| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 102/2023/02761/И |
| Дугаар | 192/ШШ2025/03276 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/03276
2025 04 23 192/ШШ2025/03276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, *********** тоотод оршин суух, Б******* овогт О******* Х******* /РД:*******/,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, *************тоотод оршин суух, М******* овогт Г******* Б******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, ********* тоотод байрлах, М******* ХХК /РД:2888742/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, ********* тоотод оршин суух, Ч овогт Ж Б /РД:/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, ********* тоотод оршин суух, Ч овогт Э У /РД:/ нарт холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Х, Г.Б******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд болон шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: “...Нэхэмжлэгч О.Х, Г.Б******* нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд эхнэр Г.Б******* нь 2008.11.26-нд М а ХХК-тай орон сууцны барилга захиалгын гэрээ байгуулан тус компанийн барьж буй барилгаас Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 1 дүгээр байр 5 давхрын 2 өрөө байр худалдан авахаар тохирсон. Нөхөр О.Х нь өмнө нь М а ХХК-ийн захирал Ж.Баас авлагатай байсан учир байрны төлбөрийг энэ өр авлагатаа багтаан бүрэн төлж дууссанаар тохирсон. О.Х, Г.Б******* нарт мөнгөний хэрэгцээ гараад 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Нэткапитал ББСБ ХХК-иас 5,000,000 төгрөгийн зээл авахад дээрх орон сууц захиалгын гэрээг барьцаа болгон ББСБ-ын ажилтан С.А гэдэг хүний нэр дээр шилжүүлэн өгч байсан. Орон сууц захиалгын гэрээ С.Аийн нэр дээр гарахад Г.Б******* өөрийн захиалгын гэрээгээ М а ХХК-д эх хувиар нь өгсөн. /өөртөө нотлох баримтын шаардлага хангасан хувь авч үлдээгүй/. ББСБ-аас авсан өрөө төлж дууссаны дараа С.А орон сууц захиалгын гэрээг О.Хгийн нэр рүү буцаан шилжүүлэх хүсэлт гаргасан боловч тухайн үед М а ХХК гэрээг шилжүүлсэн баримт бичгээр өгөөгүй. Дээрх захиалсан байр нь өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 28 дугаар хороо, ******* тоот хаягтай болсон ба нийт талбайн хэмжээ 43 м.кв. Энэ байрыг улсын комисс хүлээн авч ашиглалтад ормогц О.Х, Г.Б******* нар хүлээн авч өнөөдрийг хүртэл 10 гаран жил өөрсдийн мэдэлд байлгаж байгаа боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж аваагүй. М а ХХК-ийн захирал Ж.Бд байрны гэрчилгээ гаргуулж өгөх талаар удаа дараа хэлэхэд удахгүй гаргуулаад өгчихнө, маргааш, нөгөөдөр гэж хойшлуулсаар өдийг хүрсэн. Сүүлдээ байрны гэрчилгээ гаргуулах хүсэлт, шаардлагыг шийдэж өгөхгүй, утсаа авахгүй зугтах болсон тул шүүхэд хандаж байна. Иймд Баянгол дүүргийн 28 дугаар хороо ********* тоот хаягт байрлах 43 м.кв 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч нарын нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч М а ХХК, Г.Б******* нар шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2008 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дугаар Орон сууц барилга захиалгын гэрээ, кассын орлогын ордерын баримт, 2010 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Г-9 дугаар Орон сууцны барилга захиалгын гэрээ, 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 00010906117 дугаар Зээлийн гэрээ, зээлийн төлөх хуваарь, кассын орлогын ордерын баримт, гараар бичсэн өргөдөл, С.Аийн гараар бичсэн хүсэлт,
Хариуцагч М а ХХК-иас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Хариуцагч Ж.Баас Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа,
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.05.29-ний өдрийн 462 дугаар албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Х, Г.Б******* нар нь Баянгол дүүрэг 5 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж ******* тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039162 дугаартай, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М а ХХК, Ж.Б, Э.У нарт холбогдуулан тус тус гаргасан.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
О.Х, Г.Б******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүү хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нэхэмжлэгч нар нь 2008.11.26-нд М а ХХК-тай орон сууцны барилга захиалгын гэрээ байгуулж, М а ХХК-ийн захирал Ж.Баас авлагатай байсан учир уг байрны төлбөрт өр төлбөрийг тооцуулан орон сууцны үнийг бүрэн төлж дууссан. Орон сууцыг 2009 онд хүлээн авч, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно. Хариуцагч өнөөдрийг хүртэл орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж, өгөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Баянгол дүүргийн 28 дугаар хороо ******* тоот хаягт байрлах 43 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах холбогдох бичиг баримтыг гаргуулж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү...” гэж тайлбарладаг.
Хариуцагч М а ХХК-ийн захирал болон Ж.Б нар нь 2025.04.21-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... М а ХХК нь байр түрээсэлж, маш олон нүүсэн учраас байгууллагын баримт бичиг гээгдэж устсан. Шүүхээс шаардсан 2008 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дугаартай Орон сууц захиалгын гэрээ олдохгүй байгаа учраас гаргаж өгөх боломжгүй. Одоогоор компанийн үйл ажиллагаа явагдаагүй байгаа болно. Төлбөр мөнгө тухайн үед тодорхой төлж байсан тул орон сууцанд оруулсан. Өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авмаар байна. Хуралдааныг өмгөөлөгчгүйгээр үргэлжлүүлэх боломжгүй тул өмгөөлөгчөөс зөвлөгөө авмаар байна ...” гэжээ.
Баянгол дүүрэг 5 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 49/3 байр 10 тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039162 дугаартай, орон сууцны өмчлөгчөөр Э.У бүртгэгдсэн болох нь эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-55 тал/
Хэрэгт 2008 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Орон сууцны барилгын гэрээ гэх нэртэй гэрээгээр худалдагч тал буюу М а ХХК 5 дугаар хороо *************орон сууцыг худалдан авагч Г.Б*******д 25,836 ам.доллароор худалдахаар, 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн кассын орлогын баримтаар байрны төлбөр 25,836 ам.доллар гэсэн баримтад М а ХХК-ийн санхүүгийн дардастай баримт авагдсан боловч уг баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангаагүй баримт тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Шүүхээс дээрх нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр ирүүлэхийг шүүхийн 12293 дугаар захирамжаар шаардсан боловч М а ХХК-ийн захирал Ж.Б уг баримт олдохгүй байгаа, компанийн олон удаагийн нүүдэл суудлаас болж алга болсон тул гаргаж өгөх боломжгүй гэж шүүхэд тайлбарласан. Мөн компани үйл ажиллагаа явуулахгүй байх тул шүүхэд албан бичгийг ирүүлээгүй байна. Мөн баримтыг хариуцагч ирүүлэх боломжгүй гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзсаныг буруутгах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нар орон сууц худалдан авсан үйл баримтыг шүүхэд нотлох, нотлох баримтаа хуульд заасан шаардлага хангаснаар ирүүлэх үүрэгтэй атал уг үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4.-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж заасан бөгөөд маргаан бүхий орон сууцыг 10 гаруй жил бодит эзэмшилдээ нэхэмжлэгч шилжүүлж авсан болохоо нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тайлбарлажээ.
Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 6 жил бөгөөд нэхэмжлэгч нарын шаардах эрх тасалдсан, түр зогссон болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нар мөн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хариуцагч нарын мэтгэлцэх эрхийг хангаж, 2025.03.17, 2021.04.21-ны өдөр тус тус шүүх хуралдааны хойшлуулсан.
Хариуцагч Э.У нь эзгүйд шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй тайлбарыг шүүхэд гаргасан, хариуцагч М а ХХК-ийн захирал болон хариуцагч Ж.Б нар тус шүүх хуралдааны товыг мэдсэн, тов мэдэгдэх баримтад гарын үсэг зурсан, шүүх хурлын өмнө утас руу нь шүүхээс холбогдсон боловч утсаа аваагүй тул зохигчдын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн болно.
Иймд нэхэмжлэгч О.Х, Г.Б******* нарын Баянгол дүүрэг 5 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж ********* тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039162 дугаартай, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасныг баримтлан Баянгол дүүрэг 5 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж ********** тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039162 дугаартай, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай О.Х, Г.Б******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ