Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/01197

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2021/01229 дугаар шийдвэртэй, Ч.Ггийн нэхэмжлэлтэй М.Бмаад холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, хохиролд 110 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ч.Ггт холбогдох амины орон сууцны болон газрын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай М.Бмаагийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Гг нь М.Бмаагийн хүсэлт, ар гэрийн нөхцөл байдлыг ойлгон түүнд туслахаар өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205016259 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, амины орон сууцны 63/1 тоот хаягт байрших, 272 м.кв талбай бүхий орон сууцанд түр хугацаагаар оршин суухыг зөвшөөрсөн. Тухайн үед Ч.Гг орон сууцанд засвар хийж, бусдад худалдах, эсхүл түрээслэх зорилготой байсан.

Гэтэл М.Бмаа болон түүний гэр бүлийнхэн орон сууцанд 2016 оны 12 сараас одоог хүртэл амьдран сууж байгаа бөгөөд учир шалтгаангүйгээр орон сууцыг чөлөөлөхгүй, өмчийн эд хөрөнгөө өөрөө захиран зарцуулах миний эрхийг зөрчсөөр байна. Иймд Ч.Ггийн өмчлөлийн орон сууцнаас М.Бмаа болон түүний гэр бүлийг албадан гаргаж, орон сууц, авто гарааш ашигласан хугацааны төлбөрийг тухайн үеийн ханш сарын 2,500,000 төгрөгөөр тооцон 44 сарын төлбөр 110,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 272 м.кв талбай бүхий 2 давхар орон сууцыг 688 м.кв газрын хамтаар компанийн хувьцаагаар худалдах, худалдан авах ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгдээгүй. М.Бмаа нь “Скайкатеринг” ХХК-ийн хувьцааг борлуулж олсон мөнгөнөөс 350,000,000 төгрөгийг байрны үнэнд шилжүүлсэн тухай болон шилжүүлсэн хувьцаанаас 14 хувийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бусдад 250,000 ам.доллар буюу 570,000,000 төгрөгөөр зарсан гэж огт үндэслэлгүй худал тайлбар гарагсан.

Компанийн хувьцаа эзэмшигчдийн асуудал тусдаа ба орон сууцтай хамааралгүй. “Скайкатеринг” ХХК нь 2016 оны 9 дүгээр сард бусдад 800,000,000 орчим төгрөгийн өртэй, үл хөдлөх хөрөнгөгүй, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1,000,000 төгрөг ба нэрлэсэн 1000 ширхэг хувьцаатай, 2 хувьцаа эзэмшигчидтэй байсан. Компанийн хувьцаа эзэмшигчээр Ч.Ггийг үнэ төлбөргүй оруулья, хамтран ажиллаж компанийн үйл ажиллагаа, төсөл, тендерт оролцоход хөрөнгийн баталгаа гаргаж санхүүжилтээр туслаач гэж М.Бмаа хүссэнийг зөвшөөрч би 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Скайкатеринг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Хасбаатарын хувьцааны 20 хувийг, М.Бмаагийн хувьцааны 10 хувийг, нийт 30 хувийн хувьцааг шилжүүлж авах гэрээг хийж хуулийн дагуу бүртгүүлсэн. “Скайкатеринг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж, компанийн үйл ажиллагааг дэмжин ажилласан. Үүний дараа тендерт бэлтгэх, компанийн үйл ажиллагааг дэмжих чиглэлд болон М.Бмаагийн хувийн хэрэгцээ, түр санхүүжилтэд нийт 1,235,358,097 төгрөг зарцуулсан.

Гэвч төслийг хариуцаж байсан М.Бмаа төслийн түр санхүүжилтэд шаардлагатай гэж итгүүлж, миний хувийн болон байгууллагын өмч хөрөнгийг бусдад барьцаалан богино хугацааны өндөр хүүтэй зээлийг “Скайкатеринг” ХХК-ийн дансаар авсан ч Ч.Ггт мөнгө өгөөгүй, одоо М.Бмаа болон “Скайкатеринг” ХХК-аас 178,329,894 төгрөгийг гаргуулахаар шүүхэд өгсөн байгаа.

М.Бмаа нь Г.Хасбаатар болон Ч.Гг нарын гарын үсгийн хуурамчаар зурж хувьцааг хууль бусаар шилжүүлсэн, Г.Хасбаатартай харилцан тохирсноор түүний 30 хувийн хувьцааны төлбөрт Ч.Гг өөрийн эзэмшлийн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхон, 61 байр, 54 тоот 2 өрөө орон сууц болон бэлэн мөнгөөр хувьцааны үнийг төлж, хувьцааг худалдаж авсан.

Ч.Гг “Скайкапитал групп” ХХК-нд эзэмшдэг 10 хувийн хувьцааг Ч.Хоролсүрэн болон “Монголиан эйр транспорт групп” ХХК-д тодорхой үнээр худалдсан нь М.Бмаад хамаагүй. Дээрх хувьцааны арилжаанаас хойш М.Бмаа нь “Скайкапитал групп” ХХК-д Ч.Ггийн эзэмшиж байсан 10 хувийн хувьцааг Т.Чулуунхүүд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр худалдаж хувьцааны бүх төлбөрийг авсан, хувьцааны төлбөр надад өгөөгүй нь шударга бус гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Бмаа ах Ч.Ггаас Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 хорооллын 1-13 тоот амины орон сууцыг худалдаж авсан. Би дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй боловч байрны үнэ 350,000,000 төгрөгийг хувьцаа болон олсон мөнгөнөөс Ч.Ггт өгсөн. Гэтэл Ч.Гг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлнэ гэсээр өдийг хүрсэн.

Ч.Ггийн уг орон сууцыг чөлөөлөх нэхэмжлэл үндэслэлгүй ба түрээслэх асуудал огт яригдаагүй. Би өөрийн эзэмшлийн “Скайкатеринг” ХХК-ийн 34 хувийн хувьцаанаас 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10 хувийг, дараа нь 24 хувийн хувьцааг ямар нэгэн төлбөргүй шилжүүлж өгсөн. “Скайкапитал групп” ХХК-ийг байгуулж, “Скайкатеринг” ХХК-ийн толгой компани болгосон. Ч.Гг 2016 оны 9 дүгээр сард хувьцаа шилжүүлж авахдаа өөрийн өмчлөлийн амины орон сууцаа зарна гэж ярьдаг байсан ба 2016 оны 12 сард Ч.Гг амины орон сууц маань зарагдахгүй байна, чи авах уу гэж санал тавьж, ярилцаад 350,000,000 төгрөг гэж тохирсон ба орон сууцыг, газрын хамт хүлээж авсан.

Ч.Ггт шилжүүлж өгсөн хувьцаанаас 14 хувийг нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бусдад 250,000 ам.доллар буюу 570,000,000 төгрөгөөр зарсан.

Иймд намайг Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 хороолол, /16094/ хутагт Жамсранжав гудамж 63/1 тоот хаягт байрлалтай 272 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205016259 дугаарт бүртгэлтэй, АОС болон 688 м.кв газрын өмчлөгчөөр тогтоож, гэрчилгээг шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.  

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан /РД:УЖ66031517/ Хүхэнсэй овогтой Чимэдцэрэнгийн Ганхуягийн өмчлөлийн улсын эрхийн Ү-2205016259 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 7 хороо, 3 хороолол /16094/, Дилав хутагт жамсранжав гудамж, 63/1 тоотод байршилтай, 272 м.кв талбайтай, Амины орон сууцыг Хөгдүүд овогтой Маньбадарын Болормаагийн /РД:ЧИ67040104/ хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, шаардлагаас үлдэх хохиролд 110,000,000 төгрөг гаргуулах болон АОС болон газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 778,150 төгрөг, хариуцагчаас төлсөн 140,400 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: М.Бмаа миний бие нь катерингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Скай катеринг” ХХК-ийг үүсгэн байгуулж 34 хувийг нь эзэмшдэг байсан. Ингээд энэхүү компаниараа төсөл, тендерт оролцох үүднээс Ч.Ггтай ярилцсан ба томоохон төсөл, тендерт туслахаар болсон ба Ч.Гг компанийг төсөл тендерт оролцуулахын тулд өөрийн гэсэн хувьцаа нэр дээр байх хэрэгтэй гэхээр нь М.Бмаа өөрийн эзэмшлийн 34 хувиасаа 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10 хувийг, дараа нь 24 хувийг, нийт 34 хувийг төлбөргүйгээр шилжүүлж өгсөн. “Скай капитал групп” ХХК-ийг байгуулж “Скай катеринг” ХХК-ний толгой компани болгосон.

Ч.Гг 2016 оны 12 дугаар сард амины орон сууц маань зарагдахгүй байна, чи авах уу гэх санал тависан бөгөөд бид харилцан ярилцаад 350,000,000 төгрөг гэж тохирсон. Ч.Гг ах тооцоогоо хувьцаанаасаа тооцоё, одооноос эхлээд компаниараа томоохон төсөлд оролцохоор болоод харилцан тохиролцож би Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, /16094/ Дилав хутагт Жамсранжав гудамж 63/1 тоот хаягт байрлалтай 272 м.кв талбайтай, Амины орон сууцны зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 688 м.кв газрын хамт хүлээж авсан. Ч.Гг нь шилжүүлж өгсөн хувьцаанаас 14 хувийг нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бусдад 205,005 ам.доллар буюу 570,000,000 төгрөгөөр зарсан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10.00 цагаас зарлагдсан шүүх хуралд Д.Төмөрбаатар өмгөөлөгч шүүх хурлыг түр хугацаагаар хойшлуулах, Улсын дээд шүүхэд шүүх хуралд давхцсан талаар албан ёсны хүсэлт гаргасан.

Мөн М.Бмаа нь “Голомт банк” ХХК-иас 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн мөнгөн хөрөнгө шилжүүлгийн баримт гаргуулах, “Голомт банк” ХХК-иас Ч.Ггийн эзэмшлийн, “Голомт банк” ХХК дахь 1601021671 тоот дансны хуулгыг 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 05-ны хооронд хийгдсэн орлогын гүйлгээний талаарх баримтыг гаргуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт байгаа “Скай капитал групп” ХХК-ийн хувийн хэрэгт үзлэг хийлгэж, компанийг үүсгэн байгуулсан баримт бичгүүд, УБЕГ-т хандан явуулж байсан албан бичгүүд, компаний үүсгэн байгуулах хөрөнгийг “Скай катерианг” ХХК-ний 100 хувийн хөрөнгөөр үүсгэн байгуулсан тухай баримт бичгүүдийг гаргуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй чухал шаардлагтай гэж үзэж нотлох баримтуудыг хуулбарлан авах хүсэлтүүдийг тус гаргасан ба энэхүү хүсэлтүүдийг огт авч хэлэцээгүй ба хэрхэн шийдвэрлэсэн талаараа шүүхийн шийдвэрт огт тусгаагүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3, 38.6, 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2, 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчснөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч, зөвтгөх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Гг нь хариуцагч М.Бмаад холбогдуулан хууль бус эзэмшлээс амины орон сууцыг чөлөөлүүлэх, хохиролд 110 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууц болон газрын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч М.Бмаа 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох”, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар “шүүх хуралдаан давхацсан тул түр хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлт гаргасныг анхан шатны шүүх мөн өдрийн 102/ШЗ2021/05886 дугаар захирамжаар “хүсэлтэд хавсаргасан Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын энэ өдөр гомдол хэлэлцэх жагсаалтад хугацаа заагаагүйгээс гадна 4 дэх гомдлын хурал байна, түүнчлэн 09.00 цагт эрүүгийн хэргийн гомдлыг хянан хэлэлцэхээр байна, мөн шүүх хуралдаан товлогдсоныг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдэхэд шүүх хуралдаан давхцаагүй байсан зэргээс дүгнэхэд хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй нь нотлогдохгүй байна” гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь өмгөөлөгч Д.Төмөрбаатар хүсэлтэдээ Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хяналтын шатны шүүхийн шүүх хуралдааны зарыг хавсаргасан байх бөгөөд уг баримтаас дүгнэвэл 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр эрүүгийн 6 хэрэг, шүүгчийн захирамжид гаргасан 4 гомдол хэлэлцэх, хуралдаан 09.00 цагаас эхлэхээр тогвлогджээ. Улсын Дээд шүүхийн хуралдааны зард хуралдаан бүрийн эхлэх цагийг тодорхой заагаагүй тул мөн өдрийн 10.00 цагт товлосон энэ иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгчийг оролцох боломжтой байсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай байна.  

Мөн шүүх 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны зарыг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Д.Төмөрбаатарт мэдэгдэхэд шүүх хуралдаан давхцаагүй байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Харин уг захирамжид “өмгөөлөгч Д.Отгонбат нь хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөө явсан талаар баримтгүй” гэж заасан үндэслэл зөв болно. Иймд хариуцагчийг эрх зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй байна.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч М.Бмаа нотлох баримт гаргуулах хүсэлтийг, мөн сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан дээр түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үүнтэй холбогдуулан шинжээч томилуулах, улсын бүртгэлийн байгууллага болон “Голомт банк” ХХК-аас “Скай капитал групп” ХХК-ийн 14 хувийн хувьцааг худалдан авсан үнэ болох 250,000 ам.долларыг Ч.Ггт шилжүүлсэн тухай 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн төлбөрийн баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газраас “Скай капитал групп” ХХК-ийн дүрэм, 14 хувийн хувьцааг Б.Чулуунтогтоход шилжүүлсэн тухай компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, “Скай капитал групп” ХХК-аас явуулсан 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18/01 тоот албан бичиг зэрэг баримтуудыг тус тус гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2021/02592 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэжээ. /хх78, 167/

Дээрх захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11/1010 тоот “14 хувийн хувьцааг иргэн Б.Чулуунтогтоход шилжүүлсэн тухай баримт материал “Скай капитал групп” ХХК-ийн хувийн хэрэгт хавсаргагдаагүй байна” гэх агуулга бүхий албан бичиг, хавсралтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, дүрэм, “Голомт банк” ХХК-аас 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдөр “Б.Чулуунтогтохоос 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ч.Гг руу 250,000 ам.долларын гүйлгээ хийгдээгүй байна” гэх 14/хх103-333 тоот албан бичиг тус тус иржээ. /хх172-184, 191/

 

Хариуцагч М.Бмаа Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн хуулийн этгээдийн лавлагаа, “Голомт банк” ХХК-аас ирүүлсэн албан бичигтэй холбогдуулан “Голомт банк” ХХК дахь Ч.Ггийн эзэмшлийн дансны хуулга, “Скай капитал групп” ХХК-ийн хувийн хэрэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2021/05885 дугаар захирамжаар “дээрх хүсэлтүүд нь хэрэгт хамааралгүй” гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн гэж дүгнэхээр байна.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-т заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2021/01229 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА