Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/263

 

 2024           02              29                                              2024/ДШМ/263            

 

 

Ц.О-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Б.Очгэрэл /томилолтоор/,

           шүүгдэгч Ц.О /цахимаар/,

           нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 20-ны ****** дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.О ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

              Шүүгдэгч Ц.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнийн 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо дээд салхитын ** дугаар гудамжны ** тоот хашаан дотор хохирогч Л.Б гийн биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын зүүн хэсэг, зүүн дээд, доод зовхи, хацрын зөөлөн эдийн бяцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.О ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг баримтлан Ц.О-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг, 15 /арван таван/ нэгж буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ өдрөөр тооцож нийт 30 /гуч/ хоногийн хорих ялд шилжүүлэн, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил, 11 /арван нэгэн/ сар, 18 /арван найм/ хоногт нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 18 /арван найм/ хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.О-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Ц.О-т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О аас 2.990.150 /хоёр сая есөн зуун ерэн мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ц.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.О миний бие Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сар 18 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн. Миний бие өндөр настай, бүтэн харвалттай ээжийгээ асран хамгаалж амьдардаг тул надаас өөр ээжийг минь асран хамгаалж, эмчилгээ залгуулах хүн байхгүй. Би гэм буруугаа 100 хувь хүлээн зөвшөөрч байгаа тул энэхүү ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Очгэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.О-т 16 жилийн хорих ял оногдуулаад төрөөс шүүгдэгч Ц.О-т боломж олгож 1 жил 11 сар 18 хоногийн өмнө тэнсэж сулласан. Тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эдлээгүй үлдсэн ялыг нөхөн сэргээх үндэслэл болно гэж зааснаар Ц.О ын өмнө нь үйлдсэн хэргийн ял дээр эдлээгүй үлдсэн ялыг сэргээж байгаа учир Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг дээр 450 нэгжээр торгох ялыг тусад нь эдлүүлэх боломж байсан ч  шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдсэн...” гэв.

          

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.О ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнийн 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо дээд салхитын ** дугаар гудамжны ** тоот хашаан дотор хохирогч Л.Б гийн биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын зүүн хэсэг, зүүн дээд, доод зовхи, хацрын зөөлөн эдийн бяцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

хохирогч Л.Б гийн “...нөгөө машинтай залуу манай хашаа руу орж яваа харагдсан тэгээд бид хэд гүйгээд яваад очтол нөгөө залуу манай аавыг машин дотроо сууж байхад нь толгой руу нь гараараа цохисон. Салгах гэж таттал нөгөө залуу эргэж хараад миний зүүн талын нүд, хацар, хамрын ясыг дайруулаад нэг удаа хүчтэй цохисон. Би газарт ухаан самгардаад толгой манараад унасан. Миний нүд, хацар, шанаа хавдаад эхэлсэн. Энэ үед нөгөө залуугийн эхнэр нь бололтой нэг эмэгтэй, мөн дүү нь гээд нэг залуу гарч ирээд салгах гээд гарч ирсэн. Би тэр залууд цохиулаад босож чадахгүй байсан. Тэгээд аав цагдаа дуудсан. ...ингээд бид цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” /хх-ийн 10-13 тал/,

гэрч Д.Л ийн “...нөгөө залуу миний машины хаалгыг онгойлгоод намайг ална гээд миний дух хэсэгт гараараа нэг удаа цохиод машинаас татаж буулгаад газарт унагаад элэг рүү өшиглөсөн. Намайг босоод ирэхэд манай охин Б, дүү М хоёр хашаанд ороод ирсэн. Охин Б-г заамдаж аваад нүд рүү нь нэг удаа цохиж, өшиглөсөн. Энэ үед манай охины нүд хавдаад аймар болсон. Тэгээд цагдаа дууд гэсэн чинь нөгөө залуу арай тайвшраад хашаа даваад гүйгээд явчихсан...” /хх-ийн 22-24 тал/,

гэрч Л.Л ын “...танихгүй залуу М ахыг түлхэж унагаад манай эгч Б гийн нүд рүү нь цохиод өшиглөсөн. Тэгээд манай эгчийн нүд хавдаад аймар болчихсон байсан. Аав цагдаа дуудаарай гэхэд нь би ээжид хэлээд ээж С өөрийн утаснаасаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /хх-ийн 26-28 тал/,

гэрч Д.М ийн “...хашаанд орчихсон ахыг цохичихсон хэрэлдээд зогсож байсан. Тэгээд намайг түлхэж унагаад манай дүү Б-г цохиод унагаасан, нүд нь аймар хавдсан байсан. Төд удалгүй цагдаа ирээд нөгөө залууг хайж байгаад эхнэрийг нь аваад явсан...” /хх-ийн 30-31 тал/,

гэрч Г.А гийн “...Ц.О нь манай нөхөр байгаа юм. ...би араас нь яваад очтол Ц.О нь машинтай ахыг заамдаад авчихсан байсан. 3,4 эрэгтэй, эмэгтэй хүмүүс гарч ирээд төмөр, тод бариад авсан чинь манай нөхөр нэг ахыг түлхэж унагасан ба нэг эмэгтэй ааваа намайг цохичихлоо гээд доошоо суучихсан. Би Ц.О ыг хориод дийлээгүй. Тэгсэн Ц.О алга болчихсон. Цагдаа нар ирээд нөхөр чинь хаана байна гэж хайгаад намайг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр аваачсан...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 33-35 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн **** дугаартай “...Л.Б гийн биед зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын зүүн хэсэг, зүүн дээд, доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн цохих үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай “...Л.Б гийн биед зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын зүүн хэсэг, зүүн дээд, доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн цохих үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүний биед учирсан гэмтэлд хийгдсэн эмчилгээ нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-56 тал/,

хохирогч Л.Б гийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Нүдний эмгэг судлал, мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн 14309 дугаартай өвчний түүх /хх-ийн 60-81 тал/,

хохирогч Л.Б гийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс хойш эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан тухай зардлын төлбөрийн мэдээлэл /хх-ийн 83-84 тал/,

иргэний нэхэмжлэгч С.С ийн “...иргэн Л.Б нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2.990.150 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан авч төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан байна. Иймд Ц.О аас 2.990.150 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

Ц.О ын яллагдагчаар өгсөн “...би Б гэх эмэгтэйг нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тухайн эмэгтэйд учруулсан хохирлыг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн эмэгтэйгээс уучлалт гуйсан ба эмчилгээ зардалд 4.500.000 төгрөг бэлнээр өгч хохирлыг нь барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-93 тал/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Л.Б гийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Ц.О ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, түүнд 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг баримтлан Ц.О-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялыг, 15 нэгж буюу 15.000 төгрөгийг 1 өдрөөр тооцож нийт 30 хоногийн хорих ялд шилжүүлэн, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 18 хоног дээр нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 18 хоногоор тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Ц.О нь “...Би хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, ...гэм буруугаа 100 хувь хүлээн зөвшөөрч байгаа тул энэхүү ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан ба тус гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Шүүгдэгч 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн ****** дугаартай хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай шүүгчийн захирамжаар Ц.О ыг үлдсэн 1 жил 11 сар 18 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон ба хяналтын дуусах хугацаа дуусаагүй үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн хохирогч Л.Б гийн биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тэрээр Ц.О нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, мөн шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нь шалтгаант холбоотой байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Ц.О ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.О ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Ц.О нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны ****** дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцов.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 Энэ зүйлийн 3 дахь хэсэгт “...5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно...” гэж, 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж болно...” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ц.О нь давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцохоо илэрхийлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны ****** дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.О ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧ                                 Б.БАТЗОРИГ

 

                                            ШҮҮГЧ                                  Б.АРИУНХИШИГ