Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/01196

 

 

 

 

 

 

 

 

 

С.Даагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/01501 дугаар шийдвэртэй, С.Даагийн нэхэмжлэлтэй Ц.Дад холбогдох засварын зардалд 2,800,000 төгрөг гаргуулах тухай,

С.Даад холбогдуулан олох ёстой байсан түрээсийн төлбөрт 1,333,400 төгрөг гаргуулах тухай Ц.Дагийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Даа, хариуцагч Ц.Да, түүний өмгөөлөгч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар ирснийг илтгэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Датай 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 14-р хороо, 7 байр, 3 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай байрыг түрээслэхээр харилцан тохиролцсон. 2020 оны 05, 06, 07, 08 саруудад нийт төлбөр 2,000,000 төгрөгөөр тохиролцож, 1,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэх 1,000,000 төгрөгийг засварт тооцохоор тохиролцсон боловч тухайн байрны засвар 1,000,000 төгрөгөөс илүү гарсан. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр илүү гарсан зардлаа хасч, тооцохоор харилцан зөвшилцсөн. Түрээсийн гэрээний 3.8-т заасны дагуу засварын мөнгө 3,600,000 төгрөг болсон ба 2020 оны 09 сараас эхлэн сар бүрийн түрээсээс 300,000 төгрөг хасаж тооцохоор тохиролцсон. Гэрээнд заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн төлбөр 1,000,000 төгрөгийг өгсөн.

Ц.Да нь хэл амаар доромжилж, дарамталж байсан учир түрээсийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ц.Да болон түүний дүүд байрыг хүлээлгэж өгсөн. Одоо засварын үлдэгдэл төлбөр 2,700,000 төгрөг, түрээсийн үлдэх төлбөр 100,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 

Ц.Да түрээслүүлэгчийн үүргээ биелүүлээгүй, хэл амаар доромжилж, зүй бус шаардлага тавьсан. Түрээсийн гэрээний 3.8-т зааснаар засварын зардал 3,600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Гэрээний 4.5-т гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадаагүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал гэрээнээсээ татгалзах эрхтэй гэж заасан. 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ковид-19 цар тахалтай байсан учир бүх нийтийн бэлэн байдал зарласан. Энэ хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 4,600,000 төгрөгөөр засвар хийсэн мэтээр бичсэн боловч хөрөнгийн үнэлгээний тайлангаар 2,937,800 төгрөгийн засвар хийсэн болох нь тогтоогдсон. 2020 оны 05, 06, 07, 08 саруудын түрээсийн төлбөрт засварын 1,000,000 төгрөгийг, 2020 оны 09, 10, 11 саруудын түрээсийн төлбөр 900,000 төгрөгийг, 12 сарын 300,000 төгрөгийг, хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийсэн төлбөр 200,000 төгрөгийг, 11 сарын түрээсийн буцаалт 100,000 төгрөгийг тус тус нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч 437,800 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй байгаа.

Нэхэмжлэгчээс 2020 оны 11 сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл түрээсийн төлбөр 1,333,400 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Түрээсийн гэрээний 3.1-т гэрээний хугацааг 2020 оны 04 сарын 22-ны өдрөөс 2021 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл буюу 1 жил 4 сар, 8 хоног байхаар тохиролцсон. С.Даа нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, урьдчилан мэдэгдэлгүйгээр орон сууцыг орхиж явсан.

н.Амарсанаад 2021 оны 01 дүгээр сарын сарын 01-ний өдрөөс эхлэн уг үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлсэн. Иймд С.Даагаас 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 1,333,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 318 дугаар зүйлийн 318.5, 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.3, 289.2.5-д заасан үндэслэлтэй тул засварын зардал 2,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2-т зааснаар нэхэмжлэгч С.Даад холбогдох олох байсан түрээсийн орлого 1,333,400 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ц.Дагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,750 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,611 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 58,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч эд хөрөнгийг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байгаа, хариуцагч ... нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсаныг хүлээн зөвшөөрч, гэрээ дуусгавар болсон, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш эд хөрөнгө хөлслүүлэгчийн өмчлөлд бодит байдлаар шилжсэн нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байх тул хөлслүүлэгч хөлсөлсөн эд хөрөнгөө биет байдлаар нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр буцаан авсан гэх үндэслэл болно. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй” гэжээ.

Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан, цуцалсан, дуусгавар болгосон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх буруу үнэлэлт дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 3.7, 3.8-д эхний 4 сарын төлбөрөөс 1,000,000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн урсгал засварт зориулахаар тохиролцсон, засварыг түрээслэгч тал хариуцна, засварын явцад 3,600,000 төгрөгийн илүү зардал гарсан бөгөөд үүнийг түрээсийн төлбөрөөс сар бүр 300 000 төгрөгөөр хасаж тооцохоор тохиролцов” гэжээ. Энэ нь хөлслөгч эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрлөөр засаж сайжруулсан, түүний зардал 3,600,000 төгрөг гарсныг хөлслүүлэгч хөлслөгчийн төлөх сарын хөлс 1,300,000 төгрөгөөс сар бүр 300,000 төгрөгийг хасаж тооцох байдлаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, уг тохиролцооны дагуу 2020 оны 09, 10, 11 сарын эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг буюу хөлс 3,000,000 төгрөг төлснийг хариуцагч хүлээн авсан нь зохигчдын тайлбар баримтаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 3.8, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.3, 289.2.5-д заасан үндэслэлтэй тул засварын зардал 2,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ” гэжээ.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрх хөлслөгчид байдаг, үүнтэй маргахгүй.

Гэхдээ анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ хэзээ дуусгавар болсон талаар бодитой үнэлж дүгнээгүй, талуудад учирсан хохирлыг буруу тооцоолсон гэж үзэж байна.

Түүнчлэн үл хөдлөх хөрөнгөнд засвар хийсэн гэх тооцоонд үндэслэл бүхий эргэлзээ байсан тул хариуцагч тал “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар нэхэмжлэгч талын оруулсан гэх хөрөнгө оруулалтын үнэлгээг тогтоолгосон. Уг компани нь хөрөнгийн үнэлгээ хийх чиглэлээр байгуулагдсан, эрх бүхий этгээдээс авсан тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж бөгөөд хариуцагчийн зүгээс нотлох баримт гаргах цуглуулах талаар хуульд заасан журам зөрчөөгүй болно.

Нэхэмжлэгч тал “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон 2,937,800 төгрөгийн хөрөнгө оруулалтыг эсэргүүцээгүй, өөрсдийн гаргасан гэх 4,600,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын талаар ямар нэгэн баримт шүүхэд гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх нэг талыг баримтлан үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Хариуцагч талын хувьд анхан шатны шүүх материаллаг эрх зүйн хэм хэмжээг оновчтой, зөв хэрэглээгүй гэж үзэж байна. Тухайлбал Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дахь хэсэгт зааснаар гэрээнээс таглзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдах учиртай. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаа болохоо бичгээр болон амаар гаргаагүй, үл хөдлөх хөрөнгийг хүлээж авсан атлаа хүлээлгэж өгөлгүй хаяад явсан. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан үнэлгээгээр 2,937,800 төгрөгийн хөрөнгө оруулалт буюу засвар хийсэн болох нь харагддаг. Үүнээс 2020 оны 05, 06, 07, 08 сарын түрээсийн төлбөрөөс суутгасан 1,000,000 төгрөг, 2020 оны 09, 10, 11 сарын түрээсийн төлбөрөөс суутгасан 900,000 төгрөг, 2020 оны 12 сарын түрээсийн төлбөрөөс суутгах 300,000 төгрөгийг /2,937,800 – 2,200,000 = 737,800/ хасаж, 737,800 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөд татгалзахгүй.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч тал гэрээнээс татгалзах хугацааг дараагийн түрээслэгч орсон өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тогтоож байгаа тул 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 10 хоногийн түрээсийн төлбөр 333,400 төгрөг, мөн сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл түрээсийн төлбөр 1,000,000 төгрөг, нийт 1,333,400 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 737,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 1,333,400 төгрөг гаргуулж хариуцагчид олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.Даа хариуцагч Ц.Дад холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг 2,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийг 737,800 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч 1,333,400 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

С.Даа, Ц.Да нар 2020 оны 04 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн гэрээг бичгээр хийж, Ц.Да нь өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Y-2205001685 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 17 дугаар байр, 3 тоот хаягт байрших 54.69 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 05, 06, 07, 08 сар буюу 4 сарын хугацаатай С.Даад нийт 2,000,000 төгрөгийн төлбөртэйгээр түрээслүүлэхээр харилцан тохиролцож, уг төлбөрөөс С.Даа нь 1,000,000 төгрөгийг Ц.Дад бэлнээр хүлээлгэн өгч, 1,000,000 төгрөгийг засварын зардалд тооцсон талаар талууд маргаагүй. /хх21/

 

Талууд 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр түрээсийн гэрээ бичгээр үйлдэж, гэрээний хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл буюу 1 жил 4 сар, түрээсийн төлбөрийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1,300,000 төгрөг гэж, засварын явцад 3,600,000 төгрөгийн илүү зардал гарсныг түрээсийн төлбөрөөс сар бүр 300,000 төгрөгөөр тооцож хасч байхаар заажээ. /хх23-24/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний талаар тохиролцсон боловч, түрээсийн гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байх тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр бус байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Түрээсийн гэрээ хэлбэрийн шаардлага хангаагүй үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх тул талууд хэлцлийн дагуу хэн алиндаа шилжүүлсэн зүйлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шийдвэрлэхдээ гэрээнээс татгалзсаны үр дагавар шаардах Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулав.

 

Нэхэмжлэгч “үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн” гэж, хариуцагч “2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч нь урьдчилан мэдэгдээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэж өгөлгүйгээр орхиж явсан” гэж тус тус тайлбар гаргаж маргасан. Нэхэмжлэгч нь бусдын буюу хариуцагчийн эд хөрөнгийг 2020 оны 09, 10, 11 сар буюу 3 сарын хугацаагаар ашигласан ашиглалтыг буцаах боломжгүй тул тэдгээрийн тохиролцсон үнээр тооцож 3 сарын төлбөр 3,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Түрээсийн гэрээний 3.8-д зааснаар 3,600,000 төгрөгийн засварын зардал илүү гарсан талаар талууд харилцан тохиролцож С.Даагийн эд хөрөнгө ашигласан 3 сарын хугацааны төлбөр болох 900,000 төгрөгийг засварын зардал 3,600,000 төгрөгөөс хасч тооцвол хариуцагч Ц.Да нь 2,700,000 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр уг мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасанд нийцнэ.

 

Хуулиар тавигдсан хэлбэрийн шаардлага хангаагүйгээс гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцөлд гэрээний талууд хэлцлээр авсан зүйлээ буцаан өгөх үр дагавар үүсэх бөгөөд гэрээнээс учирсан хохирол арилгахтай холбоотой үүрэг үүсэхгүй тул Ц.Да нь олох ёстой байсан орлого 1,333,400 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй болно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/01501 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “205 дугаар зүйлийн 205.1, 318 дугаар зүйлийн 318.5, 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.3, 289.2.5-д заасан үндэслэлтэй тул” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан” гэж өөрчилж,

2 дахь заалтыг “227 дугаар зүйлийн 227.1, 227.2-т зааснаар” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,761 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА