Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/221

 

  2024             02           20                                     2024/ДШМ/221

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг /томилолтоор/,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ****** дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгдэгч Б.Б гийн гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн ******** дугаар хэргийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Б ын цахим картаас 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хооронд үргэлжилсэн үйлдлээр 512.790 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 400 /дөрвөн зуу/-н цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б нь уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б гаас 512.790 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан таслагдсан ба шүүхийн шийтгэх тогтоолоор намайг гэм буруутайд тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн гэмт хэргийг үйлдээгүй, хууль хяналтын байгууллагад мэдэгдэж нотлох баримтуудыг өгсөн. Б.Б ын картаас авсан гэх тухайн 512.790 төгрөгийг хэрэглээгүй болно. Иймд дээрх шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээр хянаж өгнө үү. ...Би 272.000 төгрөгийг нь хэрэглэсэн...” гэв.

 

            Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан байгаа. Давж заалдах гомдолтой холбоотойгоор тайлбарлахад хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд буюу хохирогч Б.Б ын мэдүүлэг, гэрч Д.О гийн мэдүүлэг болон дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Б ын гээгдүүлсэн Худалдаа хөгжлийн банкны виза картыг ашиглан түүний данснаас хүч хэрэглэхгүйгээр, зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нийт 512.790 төгрөгийг хулгайлан авч хэрэглэсэн үйл баримт нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Б гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Б ын цахим картаас 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хооронд үргэлжилсэн үйлдлээр 512.790 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Э ын хөтөлсөн “...Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянхошууны хуучин эцсийн буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “Н” 8-н нэрийн хүнсний дэлгүүрийн хяналтын камерыг шүүж холбогдогч этгээдийн бичлэгийг тухайн дэлгүүрийн худалдагч Д.Од үзүүлэхэд Баянхошуунд амьдардаг Б.Б гэх эмэгтэй байна” гэсний дагуу Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянхошууны ** тоотод оршин суудаг Б.Б-г олж тогтоон уулзахад “би тухайн Худалдаа хөгжлийн банкны виза картыг олж аваад ашиглаж байсан юм, би одоо цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгч чадахгүй...” гэж хэлснийг тэмдэглэсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

хохирогч Б.Б ын “...2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны С төв дотор байхдаа виза картаараа юм худалдаж авчхаад Төв аймгийн Батсүмбэр сум руу явсан. Интернэт банкаар гүйлгээ хийхдээ дансны үлдэгдлийг харсан чинь миний картад байсан мөнгөнөөс гүйлгээ хийгдсэн байсныг 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр мэдээд 05-ны өдөр хаалгасан. Уг виза картыг ашиглахад чип уншуулахад нууц код ашигладаггүй, шууд уншдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,

гэрч Д.О гийн “...Хяналтын камерын бичлэгийг үзэхэд манай Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны иргэн байсан. Манай дэлгүүрээр хааяа орж гардаг, нэрийг нь сайн мэдэхгүй. Хамгийн сүүлд 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр үйлчлүүлсэн санагдаж байна. Виза карт уншуулахдаа пин кодгүйгээр уншуулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12  тал/,

таньж оруулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18 тал/

хохирогч Б.Б ын Худалдаа хөгжлийн банкны ****** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 3, 59 тал/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Б-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, мөн зүйл хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/-н цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б “...шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй. Б.Б ын картаас 512.790 төгрөгийг хэрэглээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээр дахин хянаж өгнө үү. ...би 272.000 төгрөгийг нь хэрэглэсэн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хохирогч Б.Б ын Худалдаа хөгжлийн банкны виза картыг ашиглан нийт 512.790 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хавтаст хэргийн 3, 59 дүгээр талд авагдсан хохирогч Б.Б ын Худалдаа хөгжлийн банкны ****** дугаарын дансны хуулгаар нотлогдон тогтоогдож байна.

Тэрээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, мөн шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нь шалтгаант холбоотой байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Б.Б гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ****** дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

 

                                                ШҮҮГЧ                                  Б.АРИУНХИШИГ