Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/201

 

 2024             02           15                                         2024/ДШМ/201

 

 Б.У, Ч.Э нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Насанжаргал /томилолтоор/, 

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан, 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн **** дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ** дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.У, Ч.Э нарт холбогдох эрүүгийн ******** дугаар хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Б.У, Ч.Э нар нь бүлэглэн 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ус түгээх худгийн орчимд хохирогч Ч.И “Самсунг А-33” загварын утсаа орхиж явсныг Б.У нь олж тухайн утсыг гээгдэл гэдгийг мэдсээр байж завшиж 759.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.У, Ч.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Э-д холбогдуулж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Хорин хоёр овгийн Б.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Б.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэгт “Ж” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 4205 дугаартай албан бичиг, “М” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 4/6752 дугаартай албан бичиг, мөрдөгчийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн эд зүйл түр хураан авсан тухайн “...иргэн Ч.Э-с сайн дураар гаргаж өгсөн Самсунг А-33 загварын гар утсыг хураан авсан...” гэх тэмдэглэл, Б.У-н “...би 2023 оны 7 дугаар сарын 08-ны орой гэрээсээ гарч ус авах зорилгоор Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо Нарантуул 2 худалдааны төвийн урд талын цагаан худаг орж ус аваад явж байхад худгийн ус авдаг хоолой /шланк/ дээр Самсунг А-33 загварын гар утас хэвтэж байсан. Би тухайн гар утсыг аваад гэр рүүгээ явсан. Тэгээд би өөрийн эхнэр Ч.Э-д тухайн гар утсыг өгч манай эхнэр тухайн гар утсанд өөрийн ****** дугаарын сим картыг хийж ашиглаж байсан юм...” гэх мэдүүлэг, Ч.Эн өгсөн “...би Самсунг А-33 загварын гар утас барьж байгаа. ...Тухайн гар утас нь ********, ******** гэсэн имэй дугаартай. Тухайн гар утсыг манай нөхөр Б.У Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Нарантуул 2 захын хажуу талын худаг дээр ус авах гэж явж байгаад олсон. Тэгээд надад өгөөд би өөрийн ****** дугаарын сим картаа хийж ашиглаж байсан...” гэх мэдүүлэг зэрэг харилцан хамаарал бүхий, нотолгооны ач холбогдолтой нотлох баримтууд авагдсан. 

Шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана” гэснийг зөрчиж, Ч.Э нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж ашигласан болохыг нотолсон яллагдагч Б.У, Ч.Э нарын мэдүүлгийг няцаан үгүйсгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байна. Мөн шүүх хэрэгт авагдсан үйл баримтад Ч.Э-н үйлдэл мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт хийлгүйгээр “...шүүгдэгч Б.У, Ч.Э нар ус түгээх худаг дээрээс санаатай үгсэн тохирч, эсхүл санаатай үгсэн тохироогүй ч үйлдлээрээ нэгдэж хохирогчийн гээсэн “Самсунг А-33” загварын гар утсыг аваагүй, харин шүүгдэгч Б.У дангаар олж авч, гэртээ очин эхнэр Ч.Э-д эзэмшүүлсэн болох нь тогтоогдсон байна. Тухайн үед шүүгдэгч Б.У утсыг олж авч, цаашид захиран зарцуулах боломжтой болсноор энэ гэмт хэрэг төгссөн байна” гэж дүгнэн Ч.Э-н үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. 

Тиймээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ******** дугаартай Б.У, Ч.Э нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1  дэх заалт буюу шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.3 дахь заалт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Б.У нь 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ус түгээх худгийн орчимд хохирогч Ч.И-н орхин явсан “Самсунг А-33” загварын гар утсыг гээгдэл гэдгийг мэдсээр байж завшиж  759.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “2023.07.08-ны өдөр Чингэлтэй дүүргийн ** дугаар хороонд байх худаг дээр Самсунг А-33 загварын гар утсаа мартсан байна” гэх тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

хохирогч Ч.И-н “...2023 оны 7 дугаар сарын 08-ны орой 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Нарантуул 2 худалдааны төвийн хажуу талын худгаас ус авч байгаад өөрийн “Самсунг А-33” загварын гар утсаа мартаад явсан байна. Тухайн гар утсыг 2023 оны 6 дугаар сард 1.239.000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

гэрч Ч.Э “...Би одоо Самсунг А-33 загварын утас барьж байгаа. Тухайн гар утас нь ********, ******** гэсэн имэй дугаартай. Гар утсыг манай нөхөр Б.У нь Чингэлтэй дүүргийн Нарантуул 2 захын хажуу талын худаг дээрээс олсон. Тэгээд надад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

гэрч Б.У-н “...Би 2023 оны 7 дугаар сарын 08-ны орой гэрээсээ гарч ус авах зорилгоор Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Нарантуул 2 худалдааны төвийн урд талын цагаан худаг орж ус авахад газарт Самсунг А-33 загварын гар утас хэвтэж байсан. Тэгээд би тухай гар утсыг аваад гэр рүүгээ явсан. Би өөрийн эхнэр Ч.Э-д тухайн гар утсыг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20 тал/,

 “Д” хөрөнгийн үнэлгээ, зуучлалын төвийн 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №ЧД2-23-464 дугаартай “...дүгнэлтээр Самсунг А-33 загварын гар утсыг 759.200 төгрөгөөр үнэлсэн...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-27 тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.У, Ч.Э нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн “Б.У тэрээр эхнэр Ч.Этай бүлэглэж уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч Б.У, Ч.Э нар ус түгээх худаг дээрээс санаатай үгсэн тохирч, эсхүл санаатай үгсэн тохироогүй ч үйлдлээрээ нэгдэж хохирогчийн гээсэн “Самсунг А-33” загварын гар утсыг аваагүй, харин шүүгдэгч Б.У дангаар олж авч, гэртээ очин эхнэр Ч.Эд эзэмшүүлсэн болох нь шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна. Тухайн үед шүүгдэгч Б.У утсыг олж авч, цаашид захиран зарцуулах боломжтой болсноор энэ гэмт хэрэг төгсжээ. Иймд шүүгдэгч Ч.Эд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.” гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Ун хувьд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба Самсунг А-33 загварын гар утсыг шүүгдэгч Б.У нь олж авч, эхнэр Ч.Эд эзэмшүүлэхээр өгснөөр тус гэмт хэрэг төгссөн, улмаар шүүгдэгч Ч.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамтран оролцоо байгаагүй бөгөөд тус гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн үйлдэл тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч Б.Уг 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ус түгээх худгийн орчимд хохирогч Ч.И “Самсунг А-33” загварын утсаа орхиж явсныг олж, тухайн утсыг гээгдэл гэдгийг мэдсээр байж завшиж 759.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Прокурор “...Ч.Эн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Тиймээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

Гэтэл Б.У, Ч.Э нар нь санаатай үгсэн тохирч, эсхүл санаатай үгсэн тохироогүй ч үйлдлээрээ нэгдэж хохирогчийн гээгдүүлсэн гар утсыг аваагүй ба харин шүүгдэгч Б.У нь уг гар утсыг олж авснаар энэ гэмт хэрэг төгссөн байна.

Ч.Эн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалган тодруулаагүй бөгөөд Ч.Эг Б.У тай хамт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.

Мөн анхан шатны шүүхээс Б.У, Ч.Э нарт холбогдох хэргийг зөв дүгнэн шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ут оногдуулсан ял нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон гэж үзэж анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн **** шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Шүүгдэгч Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТСАЙХАН

 

                                  ШҮҮГЧ                                 М.АЛДАР

 

                                  ШҮҮГЧ                                 Б.АРИУНХИШИГ