Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 126

 

Х.Баяржаргалын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Х.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мягмаржамц, Д.Мөнхзул нарыг оролцуулан хийж, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 113/ШШ2015/0008 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 55 дугаар магадлалтай, Х.Баяржаргалын нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х.Баяржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.Баяржаргал нь Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батдэлгэрийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар “2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ажлын цагаар архи ууж, ажил тасалсан” үндэслэлээр ажлаас маань халсныг зөвшөөрөхгүй байгаа юм. Учир нь 2015 оны 04 дүгээр сарын 19-24-ний өдрүүдэд миний охин Б.Маралмичидийн биеэр битүү юм туурч цэцэрлэгт явах боломжгүй болж эмнэлгийн магадлагаа тогтоолгосон юм. 2015 оны 04 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд багш ажилтай эхнэр А.Зургаанжин хүүхэд харах хүнгүйн эрхэнд охин Б.Маралмичидийг сургууль руугаа дагуулж явсан. Охины бие өвдөөд сургууль дээр уйлагнаад байна гэх болсон тул би хүүхэд харах хүнгүйн улмаас аргагүй эрхэнд 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Мөнгөнцэцэгээс хагас өдрийн чөлөө авч, охиноо харсан. Тэрнээс биш 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ажлын цагаар архи уусан, ажлын байранд согтуу очсон зүйл огт байхгүй билээ. Харин ч чөлөө өгөх эрх бүхий өөрийн харьяалагдах хэлтсийн даргаас чөлөө авсан. Гэтэл үүнийг огт эсрэгээр эргүүлж Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батдэлгэр, Х.Баяржаргал намайг шалтгаангүй ажил тасалсан гэж үзэн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цагт хурал хийхдээ “Х.Баяржаргал нь боловсролын салбарынхантай сонгуулийн ялалт тэмдэглэж, архидаж ажил тасалсан, Х.Баяржаргал тэнд байсан байж таараа” гэсэн хийсвэр зүй бус үндэслэл гарган намайг ажлаас чөлөөлсөн талаараа хэлсэн.

 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ажил дээрээ очтол намайг ажлаас халах тушаал гарсан, цалин, амралтын мөнгийг маань бодоод цалингийн карт руу хийж, ажил хүлээлцэх комисс томилсон байсан. Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хуульд зааснаар төрийн албан хаагч, тогтвортой ажлын байртай байж, ялгаварлалгүй тэгш эрхийн хүрээнд шударгаар ажиллах нөхцөлтэйгээр хуульд заасан бүхий л эрхийг эдлэх эрхтэй. Гэтэл миний эрхийг эрх бүхий албан тушаалтан хувийн намчирхсан байдлаар хандаж ямар нэг нотлох баримтгүйгээр архи уусан, ажил тасалсан гэх худал шалтгаанаар ажлаас халж байгаад гомдолтой байна. Төрийн албан хаагчийг ажлаас халахад үндэслэл бүхий нөхцөл байдал тавьж түүнийгээ нотлоод шийдвэрээ гаргах ёстой. Би Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасан ямар ч зөрчлийг гаргаагүй. Байгууллагын дотоод журмыг ноцтойгоор зөрчсөн аливаа үйлдэл, үйл ажиллагаа, эс үйлдэхүй гаргаагүй болно. Мөн Төрийн захиргааны албан хаагчийн хувьд ямар нэг намын харьяалалд байдаггүй нам бус болно. Х.Баяржаргал би 2000 оноос хойш Говьсүмбэр аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийгмийн салбарт тогтвортойгоор ажиллаж ирсэн. Захиргааны шийтгэл нэг жилийн хугацаанд хүлээгээгүй, 2014 оны Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр “В” үнэлэгдсэн төрийн захиргааны албан хаагч билээ.

 Харин ч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1.3-д заасан заалтыг ноцтойгоор зөрчиж төрийн албан хаагчийг нийгмийн байдлаар ялгаварлах, гадуурхах, бусдад давуу тал олгох, зарим эрхийг хязгаарлаж байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасны дагуу Х.Баяржаргал миний гомдлыг хүлээн авч Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батдэлгэрийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Х.Баяржаргал намайг Говьсүмбэр аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсрол хүүхэд гэр бүл хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэнээр эгүүлэн томилж, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан хугацааны цалинг төрийн албаны цалин бодох аргачлалын дагуу бодон гаргуулж, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан хугацаанд бөглөгдөөгүй нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Х.Баяржаргал нь 2015 оны 04 дүгээр сарын 22, 23, 24-ний өдрүүдэд ажлын байрандаа байхгүй байсан бөгөөд хаана, юу хийж байгааг нь хамт ажилладаг хүмүүсээс мэдэх хүн байгаагүй тул асууж сураглахад Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Мөнгөнцэцэгээс чөлөө авалгүй ажил хийдүүлэн тасалсан байсан. Иргэн Х.Баяржаргалд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болон архи ууж өгсөн үүрэг даалаврыг хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/12, 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/84 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж байсан ба дээрх зөрчил дутагдлуудыг удаа дараа гаргаж байсан болно. Иймээс түүний удаа дараагийн зөрчил бүхий үйлдлийг харгалзан Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/49 тушаалаар ажлаас халсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 113/ШШ2015/0008 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Баяржаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсрол, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 6 сар 10 хоногийн 5346318 /таван сая гурван зуун дөчин зургаан мянга гурван зуун арван найман/ төгрөгийн цалинг нөхөн гаргуулж Х.Баяржаргалд олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 55 дугаар магадлалаар:  Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 113/ШШ2015/0008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хариуцагч Б.Батдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранхүү болон гэрч Л.Мөнгөнцэцэг, Т.Чимэд, Г.Анхбаатар нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон боловч хэрэгт чухал ач холбогдол бүхий мэдүүлсэн нөхцөл байдлыг үгүйсгэн орхигдуулж бодитоор үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Х.Баяржаргал нь 2015 оны 04 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил хийдүүлж, тасалсан болохыг гэрчүүд мэдүүлсээр байтал нотлох баримтаар үнэлээгүй нь хэт өрөөсгөл учир дутагдалтай байсан. Мөн шүүхээс Баяржаргалын Маралмичид нь 2015 оны 04 сарын 19-ний өдрөөс 25-ны өдрүүдэд эмчийн магадлагаатай байсан гэсэн дүгнэлт хийж байгаа боловч тухайн цаг хугацаанд бодит байдал дээр Х.Баяржаргал нь хүүхдээ харж байсан гэдгийг нотолсон нотолгоо биш юм. Түүнчлэн Х.Баяржаргал захирамжийн төсөл дээр виз авсан, 04 дүгээр сарын 22, 23, 24-ний өдрүүдийн “Рапорт”-д “албан хаагчид цагийн хуваарийн дагуу ажилласан” гэж тэмдэглэсэн байгаа нь Х.Баяржаргал нь тухайн өдрүүдэд цагийн хуваарийн дагуу бүрэн ажиллаж, албан тушаалын үүргээ биелүүлсэн гэдгийг нотолсон нотолгоо биш гэж үзэж байна.

Мөн гэрчүүдийн мэдүүлэг бусад нотлох баримтаар Х.Баяржаргал нь 2015 оны 04 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд ажпын 8 цагт ажлаа бүрэн хийгээгүйн зэрэгцээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Мөнгөнцэцэг, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ч.Дарханчимэг нарын мэдүүлгээр тус тус Х.Баяржаргал архидан согтуурсан зөрчил гаргасан болохыг нотолж байсан болно.

Иймээс дээрх нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийхэд давж заалдах шатны шүүх нэг талаас гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, нөгөө талаас дээрх гэрчийн мэдүүлгийг үгүйсгэсэн, няцаасан байдлаар үнэлж байгаа нь ойлгомжгүй байгаа бөгөөд шүүхийн магадлал хууль бус гарах үндэслэл боллоо гэж үзэж байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2011 оны “Аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод журам”-ын 11.1.1-д ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн бол ноцтой зөрчилд тооцохоор заасан ба 11.2-д журмын 11.1-д заасан ноцтой зөрчил гаргасан бол Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулна гэж заасны дагуу Х.Баяржаргалыг төрийн албанаас халах шийдвэр гаргасан нь үндэслэлтэй байсан.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д “Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ." гэж заасны дагуу Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар нь хөдөлмөрийн дотоод журам мөрдөн ажиллаж байна.

Түүнчлэн Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Дотоод журам шинэчлэн батлах тухай” А/66 дугаар тушаалын 5 дугаар зүйлийн 5.8-д “албан хаагчид өөрт нь буюу түүний гэр бүлд хүндэтгэн үзэх шалтгаан гарсан бол тухайн албан хаагч хүсэлт гаргаж хэлтсийн даргын саналыг авсны үндсэн дээр чөлөө авна”, 5.13-д “албан хаагчид олгосон чөлөөг хүн нэг бүрээр сар тутам бүртгэж, санхүүгийн баримтад хавсаргана” гэсэн холбогдох журмыг зөрчсөн гэж үзэж хуульд нийцүүлэн Х.Баяржаргалыг ажлаас халсан. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х.Баяржаргалыг ажлын цагаар архи уусан, ажил тасалсан гэх үндэслэлээр Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсрол, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас халсан Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Маргаан бүхий тушаалыг гаргах үндэслэл болгон хариуцагчаас тайлбарлаж байгаа “Х.Баяржаргал нь 2015 оны 04 дүгээр сарын 22, 23, 24-ний өдрүүдэд ажил тасалсан...” гэх зөрчил нь хэрэгт авагдсан ажлын цагийн бүртгэл, гэрчүүдийн мэдүүлэг, шүүхээс бичиг баримтад хийсэн үзлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх зөрчилтэй хамааралтай үйл баримт, нотлох баримтыг нэг бүрчлэн тодорхой, дэлгэрэнгүй заасан байна.

Тодруулбал, шүүх 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ажил таслаагүй болохыг цагийн бүртгэл, хариуцагч Б.Батдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранхүү, гэрч Л.Мөнгөнцэцэг, Т.Чимид, Г.Анхбаатар нарын тайлбар, мэдүүлэг,

хэрэгт авагдсан 04 дүгээр сарын 23-ны өдрийн цагийн бүртгэлд Х.Баяржаргал бүртгэгдээгүй байгаа боловч Тамгын газрын даргын шаардлагаар цагийн бүртгэлийг шинэчилж бичсэн, өмнөх бүртгэлд Х.Баяржаргал ажилд ирсэнийг бүртгэсэн гэх гэрч А.Отгонбаатарын мэдүүлэг, “үдээс өмнө байсан, үдээс хойш байгаагүй” гэх хариуцагч Б.Батдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранхүү, гэрч Л.Мөнгөнцэцэг, Т.Чимид, Г.Анхбаатар нарын мэдүүлэг зэрэгт үндэслэн дүгнэснээс гадна,

04 дүгээр сарын 24-ний өдөр цагийн бүртгэлд өглөө ирснээр бүртгэгдсэнийг шүүх хэрэгт баримтаар хавсаргасан, харин үдээс хойш хэлтсийн даргаас “хүүхэд өвчтэй” гэх шалтгаанаар “чөлөө авсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй байгаа боловч, Х.Баяржаргалын охин Маралмичид нь 2015 оны 04 дүгээр сарын 19-нөөс 25-ны өдрүүдэд өвчний улмаас эмнэлэгийн магадлагаатай байсан нотлох баримтыг үндэслэн шүүх дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй юм.

Мөн  Х.Баяржаргал нь “... гаднаас харахад архи уусан шинжтэй байсан..” гэх гэрч Л.Мөнгөнцэцэг, Т.Чимид нарын мэдүүлэг нь нэхэмжлэгчид хариуцлага тооцох хангалттай үндэслэл биш, архи уусан гэх зөрчил нь өөр бусад баримтаар хангалттай тогтоогдоогүй, үүнийг ёс зүйн хороогоор хэлэлцээгүй байхад түүнийг ёс зүйн зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл /ажлаас халах/ ногдуулсан захиргааны байгууллагын шийдвэр нь холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэгжээгүй болохыг хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.

Дээрх байдлаар шүүхүүд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь зөв үнэлж дүгнэсэн, нотлох баримтыг үнэлж дүгнэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй байх тул “...нотлох баримтыг буруу үнэлж,  дүгнэсэн ...” гэх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх маргаанд хамааралтай, хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзулын  хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 113/ШШ2015/0008 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 55 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                                                Л.АТАРЦЭЦЭГ