| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2023/05898/И |
| Дугаар | 192/ШШ2025/02872 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/02872
2025 04 11 192/ШШ2025/02872
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, **********байрлах А******* м******* ХХК /РД:*******/-д холбогдох
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, , Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, ********** тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Ө******* өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах, 2023 оны 4, 5, 6, 7 сарын цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Ө******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: “… А******* М******* ХХК нь Сон Медикал Центр-Улаанбаатар эмнэлэг ба 2019 онд байгуулагдаж, эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн 2019 оны 8 сараас 2023 оны 7 дугаар сарын 27-ний өдрийг хүртэл Ерөнхий мэс заслын эмчээр ажилласан. 2020-2021 оны байгууллагын шинэ жилээр захирал Э.А******* хамт олны өмнө шилдэг ажилтан Э.Ө******* надад баяр хүргэж, байгууллагын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг тодотгож 2 өрөө байраар шагнан, цаашдаа хичээж ажиллахыг илэрхийлж шагналыг миний бие хүлээн авч, уг шагналын 2 өрөө байр Хан-Уул дүүргийн 10-р хороо, ************ тоот хаягт байрлах орон сууцанд гэр бүлийн хамт амьдарч байна. Орон сууцыг хүлээж авахад орон сууцны гэрчилгээ гараагүй байсан ба гэрчилгээ гарах явцад захирал Э.А******* эмнэлгийн санхүү хүнд байна. Чиний орон сууцны гэрчилгээг гаргуулж, зээлийн барьцаанд тавьж зээл авах шаардлагатай байна гэхээр нь бага зэрэг дургүй байсан ч шагналд өгсөн болохоор нь нэг их юм хэлэлгүй өнгөрсөн. Гэвч Э.А******* нь орон сууцны гэрчилгээг А******* м******* ХХК-ийн нэр дээр гаргуулж, зээлийн барьцаанд тавьсан байсан.
Миний бие 2021, 2022 он буюу ковид 19 цар тахлын үеэр хувийн эмнэлгүүд маш их ачаалалтай байхад өдөр шөнөгүй шинжилгээ ч авч үзлэг ч хийж, хагалгаанд ч орон хэдэн ч төрлийн ажил хийж байгаа сүүлдээ мэдэхээ байтлаа ажилласан. Орон сууцаар шагнуулсан ажилтан гэж өөртөө болоод гэр бүлдээ хэлж, гэрийн бараа харалгүй чин үнэнчээр зүтгэж, ажилласан. Ажиллаж байх хугацаанд гэрчилгээ юу болсон талаар тодруулахад, удахгүй чөлөөлөөд чам руу шилжүүлнэ санаа битгий зовоорой гэх тайлбар өгч байсан тул ойлголцоод ажлаа хийдэг байсан. Гэвч Э.А*******ын үйлдэл, харьцах харьцаа нь таарамжгүй болж намайг 2023 оны 7 дугаар сарын 27-ний өдөр ажлаас чөлөөлсөн.
Маргаан таслах 3 талт хороонд хандсан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн. Иймд Э.Ө*******ыг мэс заслын эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, ********* тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Ө******* өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах, 2023 оны 4, 5, 6, 7 сарын цалин гаргуулж өгнө үү...” гэжээ.
2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох 99 тоот тушаал гарсан. Тушаал гарах болсон үндэслэл нь үйлчлүүлэгчээс хувийн дансаар мөнгө авсан энэ үйлдлээ нуун дарагдуулахыг оролдож, үйлчлүүлэгч Отгончимэгийг рүү залгаж нөхцөл байдлыг хэлж дарамтлахыг оролдсон, эмнэлгийн нэр хүндийг унагаахыг оролдсон үйлдэл дээр нь бид сахилгын шийтгэл оногдуулсан тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.
Шагнал олгохоор олон нийтэд амлах гэдэг зүйл заалтаар шаардах эрхийнхээ үндэслэл болгон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин хариуцагчаас Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээний харилцаа гэж үзэж, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэгт зааснаар орон сууцны өмчлөх эрх шилжих хэлцлийн хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй хэлцэл болсон. Түүнчлэн шагнал олгохтой холбоотой харилцаа нь хүнд бэлэг олгохоор амлаж байгаа, тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан бол уг амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн бол үүрэг үүснэ гэж заасан. Иймд хэлбэрийн шаардлага хангаагүй хэлцлийн үр дагаврыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түүнчлэн 2 өрөө орон сууцаар шагнахаар олгосон гэх үйл баримтыг нэхэмжлэгч нотлох ёстой боловч нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй байна. 2021 оны шинэ жилийн арга хэмжээн дээр нэг өрөө орон сууц олгохыг амласан. Нэг өрөө орон сууц нь ашиглалтад ороогүй тул, 2 өрөө орон сууцанд явцын дунд нэхэмжлэгчийг оруулсан. Энэ нь түүнд амласан орон сууц гэж үзэж болохгүй юм. Иймээс 2 өрөө орон сууц амласан болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хэрэгт нийгмийн даатгал төлөлтийн лавлагаа авагдсан, лавлагаагаар 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 7 дугаар сар хүртэл цалин олгосон нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн баримт авагдсан тул 4-7 сарын цалин 6,400,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2023.07.27-ны өдрийн Б/99 дугаартай Сон медикал центр-Улаанбаатар эмнэлгийн гүйцэтгэх захирлын тушаал, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.09.25-ны өдрийн 96 дугаартай Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, 2020.06.30-ны өдрийн ганцаарчилсан уулзалтын тэмдэглэл, 2020.07.07-ны өдрийн ганцаарчилсан уулзалтын тэмдэглэл, 2022.04.20-ны өдрийн ганцаарчилсан уулзалтын тэмдэглэл, 2021.03.02-ны өдрийн ганцаарчилсан уулзалтын тэмдэглэл, 2021.03.16-ны өдрийн ганцаарчилсан уулзалтын тэмдэглэл, 2020.10.28-ны өдрийн ганцаарчилсан уулзалтын тэмдэглэл, 2020.12.15-ны өдрийн ганцаарчилсан уулзалтын тэмдэглэл, 2020.12.02-ны өдрийн ганцаарчилсан уулзалтын тэмдэглэл, 2021.01.21-ний өдрийн ганцаарчилсан уулзалтын тэмдэглэл, 2021.01.05-ны өдрийн ганцаарчилсан уулзалтын тэмдэглэл, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, депозит дансны хуулга, харилцсан зурвас, төлбөрийн баримт, фото зураг,
Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2020.06.02-ны өдрийн 068 дугаар Хөдөлмөрийн гэрээ, Ажилтны ажиллах ажлын байр, цалин хөлс, Аюулгүй ажиллагааны нийтлэг зарчим, 2020.01.10-ны өдрийн А/02 дугаартай Сон медикал центр-Улаанбаатар эмнэлгийн гүйцэтгэх захирлын тушаал, Сон медикал центр-Улаанбаатар эмнэлгийн хөдөлмөрийн харилцааны дотоод журам, 2023.10.01-ний өдрийн А/14 дугаар Сон медикал центр-Улаанбаатар эмнэлгийн гүйцэтгэх захирлын тушаал, 2023.07.20-ны өдрийн Б/96 тоот Сон медикал центр-Улаанбаатар эмнэлгийн гүйцэтгэх захирлын тушаал зэрэг нотлох баримтыг тус тус шүүхэд ирүүлэв.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, дансны хуулгууд, 2023.02.11-ний өдрийн 01/102 тоот албан бичиг, 2023.02.11-ний өдрийн 01/103 тоот албан бичиг, 2023.02.15-ны өдрийн 33 тоот албан бичиг, 2020.10.22-ны өдрийн №Eb 12/7 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ, А******* м******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, А******* м******* ХХК-ийн шинэчилсэн дүрэм, фото зургууд, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт, Барьцаалбар, 2024.03.19-ний өдрийн 04-140/6632 тоот албан бичиг, 2024.03.18-ны өдрийн 24410210/140 дугаар Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол хавсаргасан.
Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн А******* м******* ХХК-д холбогдох Э.Ө******* гаргасан Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
А******* м******* ХХК-ийн захирлын 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/99 дугаар тушаалаар Э.Ө*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн Мэс заслын эмч Э.Ө******* нь баримтаар нотлогдсон буруутай үйлдэлдээ удаа дараа худал тайлбар өгч удирдлагын итгэлийг алдсан мөн үйлчлүүлэгчтэй утсаар холбогдож уг үйлдлийг нуун дарагдуулахыг завдсан, эмнэлгийн нэр хүндийг унагаасан, үйлдэл гаргасан тул 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгож, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Захирлын 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/99 дугаар тушаал “... баримтаар нотлогдсон буруутай үйлдэлдээ удаа дараа худал тайлбар өгч удирдлагын итгэлийг алдсан мөн үйлчлүүлэгчтэй утсаар холбогдож уг үйлдлийг нуун дарагдуулахыг завдсан, эмнэлгийн нэр хүндийг унагаасан, үйлдэл гаргасан ...” сахилгын зөрчил гаргасан хэмээжээ.
Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байхыг шаарддаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гээд, мөн зүйлийн 123.3-т “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана” гэжээ.
Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэл оногдуулахад ажилтны гэм буруутай үйлдэл байх, тухайн шийтгэлийг оногдуулахаас өмнө ажил олгогч нь ажилтанд заавал мэдэгдэх ажиллагаа хийх, түүнээс тайлбар мэдүүлэг авах, улмаар түүнд тохирсон сахилгын шийтгэлийг хүлээлгэх ёстой.
Ажил олгогч нь Э.Ө*******т 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/99 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох сахилгын шийтгэл хүлээлгэж буйгаа мэдэгдээгүй, түүнээс тайлбар аваагүй, хэрэгт энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Ажил олгогчийн Б/99 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл нь 80 дугаар зүйлийн 80.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх хуулийн заалтыг баримталж, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 гэсэн заалт гэж баримталсан уг заалт мөн хуульд байхгүй, мөн тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журам 14 дүгээр зүйлийн 14.2.6 гэсэн заалтаар дуусаж байх тул Б/99 дугаар тушаалд ажил олгогчийн баримталсан уг заалт үндэслэлгүй болжээ. /хх-67 тал/
Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил ажилтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа бол Б/99 дугаар тушаалын эрх зүйн үндэслэлд хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-6.1.11-нд заасан аль үндэслэлийг баримталж байгаагаа заавал тусгаж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ёстой. /хх-55 тал/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Э.Ө******* нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа 2023.07.19-ний өдөр, 2023.06.19-ний өдөр үйлчлүүлэгч О хувийн дансаараа үйлчилгээний төлбөр авсан, уг сахилгын зөрчилд хаалттай хэлбэрээр сануулах арга хэмжээ авсан. Үйлчлүүлэгчээс хувийн дансаар мөнгө авсан үйлдлээ нуун дарагдуулахыг оролдож, үйлчлүүлэгч О холбогдож дарамтлахыг оролдсон, эмнэлгийн нэр хүндийг унагаахыг оролдсон үйлдэл нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны эмнэлгийн ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ...” гэж тайлбарладаг.
Ажил олгогч нь үйлчлүүлэгч О хувийн дансаараа үйлчилгээний төлбөр авсан үндэслэлээр нэхэмжлэгч Э.Ө*******т 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Б/96 дугаар тушаалаар хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба уг тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасны дагуу Э.Ө*******т сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авсан болох нь мөн баримтаар тогтоогдохгүй байх тул уг тушаалыг ажилтанд мэдэгдсэн болох нь нотлогдоогүй, гэвч уг тушаал хүчин төгөлдөр болсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх- 85 тал/
Ажил олгогч нь үйлчлүүлэгч О дахин холбогдуулан нотлогдсон буруутай үйлдэлдээ удаа дараа худал тайлбар өгч удирдлагын итгэлийг алдсан мөн үйлчлүүлэгчтэй утсаар холбогдож уг үйлдлийг нуун дарагдуулахыг завдсан, эмнэлгийн нэр хүндийг унагаасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгон, дахин сахилгын зөрчил ногдуулсан нь хуульд нийцээгүй байх бөгөөд уг үйл баримтыг ажил олгогч нотлоогүй. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч гэх “Отгончимэг” гэх этгээд Сон медикал центр-Улаанбаатар эмнэлгээс үйлчилгээ авсан болохыг нотлох өвчтөний цаг авсан цагийн бүртгэл, эмчээс үйлчилгээ авах үзлэгийн дараалал тогтоож, бүртгэл хийсэн тэмдэглэл, өвчтөний түүхийн дэвтэр, эмнэлгийн карт, шинжилгээний хариу, шинжилгээ өгсөн сорьцын мэдээлэл, өвчтөнд олгож буй магадалгаа зэрэг баримтаар хариуцагч нотлох боломжтой боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй. Иймээс Сон медикал центр-Улаанбаатар эмнэлгийн өвчтөний үйлчлүүлэгчийн бүртгэлд бүртгэгдээгүй, эмнэлгийн картын бүртгэл байхгүй этгээд болох Отгончимэг гэх этгээдийг үйлчлүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байхаас гадна О дахин холбогдсон, үйлчлүүлэгчтэй утсаар холбогдож үйлдлээ нуун дарагдуулахыг завдсан, эмнэлгийн нэр хүндийг унагаасан тушаалын үндэслэл болсон үйл баримтыг ажил олгогч мөн нотлоогүй байна.
Мөн ажил олгогч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээнээс аль хэм хэмжээг зөрчвөл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-ээс 123.2.5 хүртэл заасан 5 төрлийн сахилгын шийтгэлийн алийг ногдуулах нь талаараа хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тодорхой ойлгомжтой зохицуулах нь хуульд нийцнэ. Түүнээс хэт ерөнхий зохицуулалтыг бүхэлд нь ноцтой зөрчил гэж үзэж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох нь хуульд нийцэхгүй байх тул Э.Ө*******ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.7-д “Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, нягтлан бодох бүртгэлийн болон бусад данс, тооцоо байна” гэж, 2.3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” 2.6-д “ажилтны ажилласан хугацаа нь энэ журмын 2.2-2.5-д заасан дундаж цалин хөлс тодорхойлох хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн ажилтны ажилласан хугацааны цалин хөлсний нийлбэрийг нийт ажилласан өдөр эсхүл нийт ажилласан цагт хувааж нэг ажлын өдрийн эсхүл нэг ажлын цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлно.” гэж тус тус зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 1,348,115 төгрөг /904,347+1,600,000+1,540,000=4,044,347 төгрөг, 4,044,347:3 сар =1,348,115 төгрөг, 1,348,115:21,5 хоног=62,703 төгрөг/ байх тул нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацааны нийт 428 хоног /2023.07.27-ны өдрөөс 2025.04.11-ний өдөр хүртэлх хугацаагаар олговрыг тооцлоо/ хоногийн олговорт 26,836,884 /428 хоног * 62,703 төгрөг/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, 2023 оны 4, 5, 6, 7 дугаар саруудын цалин олгогдсон болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байх тул 2023 оны 4, 5, 6, 7 дугаар саруудын цалин гаргуулах шаардлагын хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан тул нэхэмжлэгч Э.Ө******* 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлнэ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт ажил олгогч хийнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж заасан. Иймээс нэхэмжлэгч Э.Ө******* нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Э.Ө******* нь “... 2020-2021 оны шинэ жилээр шилдэг ажилтан болж, орон сууцаар шагнуулсан. Шагналын орон сууц болох Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт ухаа хороолол, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, ******** тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцанд гэр бүлээрээ амьдарч байна. Тус орон сууцны гэрчилгээг шилжүүлж өгөөгүй тул шагналын уг орон сууцны гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү...” гэж тайлбарладаг.
Хариуцагч А******* м******* ХХК нь “... 1 өрөө орон сууц бэлэглэсэн. 2 өрөө орон сууцны зөрүү төлбөрийг төлнө гэж уг орон сууцанд орсон. Талуудын хооронд байгуулсан хэлцэл Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн. Иймээс үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх хэлцлийн шаардлага нь нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх зохицуулалтай тул уг хэлбэрийн шаардлага хангаагүй хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж маргадаг.
Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1.-т Тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ гэж заажээ. А******* м******* ХХК нь 2020-2021 оны шинэ жилээр шилдэг ажилтантай орон сууц бэлэглэсэн үйл баримтад маргаагүй байх бөгөөд Ажил олгогч нь 2020-2021 онд ажилдаа бусдыгаа тэргүүлэн ажиллаж, ажлын үр дүн бий болгосон ажилтан Э.Ө*******ыг шилдэг ажилтанд тодорхойлж, орон сууцаар шагнахаар байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд амласан нь Иргэний хуулийн 420 зүйлийн 420.1-т заасан шинжийг илэрхийлж байх тул шагнал олгохоор амласан ажил олгогч А******* м******* ХХК нь нэхэмжлэгч Э.Ө*******т уг шагналыг олгох үүрэгтэй байна.
Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл Э.Ө*******ыг А******* м******* ХХК-ийн Мэс заслын эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 26,836,884 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Э.Ө******* нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт ухаа хороолол, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, ********4 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Ө******* өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, 2023 оны 4, 5, 6, 7 сарын цалин гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 заасныг баримтлан Э.Ө*******ыг мэс заслын эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 26,836,884 төгрөгийг А******* м******* ХХК-иас гаргуулж Э.Ө*******т олгож, 2023 оны 4, 5, 6, 7 сарын цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт ухаа хороолол, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, ********* тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Ө******* өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч А******* м******* ХХК-нд даалгаж
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Ө******* ажилгүй байсан 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч А******* м******* ХХК-д даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Ө*******ыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч А******* м******* ХХК-иас 292,134 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ