Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 319/ШШ2025/00426

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* ******* ургийн овогт *******ын *******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын ******* миний бие ******* оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ******* сумын Авгаш багт иргэн *******ын 4 дэх охин болж төрсөн. 1976 онд ******* сумын сургуулийн 1 дүгээр ангид орж, 1984 онд 8-р анги төгсөөд Сүхбаатарын зам нэгдэлд илгээлтээр мал дээр гарч малчин болсон. Түүнээс хойш нэгдэл тарах хүртэл мал малласан. Одоо мал маллаж байгаа.Тэтгэвэрт гарах гэхэд ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн тул архивын баримтын дагуу 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. 

2. Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:

2.1. Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, овог нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн лавлагаа, Сүхбаатарын зам нэгдлийн ******* багийн 70 дугаар дансны түүвэр, иргэн , нарын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр /эх хувиараа/ зэрэг нотлох баримтыг  гаргаж өгсөн.

2.2. Шүүхээс: Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, ХААТР маягтын хуулбарууд, Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын лавлагаа, гэрч , нарыг асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримуудыг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Хүсэлт гаргагч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлага гаргажээ.

4. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан дараах нотлох баримтыг үнэлж, хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Хүсэлт гаргагч Б.******* нь ******* оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрж,  2010 онд “*******ын Лхагвадорж” гэсэн нэрээ  “*******ын *******” гэж өөрчилж, овог, нэр өөрчилсний бүртгэлд бүртгүүлжээ. /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/

Хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, хүсэлт гаргагчийн талбар зэрэг нотлох баримтуудаар Б.*******гийн төрсөн эцэг нь Т.******* болох нь тогтоогдож байна.

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн ******* бригадын 70 дугаар дансны 1984-1985, 1988-1991 оны түүвэрт хүсэлт гаргагч Б.******* /Б.Лхагвадорж/, түүний эцэг Т.******* нарын нэр дээр цалин, хөлс олгосон бичилт хийгдсэн байна. /хавтаст хэргийн 8-14 дүгээр хуудас/

Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар Б.******* нь 1991 оноос 2000 оныг дуустал ажилласан жилээ нөхөн тооцуулжээ.  /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 29/508 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.*******гийн 1988 онд хөтөлсөн ХААТР 1А маягтад “ажилладаг байгууллага Сүхбаатарын зам нэгдэл, ажилд орсон он 1984 он, эрхэлдэг ажил хоньчин, ажил эрхэлж эхэлсэн он 1984 он, ******* сум” гэж,  иргэн *******гийн гийн ХААТР 11А маягтын эцэг, эхийн мэдээлэл бичигдэх хэсэгт “эх *******ын *******, ажилладаг байгууллага Сүхбаатарын зам нэгдэл, эрхэлдэг ажил хоньчин” гэж тус тус бичигджээ. /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын архиваас ирүүлсэн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдах үед Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас хүсэлт гаргагч Б.*******д олгосонд  лавлагаанд “******* сумын Авгаш багийн 70 дугаар данснаас Б.*******гийн хөдөлмөрийн хөлсийг түүвэрлэн хүргүүлэв. 1986, 1987, 1988, 1989, 1990, 1991 он” гэжээ.

1984 онд Сүхбаатарын зам нэгдлийн захиргаанаас Б.*******д олгосон хөдөлмөрийн дэвэрт нэгдлийн даргын 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар Авгаш бригадад малчнаар томилсон бичилт хийгдсэн байна. 

Гэрч гийн “Б.******* нь манай нутгийн хүн. Бид багаасаа нэг нэгнээ мэднэ. Тэрээр 1984 онд Ховд аймгийн ******* сумын сургуулийг 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Тэрээр нэгдэл тартал малчнаар ажилласан бөгөөд нэгдэл тарснаас хойш хувиараа мал малласан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас /,

Гэрч ын “Б.******* бид нэг нутаг усны хүмүүс. Тэрээр 1984 онд Ховд аймгийн ******* сумын сургуулийг 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар анх ажиллаж эхэлсэн. Тэрээр 1991 он хүртэл нэгдэлд ажилласан бөгөөд нэгдэл тарснаас хойш хувиараа мал маллаж байгаа. Тэрээр 1984-1991 онд нэгдэлд ажиллаж байсан нь үнэн болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/ хэрэгт авагдсан байна.

5. Дээрх архивын лавлагаа, нэгдлийн цалин, хөлс олгосон 70 дугаар дансны түүвэр, гэрчийн мэдүүлэг, ХААТР маягтуудын хуулбар зэрэг нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Б.******* нь 1984 оны хавар 8 дугаар ангийг төгсөж, улмаар илгээлтээр нэгдэлд хуваарилагдаж, Ховд аймгийн ******* сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн ******* бригадад эцэг, эхийн хамт мал маллаж, хоньчин, малчнаар 1991 оныг дуустал ажиллаж байсан нь тогтоогдсон гэж дүгнэлээ.

6. Гэрч , нарын мэдүүлгийн “1984 оноос эцэг, эхийн хамт мал маллаж, нэгдэлд ажилласан” гэсэн эх сурвалж нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдсон тул гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлгийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. 

7. Шүүх хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, хүсэлт гаргагч Б.*******гийн Ховд аймгийн ******* сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Авгаш бригадад 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад зааснаар *******ын *******гийн Ховд аймгийн ******* сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Авгаш бригадад 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг  тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд  шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ө.БАХЫТБЕК