| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2303000000445 |
| Дугаар | 2024/ДШМ/222 |
| Огноо | 2024-02-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2024/ДШМ/222
2024 02 20 2024/ДШМ/222
Б.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Итгэл,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ****** дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгдэгч Б.Б-гийн гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн ******** дугаар хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт Халдвартын эмнэлгийн уулзварын зүүн талын замд 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 23 цаг 50 минутын орчим Toyota Prius маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана., 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.М-ийг мөргөж эрүүл мэндэд нь духны хөндийн гадна, дотор ялтасны зөрүүгүй хугарал, дух баруун зовхинд шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хоншоор, хамрын нуруу, зүүн нүдний алимны салст, эрүү, хүзүү, баруун шуу, хоёр өвдөгт цус хуралт, духанд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Б.Б-ийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, шүүгдэгч Б.Б-т эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний нэхэмжлэгч Д.Г нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 48.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж, мөн хохирогч Х.М нь энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэхгүй орхисон 560.611 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Б-ээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б би юуны өмнө өөрийн гэм буруутай үйлдлийн талаар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөвөөр мэдүүлж, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэхээр яаралтай түргэн тусалж дуудаж, эмнэлэгт хүргүүлсэн тухайгаа хэлмээр байна. Шүүхээс миний гэм буруугийн үйлдэлд ял шийтгэл оногдуулах нь зүйн хэрэг гэдгийг ухамсарлан ойлгож байгаа. Дараах нөхцөл байдлыг харгалзан үзэж, намайг ажил хөдөлмөрөө чөлөөтэй хийх боломж бололцоогоор хангаж, зорчих эрх хязгаарлах ялыг өөр төрлийн ялаар өөрчилж өгөхийг хүсэж байна. Би одоо 41 настай “M” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаад 17 жил болж байна. Миний хөдөлмөрийн гэрээнд зааснаар би Улаанбаатар хүрээний ** дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний зах, хүнсний дэлгүүр, цайны газар, бар, ресторануудтай компанийнхаа бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийж, гэрээний дагуу бараа бүтээгдэхүүний хүргэлт хийлгэх, гэрээ дүгнэх зэрэг ажлыг явж гүйцэтгэдэг.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт зааснаар намайг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр явж ажил төрлөө гүйцэтгэхэд хүндрэлтэй байдал үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, надад шүүхээс оногдуулсан ял нь чөлөөтэй хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийн гэрээгээр заасан үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Би өөрийн гэм буруугаа ойлгож, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсандаа туйлын ихээр харамсаж, хохирогчийн эрүүл мэндийг сэргээхэд бололцоотой арга хэмжээ авч, эмчилгээний зардал болон сэтгэцийн хор уршигт учирсан хохирлыг бүрэн төлж дуусгасан. Хохирогч Х.М нь шүүх хуралдаанд “надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн байгаа. Миний асрамжид 65-68 настай аав, ээж 2 маань байдаг. Би өөрийн хайнга, хайхрамжгүй байдлаас болж анх удаа гэмт хэрэг холбогдлоо. Өөрийн хийсэн гэм буруугийн үйлдэлд дүгнэлт хийж, цаашид ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байж чадах миний хувийн байдал, хамт олны дунд ажиллаж, хөдөлмөрлөж байгаа нөхцөл байдал, ажлын онцлог, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан үзэж шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ...хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасны дагуу мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах” ялаар өөрчилж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд хувийн байдалтай холбоотой баримтыг нь гаргаж өгч чадаагүй. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад ялаас чөлөөлөх, эсхүл 3 жил хүртэлх хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх гэж заасан байдаг. Шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй, хохирогчид хохирол төлбөрийг төлсөн. Иймд зорчих эрх хязгаарласан ялыг тэнсэн харгалзах албадлагын арга хэмжээ болгон өөрчилж өгнө үү...” гэв.
Прокурор П.Итгэл давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлсон байдаг. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг цээрлүүлэх гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх байдаг. Уг зорилгын хүрээнд ялыг оногдуулсан. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал гэмт хэргийн шинж чанар хохирол хор уршгийн хэмжээг харгалзан оногдуулсан байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэдэг бол хууль зүйн боломж, хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа. Заавал тэнсэн харгалзах албадлагын арга хэмжээ авах ёстой гэсэн зохицуулалт биш. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт Халдвартын эмнэлгийн уулзварын зүүн талын замд 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 23 цаг 50 минутын орчим Toyota Prius маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана., 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.М-ийг мөргөж эрүүл мэндэд нь духны хөндийн гадна, дотор ялтасны зөрүүгүй хугарал, дух баруун зовхинд шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хоншоор, хамрын нуруу, зүүн нүдний алимны салст, эрүү, хүзүү, баруун шуу, хоёр өвдөгт цус хуралт, духанд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан болох нь:
2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 тал/, 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр жолооч болон явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 тал/, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн “...танилцлаа, шинжээч томилуулах шаардлагагүй хүлээн зөвшөөрч байна...” гэх маягт /хх-ийн 16 тал/, 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 11369 дугаартай Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-50 тал/, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн **** дугаартай “А” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-41 тал/, 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1029 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 54 тал/, шүүгдэгч Б.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 68 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69 тал/, Б.Б-ийн байнга оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн 70 тал/, **** улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 71 тал/,
хохирогч Х.М-ийн “...Би 2023 оны 9 дүгээр сарын 04-ний орой 23 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо Халдвартын уулзварын зүүн замд явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч яваад Тоёота приус-30 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж осолд орсон. Ослын улмаас миний толгойн гавлын яс цуурсан байсан. Би осол болох үед явган хүний гарц гарамтай хэсгээр зам хөндлөн гарч байсан. Тухайн үед үзэгдэх орчин хэвийн миний явж байсан эгнээний машинууд ачаалал багатай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,
яллагдагч Б.Б-ийн “...би тухайн өдөр өөрийн эзэмшлийн боловч нэрийг нь шилжүүлж амжаагүй байгаа Тоёота приус-30 маркийн **** улсын дугаартай автомашиныг жолоодоод Халдвартын уулзар нэвтрэхээр ертөнцийн зүгээр зүүн гар тийш эргэх үйлдэл хийх үед 2 хүн зам хөндлөн гарч явсан, тэр 2 хүний ар талаар нь би гараад амжина гэж бодоод хөдөлгөөнөө үргэлжлүүлээд урагш явахад машины баруун урд хэсгээр явган зорчигч мөргөж унагаасан, би тухайн үед 20-30 км цагийн хурдтай явсан бөгөөд 3 хүн гарч явсны сүүлд нь зам хөндлөн гарч явсан хүнийг харалгүй мөргөсөн. Би хохирогчид одоогоор эрүүл мэндийн эмчилгээтэй холбоотой 970.000 төгрөг төлсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 66 тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Б-ийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана., 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.М-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүх, шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.Б нь “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, сэтгэцэд учирсан хохирол 16.500.000 төгрөгийг төлсөн, миний асрамжид 65-68 настай аав, ээж 2 маань байдаг. Хувийн байдлыг маань харгалзан үзэж тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Хэдийгээр шүүгдэгч Б.Б нь хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ажил хөдөлмөр эрхэлдэг гэх ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ****** дугаартай хөдөлмөрийн гэрээ зэргийг нотлох баримтаар шүүх хуралдааны явцад гарган өгсөн, мөн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тэмдэглэлээр “хэрэглээгүй” гэх боловч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана., 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, давуу эрхийнхээ хүрээнд зам хөндлөн гарцаар гарч явсан зорчигч Х.М-ийг мөргөж гэмтэл учруулсан тул түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг багасгах үндэслэл болохгүй.
Шүүгдэгч Б.Б-т оногдуулсан дээрх ял нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон гэж үзэж анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ