| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Володягийн Цэрэнрагчаа |
| Хэргийн индекс | 117/2025/0011/З |
| Дугаар | 117/ШШ2025/0012 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Татвар, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 117/ШШ2025/0012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэрэнрагчаа даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК
Хариуцагч: Дундговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч *******, *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нарын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч *******, *******, нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Дундговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нарын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн ******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах
Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. “*******” ХХК нь гадаад худалдаа, аялал жуулчлал, хаягдал өөхөн тосоор дизель түлш үйлдвэрлэх үйл ажиллагааны чиглэлээр 2017 онд байгуулагдсан хуулийн этгээд ба тус компанийн гүйцэтгэх захирлаар 2017 оны 11 сарын 14-ний өдөр , 2018 оны 11 сарын 13-ны өдөр Д. нар тус тус томилогдон ажиллаж байгаад 2025 оны 02 сарын 12-ны өдрөөс овогтой томилогджээ. /хх-ийн 3-р хуудас, ар тал/
2.2. Дундговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч *******, ******* нар “*******” ХХК-ийн 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 824903204 тоот томилолтоор /Эрсдэлд суурилсан – Хэсэгчилсэн/ шалгалтыг 2024 оны 9 сарын 27-ны өдрөөс 2024 оны 10 сарын 18-ны өдрийг дуусталх хугацаанд хийж, 2024 оны 10 сарын 18-ны өдрийн ******* тоот нөхөн ногдуулалтын актаар нийт 99,430,585.41 төгрөгийн зөрчилд 19,930,803.97 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон. /хх-ийн 6-8-р хуудас/
2.3. “*******” ХХК-иас уг нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Дундговь аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргажээ.
2.4. Дундговь аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2025 оны 04 сарын 28-ны өдрийн 01 дугаар тогтоолоор маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ******* тоот нөхөн ногдуулалтын актыг “... нийт 1,269,816.40 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 96,297,928.32 төгрөгийн зөрчилд ногдуулсан 9,518,181.83 төгрөгийн нөхөн татвар, 3,918,883.74 төгрөгийн торгууль, 5,223,922.00 төгрөгийн алданги нийт 18,660,987.57 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилсөн. /хх-ийн 9-15-р хуудас/
2.5. Дундговь аймгийн Татварын газраас уг шийдвэрийг 2025 оны 05 сарын 06-ны өдөр нэхэмжлэгчид шуудангаар хүргүүлж, нэхэмжлэгчээс 2025 оны 06 сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 1-2, 16-р хуудас/
Гурав: Хэргийн оролцогч нарын тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нөхөн ногдуулалтын акт 4 хэсэг, тус бүрээр торгууль ногдуулсан байгаа. Үүнээс нөат-ын татварт тайлагнасан 4.800.000 төгрөгийг бид зөвшөөрч байгаа. Миний маргаж байгаа зүйл нь 2020 онд 39.000.000 төгрөг, 2021 онд 25.000.000 төгрөг, нийт 64.000.000 төгрөгийн тайлангийн системд борлуулагч талаас бүртгүүлсэн падааныг нотлогдоогүй зардал гэж буруу тодорхойлсон гэдэг гол үндэслэлийг тавьж байгаа. “*******” компани 2020, 2021 онд халаалтын үйл ажиллагаа явуулж байсан. Энэ хугацаа нь коронагийн хөл хориотой байсан цаг үе. Тухайн үед гэрээт нягтлан бодогч болон “*******” компани тайлангаа тайлагнахдаа нэр бүхий 3 компаниас худалдан авсан гэсэн татварын системд бүртгэгдсэн падааныг үндэслэж тайлангаа гаргасан. Үүнийг татварын байцаагч нар хий бичилт гэсэн үндэслэлээр хассан. Хий бичилт гэдэг үндэслэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь худалдан авалтыг “*******” компаниас өөр хэн нь ч шивэхгүй. Энэ 3 компанийг хууль бус ажиллагаа явуулж байна уу? хуулийн дагуу ажлаа хийж байна уу? гэдгийг бид нар ямар ч тохиолдолд мэдэх боломжгүй. Бид аль нэг газраас юм худалдаж авлаа гэхэд цаад байгууллага нь ямар ч нэр дээр баримт шивж болно. Бид амьдрал дээр талх худалдан авахад и-баримт өгдөг. Цаад байгууллага нь татвараа төлж байна уу? худлаа бичээд байна уу гэдгийг тогтоогоогүй. Манай татварын байгууллагад 10-аад жил худалдан авагч тал нь хохироод байгаа байдал ажиглагдаад байгаа юм.
Шивсэн юмыг худалдан авагч тал зөв, бурууг нь мэдэхгүй. Үүнийг бүрэн нотлоогүй. Хий бичилт бичдэг хүн нь компани. Хий бичилтийг “*******” компанийнхан бичээгүй. Орох бүртгэл, нэвтрэх нэр, нууц дугаарыг нь ч мэдэхгүй. Мөн хоорондоо үгсэн хуйвалдсан гэдгийг тогтоогоогүй. “*******” компани ганцхан орлоготой. Сарын 10.000.000 гаран төгрөг ордог. Жилийн 7 сард нь ажилладаг. 7 сар ажиллаад 131.000.000 төгрөг орчим орлого олсон байсан. Улирлын чанартай, өөр орлого байхгүй. Зардлууд нь бодитоор гарсан. Нүүрсийг хэн нэгэн нэр бүхий этгээд, эсвэл компаниас авдаг. Би өөрөө бизнес эрхэлж байсан. Нүүрс олдох, олдохгүй үе байдаг. Падаанаа нэхдэг, падаанаа шивээч гэхэд манайх ийм нэртэй компани шүү гээд өөр компанийн нэр орж ирдэг. Тухайн үед манай нягтлан, гүйцэтгэх захирал хоёрт мэдэх ямар ч боломж байхгүй. 131.000.000 төгрөгийн борлуулалт хийчхээд 50 хувийн ашиг гардаг бизнес Монголд байхгүй.
Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэл “*******” ХХК дээр үнэхээр муу байсан нь үнэн. Хариуцлагагүй, мэдлэг чадамж нь дутуу байсныг зөвшөөрч байна. 2020, 2021 оны татварын тайланг татварын ерөнхий газар хүлээж аваагүй бол 2022, 2023 оны тайлан цааш явахгүй. Би нэг зүйлийг холбож чадахгүй байгаа юм. Тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д. төрийн банкны дансаар орж ирсэн 131.000.000 төгрөгийг бэлнээр аваад байсан. Энэ мөнгө нь хаашаа орсон юм бэ гэдгийг хайсан юм. Гэтэл Хаан банкныхаа хувь данс руу хийгээд байсан юм билээ. Тиймээс Хаан банкных нь хувь дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Тухайн дансыг би өөрөө шүүж үзэхэд 64.000.000 төгрөгөөр нүүрс авсан, цалин олгосон гэж гарч ирсэн. Тэгэхээр зардал гарсан нь нотлогдож байна. Миний коронагийн үе байсан гэж ярьсан нь тийм учиртай юм. Коронагийн үед гэрээсээ гарч болохгүй, онцгой объектууд ажилладаг, цахимаараа бүх юм нь явдаг байсан. Цэнгэлдэх халсан уу? халсан. Тэнд хүмүүс ажилласан уу? ажиллаж байсан. Сайн үзвэл бүх зардлууд тодорхой байгаа. “*******” компанид борлуулалт хийсэн компани өөрсдөө баримтаа шивсэн. Борлуулагч тал шивж байгаа юмыг худалдан авагч тал мэдэхгүй. Хар жагсаалт гэдэг зүйл 2023, 2024 оноос гарч ирсэн.
Дэлгүүр татвараа төлөх ёстой болохоос худалдан авч байгаа төлдөггүй. Энэ энгийн татварын суурь зарчим. Бид тухайн үед нь тайлангаа нягтлаад илгээсэн төлөвт байдаг. Хэрвээ тэр тайлан буруу бол татварын ТТ-д буцаачихсан гэсэн төлөвт шилждэг. Хэрвээ тэр тайланг татвар зөвшөөрсөн бол хүлээгээд авчихсан байдаг. 2020, 2021 оны тайланг хүлээгээд авсан учраас 2023, 2024 онд би тайлангаа явуулсан. Урдах тайлан ямар нэгэн доголдолтой бол дараагийн тайлан явдаггүй. Тухайн үед нь буруу байсан бол Баасанхүү байцаагч буцаачихгүй яасан юм. Цалин хөлсний тайланг өгөөгүй нь үнэн. Би тухайн үед нь та нараас асууж байсан. Нийгмийн даатгалын шимтгэл өндөр, татвар төлдөг болохоор цалин бага гарна. Ийм учраас бид нар тэр өдрийн цалин 80.000 төгрөгөө авъя гээд явчихдаг. Үүнийгээ тайлагнахдаа зөв тайлагнаж чадаагүй.
Хамгийн гол юмыг ******* байцаагч өөрөө мушгиад байх юм. Иргэн Батаас нүүрс авахдаа манайх “*******” компани шүү, регистрийн дугаар нь тэд гэж хэлээд орхичихно. Тухайн хүн нь цаашаа шивүүлэхэд би ч, нүүрс зарсан иргэн Бат ч ыг хий бичилт хийсэн гэдгийг мэдэхгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1.3 дахь заалтад зааснаар зардал бодитой гарсан байхад баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх гэдгийг буруу хэрэглэсэн. Үүнээс үндэслээд 2020 оны 39.000.000 төгрөгийн и-баримтад бүртгэгдсэн зардал, 2021 оны 25.000.000 төгрөгийн и-баримтад бүртгүүлсэн зардлыг нотлогдоогүй зардал гэж буруу тодорхойлсон нь худлаа байна. Үүнийг нотлогдсон зардал мөн гэдгийг тогтоохыг хүсч байна.
Хий бичилт гэдэг үг Нягтлан бодох бүртгэлийн болон Татварын ерөнхий хуульд байхгүй байхад энэ заалтыг хэрэглээд манайд үндэслэлгүй акт тавьсан. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст тухайн компани шалгагдаж байгаа юм байна. Тэнд шалгагдаж байгаа компанийн асуудал манай компанид ямар хамаатай эсэхийг би ойлгохгүй байна. ... Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
3.2. Хариуцагч нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “*******" ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын баримтыг хуурамчаар бүрдүүлж татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх мэдээлэл Татварын ерөнхий газраас ирүүлснээр 824903204 дугаартай томилолт үүсэж тус компанийн 2020-2021 оныг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийсэн.
Хяналт шалгалтын явцад Татварын ерөнхий газрын https://mta.qov.mn/ цахим хуудсанд байршуулсан Хий бичилттэй падаан бичсэн аж ахуй нэгж, байгууллагуудын жагсаалтад орсон “" ХХК, “" ХХК, “*******” ХХК-аас худалдан авалт хийсэн байсан.
Дээрх компаниудаас 2020 онд 6 ширхэг Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 39.090.909.09 төгрөгийн, 2021 онд 7 ширхэг Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 25,454.545 47 төгрөгийн худалдан авалтыг шивэгдсэн байсан.
Үүнээс татвар төлөгч “*******" ХХК нь тайлан залруулах хүсэлт илгээн 2020 оны 27,727,272.73 төгрөгийн дүн бүхий 3 ширхэг, 2021 оны 6,181,818.18 төгрөгийн дүн бүхий 1 ширхэг падаануудыг худалдан авалтын буцаалтаар тайлагнаж залруулсан байсан.
Татварын хяналт шалгалтын явцад тухайн үед тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан *******гээс уг худалдан авалтуудын талаар тодруулахад “...татварын газраас хий бичилттэй худалдан авалт байх магадлалтай учир тайлангаа дахин нягтлах талаар татвар төлөгчид анхааруулсан. Тиймээс тухайн газруудаас шивэгдсэн худалдан авалтын падаануудыг тайланд залруулга хийж буцаалтаар тайлагнасан...” гэсэн тайлбар өгсөн. Мөн дээрх газруудаас хийгдсэн бусад худалдан авалтын падааныг яагаад залруулалгүй тайланд хасалт хийсэн талаар тодруулахад “...тухайн үед яг ямар компаниас шивсэн падаан гэдгийг нь анзаараагүй тайлангаа илгээж байсан ...” гэсэн тайлбар өгсөн нь татварын тайлан гаргахдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан анхан шатны баримтад үндэслэн гаргаагүй болох нь тус тус нотлогдсон болно.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд Албан татварын хасалт хийх талаар зохицуулсан байх бөгөөд 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасан байна.
Тус компанийн худалдан авалтын падаан нь цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдсэн боловч шилжүүлсэн баримт байхгүй, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүртгэлд тусгагдаагүй байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын баримтыг хуурамчаар бүрдүүлж татвар төлөхөөс зайлсхийсэн байх үндэслэлтэй байсан. Мөн тухайн газруудтай холбоотой зарим худалдан авалтын падааныг өөрсдөө эс зөвшөөрч тайландаа залруулга хийсэн нь хуурамч падаан гэдгийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үзэхээр байна.
Тиймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд залруулга хийсэн худалдан авалтын падааны дүнг хассан дүнгээр буюу 2020 оны 11,363.636.36 төгрөгийн дүн бүхий 4 падаан, 2021 оны 19.272.727.29 төгрөгийн дүн бүхий 6 падааныг хуурамчаар бүрдүүлж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг зөрчсөн гэж үзэн нөхөн ногдуулалтын актаар 3,063,636.37 төгрөгийн нөхөн татвар, 1,225,454 54 төгрөгийн торгууль, 1,469,556.46 төгрөгийн алданги, нийт 5,758,647.37 төгрөгийн төлбөр ногдуулсан.
Нэхэмжлэгч нь татварын тайлангийн цахим системд борлуулагч талаас бүртгүүлсэн падааныг нотлогдоогүй зардал гэж буруу тодорхойлон татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулаагүй гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ноогдох орлогоос хасна”, 13.1.3-д “Зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх” гэж тус тус хуульчилсан.
Тодруулбал, 2020 онд 55,989,242.62 төгрөгийн нийт төлбөрийн баримтаар баталгаажсан худалдан авалтын баримт байгаагаас 39,090,909.09 төгрөгийн хий бичилттэй падааны дүнг хасвал 16,898,333.53 төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Гэтэл 2020 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримттай байх зардлын дүн нь 66,912,615.43 төгрөгөөр тусгагдсанаас 16,898,333.53 төгрөгийг хасаж тооцоход 50,014,281.9 төгрөгөөр илүү тусгасан байгаа нь хий бичилттэй падааны дүн орж хасагдсан болох нь нотлогдож байна.
Мөн 2021 онд 47,990.853.62 төгрөгийн нийт худалдан авалт байгаагаас 25,454,545.47 төгрөгийн хий бичилттэй падааны дүнг хасаж, 22,536,308.15 төгрөг байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч бус этгээдээс 1.300.000.0 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч этгээдээс 21,236,308.15 төгрөгийн худалдан авалт хийсэн боловч 2021 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримттай байх зардлын дүн нь 53,150,314.22 төгрөгөөр тусгагдсанаас 22,536.308.15 төгрөгийг хасаж тооцоход 30.614,006.07 төгрөгөөр илүү тусгасан байгаа нь хий бичилттэй падааны дүн орж хасагдсан болох нь баримтаар нотлогдож байна
Хэдийгээр цахим системд худалдан авалтын падаан бүртгэгдсэн боловч тухайн худалдан авалт бодитой гарсан эсэхийг нотлох нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй, тухайн компанийн данснаас гарсан гэх зардал, харилцах дансны хуулгаар нотлогдоогүй.
Шалгалт эхлэхээс өмнө ад [email protected] мэйл хаягаар хяналт шалгалт хийхэд ирүүлэх шаардлагатай баримт бичгийн хүсэлтийг хүргүүлсэн боловч дээрх худалдан авалтуудтай холбоотой анхан шатны ямар ч баримт материал ирүүлээгүй болно.
Мөн тухайн худалдан авалтын падаануудын заримыг нь өөрсдөө эс зөвшөөрч Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа залруулга хийсэн боловч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулж тайлагнасан байсан. Тиймээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн 2020 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд 39,090,909.09 төгрөгийн хасагдах зардал, 2021 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд 25,454,545.47 төгрөгийн хасагдах зардлыг татвар ногдох орлогоос хасаж, төсөвт төлөх татварыг бууруулсан гэж үзэн нөхөн ногдуулалтын актаар 6,454,545 46 төгрөгийн нөхөн татвар, 2,581,818.18 төгрөгийн торгууль, 3,255,188.19 төгрөгийн алданги, нийт 12,291.551.83 төгрөгийн төлбөр ногдуулсан.
Иймд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн тус шүүхэд гаргасан “Дундговь аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын улсын байцаагчдын “*******” ХХК-ийн 2020, 2021 оны үйл ажиллагаанд холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан ******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
3.3. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Нэхэмжлэгч нийт 19.000.000 төгрөгийн төлбөрөөс 4.000.000 гаруй төгрөгийг нь зөвшөөрсөн гэж ярилаа. Энэ дүн бол актын төлбөрт ямар ч хамааралгүй. Тайлангаар ногдсон татварын өр энэ актад ороогүй. Төлөх ёстой татварын өр зөвхөн систем дээр харагдаж байгаа дүн. Хяналт шалгалтын актад ямар ч нөлөөгүй. Хяналт шалгалтын актаар юуг акт болгож тавьж байна вэ гэхээр тухайн шалгалтад хамаарах хугацаанд төлөх ёстой байсан татварыг нөхөн татвараар тавиад дээр нь хуульд заасан хариуцлагаар торгууль, алданги нэмээд нийт 19.000.000 төгрөг гарч байгаа. Нэхэмжлэгч манайхыг ашиг олоогүй байхад ашигтайгаар тайлагнаад акт тавьчихлаа гэж ярилаа. Хуульд заасан зардлын тодорхой шалгуур байгаа. Тус шалгуурыг хангасан тохиолдолд хасагдах зардлаар хүлээн зөвшөөрнө гэж Татварын ерөнхий хуульд заасан. Танай зардал бодитойгоор гарсан байж болно. Гэвч төлбөрийн баримтаар баталгаажаагүй, төлбөрийн баримтаар баталгаажсан зардал гэж үзье гэхээр бодитой гараагүй, хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа болохоор зардал гэж үзэхгүй гэдгээр хий бичилттэй падаануудын дүнгээр акт тавигдаж байгаа.
Бид бодит зардал уу, үгүй юу гэдгийг нягтлахын тулд шалгалтыг хийсэн. Шалгалт эхлэх хугацаанд нягтлан болон тухайн үеийн захирал байсан г дуудаж уулзсан. Хий бичилтүүд, худалдан авалтуудтай холбоотой бараа, материалын бүртгэл, мөнгө шилжүүлсэн баримт зэрэг санхүүгийн анхан шатны баримт байна уу гэдэг асуудлыг ярихад ямар ч материал нэмэлтээр ирүүлээгүй. Зөвхөн цахимд байгаа мэдээлэлд үндэслэж хийсэн. Худалдан авалт хийж байгаа бол та мөнгөө төлсөн байх ёстой. Мөнгөө төлсөн бол ямар бараа худалдан авч байгаагаа өөрөө мэдэж байж худалдан авалт хийнэ. Дэлгүүрээс юм авч байгаатай харьцуулах чинь ойлгомжгүй байна. Энэ гурван газар нь хуулийн байгууллагаар шалгагдаад хий бичилттэй падаан бичдэг компаниудын жагсаалтад орчихсон. Өөрөөр хэлбэл хар жагсаалтад орчихсон компаниуд гэсэн үг. Хуулийн байгууллага худалдан авалт хийх хугацаа өнгөрсний дараа шалгалт хийгээд энэ компаниудыг жагсаалтад оруулсан. Энэ нь өнгөрсөн хугацаанд ийм газрууд энэ компанид худалдан авалт, борлуулалт шивчихсэн байна, тиймээс энэ газруудын тайланг засуул гэж анхааруулга ирсэн. Анхааруулга ирсний үндсэн дээр танайд хүргүүлээд танайх зарим падааныг нь зассан боловч заримыг нь засаагүй. Засчихсан гэдэг нь энэ манай худалдан авалт биш, манайх шивүүлчихсэн юм гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа нэг хэлбэр гэж ойлгож байгаа. Мөн 50 хувийн ашигтай гэж үзээд татварынхан акт тавьчихсан гэж ярьж байна. Тухайн үед үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь танайхаас зардал гарч байгаа. Гэхдээ нүүрс авсан хүнээсээ баримтаа авч чадалгүйгээр энэ компаниудаас утсаар яриад баримт шивүүлчихсэн гэж ойлгоод байна. Энэ компаниуд бодитойгоор бараа борлуулдаг компаниуд биш. Үнэхээр энэ компаниудаас худалдан авалт хийсэн бол тэдэн сарын, тэдний өдөр манайх тийм юм худалдаж авсан гэдгээ нотлох баримттайгаар гаргаад ир. Тэгвэл худалдаж авсан байна гэж үзэж болно. Гэтэл анхан шатны баримт юу ч байхгүй. Тухайн үед зарим худалдан авалтуудыг нь татвараас анхааруулга өгөнгүүт нээрээ болохгүй юм авчихсан байна гээд засчихсан, заримыг нь үлдээчихээд байгаа нь ойлгомжгүй байдал үүсгэж байна. Анхан шатны нотлох баримтууд, бүртгэл тооцоотой холбоотой ямар ч баримт байхгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14.5 дахь хэсэгт Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасан. Гэтэл танайх ганцхан падааныг үндэслээд хасчихаад байгаа юм. Падааныг ямар ч компани танай регистрийг оруулаад шивчих боломжтой. Танайхаас мөнгө нь орж ирээгүй байсан ч шууд шивчих боломжтой. Тэгэхээр танай регистрийг аваад давтамжтай шивээд байна гэдэг нь танайх тухайн газартай ямар нэгэн байдлаар холбогдож падаануудыг шивүүлж байгаа гэсэн үг. Таны тайлбарт бид мэдээгүй байхад тэр компани шивэх боломжгүй гэсэн ойлгомжгүй юм яриад байна. Актын хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар дээр падаануудыг тайландаа тусгачихаад залруулаагүй падаануудын дүнгээр акт гарч байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасна гэж заасан. Үүнд: 1.тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх, 2.албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх, 3.зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх, 4.Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх гэж заасан. Танайх тухайн 3 аж ахуйн нэгжүүдээс худалдан авалт хийсэн нь зардал гэж үзээд албан татвар ногдох орлогоос шууд хасчихаад байгаа юм. Эдгээр 4 шаардлагаас төлбөрийн баримтаар баталгаажсан гэсэн шаардлагыг хангаж байгаа. За яахав тухайн падаан шивэгдсэн болохоор тайлант хугацаанд хамаарсан гэж үзэж болж байна. Гэтэл нягтлан бодох бүртгэлээр баталгаажсан уу? гэхлээр ямар ч нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, хөтлөлт байхгүй. Тэгэхээр 4 шаардлагын 2 шаардлагыг нь хангахгүй болчихож байгаа юм. Үүнийг зардал гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч талаас ковидын жил байсан. Манайх нүүрс гэж баахан мөнгө шилжүүлчихсэн. Зардлууд гарчихаад байхад манайхыг ашигтай ажилласан мэтээр акт тавьчихлаа гэж байна. Танай тайланд тавьчихаад байгаа зардлуудын төлбөрийн баримт бол энэ гурван компаниас авсан дүнг оруулаад бүгдийг нь зардал гэж тавьчихсан ийм л тайлан байгаа юм.
Татвар тайланг хүлээгээд авчихсан гэж ярьж байна. Татварын байцаагч тайланг цахим системийн мэдээлэлд үндэслэж хүлээж авдаг. Падаан шивэгдсэний цаана цаасаар анхан шатны бүртгэл нь байгаа юу гэдгийг татвар төлөгч болгонтой холбогдож нягталж шалгаж авдаг. Татвар төлөгч татварынхаа тайлангийн үнэн зөв байдлыг өөрөө хариуцна. Нүүрс, цалин гэх мэт зардлууд гарчихаад байхад тэрийг зардал гэж үзсэнгүй гэж байна. Цалингийн зардлын хувьд ямар тохиолдолд хасагдах зардлаар хүлээн зөвшөөрдөг вэ гэвэл танайх суутгагчийн үүргийн дагуу цалингаас нь нийгмийн даатгалыг хасаад үлдсэн дүнгээс нь 10 хувиар татвар суутгаж авч үлдэх ёстой. Гэтэл шалгалтад хамаарсан танай 2 жилийн тайлангийн хувьд хасагдах зардал дээр цалингийн зардал байхгүй. Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого олгосон тайлангийн маягтад танайх ямар нэгэн ажилчин байхгүй. Манайх ямар нэгэн цалин олгоогүй гэж тайлагнасан. Тиймээс үүнийг хасах ямар ч боломжгүй. Та нүүрс гэж зардал гарчихсан гэж байна. Нүүрс авахдаа ямар хүн рүү мөнгө шилжүүлсэн гэдгийг мөнгө шилжүүлж байгаа хүн л мэднэ. Жишээлбэл Бат гэдэг хүн манайд удаа дараа нүүрс өгсөн. Гэтэл Бат гэдэг хүний шивүүлж байгаа падааныг бид нар мэдэхгүй гэж яриад байх юм. Танайх 10.000.000 төгрөгийн нүүрс худалдаад авчихсан чинь Бат ээр 10.000.000 төгрөгийн баримт шивүүлчихсэн байвал Бат шивүүлсэн байна гэж тодорхойлох боломжтой.
гэдэг компаниас ямар бараа авч хэдэн төгрөгийн баримт шивүүлсэн бэ гэдгийг татвар байгууллага тогтоох ёстой гэж байна. Гэтэл танайх үүнтэй холбоотой ямар ч нотлох баримтыг өгөөгүй байж нүүрс, цалингийн зардал гарчихаад байхад энэ компаниудын шивсэн падааныг хүлээн зөвшөөрөхгүй, татвар үүнийг нотолж чадаагүй гэж яриад байх юм. Цалингийн зардал, нүүрсний зардал гарсан нь нотлогдож байна гэж үзлээ гэхэд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг зэрэг хангасан тохиолдолд хүлээн зөвшөөрнө. Мөн компанид хариуцлага тооц гэж байна. компанид танай регистрийг ямар нэгэн хүн өгсний үндсэн дээр эдгээр баримтууд шивэгдэж байгаа. Би хэдэн сарын тэдэнд, тэдэн төгрөгийн нүүрс авсан гэж анхан шатны бүртгэл чинь байгаад, авсан нүүрснүүдийн чинь дүн нь шивэгдсэн падаануудтай дүнгээрээ таарч байвал тэрийг бид нар хүлээн авч болно. Гэтэл хүмүүст мөнгө шилжүүлсэн баримтууд энэ дүнтэй таарахгүй байгаа юм. Тайлангийн үнэн зөв байдлыг татвар төлөгч өөрөө хариуцна. Бусдаар татварын байцаагч тайланг үнэн байхад нь хүлээж авна гэсэн зохицуулалт байхгүй. Татвар зөвхөн систем дээр байгаа мэдээллийг үндэслэж энэ тайланг өнөөдөр хүлээж авах уу? үгүй юу? гэдгийг л шийддэг. Хүлээж авсан бүх тайлан үнэн биш. Үнэн байдаг бол заавал татварын шалгалт хийгдэх шаардлага байхгүй. Хүлээж авсан тайлан болгон 100 хувь үнэн гэсэн ойлголт байхгүй.
Худалдан авагч талд яагаад акт тавиад байгаа вэ гэхээр худалдан авагч тал татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор падааныг өөр дээрээ авч хасалт хийж байгаа. Тэгж байж таны төлөх татвар тэр дүнгээр буурч байгаа. Борлуулагч талын хувьд борлуулалтаа шивсэн тохиолдолд тэдний татвар нь ногддогоороо ногдоод явна. Борлуулагч талын хувьд падаан шивэх нь ямар ч ач холбогдолгүй. Харин татварын өрөнд орох эрсдэлтэй. Яагаад хий бичилттэй гэж үзэж байна гэхээр татварын өр үүсгээд яваад байдаг цаасан дээр байдаг компаниуд байгаа юм. Худалдан авагч тал тэрийг нь худалдаж авснаараа өөрийнхөө төсөвт төлөх татварыг бууруулж байгаа тул худалдан авагч тал дээр акт тавигддаг.
Зайлсхийсэн гэдгийг яагаад худалдан авагч талд акт тавьдаг талаар тодруулах үүднээс жишээ болгон авч хэрэглэсэн. Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор худалдан авалт хийдэг болохоор худалдан авагчид акт тавьдаг. ... Бидний шийдвэр үндэслэлтэй” гэв.
3.4. Хариуцагч ******* шүүх хуралдаанд: “Хариуцагч *******ын тайлбарыг дэмжиж байна. 2021 онд падаануудаа заримыг нь засварлаад, заримыг нь засварлаагүй гэхээр хий бичилттэй падаан авсан гэдгээ мэдэж байгаа гэсэн үг. Мөн тухайн компани өөрөө регистрээ өгсөн учраас мэднэ. Өөр тайлбар байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Дундговь аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 824903204 тоот томилолтоор татварын улсын байцаагч *******, ******* нар нь 3434451 тоот регистрийн дугаартай “*******” ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийхээр томилогдсон. /хх-ийн 31-р хуудас/
3. Татварын байцаагч нараас 2024 оны 10 дугаар сарын 2, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрүүдэд “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д., гэрээт нягтлан бодогч ******* нартай ярилцлага хийж, тэмдэглэл хөтөлжээ. /хх-ийн 32-36-р хуудас/
4. 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Баримт бичгийн хүсэлт” гэх баримтад “*******” ХХК-ийн регистрийн дугаар 3434451 , хамрагдах хугацаа 2020.01.01-2021.12.31, шаардлагатай баримт бичгийн нэр жагсаалтыг дурдаж, нягтлан бодогч ын ******* хаяг руу цахимаар илгээсэн байна. /хх-ийн 48-49-р хуудас/
5. Маргаан бүхий актаар “... татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар:
1/ 2020 онд 39,090,909.09 төгрөгийн, 2021 онд 25,454,545.47 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг хасагдах зардалд тус тус оруулж тооцсон нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага, 13.1.3. зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх” гэж заасныг,
2/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2020 онд 11,363,636.36 төгрөгийн, 2021 онд 19,272,727.29 дүн бүхий хий бичилттэй падаанаар тус тус худалдан авалт хийж, хасалт хийсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл “Албан татварт хасалт хийх”, 14.5 “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасныг,
3/ 2021 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдсон 200,992.00 төгрөгийн татварын өрийг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйл. Албан татварыг өөрөө тодорхойлон ногдуулж, төсөвт төлөх, 25.2. Энэ хуулийн 25.1-д заасан урьдчилан тодорхойлсон хуваарийн дагуу сар бүр төлөх татвараа сарын бүрийн 25-ны дотор, улирлын эцэст хийсэн тооцооны дагуу татвараа дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцэст хийсэн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор төсөвт төлнө” гэж заасныг,
4/ 2021, 2022 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдсон 4,047,775.20 төгрөгийн татварын өрийг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” заалтыг тус тус зөрчиж, татварын хяналт шалгалтаар нийт 99,430,585.41 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглээд ... Зөрчлийн тухай хууль 11.19 дүгээр зүйлийн 11.19.1, Татварын ерөнхий хууль 73 дугаар зүйлийн 73.2.1, 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх заалтыг тус тус үндэслэн 9,518,181.83 төгрөгийн нөхөн татвар, 4,232,149.44 төгрөгийн торгууль, 6,180,472.7 төгрөгийн алданги, нийт 19,930,803.97 төгрөгийн төлбөр төлүүлэхээр” шийдвэрлэжээ. /хх-ийн 6-8-р хуудас/
6. Татварын ерөнхий газраас гаргасан хий бичилттэй падаан бичсэн аж ахуйн, нэгжийн жагсаалтын 3-т 2874032 дугаартай “” ХХК, 33-т 6330525 дугаартай “” ХХК, 178-т 5548136 дугаартай ******* ХХК тус тус бичигджээ. /хх-ийн 56-58-р хуудас/
7. Нэр бүхий 3 компаниас “*******” ХХК-д падаан илгээсэн байдлыг нэг бүрчлэн авч үзвэл,
1/ 2020 “” ХХК-иас 4101542091 дугаартай 5.000.000 төгрөгийн дүнтэй,
2/ 2020 онд “” ХХК-иас 4101542090 дугаартай 2,272,727.27 төгрөгийн дүнтэй,
3/ 2020 онд ******* ХХК-иас 4093778494 дугаартай 5,454,545.45 төгрөгийн дүнтэй,
4/ 2020 онд ******* ХХК-иас 4093778502 дугаартай 3,636,363.64 төгрөгийн дүнтэй,
5/ 2020 онд “” ХХК-иас 4079115541 дугаартай 13,636,363.64 төгрөгийн дүнтэй,
6/ 2020 онд “” ХХК-иас 4079114406 дугаартай 9,090,909.09 төгрөгийн дүнтэй,
1/ 2021 онд “” ХХК-иас 4104141018 дугаартай 3,818,181.82 төгрөгийн дүнтэй,
2/ 2021 онд “” ХХК-иас 4104141019 дугаартай 6,181,818.18 төгрөгийн дүнтэй,
3/ 2021 онд “” ХХК-иас 4105598226 дугаартай 1,818,181.82 төгрөгийн дүнтэй,
4/ 2021 онд “” ХХК-иас 4105598227 дугаартай 4,545,454.55 төгрөгийн дүнтэй,
5/ 2021 онд “” ХХК-иас 4105598228 дугаартай 2,727,272.73 төгрөгийн дүнтэй,
6/ 2021 онд “” ХХК-иас 4106965256 дугаартай 2,727,272.73 төгрөгийн дүнтэй,
7/ 2021 онд “” ХХК-иас 4106965259 дугаартай 3,636,363.64 төгрөгийн дүнтэй падаанууд тус тус байна. /хх-ийн 60-61-р хуудас/
8. Энэхүү падааны дүнд үндэслэн нэхэмжлэгч “*******” ХХК 2020 онд нийт 39,090,909.09 төгрөгөөр, 2021 онд нийт 25,454,545.47 төгрөгөөр зардлаа тус тус тайлагнасан байна. (зөвхөн маргаан бүхий дүн хамарсан)
9. Гэвч нэхэмжлэгчээс 2020, 2021 онуудад тайлагнасан зардлаа баримтаар нотлохгүй байна.
10. Тодруулбал, нэхэмжлэгчээс “... тухайн цаг үед коронагийн хөл хориотой үе байсан. Мөн Төрийн банкны интернет банк байхгүй учир гүйцэтгэх захирал Д. Хаан банкны хувь данс руугаа тухайн сарын бүх орлогыг хийж, түүнээсээ нүүрс, цалин гэх зардлаа гаргадаг байсан. Д.гийн хувь дансны хуулгыг тулгаж үзвэл 64 сая төгрөгийн нүүрс, цалингийн зардал гарсан. Тэгэхээр зардал гарсан нь нотлогдож байна ...” гэж маргадаг ч “ ХХК, “*******” ХХК, “” ХХК-иудын дансанд хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр нүүрсний үнийг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдоогүйгээс гадна Д.гийн хувь дансны нүүрс үнэ гэх утгатай гарсан мөнгөн дүн, нэр бүхий 3 компанийн падааны үнийн дүнтэй таарахгүй байна.
11. Иймээс “*******” ХХК-ийг 2020 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 39,090,909.09 төгрөгийн хасагдах зардал, 2021 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 25,454,545.47 төгрөгийн хасагдах зардлыг татвар ногдох орлогоос хасаж, татварыг бууруулсан гэж үзэн нөхөн ногдуулалтын актаар төлбөр ногдуулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.2, 13.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг тус тус зөрчөөгүй байна.
12. Хариуцагчийн “... танай 2 жилийн тайлангийн хувьд хасагдах зардал дээр цалингийн зардал байхгүй. Тайлангийн маягтад танайх ямар нэгэн ажилчин байхгүй, ямар нэгэн цалин олгоогүй гэж тайлагнасан. Тиймээс үүнийг хасах ямар ч боломжгүй” гэх тайлбар үндэслэлтэй хийгээд энэ тохиолдолд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн цалингийн зардал гарсан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
13. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр “... үүнээс нөат-ын татварт тайлагнасан 4800000 төгрөгийг бид хүлээн зөвшөөрч байна. ...” гэж тайлбарлан маргаан бүхий актаар шийдвэрлэсэн татварын өрийг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй гэх үндэслэлтэй маргаагүй. Иймээс маргаан бүхий актын 3, 4 дэх хэсэгт дүгнэлт хийгээгүй болно.
14. Дээрх үндэслэлүүдээр Дундговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нарын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хуульд нийцсэн гэж дүгнэв.
15. Татварын маргаан таслах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоолоор Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийг хэрэглэн нийт 1,269,816.40 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, ... 18,660,987.57 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилсөн тул энэ үндэслэлээр шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзээд анхны төлбөрийн дүнд (19,930,803.97 төгрөг) өөрчлөлт оруулаагүй болохыг дурдах нь зүйтэй.
16. Өөрөөр хэлбэл энэ шүүхийн шийдвэр Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолд саад болохгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.2, 13.1.3, 25 дугаар зүйлийн 25.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-иас Дундговь аймгийн Татварын улсын байцаагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан татварын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.ЦЭРЭНРАГЧАА