Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 233

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Урангуа,

Улсын яллагч: Н.Дамбадаржаа,

            Шүүгдэгч: М.Бөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Бд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705018730204 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, М.Б, 1972 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ..., 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, Цайз зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хадам ээж, 2 охин, зээ хүүхдийн хамт ..., урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч М.Бнь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны 17 тоот гэртээ эхнэр Б.Тыг өмөөрч хамт амьдардаг хүргэн Ц.Бын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хүүхдийн тоглоом шидэж толгойн тус газарт нь онож бие махбодид нь тархи доргилт, зулайд няцарсан шарх, зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би том өрөөнд зурагт үзээд хэвтэж байсан. Эхнэр Т урд өдөр нь найзынх нь төрсөн өдөр нь болоод гэртээ амарсан. Тэгтэл утсаар хүргэнтэй хэрэлдээд байх шиг байсан. Орой 18 цаг өнгөрч байхад хүргэн Ц.Б гаднаас орж ирсэн. Тэгсэн эхнэр Т чи жоохон хүүхдэд юу гэж хэлээд байгаа юм бэ, тэгж хэлж болдог юм уу гэхэд Бби зүгээр тоглож байсан юм гэж хэлсэн. Тухайн үед нилээн хэрүүл болсон. Бхувцсаа аваад явах гээд гарахдаа манай эхнэр Т руу гар далайхаар нь би хүргэн Бын зүүн, баруун шанаа руу нэг, нэг удаа цохьсон чинь зөрүүлэн миний баруун шанаа руу цохьсон. Тэгтэл хоёр охин салгасан. Би хүүхдийн тоглоомон машин аваад шидсэн. Тухайн үед толгой нь хагарсан гэдгийг мэдээгүй. Бтанай гэр бүлийг голомтоор чинь самарна гэж хэлээд гараад явсан.Би хүргэнтэйгээ учраа олж эвлэрсэн” гэв.

Хохирогч Ц.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би эхнэр Оийн хамт 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3 настай хүүгээ хадмынхаа гэрт орхин гадуур хоолонд орохоор гарсан. Тухайн өдөр хадам ээж Т архи уусан байсан болохоор хүүхдэдээ санаа зовон эхнэрийн дүү Орүү залган хүүгээ асуусан. Би эхнэр Оээр тоглох зорилгоор “би эхнэртэй хүн шүү” гээд хэлчихсэн. Тэгтэл удалгүй хадам ээж Т над руу залган “чи яг юу гээд хэлчихсэн юм бэ” гээд уурлаад байхаар нь би тоглосон тухайгаа хэлсэн. Тэгтэл хадам ээж Т намайг гуйлгачин, арчаагүй гэх мэтчилэн доромжлоод байхаар нь би утсаа салгасан. Бид хоёр хоолонд орчихоод гэртээ харьсан чинь ээж Т намайг үгийн зөрүүгүй зайл гэж хөөсөн, би тэгье гэж хэлээд гутлаа тайлан өрөөндөө орж хувцсаа бэлдсэн. Тэгтэл хойноос хадам ээж Т хэрүүлийн чанартай зүйл яриад загнаад байсан. Би хувцсаа аваад гарах гэсэн чинь хадам ээж Т намайг зайл гуйлгачин арчаагүй гэх мэтээр доромжлоод байсан. Би гарах гээд үүд хэсэгт очсон чинь том өрөөний газар хэвтэж байсан хадам аав Б босож ирэн миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохьсон чинь эхнэр О салгахаар нь би гутлаа өмсөх гээд доош тонгойсон чинь хүүхдийн тоглоомон машинаар толгойн зүүн хэсэг рүү цохьсон. Тэгтэл миний ухаан балартаад гарч явснаа санахгүй, нэг мэдсэн чинь би гадаа сууж байсан. Т миний биед гар хүрээгүй, хэрүүл хийн доромжлоод байсан. Гомдол санал,  нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 15-19/,

Гэрч Б.Тын мөрдөн байцаалтад өгсөн: “...Хүргэн Бтой ярьж байсныг сонсоход Бби эхнэртэй хүн шүү гэж сонсогдохоор нь гайхаад охин Оах чинь юу гэж хэлсэн бэ гэж асуухад “би хурдан ир хүүхдээ хар” гэж хэлсэн чинь битгий дахин, дахин залгаад бай, би эхнэртэй хүн шүү” гэж хэлж байна, ойлгохгүй байна гэж хэлэхээр нь миний уур хүрэн ...13 настай хүүхэдтэй бөгс бөөр ярьдаг хэн бэ гэж хэлчихээд утсаа тавьсан. Орой 18 цагийн орчим хүргэн Б, охин О нар хамт орж ирсэн. Би хүргэн Боос утсаар асуусан асуултаа дахин асуухад хүргэн Бсогтуу авгай минь битгий хэрүүл өдөөд бай, би тоглож хэлсэн гэж хэлээд өрөө рүүгээ орох гэхээр нь би оруулаагүй, чи ийм янзтай байх юм бол  манай гэрт амьдрахгүй шүү гэж хэлж хөөсөн. Тухайн үед би том өрөөнийхөө үүд хэсэгт буйдан сандал дээр сууж байсан. Харин Бүүд хэсэгт зогсож байсан. Нөхөр Б том өрөөний газар гудас дэвсэн хэвтэж байснаа хүргэн Бнад руу чанга дуугарсан чинь нөхөр Б чи ер нь юу гээд байгаа юм бэ гэж хэлэн босож ирэн Быг заамдаж аван нүүр хэсэг рүү нь нэг удаа шанаадсан. Би Быг зайл гэж хөөсөн, тэгтэл гараад явсан. Харин охин О, Бг тоглоом газраас аваад шидсэн чинь толгой хэсэг рүү онож гэмтээсэн тухай хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 20-22/,

Гэрч Б.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгтэл дүү Онөхөр Бын гар утас руу удаа дараа ирж байна уу гээд залгаад байсан. Тухайн үед би гар утсаа гэртээ үлдээсэн байсан. Орой 18 цагийн орчим гэртээ орсон чинь ээж Т нөхөр Бруу шууд чи миний охиныг юу гэнээ яагаад би эхнэртэй хүн шүү гэж хэлж байгаа юм бэ гэж хэлсний улмаас хэрүүл болсон. Тэгтэл Бээж Тын өөдөөс та битгий архи уучихаад агсраад бай гэх мэтчилэн хэрэлдээд байсан. ...аав Б Быг заамдан авч бие биенийгээ нэг нэг цохьсон. Бодоо зайлна гэж хэлэн тонгойн сууж гутлаа өмсөх гэж байсан чинь аав газар байсан хүүхдийн унадаг машиныг авч толгой хэсэг рүү нь нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 52-54/,

Шинжээчийн 14880 тоот дүгнэлтэд: “...Ц.Бын биед тархи доргилт, зулайд няцарсан шарх, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хх-н 24/,

Сэжигтнээр М.Бгийн мөрдөн байцаалтад өгөн: “...Тэгтэл БТыг хэрэлдэж байхдаа цохих гэж байгаа юм шиг далайхаар нь миний уур хүрэн босоод Бын зүүн, баруун шанаа руу нэг, нэг удаа цохьсон. Харин намайг зөрүүлэн баруун шанаа хэсэг рүү нэг цохьсон. Тэгтэл охин Осалгасан. Би арагш ухарсан чинь газар хүүхдийн пивор дунд зэргийн машин байхаар нь газраас аван шидэхэд толгой хэсэг рүү нь оносон. Тэгтэл Бтанай гэр бүлийг голомтоор чинь самарна гэж хэлэн гарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 9/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 31-40, 42, 55-57/, хохирогчийн хүсэлт /хх-н 58-60/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч М.Бнь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны 17 тоот гэртээ эхнэр Б.Тыг өмөөрч хамт амьдардаг хүргэн Ц.Бын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хүүхдийн тоглоом шидэж толгойн тус газарт нь онож бие махбодид нь тархи доргилт, зулайд няцарсан шарх, зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Бын: “...Бид хоёр хоолонд орчихоод гэртээ харьсан чинь ээж Т намайг үгийн зөрүүгүй зайл гэж хөөсөн, би тэгье гэж хэлээд гутлаа тайлан өрөөндөө орж хувцсаа бэлдсэн. Тэгтэл хойноос хадам ээж Т хэрүүлийн чанартай зүйл яриад загнаад байсан. Би хувцасаа аваад гарах гэсэн чинь хадам ээж Т намайг зайл гуйлгачин арчаагүй гэх мэтээр доромжлоод байсан. Би гарах гээд үүд хэсэгт очсон чинь том өрөөний газар хэвтэж байсан хадам аав Б босож ирэн миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохьсон чинь эхнэр О салгахаар нь би гутлаа өмсөх гээд доош тонгойсон чинь хүүхдийн тоглоомон машинаар толгойн зүүн хэсэг рүү цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 15-19/, гэрч Б.Тын: “...Би хүргэн Боос утсаар асуусан асуултаа дахин асуухад хүргэн Бсогтуу авгай минь битгий хэрүүл өдөөд бай би тоглож хэлсэн гэж хэлэн өрөө рүүгээ орох гэхээр нь би оруулаагүй, чи ийм янзтай байх юм бол манай гэрт амьдрахгүй шүү гэж хэлж хөөсөн. Тухайн үед би том өрөөнийхөө үүд хэсэгт буйдан сандал дээр сууж байсан. Харин Бүүд хэсэгт зогсож байсан. Нөхөр Б том өрөөний газар гудас дэвсэн хэвтэж байснаа хүргэн Бнад руу чанга дуугарсан чинь нөхөр Б чи ер нь юу гээд байгаа юм бэ гэж хэлэн босож ирэн Быг заамдаж аван нүүр хэсэг рүү нь нэг удаа шанаадсан. Би Быг зайл гэж хөөсөн, тэгтэл гараад явсан. Харин охин О, Бг тоглоом газраас аваад шидсэн чинь толгой хэсэг рүү онож гэмтээсэн тухай хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 20-22/, гэрч Б.Оийн: “...Тэгтэл Бээж Тын өөдөөс та битгий архи уучихаад агсраад бай гэх мэтчилэн хэрэлдээд байсан. ...аав Б Быг заамдан авч бие биенийгээ нэг нэг цохьсон. Бодоо зайлна гэж хэлэн тонгойн сууж гутлаа өмсөх гэж байсан чинь аав газар байсан хүүхдийн унадаг машиныг авч толгой хэсэг рүү нь нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 52-54/, шинжээчийн 14880 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч нь нэг гэрт хамт амьдардаг өөрийн хүргэн болох Ц.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Бнь хүргэн Ц.Быг гараар цохих, хүүхдийн тоглоомоор цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Бын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-н 58-60/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч М.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч М.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас оногдуулсан ялыг багасгаж торгуулын ялыг доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ торгуулийн ял оногдуулж, уг ялыг 1 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч М.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Бнь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.Бг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч М.Бд шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР