Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 234

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Урангуа,

Улсын яллагч: М.Мөнхзул,

Шүүгдэгч/хохирогч: Ц.В,

            Шүүгдэгч/хохирогч: Д.Бнар нь өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.В, Б.Днарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805008710163 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.В, 1984 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ...., 34 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, аялал жуулчлалын хөтөч, тайлбарлагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ...., урьд ял шийтгэлгүй, ....тоот регистртэй,

     2. Шүүгдэгч: Монгол  Улсын иргэн, Д.Б, 1979 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт ..., урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Ц.В, Д.Бнар нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Од хийморь” худалдааны төвийн автобусны буудлын орчимд маргалдан, харилцан зодолдож улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Вийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бид хоёр хоорондоо эвлэрсэн” гэв.

Шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй. Бид хоорондоо эвлэрсэн” гэв.

Хохирогчоор Ц.Вийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Гэрийнхээ ойролцоо байх караоке орно гэж маргалдсан. Б ах надад шүдээ эмчлүүл гэж 100.000 төгрөг өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогчоор Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ц.Вийн мөрдөн байцаалтад өгсөн: “...миний шүд рүү гараараа цохьсон, хэдэн удаа цохисныг мэдэхгүй дээд үүдэн 4 шүд хөдөлсөн эмнэлэгт үзүүлнэ. Бтэй маргалдаж зодолдох болсон шалтгаан нь би хороололд гэрийнхээ ойролцоо байх караокед орно гээд Б болохоор 21 дүгээр хороололд очиж караокед орно гээд машин дотор маргалдсан. Маргалдах үед машины жолооч зогссон ба би буугаад Бийг машинаас татаж буулгах үед Б намайг заамдаж, татаж давхралдаад бид хоёр газар унасан. Дээр унасан байх үедээ миний нүүр толгой руу мөргөсөн. Тэр үед миний шүд өвдөөд эвгүй болоод амнаас цус гарсан. Энэ үед Ж машинаас бууж ирээд бид хоёрыг салгасан. Би Б ахыг таньж мэддэг учир, учир зүйгээ олоод эвлэрсэн. Б газар унасан байхад толгойгоороо нүүр рүү санаатай мөргөх үед надад гэмтэл учирсан” гэсэн мэдүүлэг /хх-н 12, 37-38/,

Хохирогч Д.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “... В намайг машинаас буугаад ир гөлөг минь гэсэн би буухгүй гэхэд миний зүүн талын дунд хуруу, ядам хуруу хоёрыг хазсан. В хүчээр татаж буулгах гэхээр нь би буухгүй гээд хойшоо болоод нүүр лүү нь гараараа тулах үед зүүн гарын хуруу хазаад хумсан доор цус хурсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16, 40-41/,

Шинжээчийн 2434 тоот дүгнэлтэд: “...Д.Бийн биед зулайд шархны сорив, зүүн гарын дунд ба ядам хурууны хумсан дор цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 20/,

Шинжээчийн 2276 тоот дүгнэлтэд: “...Ц.Вийн биед баруун, зүүн 1-р шүднүүдийн булгарал, баруун, зүүн дээд шүднүүдийн сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр шүдний булгарал нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 10% нөлөөлнө” гэсэн дүгнэлт /хх-н 21/,

Яллагдагчаар Д.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...В намайг машинаас буулгах гэхээр нь би буухгүй гээд эсэргүүцэхэд В миний зүүн гарын ядам, дунд хурууг хазсан. Тэгээд машинаас чирээд буулгахаар нь би эрчиндээ Вийн дээрээс давхралдаад газар унах үедээ толгойн оройн хэсгээрээ Вийн шүд рүү мөргөж улмаар толгойн орой хэсэгт шарх үүссэн” гэсэн мэдүүлэг /хх-н 80-82/,

Яллагдагчаар Ц.Вийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б дээр унаад өндийж ирээд миний нүүр рүү толгойгоороо санаатай мөргөж миний үүдэн 2 шүдийг мөргөсөн. Б машинаас буухгүй гэхээр нь би хүчээр татаж буулгах үед нүүр рүү нь гараараа тулаад байхаар нь би гарыг нь хазсан” гэсэн мэдүүлэг /хх-н 85-86/,

Шүүгдэгч/хохирогч Д.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 29, 62-76/, Шүүгдэгч/хохирогч Ц.Вийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 30, 54-59/, хохирогч нарын гаргасан хүсэлт /хх-н 31-32/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ц.В, Д.Бнар нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Од хийморь” худалдааны төвийн автобусны буудлын орчимд караокед орох газраасаа болж маргалдан, харилцан зодолдож улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчоор Ц.Вийн: “... миний шүд рүү гараараа цохьсон, хэдэн удаа цохьсныг мэдэхгүй дээд үүдэн 4 шүд хөдөлсөн эмнэлэгт үзүүлнэ, Бтэй маргалдаж зодолдох болсон шалтгаан нь би хороололд гэрийнхээ ойролцоо байх караокед орно гээд Б болохоор 21 дүгээр хороололд очиж караокед орно гээд машин дотор маргалдсан. Маргалдах үед машины жолооч зогссон ба би буугаад Бийг машинаас татаж буулгах үед Б намайг заамдаж, татаж давхралдаад бид хоёр газар унасан. Дээр унасан байх үедээ миний нүүр толгой руу мөргөсөн. Тэр үед миний шүд өвдөөд эвгүй болоод амнаас цус гарсан. Энэ үед Ж машинаас бууж ирээд бид хоёрыг салгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 12, 37-38/, хохирогчоор Д.Бийн: “... В намайг машинаас буугаад ир гөлөг минь гэсэн би буухгүй гэхэд миний зүүн талын дунд хуруу, ядам хуруу хоёрыг хазсан. В хүчээр татаж буулгах гэхээр нь би буухгүй гээд хойшоо болоод нүүр лүү нь гараараа тулах үед зүүн гарын хуруу хазаад хумсан доор цус хурсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16, 40-41/, шинжээчийн 2434, 2276 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.В, Д.Бнарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.В, Д.Бнар нь хоорондоо маргалдан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.В, Д.Бнарын биед хөнгөн хохирол тус тус учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч Ц.В нь шүүгдэгч Д.Бээс 100.000 төгрөг авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Д.Бнь шүүгдэгч Ц.Воос нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Ц.В, Д.Бнарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарыг тус бүр 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Ц.В, Д.Бнарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.В, Д.Бнар нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ торгуулийн ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэсэн санал гаргасан ба шүүх шүүгдэгч нарын хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэггүй, шүүгдэгч Д.Бнь бага насны хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эцэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ц.В, Д.Бнарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд төлж барагдуулахыг тэдгээрт даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.В, Д.Бнар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Цэрэндуламын В, Б.Днарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.В, Д.Бнарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ц.В, Д.Бнарт шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.В, Д.Бнарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР