон бусад нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хуралд оролцсон хүмүүсийн хэлсэн зүйл нь хурлын тэмдэглэлд тэмдэглэгдсэн. Ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тухайн хуралдаанд оролцсон иргэдийн саналыг тусгасан тэмдэглэлээр нотлогдоно, энэ нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлд хамаарна, мөн шүүхээр шийтгүүлсэн, ялгүй болох хугацаа дуусаагүй гэх үндэслэлүүдээр 02 тоот тогтоолд хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг баримталсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Өлгий сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

Өлгий сумын 7 дугаар багийн Засаг дарга Х.Берикболын эх хүүхдийн тэтгэмж, гэр бүлд олгох мөнгөн тусламжийг завшиж, ашигласан гэмт хэрэг үйлдэж шийтгэл хүлээсэн тухай хуулийн байгууллагын албан ёсны ямар нэгэн бичиг тухайн үед манайд ирээгүй болно. Тус багийн конторын барилгын талаарх асуудалд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 5/14 тоот прокурорын тогтоолоор Хуандых овогтой Берикболд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т ...баг, хорооны Хурлын хуралдааныг жилд 3-аас доошгүй удаа хуралдуулна гэж заасан. Мөн тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоо нь дараах бүтэцтэй байна, 7.1.2-т баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал гэж багийн удирдлагын тогтолцоог тодорхойлсон болно. Хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн гэж удирдлагын үндсэн зарчмыг тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл, багийн иргэдийн Нийтийн Хурлыг жилд 3-аас доошгүй удаа хуралдуулж иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргаж ажиллах иргэдийн Нийтийн Хурлын дарга Т.Сарымсахын бүрэн эрхэд байгаа болно.

2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг товлон зарлаж, багийн Засаг даргын ажилд хангалтгүй гэж үнэлэлт өгсөн гэх боловч уг хуралдааны материалыг манайд албаны журмаар уламжлаагүй болно.

Харин аймгийн Засаг даргад санал гомдол гаргасан байх ба аймгийн Засаг даргаас ирүүлсэн бичгийн дагуу миний бие хариу хүргүүлсэн, тэрбээр Танай багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг судалж байгаад хариу өгөх болно" гэсэн боловч зохих журмаар тогтоолыг оруулж ирээгүй болно. Нэхэмжлэгч тал Өлгий сумын 7 дугаар багийн Засаг даргыг огцруулах талаар багийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ажилд нь үнэлэлт өгсөн гэж тайлбарлаж байна. Т.Сарымсах нь тухайн багийн Хурлын дарга бөгөөд Өлгий сумын Хурлын төлөөлөгч хүн юм. 2015 оны 12 дугаар сарын сүүлчээр Өлгий суманд Өлгий сумын Хурлын хуралдаан болсон. Мөн 2016 оны 01 дүгээр сарын эхэнд аймгийн удирдлагууд Хотгор багт очиж 2016 онд хийгдэх ажил, аймгийн цаашид хэрэгжүүлэх бодлого, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн асуудлуудыг аймгийн Засаг даргын орлогч Н.Санатбекээр ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Тухайн үед багийн хуралдааныг хийж, Засаг дарга Х.Бекрикболын ажилд үнэлэлт дүгнэлт өгч, ил санал хураалтаар түүний ажлыг хангалттай гэж дүгнэсэн байдаг. Үүнээс хойш хоёр сарын дараа багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хийсэн гэж байна. Ер нь багийн Хурлыг хуралдуулах нь тухайн Хурлын даргын бүрэн эрхэд байгаа. Ингэхдээ хуралдаан болох талаар зарлал гаргаад, Тэргүүлэгчдээр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталж, Хотгор баг нь Өлгий сумын харьяа баг болохын хувьд хуралдаан хийх гэж байгаа талаарх холбогдох баримтуудыг Өлгий сумын Засаг дарга, Өлгий сумын Хуралд хүргүүлэх ёстой. Багийн Засаг даргын ажлыг урьд нь хангалттай гэж үнэлээд холбогдох баримтуудыг ирүүлсэн байгаа. Сүүлд ингэж хуралдаан хийсэн нь хууль зөрчсөн.

Албан бичиг хөтлөлтийн стандартын тухай Монгол Улсын хууль байгаа. Үүний дагуу төрийн байгууллагад гаргаж байгаа аливаа өргөдөл, гомдол болон бусад ямар нэгэн баримт бичгийг тухайн байгууллагын бичиг хэргээр дамжуулаад оруулах ёстой. Манай байгууллагын хувьд бичиг хэргийн ажилтан бөгөөд Засаг даргын туслах ажилладаг. Сумын 7 дугаар багийн Хурлын хуралдааны материалыг дарга нь бичиг хэрэгт биеэр ирж өгөх бүрэн боломжтой байсан. Энэ нөхцөлд бичиг хэргийн энэ журам хэрэгжээгүй. Энэ талаар хариуцагч Өлгий сумын Засаг даргын шүүхэд гаргасан тайлбарт тодорхой дурдсан байгаа. Аймгийн Хөгжмийн Драмын театрт баярын хурал болж байх үед аймгийн Хурлын төлөөлөгч А.Шаймурат гэгч хүн энэ асуудлын талаар Ө.Хабай даргатай ярьж, ийм асуудал гарч байгаа гэж хэлэхэд нь Засаг дарга миний бие одоо хуралд оролцож байна энэ асуудлыг албан ёсоор манай бичиг хэргийн ажилтнаар дамжуулан оруулж ирээд танилцуулаарай гэж хэлсэн байдаг. Дараа энэ асуудлаар дахиж бичиг хэргээр дамжиж орж ирээгүй. Өлгий сумын 7 дугаар багийн Засаг даргыг албан тушаалаас нь огцруулах агуулгатай тогтоол, бусад бичиг баримт манай бичиг хэргийн бүртгэлд бүртгэгдээгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Гуравдагч этгээд Өлгий сумын 7 дугаар багийн Засаг дарга Х.Берикбол шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ миний нэр төрд халдаж намайг ялтан байсан мэтээр бичсэн байх ба энэ нь ямар ч үндэслэлгүй юм. Багийн Засаг даргын төвийг барих хөрөнгө мөнгө завшсан гэдэг нь тогтоогдоогүй бөгөөд энэ тухай аймгийн прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол нотолгоо болно.

Багийн Хурлын хуралдаан хийх асуудлыг багийн Засаг дарга би биш багийн иргэдийн Нийтийн Хурал өөрсдөө зохион байгуулах үүрэгтэй. Намайг элдэв байдлаар гүтгэсэн байдаг боловч хуулийн байгууллагаас шалгаж тогтоосон, нотолсон зүйл байхгүй болно. Мөн намайг огцруулахаар иргэд 70-90 %-ийн санал өгч, ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй бөгөөд Өлгий сумын Засаг дарга Ө.Хабайд нь энэ тухай мэдэгдэж байгаагүй.

Би хууль журмын дагуу Өлгий сумын 7 дугаар багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа ба ямар нэгэн шийтгэл, арга хэмжээ авахуулж байгаагүй юм.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Байдолда намайг 2012 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн гэсэн тайлбар хэллээ. 10.832.000 төгрөгийг би төлсөн маань үнэн. Гэхдээ энэ мөнгө миний хувьдаа ашигласан хөрөнгө мөнгө биш. Тухайн үед хүүхдийн тэтгэмж гэж төрөөс олгож байгаа мөнгийг манай Монгол Улсын харьяатаас гараагүй Казахстан Улсад нүүгээд явсан хүмүүс хагас жилд нэг удаа ирээд бүх мөнгөө авч явдаг байсан. Тухайн үед бид баримт аваагүй, энэ нь санхүүгийн зөрчил болж таарч би буруутай болсон. Миний хувьд ямар нэгэн ял шийтгэл аваагүй байгаа. Өршөөлийн тухай хуульд хамрагдаж асуудал шийдвэрлэгдсэн байгаа. Жилийн дотор Казахстан улсад байгаа иргэдэд холбоо барьж уг мөнгийг эгүүлэн төлүүлж төрийг хохиролгүй болгосон учраас энэ асуудал надад холбоогүй юм. 35 сая төгрөгийг бусдаас залилан мэхэлсэн гэж байна. Энэ асуудлаар бид 2,3 гаруй жил явсан. Энэ хэргийн жинхэнэ эзэн нь Х.Байдолда гуай өөрөө байгаа. Надад холбоотой нэг ч асуудал байхгүй. Шүүхийн шатанд ирээд нэг удаа хэрэг буцсан, мөрдөн байцаалтын шатанд хийсэн үйлдэл байхгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон. Энэ асуудлыг дахиж сэргээсэн, одоо мөрдөн байцаалтын шатанд байгаа удахгүй шүүхэд ирэх байх.

Шүүхээс энэ асуудлыг дахиад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байх. Энэ асуудалд миний хувьд оролцоогүй, миний буруутай ажиллагаа байхгүй. Хүнийг худлаа гүтгэж болохгүй юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д баг, хорооны хурлыг жилд 3-аас доошгүй удаа хийнэ гэж байгаа энэ нь багийн Засаг даргын хийх ёстой ажил биш. Энэ нь багийн Хурлын дарга Т.Сарымсах гэгч хүний хийх ёстой ажил. Хурлын хуралдаан товлон зарлах, удирдах зохион байгуулах эрх надад байхгүй юм.

Миний бие 2015 оны 01 дүгээр сард аймгийн болон сумын удирдлагууд манай багт ирж ажиллахад ард түмний өмнө тайлангаа хэлэлцүүлэн ард түмнээс хангалттай гэсэн үнэлэлт дүгнэлт авсан. Үүний дараа 2 дугаар сард нь хүүхэд маань өвдөж, Улаанбаатар хотод эмчилгээнд явж, 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өлгийд ирсэн юм. Сарын хугацаанд Улаанбаатар хотод эмчилгээнд явж байхад ажлын тайлан бичих боломж байгаагүй. Тэгээд би Хотгорт гэртээ ирсний дараа Хурлын дарга надад 2015 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр маргааш тайлангийн хуралтай гэж мэдэгдсэн. Тэгэхэд би тайлангаа тавьсан шүү дээ гэхэд, үгүй маргааш тайлан хэлэлцүүлнэ гэсэн. Би тухайн үед уучлаарай маргааш би тайлан тавьж чадахгүй юм байна. Гэхдээ хуралд очиж ард түмэндээ уулзаж, нөхцөл байдлаа танилцуулж хэлье, би өмнө нь ард түмэндээ тайлангаа тавьсан байгаа шүү дээ гэж хэлсэн. Тухайн хуралдаанд 20 хэдэн хүн байсан сүүлд намайг гарч явахад дагаад зарим хүмүүс гарч явсан байсан. Сүүлд хичнээн хүн үлдсэн бэ гэдгийг би мэдэхгүй. Хурал хийсэн болгоод тогтоол үйлдэж, тэмдэглэл хөтөлж, намайг ажлаас огцруулах тухай шийдвэр гаргасан болгож тогтоол гаргасан байна. Энэ нь ямар тогтоол юм гэдгийг ч би мэдэхгүй. Сумын Засаг дарга болон сумын Хурлын даргаас надад Х.Берикбол чиний нэр дээр ийм тогтоол ирсэн шүү гэж танилцуулж байгаагүй гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Нэхэмжлэлийн шаардлага болон хэргийн нөхцөл байдлыг судалж үзээд дараах тайлбарыг хэлэх байна. Нэгдүгээрт нэхэмжлэлийн шаардлагад Х.Берикбол нь ял шийтгүүлсэн, ял шийтгэлтэй байгаа учраас түүнийг төрийн албанд ажиллуулах шаардлагагүй гэж бичсэн байгаа. Х.Берикболын хувьд ялтайд тооцох хугацааны тухай асуудал яригдахгүй, түүнийг 2012 оны 82 дугаартай шийтгэх тогтоолоор цагаатгасан тулялгүй гэж тооцох үндэслэлтэй. Хэрэгт шалгагдаж байгаа гэж тайлбарлаж байна. Хавтаст хэрэг дотор түүнийг хэрэгт холбогдолгүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол байгаа.

Багийн Засаг даргын конторын барилгын асуудлаар Х.Берикбол нь ямар хэмжээтэй энэ хэрэгт оролцсон бэ гэдгийг үнэлж дүгнэх боломжтой. Уг хэрэгт Х.Берикбол нь холбогдолгүй гэсэн прокурорын тогтоол байгаа. Уг тогтоол нь хүчин төгөлдөр хэвээр байгаа. Багийн Хурлын хуралдаан нь ямар журмаар болох ёстой юм, хуралдааныг хэн товлон зарлан хуралдуулах нь хууль, журамтай. Багийн хуралдаан тухайн өдөр болсон гэдгийг үгүйсгэхгүй байна.

Гэхдээ Х.Берикбол нь Улаанбаатар хотоос хүүхдээ эмчлүүлээд дөнгөж ирж байхад нь маргааш ирж багийн Хуралд тайлангаа тавиарай гэж хэлсэн гэсэн. Х.Берикбол би одоогоор ажил үүргээ үнэлүүлэх, дүгнүүлэх болон тайлан тавих хэмжээнд бэлтгээгүй гэж хэлсэн байна. Түүнээс гадна хариуцагч тал багийн хуралдаан болох асуудлыг төлөвлөөд, ямар асуудлаар хуралдаан болохыг Засаг даргаар батлуулаад, Хурлын Тэргүүлэгчид болон багийн иргэдэд мэдэгдэж, багийн Засаг даргад нь тайлан хэлэлцүүлэх боломжийг нь олгож бэлтгэлийг хангаж байж, хуралдаанаа хийх ёстой гэж үзэж байна. Ямар ч гэсэн хуралдаан болохын хувьд болсон, харин багийн Засаг даргын тайлан хэлэлцэгдээгүй.

Тайлан хэлэлцүүлэхгүйгээр ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх асуудлыг шийдвэрлэх боломжгүй байсан. Уг хуралдаанаас 02 тоот тогтоол гарч, 70 гаруй хүн багийн Засаг даргын ажлыг хангалтгүй гэж үнэлээд, ажил хийхгүй байгаа гэдэг үндэслэлээр 02 дугаар тогтоолын дагуу түүнийг огцруулах тухай саналыг Өлгий сумын Засаг даргад хүргүүлсэн гэж байгаа.

Хамгийн гол асуудал болох 02 дугаар тогтоол нь сумын Засаг даргад зохих ёсоор бичиг хэргээр нь дамжижирэх ёстой байсан. Бичиг хэргээр бүртгүүлээд ирсний дараа багийн Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг сумын Засаг дарга, Засаг даргын дэргэдэх зөвлөлд оруулж байж шийдвэрлэх ёстой. Гэтэл тийм зүйл болоогүй. 02 дугаар тогтоолыг сумын Засаг даргад А.Шаймурат гэгч хүнээр өгсөн гэдэг, гэтэл сумын Засаг дарга аваагүй гэдэг нь нотлогдсон. Тийм учраас 02 дугаар тогтоолын хувьд ч гэсэн тухайн тогтоол гарсан хуралдааны тухайд ч энэ шүүх хуралдаанаар ярих ямар ч боломжгүй. Хүлээж авах шаардлагагүй боллоо гэж үзэж байна. Учир нь хэрэв 02 дугаар тогтоол нь сумын Засаг даргын гарт хүргэгдээд шийдэгдсэн байсан болвол урьд нь гарсан 249 дүгээр захирамж буюу Х.Берикболыг томилсон захирамжийг давхар ярилцах ёстой байсан. Үүнийг ярилцаагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үндэслэлүүд нотлогдоогүй, үндэслэлгүй байгаа гэдгийг шүүх анхаараасай гэж үзэж байна.

Багийн Засаг даргын ажил нь хангалтгүй гэдгийг бүх талаас нь нотолсон байх ёстой. Хэрэв нотолсон бол ажлаа хангалтгүй хийсэн гэдэг нь түүнийг огцруулах хэмжээнд хүрч байна уу гэдэг нь хуулийн зохицуулалттай тохирсон байх ёстой. Тийм зүйл байхгүй учраас энэ талаарх маргаан нь нотлогдохгүй байна гэж үзэж байгаа.

Багийн Засаг даргыг томилсон 2013 оны 249 дүгээр захирамжийг хүчингүй болгохыг хүссэн багийн Хурлын нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх 249 дүгээр захирамжийг хүчинтэй хэвээр нь үлдээсэн байгаа. Х.Берикболыг томилсон 249 дүгээр захирамж одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа учраас дахин Х.Берикболыг огцруулах тухай нэхэмжлэл гаргаад, 02 дугаар тогтоолыг хүчинтэйд тооцуулахыг хүссэн ньүндэслэлгүй, ач холбогдолгүй юм. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримт цуглуулахыг хүссэн хүсэлтийг шүүхээс хангахаас татгалзаж шийдвэрлэсэн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 110/ШЗ2016/0196 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжийн үндэслэлийг хүлээн зөвшөөрснөө мэдэгдсэн буюу шүүгчийн уг захирамжид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар гомдол гаргах, энэ үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан саналыг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан Өлгий сумын 7 дугаар багийн Засаг даргыгалбан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргахыг тус сумын Засаг даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар Хурлын хуралдааныг товлон зарлах нь Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх бөгөөд Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хуралдуулхаар тус багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор шийдвэрлэсэн байх ба Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл , гэрч тус Хурлын Тэргүүлэгч Т.Меруертийн мэдүүлэг зэргээс үзэхэд багийн иргэдийн Нийтийн Хурлын тухайн өдрийн хуралдаанаар багийн Засаг даргын тайланг хэлэлцэж ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх асуудлыг хэлэлцүүлхээр урьдчилан тогтоожээ. Үүний дагуу багийн иргэдийн Нийтийн Хурал 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хуралдсан байх ба хуралдаанаас багийн Засаг дарга Х.Берикболыг албан тушаалаас нь огцруулахаар шийдвэрлэж, энэ талаар 02 дугаартай тогтоол гаргасан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т зааснаар багийн Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар огцруулах бөгөөд 28 дугаар зүйлийн 28.5-д зааснаар багийн Засаг даргыг огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга шийдвэрлэхээр заажээ.

Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай тогтоолд ...Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлэх талаарх хуулийн 32.2 дахь заалтыг баримталсан байна.

Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн багийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар багийн Засаг дарга Х.Берикболын ажлыг хангалтгүй гэж дүгнэсэн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй, 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн буюу ялгүй болох хугацаа дуусаагүй, бусдыг залилсан хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байсан зэрэг нь багийн Засаг даргыг огцруулах үндэслэлд хамаарна гэж маргажээ.

Гуравдагч этгээд Х.Берикбол нь багийн Засаг даргын чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй буюу түүний ажилд нь багийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар хангалтгүй гэж үнэлэлт, дүгнэлт өгсөн гэх маргааны тухайд:

2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тус багийн Засаг дарга Х.Берикбол оролцсон байх боловч багийн Засаг даргын хувьд ажлын тайланг Хуралд танилцуулаагүй буюу ажлын тайланг хэлэлцүүлээгүй нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн тайлбар, хуралдааны тэмдэглэл , гэрч А.Шаймурат , С.Мүшелхан нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Энэ талаар гуравдагч этгээд тус багийн Засаг дарга Х.Берикболоос ... багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болох тухай, тухайн хуралдаанаар багийн Засаг даргын тайланг хэлэлцүүлэх талаар 1 хоногийн өмнө Хурлын дарга мэдэгдсэн буюу ажлын тайланг бэлтгэж, Хуралд танилцуулах боломжит хугацаа олгоогүй гэж тайлбарласан ба ийнхүү багийн Засаг даргаас багийн Хуралд ажлын тайлангаа танилцуулаагүй, тайланг хэлэлцүүлээгүй байхад хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар түүний ажилд хангалтгүй гэж үнэлэлт дүгнэлт өгсөн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын туай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т заасан баг, хорооны Засаг даргын тайланг хэлэлцсэний үндсэн дээр ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх тухай заалттай нийцээгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээд Х.Берикбол нь багийн Засаг даргын ажлын чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй нь Засаг даргын ажил хангалтгүй талаарх тус багийн иргэдийн 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанд гаргасан саналаар, уг саналыг тусгасан багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэлээр нотлогдоно гэж маргасан боловч Х.Берикболыг багийн Засаг даргын албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй талаар иргэдээс гаргасан дээрх саналын үндэслэлийг нотлох баримт байхгүй байна.

Ийнхүү хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх багийн Засаг даргыг огцруулах үндэслэл нотлогдоогүй тул багийн Хурлын хуралдаанд гаргасан иргэдийн саналаар Засаг дарга Х.Берикболыг албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэх нь хууль бус гэж дүгнэлээ.

2. Өлгий сумын 7 дугаар багийн Засаг дарга Х.Берикбол нь 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн, ялгүй болох хугацаа дуусаагүй гэх маргааны тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар багийн Засаг даргыг 4 жилийн хугацаатайгаар томилох бөгөөд гуравдагч этгээд Х.Берикбол нь Өлгий сумын 7 дугаар багийн Засаг даргаар эрх бүхий этгээдийн 2013 оны 249 дугаартай захирамжаар 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн томилогдсон байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоолоорХ.Берикболыг бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэний улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан гэм буруутайд тооцож, Монгол Улсын 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Уг шийтгэх тогтоол нь гуравдагч этгээд Х.Берикболыг Өлгий сумын 7 дугаар багийн Засаг даргаар 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр томилогдохоос өмнө гарсан буюу томилогдсноос хойш багийн Засаг даргаар ажилласан хугацаанд гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон шийтгэх тогтоол биш байна.

Түүнчлэн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Х.Берикболыг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэдий ч ял оногдуулаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д Ялтан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн түүнийг ялгүйд тооцох буюу ялгүй болох хүртэл хугацаанд ялтайд тооцогдоно гэж, 78.2.3-т хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол, 78.2-т зааснаар ялгүй болно гэж тус тус заасан тул 82 дугаартай шийтгэх тогтоолоор Х.Берикболд ял оногдуулаагүй, холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгосон тохиолдолд түүнийг ял шийтгүүлсэн этгээд гэж үзэхгүй юм.

Иймд Өлгий сумын 7 дугаар багийн Засаг дарга Х.Берикбол нь 82 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн, ялгүй болох хугацаа дуусаагүй гэх нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлгүй бөгөөд багийн Засаг дарга ялгүй байх талаарх хуульд заасан шаардлагыг тус багийн Засаг дарга Х.Берикбол хангасан байна гэж дүгнэлээ.

Багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаас 02 дугаартай тогтоол гарах үед багийн Засаг дарга Х.Берикбол нь бусдыг залилан мэхэлсэн хэрэгт шалгагдаж байсан гэх маргааны хувьд:

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох Баян-Өлгий аймгийн прокурорын газрын прокурорын 2016 оны 5/14 , 5/01 дугаартай тогтоолуудаас үзэхэд гуравдагч этгээд Х.Берикбол нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан гэмт хэрэгт холбогдож шалгагдсан байх ба 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Х.Берикболыг гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, харин 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр уг хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг хүчингүй болгож мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээн явуулахаар эрх бүхий этгээдээс тус тус шийдвэрлэж байжээ.

Багийн Засаг дарга Х.Берикбол нь гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байсан гэх нэхэмжлэгч талын маргаан нь үндэслэлтэй боловч багийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар түүнийг албан тушаалаас нь огцруулахаар шийдвэрлэх үед уг гэмт хэргийг үйлдснийг нотлох шүүхийн шийтгэх тогтоол гараагүй байх тул дээрх маргаан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан багийн Засаг даргыг огцруулахдаа Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон байх үндэслэлд хамаарахгүй байна.

Бусад маргааны тухайд:

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д зааснаар багийн Засаг даргыг огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга шийдвэрлэх бөгөөд багийн Засаг дарга Х.Берикболыг албан тушаалаас нь огцруулах тухай саналыг хуулийн 32 дугаар зүйлийн 32.2- т зааснаар тухайн шатны Хурлаасхүргүүлээгүй гэх тайлбарыг дээд шатны Засаг дарга болох хариуцагч Өлгий сумын Засаг даргаас гаргасан байна.

Нэхэмжлэгчээс багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааны 02 дугаартай тогтоолыг тэмдэглэлийн хамтаар Өлгий сумын 7 дугаар багийн оршин суугч, Баян-Өлгий аймгийн Хурлын төлөөлөгч А.Шаймурат гэгч хүнээр тухайн үед Өлгий сумын Засаг даргад хүргүүлсэн гэх тайлбарыг гаргаж маргасан боловч Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын ирсэн бичгийн бүртгэлд Өлгий сумын 7 дугаар багийн Хурлаас тус багийн Засаг даргыг огцруулах санал болон дээрх тогтоол, тэмдэглэл бүхий бичиг баримтыг ирүүлснээр бүртгэгдээгүй нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.

Гэрч А.Шаймуратаас ...уг бичиг баримтуудыг Өлгий сумын Засаг даргад бичиг хэргээр дамжуулж өгөөгүй, Өлгий сумын Засаг даргад аймгийн Хөгжимт Драмын театрт буюу өөр байгууллагад байхад нь өгсөн гэжмэдүүлсэн боловч Өлгий сумын Засаг даргаас энэ талаар ...Хөгжимт Драмын театрт болсон хуралд оролцож, үг хэлэхээр бэлдэж тайзанд гарахын өмнө А.Шаймурат ирж уулзсан нь үнэн. Би учраа хэлээд уг бичгийг албан ёсоор бичиг хэргээр дамжуулж өгөх хэрэгтэйг сануулсан, маргаантай асуудалд хөнгөн хандаж болохгүй болохоор аваагүй гэх тайлбарыг гаргажээ.

Өлгий сумын Засаг даргад багийн Засаг даргыг огцруулах тухай тогтоол, энэ талаарх саналыг багийн иргэдийн Нийтийн Хурлаас зохих журмын дагуу хүргүүлээгүй, иргэн А.Шаймурат нь уг бичиг баримтуудыг Өлгий сумын Засаг даргад өгсөн эсэх нь эргэлзээтэй, уг үйл баримт нь өөр бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, багийн Хурлаас уг саналыг Өлгий сумын Засаг даргад дахин хүргүүлэх боломж байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хүргүүлээгүй байна.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд, Өлгий сумын 7 дугаар багийн Хурал нь тус багийн Засаг дарга Х.Берикболыг албан тушаалаас нь огцруулах талаарх саналаа эрх бүхий этгээдэд хүргүүлэх хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэхээргүй байгаа ба иргэн А.Шаймурат нь уг саналыг Өлгий сумын Засаг даргад өгсөн эсэх нь маргаантай байхад зохих журмаар дахин хүргүүлээгүй тохиолдолд Өлгий сумын Засаг дарга хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д зааснаар багийн Засаг даргыг огцруулах асуудлаар шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй гэж үзэхэд учир дутагдалтай юм.

2. 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гуравдагч этгээд Х.Берикбол нь багийн Засаг даргын хувьд оролцсон байх боловч хуралдаанд 20иод иргэн оролцсон гэх түүний маргаан нь тухайн өдрийн хуралдааны тэмдэглэл, хуралдааны тэмдэглэлийг хөтөлсөн гэрч С.Мүшелхан, хуралдаанд оролцсон гэрч багийн Хурлын Тэргүүлэгч А.Шаймурат, Т.Меруерт нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байгааг дурьдах нь зүйтэй.

Эцэст нь дүгнэхэд багийн иргэдийн Нийтийн Хурал нь багийн Засаг даргыг огцруулах асуудлыг эрх бүхий этгээдэд санал болгож шийдвэрлүүлэх эрхтэй боловч багийн Засаг дарга Х.Берикболыг албан тушаалаас нь огцруулахаар шийдвэрлэсэн 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааны 02 дугаартай тогтоол түүний үндэслэлийг тайлбарласан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэийн нэгж, түүний удирлалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан үндэслэл журамд нийцээгүй, 02 дугаартай тогтоол болон багийн Засаг даргыг огцруулах тухай саналаа эрх бүхий этгээдэд хүргүүлсэн нь хөдөлбөргүй нотлох баримтаар тогтоогдоогүй тул Өлгий сумын 7 дугаар багийн Засаг даргыг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргахыг тус сумын Засаг даргад даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 28 дугаар зүйлийн 28.4, 28.5, 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тус шүүхэд гаргасан Өлгий сумын 7 дугаар багийн Засаг дарга Х.Берикболыг тус албан тушаалаас нь огцруулах шийдэр гаргахыг Өлгий сумын Засаг даргад даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.РИЗА