Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 245

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Урангуа,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

            Шүүгдэгч Н.З, Э.Э, тэдгээрийн өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Э, Н.Знарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705008740183 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Э.Э, 1993 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ..., 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухааны техникийн их сургуулийн 5 дугаар курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ..., урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

     2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.З, 1993 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал, жуулчлалын менежер мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 2-6 насны 4 хүүхдийн хамт ..., урьд ял шийтгэлгүй, ТА-93022016 тоот регистртэй,

Шүүгдэгч Э.Э, Н.З нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүүдлак нэртэй караокены газрын гадаа иргэн Д.Мтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Д.Мын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Н.Згийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Д.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “...хамт дуулаад гайгүй байж байсан. Тэгсэн Э, З нартай манай найз Бхамт очиж дуулаад байсан, яг хэрэлдэж муудсаныг нь хараагүй....нөгөө залуу нь Эыг мангасдаад дайрахаар нь голоор нь ороод салгах гэтэл Э гэнэт миний нүүр рүү, З дух руу цохьсон. Намайг тэр хүнтэй хамт явж байна гэж Э, З нар ойлгосон байх” гэсэн мэдүүлэг /хх-н 78/,

Гэрчээр Г.Цийн мөрдөн байцаалтад өгсөн: “...яваад очиход манай найз М хүнд зодуулчихсан нүүр, хувцас нь цус болчихсон байсан. Тэгээд би юу болсон гэж асуухад цагдаагийн машинд суусан. Э, З гэх хоёр залуу намайг зодсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 11/,

Гэрчээр Б.Дын мөрдөн байцаалтад өгсөн: “...манайд байнга үйлчлүүлдэг Э, З нар орж ирээд 1 дугаартай ширээ буюу текний зүүн талд байдаг ширээн дээр суусан. Манайх нийтийн караоке тул хүмүүс ээлжилж дуугаа дуулаад байж байтал 01 цагийн үед манайд үйлчлүүлж байсан 4 дугаартай ширээн дээр суусан 2 залуугийн өндөр нь цэнхэр өнгийн сорочкон цамцтай залуу хүн, хүн рүү очиж өдөж хоргоогоод байсан. Тэгсэн Э, З нарыг босож зогсоод дуулж байтал хажууд нь очсоноо зориуд тулж мөрлөөд энэ тэр гээд байсан. Тэгсэн Э уурлаад маргаан болох гэхээр нь манай зөөгч нар очиж болиулаад салгаад суулгасан. Тэгээгүй бол зодоон болох байсан. ...болохгүй болохоор нь урд талын хаалгаар нөгөө сорочкон цамцтай залууг найзтай нь гаргаад, хэсэг хугацааны дараа Э, З нарыг гаргасан” гэсэн мэдүүлэг /хх-н 77/,

Шинжээчийн 12419 тоот дүгнэлтэд: “...Д.Мын биед духанд шарх, эрүүний зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 16/,

Яллагдагчаар Э.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...бид хоёр ширээндээ суугаад дуу дуулж байтал согтуу залуу буюу Мын найз ирснээ намайг 2-3 удаа мөрлөөд бас Зг мөрлөөд дуулж байхад микрофоноос татаад өдөж хоргоогоод байсан. Тэгээд болохгүй байхаар нь би тэр залууд хөгшөөн зүгээр байгаач дээ гэж хэлсэн чинь чи тэгээд яах юм гөлөг минь энэ тэр гэхээр нь зүгээр байгаарай гэж хэлээд маргаан үүсэх гэхэд З за асуудал байхгүй шүү дээ хөгшөөн гээд салгаад суулгасан. Хэсэг сууж байгаад бид хоёр ерөөсөө гаръя гээд гараад явсан. Тэнд сууж байхад бид хоёр руу янз янзаар хараад байхаар нь за хэрэг бишдэхээс өмнө гаръя гээд гарсан. Гараад бид хоёр такси барих гээд зогсож байтал нөгөө бааранд маргаан үүсгээд байсан Мтай хамт явж байсан гэж бодож байгаа өндөр дүү саарал сорочкон цамцтай залуу гарч ирсэнээ чи яагаад байна хөгшөөн гээд орилоод байхаар нь би эргээд тэр залуу руу дөхөж очтол тэр залуу намайг заамдаж аваад нэг удаа мангасдсан. Тэгсэн ард такси барих гэж үлдсэн З салгах гэж ирсэн. Тэр хооронд над руу мангасдаад дайраад байхаар нь би гараараа нэгийг нь цохьтол М оногдож таарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 79/,

Яллагдагчаар Н.Згийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Замын хажууд такси барих гээд зогсож байтал нөгөө бид хоёртой маргасан залуу гарч ирсэнээ араас хөөе хүрээд ир гэхээр нь би очоод уулзаадхъя гэж Э надад хэлсэн. Би гараа өргөөд такси барих гээд үлдсэн. Тэгсэн Э нөгөө дуудаж бариад байсан залуутай очоод маргачихсан заамдалцаад зогсож байсан. Яг юу гэж хэрэлдсэнийг нь сонсоогүй гэхдээ л муудалцаж, хэрэлдээд байсан. Тэгээд би очоод голоор нь ороод салгах гээд байж байсан чинь нэг найз нь Ээгийг мангасдаад авсан. Тэгээд бөөнөөрөө дайраад байхаар нь би салгах гээд дундуур нь орсон, тэр хооронд найзыгаа өмөөрч байгаа бололтой нэг залууг буюу Мыг Э нэг удаа нүүр рүү нь цохьсон. Тэгсэн нөгөө залуу газар унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 80/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, хохирогчийн хүсэлт /хх-н 9/, хохирлын баримтууд /хх-н 10/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 40-47, 54-55/, хохирол төлсөн баримт /хх-н 68-69/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Э.Э, Н.З нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө 01-02 цагийн орчим Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүүдлак нэртэй караокены газрын гадаа иргэн Д.Мтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Д.Мын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Мын: “...Тэгсэн Э, З нартай манай найз Бхамт очиж дуулаад байсан, яг хэрэлдэж муудсаныг нь хараагүй....нөгөө залуу нь Эыг мангасдаад дайрахаар нь голоор нь ороод салгах гэтэл Э гэнэт миний нүүр рүү, З дух руу цохьсон. Намайг тэр хүнтэй хамт явж байна гэж Э, З нар ойлгосон байх” гэсэн мэдүүлэг /хх-н 78/, гэрч Г.Цийн: “... яваад очиход манай найз М хүнд зодуулчихсан нүүр хувцас нь цус болчихсон байсан. Тэгээд би юу болсон гэж асуухад цагдаагийн машинд суусан. Э, З гэх хоёр залуу намайг зодсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 11/, гэрч Б.Дын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх нийтийн караоке тул хүмүүс ээлжилж дуугаа дуулаад байж байтал 01 цагийн үед манайд үйлчлүүлж байсан 4 дугаартай ширээн дээр суусан 2 залуугийн өндөр нь цэнхэр өнгийн сорочкон цамцтай залуу хүн, хүн рүү очиж өдөж хоргоогоод байсан. Тэгсэн Э, З нарыг босож зогсоод дуулж байтал хажууд нь очсоноо зориуд тулж мөрлөөд энэ тэр гээд байсан. Тэгсэн Э уурлаад маргаан болох гэхээр нь манай зөөгч нар очиж болиулаад салгаад суулгасан. Тэгээгүй бол зодоон болох байсан. ...болохгүй болохоор нь урд талын хаалгаар нөгөө сорочкон цамцтай залууг найзтай нь гаргаад, хэсэг хугацааны дараа Э, З нарыг гаргасан” гэсэн мэдүүлэг /хх-н 77/, шинжээчийн 12419 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Э, Н.З нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Э, Н.З нар нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Мын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүгдэгч нараас хохирлын мөнгө 800.000 төгрөг авсан цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-н 68-69/ гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Э.Э, Н.З нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарыг 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах, шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүгдэгч нарт 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох санал гаргасан ба шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулж, уг ялыг 1 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Э.Э, Н.З нар шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Э, Н.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Э, Н.Знарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Н.З нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Э.Э, Н.З нарт шүүхээс тус тус оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг тэдэнд даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э, Н.З нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР