| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/06708/И |
| Дугаар | 192/ШШ2025/03102 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/03102
2025 04 18 192/ШШ2025/03102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч Ч.Нямсүрэн, шүүгч Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, Наадамчдын зам гудамж, ************ тоотод оршин суух, О******* овогт Ж******* Б******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 24 дүгээр хороо, ********* тоотод байрлах, Б******* т******* ХХК /РД:*******/-д холбогдох
Гэм хорын хохиролд 47,476,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ж.Б*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б******* нь гэм хорын хохиролд 47,476,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б******* т******* ХХК-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: “...2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр орой 20 цагийн орчимд Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 21 дүгээр цэцэрлэгийн баруун урд байршилтай Б******* т******* ХХК нь Creative Apertment барилгад барилгын ажил гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, компанийн хяналт, хариуцлагагүй үйлдлээс шалтгаалан байрны гадна автомашины зогсоолд байсан иргэдийн машинууд /**************/ дээрээс цементэн зуурмаг асгарч их хэмжээний хохирол учруулсан. Үүнээс болж миний эзэмшлийн улсын ****** дугаартай, Ланд Круйзер 300 загварын машины гадна талын будаг эргэн тойронд халцарч, лүүк буюу шилэн дээвэр гэмтэж, хойд тоормосны их гэрэл хагарсан байдаг. Тэр даруй цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд дээрх үйл баримт нь бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн байдал тогтоогдохгүй байна, болгоомжгүй учруулсан үйлдэл нь ноцтой эсвэл их хэмжээний хохирол учруулаагүй байх тул гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 11466 дугаартай Прокурорын тогтоол гаргасан. Иймд Б******* т******* ХХК-иас гэм хорын хохиролд 47,476,000 төгрөг гаргуулж өгнө үү…” гэжээ.
Хариуцагч Б******* т******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д******* шүүхэд гаргасан тайлбартаа: “…Манай компани Д х ХХК-тай гэрээ байгуулсны үндсэн дээр Creative apartment төслийн ажлыг гүйцэтгүүлж байсан бөгөөд Д х ХХК нь 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ТГГ-01 дугаар гэрээг Мужааны бригадын ахлагч Ш.Б гэрээ байгуулан карказ угсралт, хэв хашмалын ажил гүйцэтгүүлж байсан. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т туслан гүйцэтгэгч нь Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцна гэж заасан байх бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т "Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна" гэж заасны дагуу туслан гүйцэтгэгч мужааны бригадын ахлагч болон Д х ХХК хариуцахаар байна. Туслан гүйцэтгэгч мужааны бригадын ахлагч Ш.Бат-орших нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр уг асуудлыг бүрэн хариуцаж шийдвэрлүүлэхээр хүсэлт бичсэн байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд манай компани уг хохирлыг хариуцан төлөх үндэслэлгүй байх тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, бэлэн мөнгөний орлогын баримт, Итгэлт хөрөнгө ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, фото зургууд, Таван богд ХХК-ийн нэхэмжлэх, Эм Жи Эл Ви Ай Пи Групп ХХК-ийн албан бичиг, нэхэмжлэх №57, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын 2023.11.27-ны өдрийн 11466 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.03-ны өдрийн 623 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.26-ны өдрийн 491 дүгээр шийдвэр, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2024.06.19-ний өдрийн 30ё2-3/3539 дугаар албан бичиг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, 2022.06.08-ны өдрийн ТГГ-01 дугаар Туслан гүйцэтгэгчийн гэрээ, фото зураг зэрэг баримтыг тус тус ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б******* нь хариуцагч Б******* т******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 47,476,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо Б******* т******* ХХК-ийн захиалгаар барьж буй Creative Apertment барилгад барилгын ажил гүйцэтгэж байхдаа байрны гадна автомашины зогсоолд байсан миний эзэмшлийн улсын ********дугаартай, Ланд Круйзер 300 загварын машины дээрээс цементэн зуурмаг асгарч, их хэмжээний хохирол учруулсан. Тухайн тээврийн хэрэгслийг Таван богд ХХК-иас авсан бөгөөд иргэж хэвийн байдалд нь оруулахад 41,130,000 төгрөгийн засварын зардал орно гэж нэхэмжлэх өгсөн. Тухайн нэхэмжлэх авах үед 2023.11.04-ний дотор төлбөрийг төлбөл 40 хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэснийг хариуцагч нарт хэлсэн боловч арга хэмжээ аваагүй. Одоо бол хөнгөлөлт байхгүй, 41,130,000 төгрөгөөр засварлана, мөн машиндаа керамик хамгаалалтын хуулга 4,200,000 төгрөгөөр хийлгэсэн, машиныг янзлуулаад дахин уг наалтыг наалгах тул наалтын зардал 4,200,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 2,146,000 нийт 47,4760,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарладаг.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Карказ угсралт, хэв хашмалын ажлыг гүйцэтгэж байсан туслан гүйцэтгэгч Д х ХХК, мужааны бригадын ахлагч Ш.Б нар барилгын талбайд ажил гүйцэтгэх явцдаа Хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль зөрчиж, иргэдэд хохирол учруулсан. Б******* т******* ХХК нь Д х ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ТГГ-01 дугаар гэрээг Мужааны бригадын ахлагч Ш.Б гэрээ байгуулсан ба гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т туслан гүйцэтгэгч нь Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцна гэж заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргадаг.
Зохигчид 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт Б******* трэйд ХХК-н захиалан бариулж буй барилгын хашааны доор байрлуулсан нэхэмжлэгч Ж.Б эзэмшлийн ******* улсын дугаартай Ланд 300 маркийн тээврийн хэрэгсэл дээр зуурмаг шавар унаж түүний тээврийн хэрэгслийг гэмтээсэн үйл баримтад талууд маргаагүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.
Хариуцагч Б******* т******* ХХК нь байшин барилгыг барьж ашиглалтад оруулах хугацаанд эзэмшилдээ байлгаж байгаа барилгын эзэмшигч этгээд болохын хувьд тухайн барилга байгууламжийг барих явцдаа бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг энэ хуульд зааснаар төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Ж.Б тээврийн хэрэгслийг өмнөх байдалд нь сэргээн засварлахад нийт 45,330,000 төгрөг, хохирлын үнэлгээ тогтоосон зардал 2,146,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Мөн хариуцагчийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т.Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна гэж зааснаар Б******* т******* ХХК нь Д х ХХК, Мужааны бригадын ахлагч Ш.Б нартай байгуулсан 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ТГГ-01 дугаар гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т туслан гүйцэтгэгч нь Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцна гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцахаар тохиролцсоноос барилга байгууламжийг ашиглалтад оруулах явцад гуравдагч этгээдэд учруулсан гэм хорын хохирлыг харилцан тохиролцсон зохицуулалт биш байна.
Иймд Б******* трэйд ХХК-иас нийт 47,476,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б*******д олгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б******* т******* ХХК-иас 47,760,00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 395,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН
Д.ЭНХЦЭЦЭГ