Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 319/ШШ2025/00430

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, *******гийн  гудамж 28, ******* цогцолборт байрлах, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, *******гийн *******эд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1,186,690 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* нь "******* *******"-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 05 сарын 06-ны өдөр тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Н.******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 02 сарын 14-ний өдөр 630,000 төгрөгийг сарын 2,9% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 04 сарын 07-ны өдрөөр Н.******* зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 630,000 төгрөг, зээлийн хүү 468,040 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,650 төгрөг нийт 1,186,690 төгрөг байна. Н.******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "******* *******" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,186,690 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.” гэжээ.

2. Хариуцагч Н.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Н.******* нь ******* ******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,186,690 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Н.*******эд холбогдуулан “Үндсэн зээл 630,000 төгрөг, зээлийн хүү 468,040 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,650 төгрөг, нийт 1,186,690 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 630,000 төгрөг, зээлийн хүү 468,040 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,650 төгрөг, нийт 1,186,690 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,031 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, энэхүү улсын тэмдэгтийн хураамжийн тал нь болох 16,515.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Н.*******ээс 16,515.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

7. Хариуцагч Н.******* нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн “Үндсэн зээл 630,000 төгрөг, зээлийн хүү 468,040 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,650 төгрөг, нийт 1,186,690 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.******* хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,031 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******ээс 16,515.5 төгрөг, улсын орлогоос 16,515.5 төгрөгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

  

ШҮҮГЧ                                         Ө.БАХЫТБЕК