| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/00438/И |
| Дугаар | 319/ШШ2025/00427 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 319/ШШ2025/00427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.
Хүсэлт гаргагч Г.*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаан оролцохгүй талаарх хүсэлтийг ирүүлснийг шүүх хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: *******гийн ******* миний бие ******* оны 03 дугаар сарын 02-ны өдөр *******гийн 2 дахь хүүхэд болж төрсөн. Ховд аймгийн ******* сумын сургуульд 1978 онд элсэн орж, 1986 онд 8-р анги төгсөн. 1986-1989 оны хооронд Баян-Өлгий аймаг дахь Барилгын техник мэргэжлийн сургуулийг цахилгаанчнаар төгсөөд 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн эцэг, эхийн хамтаар малчнаар ажиллаж эхэлсэн боловч 1990 оны 10 дугаар сарын 19-ний өдөр цэргийн албан татагдаж 1992 оны 07 дугаар сарын 24-ний өдөр халагдаж ирж одоо хүртэл малчнаар ажиллаж байна. Одоо тэтгэвэрт гарах гэхэд 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
2.1. Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний болон гэрлэсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, 910/07 дугаартай цахилгаанчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ховд аймгийн ******* сумын “Баясгалант амьдрал” нэгдлийн даргын 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаар, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаар тушаалын хуулбарууд, *******, нарын тодорхойлолт, Хилийн цэргийн тусгай архивын лавлагаа зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.
2.2. Шүүхээс: Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, ХААТР маягтын хуулбарууд, Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын лавлагаа, гэрч *******, нарыг асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримуудыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Хүсэлт гаргагч Г.******* нь Ховд аймгийн ******* сумын “Баясгалант амьдрал” нэгдэлд 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлага гаргажээ.
4. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан дараах нотлох баримтыг үнэлж, хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
Баян-Өлгий аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулиас 1989 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Г.*******д олгосон 3014449 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт “Захирлын 1989 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 26 тоот тушаалаар 3 жил суралцуулж төгсгөв.” гэсэн бичилт хийж, тамга дарж баталгаажуулсан байна. /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/
Ховд аймгийн ******* сумын “Баясгалант амьдрал” нэгдлийн даргын 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар Г.*******ыг мөн өдрөөс эхлэн нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад томилж ажиллуулжээ. Мөн нэгдлийн даргын 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар цэргийн албанд татагдсан гэсэн үндэслэлээр 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн нэгдлийн ******* бригадын хоньчны ажлаас чөлөөлсөн байна. /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/
Хүсэлт гаргагч Г.******* нь 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдөр халагдсан болох нь цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хилийн цэргийн тусгай архивын лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 10, 16 дугаар хуудас/
Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 29/559 дугаартай албан бичгээр ирүүлсэн Г.*******ын ХААТР 1А маягтад “ажилладаг байгууллага ******* эрхэлдэг ажил малчин” гэж бичигджээ. /хавтаст хэргийн 25-29 дэх тал/,
Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар Г.******* нь 1990 оны 7 дугаар сараас 2000 оныг дуустал ажилласан жилээ нөхөн тооцуулжээ. /хавтаст хэргийн 28 дахь тал/,
Гэрч гийн “...Тэрээр 1989 онд ТМС төгсөж ирээд Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Нэгдэл тартал малчнаар ажиллаж байсан бөгөөд нэгдэл тарсны дараа хувиараа мал малласан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
Гэрч *******гийн “...Сургуулиа төгсөж ирээд Баясгалант амьдрал нэгдлийн үйлдвэрчний бригадад хуваарилагдаж ажиллаж байгаад эцэг, эхийн хамт мал маллаж эхэлсэн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/ хэрэгт авагдсан байна.
5. Дээрх архивын лавлагаа, нэгдлийн даргын тушаал, гэрчүүдийн мэдүүлэг, ХААТР маягтуудын хуулбар зэрэг нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Г.******* нь Ховд аймгийн ******* сумын “Баясгалант амьдрал” нэгдэлд 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс цэргийн албанд татагдах хүртэл хоньчин, малчнаар ажиллаж байсан нь нотлогдсон гэж дүгнэлээ.
6. Гэрч , ******* нарын мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон тогтоогдсон тул гэрчээс хууль сануулж авсан мэдүүлгийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
7. Шүүх хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, хүсэлт гаргагч Г.*******ын Ховд аймгийн ******* сумын “Баясгалант амьдрал” нэгдэлд 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад зааснаар *******гийн *******ын Ховд аймгийн ******* сумын “Баясгалант амьдрал” нэгдэлд 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК