Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 117/ШШ2025/0011

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэрэнрагчаа даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Дундговь аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дүгээр захирамжийн *******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг: Нэхэмжлэгч ******* Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулан Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дүгээр захирамжийн *******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Иргэн анх буюу 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “... дэд бүтцэд холбогдох боломжтой орон сууцны зориулалттай эзэмшлийн газар олгож өгнө үү” гэх өргөдлийг гаргаж, улмаар Дундговь аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/228 дугаар захирамжаар Сайнцагаан сумын 7-р баг, шинэ МСҮТ-ийн баруун талд, Мандал байршилд орон сууцны зориулалтаар 300 м.кв газрыг эзэмшүүлж, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мөн өдөр газар эзэмшүүлэх гэрээнд “зориулалт амины орон сууц” гэж тусган гэрээ байгуулжээ.  /хх-ийн 32, 33, 36-38-р хуудас/

2.2. Маргаан бүхий газрын газар эзэмшигч нарыг он дарааллаар нь авч үзвэл, гаас 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэн т, иргэн ээс 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн т (гэрээний зүйлийн үнэ: 17.300.000 төгрөг гэж шилжүүлэхээр тохирсон) газар эзэмших эрхээ шилжүүлж, уг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон иргэний хүсэлтэд үндэслэн Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн “Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай” А/334 дүгээр, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай” А/239 дугаар захирамж, 2019 оны 10 дугаар сарын 14, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан тус тусын газар эзэмшүүлэх гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 000025626 дугаар, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 000051359 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэгт үндэслэн , нар маргаан бүхий газрыг эзэмшиж байсан. /хх-ийн 45, 66, 49-51, 56, 58-60, 61, 68, 69-71-р хуудас/

2.3. Сүүлд буюу 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэн аас *******ад газар эзэмших эрхээ шилжүүлж, (гэрээний зүйлийн үнэ: 18.500.000 төгрөгөөр шилжүүлэхээр тохиролцов), Дундговь аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай” А/62 дугаар захирамж, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 04801-2020/00228 дугаар гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгч ******* Сайнцагаан сумын 7-р баг, шинэ МСҮТ-ийн баруун талд, Мандал байршилд орон сууцны зориулалтаар 300 м.кв газрыг эзэмшсэн байна. /хх-ийн 76-77,83, 84-р хуудас/

2.4. Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” тухай ******* дүгээр захирамжаар “... нэр бүхий 35 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон”-ы дотор иргэн *******ын эзэмшлийн 300 м.кв газрын эзэмших эрх багтсан байна. /хх-ийн 89-р хуудас/

2.6. Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаар мэдэгдлээр  *******ад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг мэдэгдсэнээр 2025 оны 05 дугаар сарын 15-ний өдөр тус шүүхэд ханджээ. /хх-ийн 1,2, 13,14-р хуудас/

Гурав:  Хэргийн  оролцогч,  тэдгээрийн   төлөөлөгч    нарын  тайлбар,  түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2021 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р багийн нутаг дэвсгэрт байрлалтай ******* нэгж талбарын дугаартай амины орон сууцны зориулалттай 300 м2 газрыг иргэнээс 19.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох тухай Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 сарын 08-ны өдрийн ******* дүгээр захирамжийг Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын ГУХ-ийн дарга ******* 2025 оны 01 сарын 22-ны өдөр ******* надыг утсаар дуудаад 02 дугаартай мэдэгдэх хуудас болон захирамжийг өгсөн. Тухайн газар дээрээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Тухайн Засаг даргын захирамжийг хүлээн аваад Дундговь аймгийн Засаг дарга *******д гомдол гаргасан, өөрийн биеэр уулзсан. Засаг дарга нь Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын ГУХ-ын дарга ******* руу миний гомдлыг шилжүүлсэн бөгөөд ******* уг гомдлын хариу өгөх мэдэгдэл гэх 28 дугаартай албан бичгийг ******* миний бие нь  2025 оны 04 сарын 25-нд гардаж авсан. ******* миний бие нь уг албан бичиг мэдэгдэх хуудсыг хувь хүнээс гардаж авсан байгаа. ГУХ-ын дарга ******* нь уг хариуны мэдэгдэх хуудсаа хэзээ, хэдэн сарын өдөр Хулд сумын иргэнд өгснийг мэдэхгүй. ******* миний бие нь Дундговь аймгийн Хулд сумнаас аймгийн төв рүү орж ирж дээрх газар дээрээ амины орон сууц барьж амьдрах зорилготой байсан. Миний бие нь Хулд суманд мал аж ахуй эрхэлж байсан 2024 оны хаврын байгалийн эрсдэлээс болж мал маань нэлээд хорогдсон. ******* миний бие нь малчны зээлтэй байсан, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж мал хорогдсон тул төлөх боломжгүй болж тодорхой хугацаагаар зээл маань хойшлогдсон. 2025 оны хавраас уг газартаа орон сууцаа эхэлж барих зорилготой байлаа. Гэтэл уг газрын эзэмших гэрчилгээ хүчингүй болгох талаар иргэн надад мэдэгдээгүй холбогдох хүмүүс нь уулзаагүй. Газрын гэрчилгээ хүчингүй болгож байгаа нь ******* миний Үндсэн хуулиар олгогдсон эзэмших, өмчлөх эрхэнд хууль бусаар дураар халдаж байгаад гомдолтой байна.

Миний бие нь тухайн газрыг хүнээс 19.000.000 төгрөгөөр худалдаж аваад санхүү эдийн засгийн бэрхшээл хүндрэлээс болоод ашиглаж чадаагүй байж байгаад төрийн зүгээс  шууд дарамт  шахалт үзүүлж байгаад үнэхээр гомдож байна. Төрөөс хуулийн дагуу үнэ төлбөргүй газар олж аваад эзэмшээд ашиглаагүй байгаа бол нэг өөр. Иймд миний эзэмшлийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р багийн нутаг дэвсгэрт байрлалтай 4809007244 нэгж талбарын дугаартай амины орон сууцны зориулалттай 300 м2 газрын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 сарын 08-ны өдрийн ******* дугаартай захирамжийн *******ад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Одоо бол байшингаа барих боломжтой болсон. Өөр хүнд цааш шилжүүлэн зарахгүй. Газрын төлбөрийн хувьд мэдээгүй байсан. Хаанаас ямар мэдээлэл ирдгийг ч мэдэхгүй. Үнэхээр хайнга хандсан байна” гэв.

3.2. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “ аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/62 дугаар захирамжаар Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Мандал тоот хаягт байрлах 4809007244 нэгж талбарын дугаартай 300 м2 газрыг иргэн аас шилжүүлэн авч, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулсан.

Дундговь аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын пэйж хаягаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалтын дагуу 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр сонсох ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулсан. ******* нь тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

******* нь 2022 оноос хойш гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, тухайн газар дээр зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй тул газар эзэмших эрхийг цуцалсан аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай захирамжийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн. Иймд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул дээрх газар эзэмших эрхийг цуцалсан аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай захирамж хууль зүйн үндэслэлтэй. Газар эзэмших эрхийг сэргээх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан   тайлбартаа:   “Манайхан   газраа   авсан   бол   манайх   гэж   үзээд  хаядаг. Гэрээгээ  огт  хардаггүй. *******ын  тухайд  Газрын  тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон. Энэ нь үндэслэлтэй тул Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Эднийх тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, тухайн газартаа үйл ажиллагаа явуулаагүй. Мөн газрын төлбөрөө төлөөгүй. Жилийн 900 төгрөг байсан” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч ******* Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* тоот захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2. Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын Газрын удирдлагын хэлтсийн даргаас 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаартай хариу мэдэгдлээр иргэн *******ад гомдлын хариуг өгсөн, уг хариу мэдэгдлийг ******* шуудангаас 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан байна. /хх-ийн 7, 16-р хуудас/

3. Иймд газрын удирдлагын хэлтсийн дарга *******ийн Хариу өгөх мэдэгдлийг 2025 оны 04 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн гэж үзээд нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэв.

4. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

5. Дундговь аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай” А/62 дугаар захирамжаар Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэр /Мандал-/-д байршилтай амины орон сууцны зориулалтай 300 м.кв /0,03 га/ газрыг *******ад зориулалтаар шилжүүлж, тус захирамжид үндэслэн Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэн *******тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.  /хх-ийн 83-87-р хуудас/

6. Гэвч  Дундговь  аймгийн  Засаг  даргын  2025 оны  01  дүгээр  сарын  08-ны өдрийн  “Газар  эзэмших  эрхийн  гэрчилгээг  хүчингүй  болгох  тухай”  *******  дүгээр 

захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол” газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасныг үндэслэн иргэн *******ын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.

7. Газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:

7.1. Шүүхийн үзлэгээр маргаан бүхий газарт “барилга баригдаагүй хоосон газар” байсан нь тогтоогдсон ч Улсын дээд шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор [1] гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалт бүхий газрыг, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх нөхцөл шаардлагаас ялган тайлбарласан.

7.2. Нэхэмжлэгч *******ын тухайд, гэр бүлийн хамтын хэрэгцээнд амины орон сууц барих зориулалтаар газар эзэмших эрх үүссэн.

7.3. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 28 дугаар зүйлийн 28.1.1-т гэр бүлийн хамтын хэрэгцээний, 28.1.2-т төрийн байгууллагын, 28.1.3-т аж ахуйн нэгж, байгууллагын гэж гэрчилгээний төрлийг нэрлэн зааж хуульчилжээ.

7.4. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна, Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 2-т Монгол Улсын иргэнийг ахуйн зориулалтаар эзэмшиж, ашиглаж буй 0,07 га хүртэлх хэмжээний газрынх нь төлбөрийн 90 хувиар газрын төлбөрөөс чөлөөлөхөөр зохицуулсан. 

7.5. Дээрх зохицуулалтаас үзвэл, Монгол Улсын иргэн бүрийг өөрийн гэсэн амьдрах гэр, амины орон сууц барих зэргээр гэр бүлийн зориулалтаар газартай болгох хууль зүйн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 700 м.кв газрыг, нэг удаа, үнэ төлбөргүйгээр, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар олгож, газрын төлбөрөөс 90 хувиар чөлөөлөхөөр заасан нь тусгайлан зохицуулсан гэж үзэхээр байна. 

7.6. Ийнхүү тусгайлан зохицуулсны гол зорилго нь иргэний гэр бүлийн суурьшлын онцлог, аж байдал, эдийн засаг, санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлэх онцлогоос шалтгаалан харилцан адилгүйгээр уян хатан хандах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн учир тухайн гэр бүлийн аж амьдралын онцлог буюу мал аж ахуй эрхэлдэг, санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн бүрдүүлдэг зэргийг харгалзан үзэх учиртай. 

7.7. Нэхэмжлэгч ******* нь тухайн газрын газар эзэмших эрхийг  18.500.000 төгрөгөөр шилжүүлэн авсан, Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багт малчин бүртгэлтэй, малын 2023 оны тооллогоор адуу-10, үхэр-3, хонь-319, ямаа-160, бүгд-492, 2025 оны тооллогоор адуу-0, үхэр-2, хонь-170, ямаа-39, бүгд-211 гэж 2025 онд 281 тоогоор бууруулж малаа тоолуулсан, Хаан банканд 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 15.000.000 төгрөгийн малчны зээлийг төлж дуусгасан байна. /хх-ийн 73, 101-104-р хуудас/

7.8. Өөрөөр хэлбэл *******ын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ дурдсан “2024 оны хаврын байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж мал маань нэлээд хорогдсон, мөн малчны зээлтэй байсан, мал хорогдлоос болж банкны зээлийн төлөлт хойшилж байсан, энэ үед газар дээрээ барилга барих боломж байгаагүй” гэх тайлбар үндэслэлтэй хийгээд энэ тохиолдолд, түүнийг газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах хүсэл эрмэлзэлтэй байсан боловч өөрөөс үл хамаарах шалтгаанаар санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлж чадаагүй, үүний улмаас газраа зориулалтаар ашиглаагүй гэж үзэх ба энэ нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна.

7.9. Гэтэл хариуцагч аймгийн Засаг даргаас уг хуулийн тусгайлсан зохицуулалт, түүний зорилго, тухайн иргэний санхүүгийн эх үүсвэрийн шалтгааныг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгчийг гэр бүлийн хэрэгцээний газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёсыг хангах” гэж заасантай нийцэхгүй төдийгүй иргэдийн газар эзэмших эрхийг дэмжих, түүний хэрэгжих нөхцөлийг баталгаажуулах хуулийн зорилгод нийцээгүй.  

7.10. Иймд дээрх үндэслэлээр  Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01дүгээр сарын 08-ны өдрийн *******дүгээр захирамжийн *******ад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оос шүүх хуралдаан дээр “Жилийн 900 төгрөгийн газрын төлбөрийг 2022 оноос хойш төлөөгүй учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтаар хүчингүй болгосон” гэх тайлбарыг гаргасан боловч шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын хүрээнд дүгнэлт хийсэн болно.  

8.1. Учир нь маргаан бүхий захирамж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн  нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хэдий ч хариуцагч аймгийн Засаг даргаас уг хуулийн 40 дүгээр 40.1.6 дахь заалтаар хүчингүй болгосон гэж тайлбараа бичгээр ирүүлсэн, түүнчлэн *******ооос мөн энэ үндэслэлээр хариуг өгч байсан тул иргэний газар эзэмших эрхийг дэмжих, түүний хэрэгжих нөхцөлийг хангах үүднээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээн авсангүй.

8.2. Энэхүү маргаан бүхий газрын хувьд, газар эзэмших эрхийг 2018 оноос хойш 3 иргэн үнэ өсгөн өөр хоорондоо шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаан дээр “одоо санхүүгийн боломжтой болсон, амины байшин барина, цаашид өөр бусдад шилжүүлэх асуудал байхгүй” гэж газраа зориулалтын дагуу ашиглах хүсэл зоригоо илэрхийлснийг харгалзан үзсэнийг дурдах нь зүйтэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 28 дугаар зүйлийн 28.1.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” тухай захирамжийн *******ад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               В.ЦЭРЭНРАГЧАА

 

 

 

 

 

[1] Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан