| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2023/04827/И |
| Дугаар | 192/ШШ2025/03144 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/03144
| 2025 04 21 | 192/ШШ2025/03144 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, ***************тоотод оршин суух, Ц******* овогт Н******* Н******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ************ тоотод оршин суух, Х******* овогт Д******* А******* /РД: *******/,
Гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, *********** тоотод оршин суух, Ш******* овогт Т Э /РД:/ нарт холбогдох,
Орон сууцыг албадан чөлөөлүүлэх үндсэн, 100,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Н******* нь орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.А*******, гуравдагч этгээд Т.Э нарт холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Н.Н******* миний бие Д.А*******тай 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр №23/01 тоот Худалдах худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам /17100/, ************* тоот, 91.23 м.кв гурван өрөө шинэ орон сууц /Ү-/-ыг 301,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд худалдан авагч нь гэрээний үнийг бүрэн төлсөн тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэхээр тохиролцож, гэрээ байгуулсан өдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр түлхүүрийг хүлээлгэн өгч, орон сууцанд оруулсан. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гэрээнд заасны дагуу худалдан авагч нь гэрээ байгуулсан өдөр 70,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт өгсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг гэрээний 4.1, 4.2-т заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон. Худалдан авагч Д.А******* нь гэрээний үлдэгдэл үнийг гэрээний 4.1, 4.2-т заасан хуваарийн дагуу төлж барагдуулаагүй бөгөөд төлбөрийн үлдэгдлийг төлөх баталгаа гаргаж, уг баталгаанд заасан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд урьдчилгаа төлбөр болох 70,000,000 төгрөгийг худалдагчид үлдээн орон сууцыг чөлөөлж өгөхөөр тохиролцсон. Гэвч худалдан авагч нь төлбөрийн баталгаанд заасан хугацаанд буюу 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэрээний үлдэгдэл үнийг төлж барагдуулаагүй бөгөөд орон сууцыг сайн дураараа чөлөөлж өгөлгүй, өдийг хүртэл хугацаанд орон сууцыг эзэмшиж, ашигласаар байх тул Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам /17100/, ********** тоот 3 өрөө орон сууцыг хариуцагч Д.А*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Иймд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам /17100/, ************** тоот орон сууц /Ү-/-ыг Д.А*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…Иргэн Д.А*******, Т.Э нар нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр "Худалдах, худалдан авах гэрээ"-г Н.Н*******тэй байгуулж, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам /17100/ ************** тоот хаягт байршилтай 91.23 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг хүлээж, Т.Э, Д.А******* нар нь төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний төслийг Н.Н******* бэлдэж ирсэн. Орон сууцны түлхүүр хүлээлцэж Д.А*******, Т.Э нар нь гэрээнд заасны дагуу орон сууцыг эзэмшиж, ашиглаж эхэлсэн. Нэхэмжлэгч Н.Н*******гийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой бус байна. Хариуцагч нар нь хууль бусаар эд хөрөнгийг эзэмшсэн байх, нэхэмжлэгч тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх гэсэн урьдчилсан нөхцөлүүд хангагдсан тохиолдолд хуулийн зохицуулалт хэрэглэгдэх учиртай. Хариуцагч Д.А*******, иргэн Т.Э нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн "Худалдах, худалдан авах гэрээ" хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэхэмжлэгч энэхүү гэрээний дагуу мөнгөн төлбөрийг шаардах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хоцроосны хариуцлагын асуудал шийдвэрлэгдэх учиртай тул албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах эрхгүй. Нөгөө талаас хэрэв нэхэмжлэгч Н.Н******* нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ээс татгалзсан, цуцалсан гэж үзэж байгаа бол төлбөрийг буцаан төлөх учиртай. Нөгөөтээгүүр 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн "Худалдах, худалдан авах гэрээ" нь зохигчийн тайлбар, түүний гэрээг дэмжиж байгаа эсэхээс хамаарч хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах эсэх нь тодорхой болохоор байна. Түүнчлэн уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасан заалт нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус юм. Нэхэмжлэгч энэхүү гэрээг хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж байгаа эсэх, эсхүл цуцалсан, татгалзсан эсэх талаараа нэхэмжлэлдээ огт дурдаагүй байна. (Энэхүү нөхцөл байдлаас хамаарч хариуцагчийн эзэмшил, ашиглалт нь хууль ёсны эсэх асуудал шийдвэрлэгдэх юм) Хариуцагч Д.А*******, түүний нөхөр Т.Э нарын зүгээс нэхэмжлэгчид 70,000,000 төгрөгийг биш өнөөдрийн байдлаар 100,000,000 төгрөгийг төлсөн. Мөн энэхүү гэрээнд заасан үлдэгдэл төлбөрийг төлөх хүсэлтэй байгаа талаар удаа дараа нэхэмжлэгч Н.Н*******д хэлсэн боловч гэрээнд ч заагаагүй 70-80 сая төгрөгийн алдангийг нэхэмжилсэн. Ингээд талууд анх тохиролцсон ёсоор төлбөрийг төлсөн ч өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй нөхцөл байдал бүрдсэн тул төлбөрийн асуудал шүүх цагдаагийн байгууллагаар шийдвэрлэгдэхүйц хэмжээнд хүрсэн. Нэхэмжлэгч нь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчээс ямар нэгэн мэдэгдлийг хариуцагчид өгсөн зүйл огт байхгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэжээ.
Гуравдагч этгээд Т.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн Н.Н*******, Д.А******* нар нь Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Энэ гэрээний хэрэгжилтийн хүрээнд Т.Э би 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өөрийн хаан банк дах төгрөгийн тоот данснаас 70,000,000 төгрөгийг хаан банк дахь төгрөгийн тоот данс руу шилжүүлсэн. 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өөрийн хаан банк дах төгрөгийн тоот данснаас 70,000,000 төгрөг, түүний үр шимийг миний эхнэр Д.А******* нь шаардах эрхтэй. Уг 70,000,000 төгрөг, түүний үр шимийг Д.А******* нь шүүхийн журмаар шаардаж гаргуулж авсан тохиолдолд иргэн Т.Э миний зүгээс уг 70,000,000 төгрөг, түүний үр шимийг шаардахгүй, маргахгүй болно...” гэжээ.
Хариуцагч Д.А******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ”... Д.А*******, Т.Э нар нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр "Худалдах, худалдан авах гэрээ"-г Н.Н*******тэй байгуулсан. Энэхүү гэрээгээр Н.Н*******гийн зүгээс Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам /17100/ *************** тоот хаягт байршилтай 91.23 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг хүлээж, Т.Э, Д.А******* нар нь төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч Н.Н*******, хариуцагч Д.А*******ыг Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам /17100/, ************** тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж ойлгогдож байна. Хууль зүйн хувьд худалдах, худалдан авах гэрээний хувьд худалдан авагч нь худалдагчаас эд хөрөнгийг худалдан авсны төлөө мөнгөн хөрөнгийг төлдөг харилцаа юм. Нөгөө талаас эд хөрөнгө аваагүй бол мөнгөн хөрөнгө төлөх үүрэг үүсэхгүй. Нэхэмжлэгч Н.Н******* нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн "Худалдах, худалдан авах гэрээ"-ээс татгалзсан, цуцалсан гэж үзэж байгаа бол төлбөрийг буцаан төлөх учиртай. Нөгөөтээгүүр 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн "Худалдах, худалдан авах гэрээ" нь зохигчийн тайлбар. түүний гэрээг дэмжиж байгаа эсэхээс хамаарч хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах эсэх нь тодорхой болохоор байгаа. Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийг талууд хүлээн зөвшөөрсөн дэмжсэн ч уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасан заалт нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус юм. Иймээс Н.Н******* нь өмчлөх эрхийг шилжүүлж өгөхөөс татгалзаж, хариуцагч Д.А*******, түүний нөхөр Т. Э нарын хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэж, эзэмшил, ашиглалтыг шаардаж, албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд орон сууцны төлбөрт төлөгдсөн өнөөдрийн байдлаар төлөгдсөн 100,000,000 төгрөгийг төлсөн. Энэхүү үүсээд байгаа нөхцөл байдал нь нэхэмжлэгч Н.Н******* нь гэрээнд огт заагаагүй 70-80 сая төгрөгийн алдангийг нэхэмжилж, үүнийг төлөхгүй бол өмчлөх эрх шилжүүлэхгүй гэснээс эхлэлтэй нөхцөл байдал гэдгийг шүүх байгууллага харгалзаж үзэхийг хүсье. Хариуцагч нарын Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам /17100/, ***************тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашигласан нөхцөл байдал нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ"-ний хэрэгжилттэй холбоотой нөхцөл байдлаас үүдэлтэй. Иймээс хариуцагч нарын эзэмшил ашиглалт хууль бус эсэхийг шийдвэрлэхэд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр "Худалдах, худалдан авах гэрээ”-ний хэрэгжилт, цуцалсан, татгалзсан, дуусгавар болсон эсэхийг шалгаж тогтоож, энэхүү үүргийн гүйцэтгэлийг шийдвэрлэх шаардлагатай тул энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Иймээс Н.Н*******гээс 100,000,000 төгрөгийг гаргуулж, Д.А*******д олгож өгнө үү…” гэжээ.
Нэхэмжлэгч Н.Н*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч Д.А******* нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр №23/01 тоот худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч Н.Н*******тэй байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам /17100/, *************** тоот хаягт байрлах 91.23 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болох нь шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээр тогтоогдоно. Ийнхүү Д.А******* нь гэрээ байгуулсан өдөр 70 000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шинэ орон сууцыг хүлээн авч эзэмшиж, амьдарч эхэлсэн. Хариуцагч нь дээрх орон сууцанд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 2 жил орчмын хугацаанд амьдарч байна. Гэвч хариуцагч Д.А******* нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №23/01 тоот худалдах, худалдан авах гэрээний үнийг гэрээгээр тохиролцсон журмын дагуу төлөөгүй, төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Тухайлбал, Н.Н*******гийн зүгээс гэрээний үнийг төлөх шаардлагыг удаа дараа Д.А******* болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд тухай бүрд нь мэдэгдэж байсан боловч хариуцагч нь гэрээний үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд ийнхүү болохоо хүлээн зөвшөөрч байсан хэдий ч гэрээний үнийг төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээг аваагүй. Талууд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр №23/01 тоот худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа гэрээний үнийг тохиролцсон журмын дагуу төлөөгүй тохиолдолд үүсэх эрх, үүрэг хариуцлага /Гэрээний 5.3 дахь заалт/-ыг сайн дурын үндсэн дээр /Д.А*******ын санаачилгаар/ харилцан тохиролцсон байдаг тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өмнө дурдсанчлан, Хариуцагч Д.А******* нь 2023.02.02-ны өдөр байгуулагдсан №23/01 тоот гэрээний үнийг гэрээгээр тохиролцсон журмын дагуу төлөөгүй /төлөх үүргээ биелүүлээгүй/ атлаа өнөөдрийг хүртэлх 2 жилийн хугацаанд эзэмшиж, ашиглаж буй атлаа 100 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь туйлын харамсалтай бөгөөд тухайн хариуцагч этгээдийн хувийн байдлыг тодхон харуулж байна. Өөрөөр хэлбэл, Д.А******* нь 2 жил орчмын хугацаанд нэхэмжлэгч Н.Н*******гийн өмчлөлийн байранд 2 жил орчим үнэ төлбөргүй амьдарч болно гэх ойлголтоор сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан нь үндэслэлгүй юм. Тухайн байрны түрээсийн зах зээлийн дундаж үнэ сарын 2.5-3.5 сая төгрөгийн үнэтэй болно/ Нөгөөтээгүүр, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тус шүүхэд хандаж 100 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаараа Н.Н*******гээс гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагийн тод илрэл юм. Өөрөөр хэлбэл, Хариуцагч Д.А******* нь төлөөлөгчөөрөө дамжуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах хүртлээ үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүйгээр үгүйсгэж, дээрх хугацаанд орон сууцыг чөлөөлөлгүй эзэмшиж, амьдрах санаа зорилготой байсныг илтгэн харуулж байна. Дээр дурдсанчлан, Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Д.А*******аас тус шүүхэд хандаж гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.02.02-ны өдрийн 23/01 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, Д.А*******ын гараар бичсэн хүсэлт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Н.Н*******гийн 2023.06.06-ны өдрийн мэдэгдэл, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Эй Ай Эм Эм ХХК-ийн 2024.04.15-ны өдрийн 04/01 дугаар албан бичиг,
Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
Гуравдагч этгээдээс хариу тайлбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг тус тус ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Н******* нь хариуцагч Д.А*******д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай үндсэн, хариуцагч Д.А******* нь нэхэмжлэгч Н.Н*******д холбогдуулан 100,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, сөрөг шаардлагын зарим шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Үндсэн шаардлагын тухайд
Хэрэгт 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ гэх нэртэй гэрээгээр нэхэмжлэгч буюу худалдагч Н.Н******* Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын ам, *********** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 91.23 м.кв, 3 өрөө орон сууцыг 1 м.кв 3,300,000 төгрөгөөр, нийт 301,000,000 төгрөгөөр худалдахаар, худалдан авагч Д.А******* орон сууцны үнэ 301,000,000 төгрөгийг төлөхөөр байгуулсан талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж шүүх дүгнэлээ./хх 4-7 тал/
Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын ам, ******************тоотод байршилтай, 91.23 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Н.Н******* болох нь эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх 14 тал/
Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т “Худалдан авагч нь хөрөнгийн үнийг 2023 оны 02 сарын 02-ны өдөр 70,000,000 төгрөг, 2023 оны 02 сарын 16 өдөр 151,000,000 төгрөгийг Хаан банкны тоот дансанд Худалдагчид шилжүүлнэ, 4.2.-т Худалдан авагч нь үлдэгдэл 80,000,000 төгрөгийг банкны зээлээр төлөх бөгөөд 14 хоногийн дотор Худалдагч талд хөрөнгийн төлбөрийг шилжүүлснээ Худалдагчид ажлын 1-3 хоногийн дотор мэдэгдэнэ, 10.1.-т Гэрээний үйлчлэх хугацаа 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэл байна гэж зааснаар орон сууцыг төлбөр төлөх хугацааг ийнхүү харилцан тохиролцжээ.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-т Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. 198.1-т Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаар худалдан авагч Д.А******* орон сууцны үнэ 70,000,000 төгрөгийг 2023.02.02-ны өдөр төлөхөөр, 151,000,000 төгрөгийг 2023.02.16-ны өдөр төлөхөөр, 80,000,000 төгрөгийг 14 хоногийн дотор буюу 2023.03.02-ны дотор шилжүүлж, төлбөр төлж шилжүүлснээ 1-3 хоногийн дотор мэдэгдэж, төлбөрийг төлж барагдуулахаар Д.А******* үүрэг хүлээсэн байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208.1.-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Д.А******* 2023.03.02-ны дотор орон сууцны төлбөрийг гэрээнд заасан уг хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргийн зөрчил үүсгэсэн байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2.-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан бөгөөд хариуцагч гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг хариуцагчаас биет байдлаар нь түүний эзэмшлээс шаардах эрхтэй байна.
Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж зааснаар өмчлөгч Э.Н******* нь худалдах, худалдан авах гэрээний дагуу маргаан бүхий орон сууцыг Д.А*******ын эзэмшилд шилжүүлсэн, Д.А*******ын эзэмшил хуулийн дагуу үүссэн боловч Д.А******* гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй болжээ. Иймд өмчлөгч Э.Н******* өөрийн өмч болох орон сууцыг цаашид захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байна.
Сөрөг шаардлагын тухайд
2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын ам, ********** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 91.23 м.кв, 3 өрөө орон сууцыг худалдан авахаар худалдан авагч Д.А******* 100,000,000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч буюу худалдагч Н.Н*******д төлсөн төлбөрийн талаар талууд маргаагүй.
Хариуцагч нь “… нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул гэрээний дагуу шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү…” гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгч нь … “ талуудын хооронд байгуулсан гэрээний 5.3-т Гэрээний хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулахгүй мөн тохирсон хугацаанд төлбөрийг барагдуулахгүй, гэрээ цуцлахаар бол урьдчилгаа 70,000,000 төгрөгийг буцаан авахгүй Худалдагч талд үлдээнэ, 6.3-т Энэ гэрээний үйлчлэх хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэхээс нэг талын журмаар үндэслэлгүйгээр татгалзсан буруутай тал нөгөө талд үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгууль төлнө гэж зааснаар нийт 80,000,000 төгрөгийг худалдан авагч Н.Н*******д төлөх үүрэгтэй, мөн 2023.02.02-ны өдрөөс 2025-04-21 өдрийг хүртэл орон сууцыг суллаж өгөөгүй, өнөөдрийг хүртэл амьдарч байна. Иймээс энэ хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагчид төлөх ёстой тул сөрөг шаардлагыг зөвшөөрөхгүй…” гэж маргадаг.
Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.3, 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар талууд үүргийн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзсан тохиолдолд, үүргийн зөрчил гаргагчид ногдуулах хариуцлагыг харилцан тохиролцсон боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэхгүй, анзыг давхардуулан ногдуулсан гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1.-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар хариуцагч Д.А******* худалдах, худалдан авах үүргээ биелүүлээгүй атлаа орон сууцанд 2023.02.02-ны өдрөөс амьдарч, өнөөдрийг хүртэл эзэмшилдээ байлгасан нь нэхэмжлэгч энэ хугацаагаар олох байсан орлого болох түрээсийн төлбөрийн мөнгөн хөрөнгөөр хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.
Иймээс 2023-02-02-ны өдрөөс 2025.04.02-ны өдөр хүртэл нийт 26 сарын түрээсийн төлбөр 65,000,000 /1 сарын төлбөр 2,500,000/ төгрөгийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Н*******гээс гаргуулж, хариуцагч Д.Аззаяад олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. /хх-70 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.2-д заасныг тус тус баримтлан улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын ам, ***************** тоот хаягт байршилтай, 91.23 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцнаас Д.А*******ыг албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Н*******гээс 35,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Д.Аззаяад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ