2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/03077 

 

 

 

 

 

 

 

 

    2025             04              17                                           192/ШШ2025/03077                           

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 26 дугаар хороо, *************байрлах, И ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Г******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...И ХХК нь иргэн Г.Г******* 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүрэгт 2,316,018 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан боловч 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 197/ШЗ2025/08924 дүгээр шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч Г.Г******* нь оршин суугаа хаяг, утасны дугаар тодорхойгүй байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжилж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг эзгүйд хэргийг шүүхээр хэлэлцэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Г******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Г******* нь Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, ************* тоотод оршин суудаггүй болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 197/ШЗ2025/08924 дүгээр  шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар эзгүйд хянан шийдвэрлэв.

 

Иймд Г.Г******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Боржигин овогт Г******* Г******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. ********** эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг   Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст үүрэг болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

      ШҮҮГЧ                                         Ц.ОЮУНБИЛЭГ