| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2025/0038/з |
| Дугаар | 110/ШШ2025/0068 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 110/ШШ2025/0068
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.А,
Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Н нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.А /цахимаар/, түүний өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч М.А нь Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн аймгийн Нийгмийн даатгалын газрын Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоог шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмаар нөхөхөөр зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч М.А нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд ажилладаг ба Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Нийгмийн даатгалын газрын Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоог шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмаар нөхөхөөр зарласан байна.
3. Нэхэмжлэгч М.А нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдолд 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 02/738 дугаар албан бичгээр хариу өгснөөр 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч М.А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Миний бие М.А Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт нөхөр болон нэг хүүхдийн хамт оршин суудаг. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын Толбо сумын нийгмийн даатгалын байцаагч ажилтай, төрийн жинхэнэ албан хаагч юм.
Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс намайг төрийн албанд хууль бусаар ажиллаж байгаа хэмээн үндэслэлгүй дүгнэлт гаргаж, миний ажлын байрыг сул орон тоо гэж үзэж 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлэх, сэлгэн ажиллуулах талаар зар тавьсан юм. Миний бие уг албан тушаалд хууль, журмын дагуу ажиллаж байхад илтэд хууль зөрчиж, миний орон тоог зарлаж байгаа нь хууль бус юм. Миний бие 2010 онд МУИС-ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Төгсөж ирээд Төрийн банканд ажиллаж байгаад Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/91 дүгээр тушаалаар татвар хураагчийн ажилд томилогдон ажилласан.
Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар миний бие төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн.
Татвар хураагчаар ажиллаж байгаад 2019 оны өвөл Татварын ерөнхий газрын зохион байгуулсан татварын улсын байцаагчийн эрх олгох шалгалтад оролцсон. Миний бие уг шалгалтаас тэнцсэн тул Авлигатай тэмцэх газарт ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулсны дараа Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/232 дугаар тушаалаар татварын улсын байцаагч болж томилогдон ажиллаж эхэлсэн. Татварын улсын байцаагчаар ажиллаж байгаад Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсэгт заасны дагуу Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчаар шилжин томилогдож, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл миний эрхийг ноцтой зөрчиж, миний ажиллаж байгаа орон тоог сул орон тоо гэж зарлаж байгаа нь хууль бус бөгөөд миний эрхийг зөрчиж байна. Миний бие Төрийн албаны тухай хуулийн дагуу шилжин томилогдож ажиллаж байгаа албан хаагч учраас дахин шалгалтад оролцох ёсгүй гэж үзэж байгаа.
Иймд Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалын сул орон тооны сэлгэн, шилжүүлэхийн зарлал нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Төрийн албаны салбар зөвлөлөөс Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын Толбо сумыг хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн орон тоог сул орон тоо гэж үзсэн шийдвэр хууль бус байна. Тухайн орон тоог сул орон тоо гэж үзээд шилжүүлэх,сэлгэн ажиллуулах тухай зар тавьж байгаа нь дараах байдлаар хууль бус байна.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “сул орон тоо" гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг ойлгоно гэж заасан. Нийгмийн даатгалын байцаагчаар Төрийн албаны тухай хуулийг баримтлан төрийн жинхэнэ албан хаагч болгож М.А томилсон шийдвэр хүчин төгөлдөр байна. Нийгмийн даатгалын хэлтсийн дарга М.А 2022 оны тушаалыг хүчингүй болгосон шийдвэр байхгүй. Мөн тухайн орон тоонд ажиллаж байгаа М.А албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдож ,томилогдсон зэрэг зүйл байхгүй, амьд сэрүүн, тухайн орон тоонд ажиллаж байна, цалин хөлс авч байгаа, ээлжийн амралттай байхад энэ орон тоог сул орон тоо гэж үзэх боломжгүй.
Хууль бусаар ажиллаж байгаа гэдэг зүйл ярьж байна. Төрийн жинхэнэ албанд томилогдсон тушаал, шийдвэртэй ажиллаж байгаа хүний тушаал, шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр, хууль бус гэдгийг тогтоохгүйгээр, хүчингүй болгосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болохгүйгээр сул орон тоо гэж үзэхгүй.
Төрийн албаны төв байгууллагаас, өөр бусад хяналт шалгалтын хорооноос М.А хууль бусаар ажиллаж байгаа гэдгийг тогтоосон ямар нэгэн шийдвэр байхгүй. Тэгэхээр М.А төрийн жинхэнэ албан хаагч мөн эсэхтэй холбоотой маргахаас илүүтэйгээр Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоо сул юм уу гэдэгт нь дүгнэлт хийх ёстой. Тэр хүнийг эхлээд ажлаас нь халаад, эсхүл томилсон шийдвэрийг хүчингүй болгох ёстой, тэгж байж Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт заасан сул орон тоо үүснэ. Энэ хүнийг ажлаас нь чөлөөлбөл М.А төрийн албанд ажиллах эрх нь байна, мөн эс зөвшөөрвөл Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Тэгэхээр тухайн орон тоонд хүн томилчхоод М.А ажлаас нь чөлөөлөх гээд байгаа юу, сул орон тоо гэж үзэх боломжгүй байна.
Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлийн буруутай үйл ажиллагаанаас болсон асуудал бас байна. Татвар хураагчийг төрийн жинхэнэ албан тушаалтан мөн байна гэж үзсэн. Тэгээд тангараг өргүүлсэн, дараа нь тангараг өргүүлсэн хуудсыг утгасан байна. Хэрвээ хууль зөрчиж тангараг өргүүлсэн гэвэл түүнтэй холбоотой давхар шийдвэр гарч байж, тухайн шийдвэрийн дагуу устгах ажиллагаа хийгддэг. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тангараг өргөхтэй холбоотой тушаал, шийдвэр гарсан. Тэрний дагуу ёслол төгөлдөр арга хэмжээ зохион байгуулсан. Энэ хүмүүс тухайн үйл ажиллагаанд оролцож, Төрийн албаны тухай хуулийн дагуу тангаргаа өргөөд, зургаа авхуулж явсан. Харин тангараг өргүүлсний дараа хууль зөрчсөн байна, тиймээс устгасан гэдэг зүйл яриад байна. Хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж, шийдвэр гаргасан бол тэрийгээ хүчингүй болгох дараагийн шийдвэр гарах ёстой. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тангаргийн хуудас хүчин төгөлдөр гэж үзэж байна. Тангараг өргүүлчхээд материалыг устгах асуудал тусдаа хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна. Тангараг өргөсний дараа төрийн жинхэнэ албан хаагчийн чиг үүрэг хэрэгжиж эхэлдэг. Хэрэгжсэний үр дагавар өнөөдөр энэ хүн төрийн жинхэнэ албан тушаалтан болоод сууж байгаа.
5. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл хариу тайлбартаа:
“1.Нэхэмжлэгч М.А нэхэмжлэлд дурдсанчлан Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлөөс түүний томилгоотой холбоотой ямар нэгэн дүгнэлт гаргаагүй. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 575 дугаар албан бичгээр захиалга ирүүлсэн ба тус газрын даргаас тухайн албан тушаалд маргаан байгаа эсэх талаар асуухад М.А дуудаж мэдэгдсэн бөгөөд маргаангүй гэдгийг хэлж, зарлах шийдвэр танилцуулсан тухай тэмдэглэлийг нэмж ирүүлсэн ба хаана, ямар сул орон тоо гарсныг, мөн зарыг Салбар зөвлөлөөс өөрсдөө мэдэж шууд зарладаггүй.
Иймд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс аймгийн албан ёсны www.bayan-olgii.gov.mn цахим хуудсаар дамжуулан төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх 11 албан тушаалын зарыг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын дунд журамд заасан 5 хоногийн хугацаанд зарлаж холбогдох материалыг [email protected] цахим шуудангаар ирүүлэхээр мэдээлсэн. Зарын дагуу шилжин ажиллах хүсэлт ирүүлсэн төрийн жинхэнэ албан хаагчийн материалыг салбар зөвлөлөөс цахим хэлбэрээр аймгийн Нийгмийн даатгалын газарт илгээсэн болно. Дараа нь Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалтай холбоотой Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газарт гомдол гаргасан талаар, мөн тухайн байгууллагаас захиалга ирүүлсэн албан бичиг, холбогдох материалыг татаж авсан. Уг албан тушаалын захиалгатай холбоотой маргаан гарсан тул тус газраас шилжүүлэн авсан эсэх, дахин зарлах эсэх тухай албан бичиг дахин ирээгүй, тусгай шалгалт зарлагдаагүй болно. Аймгийн Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалыг сул орон тоо гэж үзээд захиалга ирүүлсэн томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан, мөн томилгоотой холбоотой аймгийн Татварын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагч нараас тайлбар авч маргаанд оролцуулах нь зүйтэй.
2. М.А нь Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн байна.
Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 4.1-д “Энэхүү журмын 2.1.1, 2.1.2 болон 2.1.3-т заасан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн бүртгэл нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж заасан байдаг ба төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2018 оноос 2020 оны хооронд Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албан тушаалд Төрийн албаны зөвлөлийн эсхүл салбар зөвлөлийн тогтоолоор нэр дэвшүүлэх шийдвэр /дүгнэлт/ гаргаагүй байна.
Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрийн захиргааны албан тушаалд томилогдох тохиолдолд тусгай шалгалт өгөх зохицуулалттай бөгөөд М.А 2020 онд төрийн захиргааны албан тушаалд байцаагчийн эрх авсны дараа шууд томилсон. Татварын ерөнхий газраас зөвхөн М.А бус тухайн үед томилогдсон хэд хэдэн албан хаагчийг тусгай шалгалтгүйгээр томилсон байсан бөгөөд тэдгээр албан хаагч нар дахин ерөнхий шалгалт өгч, нөөцөд бүртгэгдэж, хуулийн дагуу тусгай шалгалтад орж жинхэлсэн байна.
2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлэх албан хаагчдын нэрсийн жагсаалтад М.А нэр байхгүй болно. Тухайн үед Татварын газраас тангараг өргүүлэх хүсэлт ирүүлж, ёслолын ажиллагаанд оролцсон албан хаагчдын томилгоо нь төрийн үйлчилгээ буюу татварын хураагчаар томилогдсон байсан нь тогтоогдож, тэр дор нь Татварын газрын хүний нөөцөд мэдэгдэж, тангаргийн хуудасны эх хувийг устгуулсан. Учир нь эдгээр төрийн албан хаагч нарын төрийн жинхэнэ албан тушаалд нэр дэвшүүлсэн тогтоол шийдвэр байхгүй байсан.
3.М.А Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/738 дугаар албан бичгийн дагуу нөөцөд бүртгэж өгөх тухай 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тус аймаг дахь салбар зөвлөлд хүсэлт ирүүлсэн ба уг асуудлыг салбар зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлэхээр холбогдох нотлох баримт авах, хянагдах шатанд байна.
Иймд Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн дагуу томилох эрх бүхий албан тушаалтны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлаж өгөх тухай хүсэлтийн дагуу зарыг олон нийтэд мэдээлсэн ба нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын газрын Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалын сул орон тоог сэлгэн, шилжүүлэхээр зарласан шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“2019 оны Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр төрийн албаны шалгалт хоёр шаттай болсон. Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх ёстой. М.А 2018 онд ерөнхий шалгалт өгсөн, нөөцөд бүртгэгдсэн. Энэ үед М.А нь татвар хураагчаар төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдож ажиллаж байсан. Дараа нь 2020 онд улсын байцаагчийн эрх авсны дараа төрийн жинхэнэ албан тушаалд жинхэлж томилсон гэх Татварын ерөнхий газрын тушаал байдаг. Уг тушаалын хавсралтаар зарим албан хаагч нарын нэрийг батлаад, тэр хүмүүс нь шууд төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон нь хууль бус болоод явж байгаа.
Өөрөөр хэлбэл, тухайн хүмүүс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн дагуу 2019 оноос хойш томилогдсон тохиолдолд төрийн албаны тусгай шалгалт өгөх зохицуулалттай. М.А хувьд Татварын хэлтсээс Нийгмийн даатгалын хэлтэс рүү шилжүүлэн томилогдсон. Анх Татварын хэлтэст буруу томилогдсон гэдэг үндэслэлээр энэ албан тушаалыг нь зарласан байна. Салбар зөвлөлийн зүгээс томилох эрх бүхий этгээд буюу байгууллагаас нь ирүүлсэн захиалгын дагуу зарласан нь хууль ёсны гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
1. Нэхэмжлэгч М.А “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн аймгийн Нийгмийн даатгалын газрын Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоог шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмаар нөхөхөөр зарласан шийдвэрийг хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэл үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч М.А Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/91 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн Толбо сум хариуцсан татвар хураагчаар томилсноор хэлтсийн даргаас түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, төрийн үйлчилгээний ангиллаар цалин хөлс олгож байсан.
Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн тул нэхэмжлэгч М.А Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаар тогтоолоор дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэсэн байх ба улмаар татварын улсын байцаагчийн эрх олгох шалгалтад тэнцэж, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар Авлигатай тэмцэх газраас албан бичиг ирүүлснээр Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/232 дугаар тушаалаар М.А татварын улсын байцаагчийн эрх олгож, Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасагт томилсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 49-56,70,88-101,102-108,132,136,143-145,160-167 дах тал/ тус тус тогтоогдож байна.
3.Нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэсэн шийдвэр гарах үед дагаж мөрдөж байсан Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.3-т “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид "мэргэшлийн шалгалт" гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ” гэж, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын 8.7-д “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэсэн тухай Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд иргэний нөөцөд бүртгэлтэй байх хугацаа хүчинтэй байна” гэж тус тус заасан.
Мөн уг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/232 дугаар тушаалд үндэслэл болгосон Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/101 дүгээр тушаалаар баталсан “Татварын улсын /ахлах/ байцаагчийн эрх олгох, сунгах, эрхийг хасах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх журам”-ын “Хоёр”-т “Татварын улсын байцаагчийн эрх олгох албан хаагч нь дараах шаардлагыг хангасан байна. 2.1.Татварын ерөнхий газрын даргын тушаалаар хураагчаар томилогдон Татварын ерөнхий хуульд заасан хугацаагаар ажиллаж, чиглүүлэх сургалтад хамрагдан 70 ба түүнээс дээш оноо авч шалгалтад тэнцсэн байна. 2.2. Төрийн албаны шалгалт өгч тэнцсэн, төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байна” гэж тус тус заасан байх ба уг журмыг баталсан 2017 оны А/101 дүгээр тушаалыг Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/98 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцжээ.
4. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд, нэхэмжлэгч М.А нь төрийн үйлчилгээний буюу татварын хураагчийн албан тушаалд ажиллаж байгаад төрийн албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцсэнээр Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн, улмаар татварын улсын байцаагчийн эрх олгох шалгалтад тэнцэж, тухайн үед үйлчилж байсан Татварын ерөнхий газрын даргын баталсан дээрх журамд заасан шаардлагуудыг хангаснаар томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр төрийн захиргааны дэс түшмэлийн ангиллын албан тушаал болох татварын улсын байцаагчийн албан тушаалд томилогдсон үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлээ.
5. Дээрх тушаалын дагуу аймгийн Татварын хэлтэст татварын улсын байцаагчаар ажиллаж байсан нэхэмжлэгч М.А Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар аймгийн Татварын хэлтсийн даргын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар татварын улсын байцаагчийн тушаалаас чөлөөлж, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоонд шилжүүлэн томилсноор тэрээр одоог хүртэл сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байгаа болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 72,79-80,143-145,148-149,150-152,153,208-209 дэх тал/ тус тус тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч М.А нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар шилжүүлэн ажиллуулсан төрийн захиргааны дэс түшмэлийн ангилалд хамаарах аймгийн Нийгмийн даатгалын газрын сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангаж байгааг дурдах нь зүйтэй.
6. Аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 575 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлд Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тооны захиалгыг, сумын нийгмийн даатгалын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтын хамт хүргүүлсэн байх ба салбар зөвлөлөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цахим хуудсаар аймгийн Нийгмийн даатгалын газрын Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоог шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмаар нөхөхөөр зарласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 41-44,60-69 дэх тал/ тус тус тогтоогдсон болно.
Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тооны захиалга өгсөн асуудлын талаар гэрч аймгийн Нийгмийн даатгалын газрын даргаас “… 2024 оны 3,4 дүгээр сарын үед Төрийн албаны зөвлөлөөс шалгалт ирж, төрийн албан хаагч нарын хувийн хэргийг шалгасан. ...Энэ үед тухайн ажлын хэсгээс Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан М.А төрийн захиргааны албанд буюу татварын улсын байцаагчаар хууль, журмын дагуу томилогдоогүй байна гэсэн. …Тухайн шалгалтын дараа би тус аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Нуржолоос энэ нөхцөл байдлыг тодруулахад тэрээр “М.а нь татварын улсын байцаагчийн албан тушаалд томилогдох үед тусгай шалгалт өгч томилогдоогүй байна” гэж хэлсэн. Гэхдээ энэ асуудлын талаар Төрийн албаны зөвлөлөөс ирсэн ажлын хэсгээс болон салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаас бичгээр ямар нэгэн хариу, дүгнэлт, албан бичиг өгөөгүй юм. ...Тэгээд би төрийн жинхэнэ албан тушаалд тусгай шалгалт өгөөгүй томилогдсон гэсэн үндэслэлээр уг орон тоог сул орон тоо гэж үзэж захиалга өгсөн” гэж мэдүүлсэн.
7. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”, 30.2-т “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна”, 30.3-т “Энэ хуулийн 30.2-т заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ”, 32.2-т “Эрх бүхий этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 14 хоногийн дотор хариу мэдэгдэнэ”, 32.7-д “Энэ хуулийн 32.1, 32.2-т заасныг зөрчсөн тохиолдолд тухайн эрх бүхий этгээдийг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 66.1.3.иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, 66.1.6. хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах” гэж тус тус заасан.
Эдгээр зохицуулалтуудаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх, зөрчлийг тогтоох,зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгөх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг хангуулахаар мэдэгдэл хүргүүлэх, мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд томилох эрх бүхий этгээдийг чөлөөлүүлэх зэрэг нь Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээнд хамаарахаар тусгайлан зохицуулсан байна.
8. Дээрх байдлаар нэхэмжлэгч М.А нь анх 2020 онд татварын улсын байцаагчийн албан тушаалд томилогдохдоо тусгай шалгалт өгөөгүй гэсэн үндэслэлээр дараа нь 2022 онд шилжүүлэн ажиллуулсан аймгийн Нийгмийн даатгалын газрын Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоог тус газрын даргаас 2024 онд сул орон тоо гэж сонгон шалгаруулалт явуулах захиалга өгсөн үйл баримт тогтоогдож байна.
Гэтэл 2024 онд тус аймагт шалгалт хийсэн Төрийн албаны зөвлөл, түүний ажлын хэсгээс тухайн асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа, тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх, зөрчлийг тогтоох эрх бүхий этгээд болох Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгчийг анх төрийн жинхэнэ албан тушаалд томилогдохдоо хууль зөрчиж томилогдсон тул одоогийн ажиллаж байгаа орон тоог нь сул орон тоо гэж тогтоосон, өөрөөр хэлбэл, зөрчлийг тогтоож, зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.
Түүнчлэн, салбар зөвлөлөөс Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоог зарласантай холбоотойгоор нэхэмжлэгч М.А гаргасан гомдолд Төрийн албаны зөвлөлөөс хариу өгсөн байх ба үүнд “анх төрийн жинхэнэ албан тушаалд томилогдохдоо хууль зөрчиж томилогдсон” гэж дүгнээгүй байна.
9. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “"сул орон тоо" гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг”, 27 дугаар зүйлийн
27.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ” гэж,
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх , сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сул орон тоог олон нийтэд мэдээлэх, төрийн жинхэнэ албан хаагч төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах боломжийг хангах үүднээс уг албан тушаалд ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын хүрээнд 5-аас доошгүй хоногийн хугацаанд Зөвлөлийн цахим хуудас, Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим системээр мэдээлнэ. Төрийн жинхэнэ албан хаагч тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж буй тохиолдолд адил төрлийн албан тушаалын адил ангилалд шилжүүлэн ажиллуулахдаа тусгай шалгалтгүйгээр шууд томилно”, 4.3-т “Энэ журмын 4.2-т заасны дагуу нөхөгдөөгүй тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарснаас хойш 21 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Зөвлөл, Салбар зөвлөлд харьяаллын дагуу ирүүлэх бөгөөд дор дурдсан баримт бичгийг хавсаргана: 4.3.1.албан тушаалын тодорхойлолт; 4.3.2.тухайн албан тушаалын сул орон тоо гарсныг нотлох шийдвэр”, 4.4-т “Сул орон тоо гарсныг нотлох шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзвэл зарыг ажлын 10-аас доошгүй өдөр Зөвлөлийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ” гэж тус тус зохицуулжээ.
10. Нэхэмжлэгч М.А аймгийн Нийгмийн даатгалын газрын Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалаас халсан, чөлөөлсөн, бууруулсан шийдвэр байхгүй, тэрээр одоог хүртэл Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байгаа,мөн томилох эрх бүхий этгээд болох аймгийн Нийгмийн даатгалын газрын даргаас 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлд ирүүлэхдээ тухайн албан тушаалын сул орон тоо гарсныг нотлох шийдвэрийг хавсаргаагүй үйл баримт хэрэг авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон.
11. Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд, эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгчийг анх төрийн жинхэнэ албан тушаалд хууль тогтоомж зөрчиж томилсон тул түүний одоо ажиллаж байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоо нь сул орон тоо гэдгийг тогтоогоогүйгээс гадна Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоо гарсныг нотлох шийдвэр байхгүй байна.
Мөн томилох эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Нийгмийн даатгалын газрын даргаас сонгон шалгаруулалт явуулах захиалгадаа тухайн албан тушаалын сул орон тоо гарсныг нотлох шийдвэрийг хавсаргаагүй байхад томилох эрх бүхий этгээдээс захиалгын хамт сул орон тоо гарсныг нотлох шийдвэрийг ирүүлсэн эсэхийг хянаж, улмаар уг шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн тохиолдолд цахим хуудсаар нийтэд мэдээлэх үүрэгтэй Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлөөс Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоог сул орон тоо гэж зарласан нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 30 дугаар зүйлийн 30.1,30.2-д заасантай тус тус нийцээгүй, хууль бус шийдвэр байна гэж үзлээ.
Иймд хариуцагч Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлөөс аймгийн Нийгмийн даатгалын газрын Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоог сул орон тоо гэж зарласан шийдвэр нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх , хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 27 дугаар зүйлийн 27.1,27.2, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн аймгийн Нийгмийн даатгалын газрын Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоог шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмаар нөхөхөөр зарласан шийдвэрийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ