| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/00104/И |
| Дугаар | 319/ШШ2025/00442 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 319/ШШ2025/00442
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” иргэний хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1969 оны 05 сарын 12-нд Ховд аймгийн зэрэг сумын Түвээ багт *******гийн хоёр дахь хүү болж төрсөн. Одоо 56 настай. ******* сумын 8-н жилийн сургууль 1977 онд орж суралцаад 1985 онд төгссөн. 1985 оны 06 сарын 18-ны өдрөөс эхлэн ******* сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1987 оны 10 сард цэргийн албанд татагдаж 1989 оны 10-р сард цэргээс халагдаж ирээд аав ээжтэйгээ мал маллаж байгаад 1992 онд Цэдэнбалын Цэцэгбалтай гэр бүлж болж амьдарсан. Хөдөлмөр нэгдлийг тартал тус нэгдэлд малчнаар ажиллаж Хөдөлмөр компани болоход мөн малчнаар ажиллаж байсан. Би одоог хүртэл ******* сумын Түвээ багт мал маллаж амьдарч байна.
******* сумын Түвээ багт 1985 оны 06 сарын 18-наас 1993 оны 02 сарыг дуустал ******* сумын “Хөдөлмөр” нэгдэл болон Хөдөлмөр ХК-д малчнаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.******* миний Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл малчнаар, Ховд аймгийн ******* сумыг Хөдөлмөр ХК-нд 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү” гэв.
3. Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1.Хүсэлт гаргагч Д.******* иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, хугацаат цэргийн алба хаасан лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл, Үндэсний төв архивын өрхийн тооллогын лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн лавлагаа, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын архивын лавлагаа, *******, ******* нарын тодорхойлолт, хүсэлтийн шаардлага тодруулсан тайлбар, Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын лавлагаа зэрэг нотлох баримтыг гаргаж өгч,
3.2. Шүүхээс Ховд аймгийн Нийгмийн даатгалын газраас Д.*******ын “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуульд хамрагдсан талаарх лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, гэрч *******, ******* нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Хүсэлт гаргагч Д.******* нь Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, Хөдөлмөр ХК-нд 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлага гаргажээ.
5. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан дараах нотлох баримтыг үнэлж, хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1985 онд Хөдөлмөр нэгдлийн захиргаанаас Д.*******ад олгосон хөдөлмөрийн дэвтрийн эрхэлсэн ажлын талаар бичигдэх хэсэгт 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “******* бригадад хоньчноор авч ажиллуулав, нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 18-ы өдрийн тоот тушаалаар” гэж бичиж нэгдлийн тамгыг нь дарж баталгаажуулж, 1986 оны 03 дугаар сараас 1987 оны 9 дүгээр сар, 1990 оны 03 дугаар сараас 12 сар хүртэл цалин, хөлс олгож байсан талаар бичилт хийгдсэн байна.
Мөн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөр нэгдлийн захиргаанаас нээж олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1991 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл, 1992 оны 1 дүгээр сараас 12 сар хүртэл, 1993 оны 1 дүгээр сараас 3 дугаар сар хүртэл цалин хөлс олгосон талаар бичилт хийгджээ.
Монгол Улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08/582 дугаар лавлагаагаар хүсэлт гаргагч Д.******* нь 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр халагдсан нь нотлогдож байна.
Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар Д.******* нь 1993 оны 03 сараас 2000 оныг дуустал ажилласан жилээ нөхөн тооцуулжээ.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас ирүүлсэн Хөдөлмөр нэгдлийн 70 дугаар дансны түүвэрт Ховд аймгийн ******* сумын ******* бригадын малчин Балганд 1986-1993 онуудад хөдөлмөрийн хөлс тооцож олгож байсан талаар бичилт хийгдсэн байна.
Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 1991 оны мал тооллогын баримтаар Д.******* нь мал тоолуулсан байна.
Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Д.*******ын ХААТР-1 маягтад ажилладаг байгууллага “Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэл, ажилд орсон он 1989, эрхэлдэг ажил малчин” гэж, ХААТР-15 маягтад “эрхэлдэг ажил хоньчин, ажилладаг байгууллага ******* баг” гэж тус тус бичигдсэн байна.
Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэл нь өөрчлөгдөн зохион байгуулагдаж 1991 оны 12 дугаар сарын 26-нд Хөдөлмөр ХК байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байжээ.
Ховд аймгийн өмч хувьчлалын комиссын 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр ХК-ийг хувьчилж шийдвэрлэсэн байна.
Гэрч *******ын “...Д.******* нь1985 онд Ховд аймгийн ******* сумын сургуулийн 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1987 онд цэргийн албанд татагдсан. Тэрээр 2 жилийн дараа цэргээс халагдаж ирээд аав ээжийн хамт нэгдэлдээ малчнаар ажилласан. 1992 онд гэр бүл болж өрх тусгаарласан. Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэл 1992 онд тарж Хөдөлмөр ХК болсон. Тэгэхэд Д.******* малчнаар уг компанид малчнаар ажилласан...” гэх мэдүүлэг,
Гэрч *******гийн “...Д.******* нь1985 онд Ховд аймгийн ******* сумын сургуулийн 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1987 онд цэргийн албанд татагдсан. Тэрээр 2 жилийн дараа цэргээс халагдаж ирээд аав ээжийн хамт нэгдэлдээ малчнаар ажилласан. 1992 онд гэр бүл болж өрх тусгаарласан. Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэл 1992 онд тарж Хөдөлмөр ХК болсон. Тэгэхэд Д.******* малчнаар уг компанид малчнаар ажилласан...” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байна.
Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын Архивын лавлагаанд ******* сумын Хөдөлмөр нэгдэл /Хөдөлмөр ХК/ 1991-1993 онд нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан гэжээ.
Д.******* нь 1995-198 онуудад мал тоолуулж байсан нь ******* сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн мал тооллогын А дансаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.******* нь Ховд аймгийн ******* сумын “Хөдөлмөр” нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 1993 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Хөдөлмөр нэгдэл болон Хөдөлмөр ХК-д хоньчин, малчнаар тус тус ажиллаж байсан нь нотлогдсон гэж дүгнэлээ.
7. Шүүх хэрэгт цугларсан дээрх гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, хүсэлт гаргагч Д.*******ын Ховд аймгийн ******* сумын “Хөдөлмөр” нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1989 оны 10 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Хөдөлмөр ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 119 дүгээр зүйлийн 119.1-119.4 дэх хэсэг, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад зааснаар ******* овогт Должонгийн *******ын Ховд аймгийн ******* сумын “Хөдөлмөр” нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1989 оны 10 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл малчнаар, Хөдөлмөр ХК-нд 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК