| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Эрдэнэтуяа |
| Хэргийн индекс | 122/2025/0013/З |
| Дугаар | 122/ШШ2025/0018 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 122/ШШ2025/0018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
******* аймгийн ******* сумын 7 дугаар багийн иргэн Ц.*******ын нэхэмжлэлтэй,
******* аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “******* аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч ******* аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Ц.*******аас ******* аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргад холбогдуулан “******* аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. ******* аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга М.******* нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б/17 дугаартай тушаалаараа тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.*******д ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
2.2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий уг тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй тул Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, тус зөвлөлөөс 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Чиглэл өгөх тухай” 04/938 тоот албан бичгийг шуудангаар 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ирүүлснийг нэхэмжлэгч Ц.******* 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүхээс захиргааны хэрэг үүсгэсний дараа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/1370 тоот албан бичгээр хариуцагчид хариуг дахин ирүүлжээ.
Гурав. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга М.******* нь хууль бус үндэслэлээр 2024 онд Б/17 дугаартай тушаалаар сахилгын арга хэмжээ авсан байдаг.
Миний бие уг тушаалыг эсэргүүцэж 2025 оны 01 дүгээр сарын 02-нд тус шүүхэд өргөдөл гаргасан боловч Төрийн албаны байгууллагад ханд гэсэн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 122/ШЗ2025/0007 дугаартай захирамж гарч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд мөн өргөдлийг Төрийн албаны зөвлөл рүү дахин явуулж тус газрын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04/938 дугаартай албан бичиг ирж 2025 оны 05 дугаар сарын 15-ны дотор уг тушаал нь хууль бус учир хүчингүй болгож хариу мэдэгдэнэ үү гэсэн утгатай бичиг ирсэн боловч тус хэлтсийн дарга нь өнөөдрийг хүртэл уг тушаалыг хүчингүй болгохгүй байгаа тул дахин захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.
Тус албан бичгийг миний бие нь 2025 оны 05 дугаар сарын 12-нд Монгол шуудан салбараас хүлээн авсан болно. Уг албан бичиг нь ******* аймагт 2025 оны 05 дугаар сарын 05-нд ирсэн байна гэв.
3.2. Хариуцагч М.******* шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга М.******* би Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04/938 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг Төрийн албаны зөвлөлийн даргад гаргасан. Үүнд:
Тус албан бичигт “сахилгын зөрчил гаргасан гэх” асуудлыг шалган тогтоож, дүгнэлт гаргах болон холбогдох бусад ажиллагааг хийхгүйгээр Ц.*******д сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Тодруулбал: “Сахилгын зөрчил гаргасан гэх асуудлыг шалган тогтоож дүгнэлт гаргах болон холбогдох бусад ажиллагааг хийгээгүй нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна...” гэжээ.
Гэтэл дээрх чиглэл хүргүүлсэн албан бичигт дурдсан энэхүү хүчин зүйл нь
утга агуулгын хувьд алдаатай байх бөгөөд удирдах албан тушаалтны зүгээс
зөрчлийг шалган шийдвэрлэхтэй холбоотой хийж гүйцэтгэсэн ажлын хүрээнд
хүргүүлсэн баримт, бичигтэй шийдвэр гаргагч гишүүн бүрэн танилцсан эсэх нь
тодорхойгүй, зөрчлийн шалтгаант холбоотой нөхцөл байдлын талаар огт
үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй дараах хүчин зүйлийг бий болгож байна.
Тухайлбал: ******* аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга
М.******* би “Ц.*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2024 оны
Б/17 дугаар тушаалын хүрээнд сонсох ажиллагааны мэдэгдэх хуудсыг өгч энэ хүрээндээ сонсох ажиллагаа хийж арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн
хүрээнд урьдчилсан шийдвэрлэх зорилгоор гаргасан ба энэхүү үйл ажиллагаатай холбоотой сонсох ажиллагааны тэмдэглэл цаг ашиглалтын бүртгэл болон холбогдох баримтыг тус төрийн албаны зөвлөлийн шаардсанаар гаргаж өгч хүргүүлсэн байдаг. Гэтэл төрийн албаны нэр хүндийг унагаж удирдах удирдуулах ёсыг баримталж ажиллаагүй төрийн албан хаагчийг өмгөөлж хэтэрхий нэг талыг баримталсан шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд тайлбарт дурдсан энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж холбогдох баримтыг шалган, нягталж үзсэний үндсэн дээр Ц.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Монголын залуучуудын холбооны ******* аймгийн залуучуудын холбооны салбарын ажлыг 2019 онд авч 2021 оноос эхлэн өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдаж явсан байдаг бөгөөд энэ байгууллага нь улс төрийн байгууллага биш болно. Гэтэл улс төрийн үйл ажиллагаанд оролцсон гэж Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5, 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтуудаар сахилгын арга хэмжээ авч байгаа нь үндэслэлгүй гэж маргаж байна.
3.Хариуцагч, хариу тайлбартаа: ... Ц.*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай 2024 оны Б/17 дугаар тушаалын хүрээнд сонсох ажиллагааны мэдэгдлийг өгсөн. 2019 оны 36/32 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд зааснаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан шалган тогтоох эрх хэмжээ байгаа гэж тайлбарлаж байна.
4. ******* аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.3, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3.1, 1.3.2, 1.4, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2022 оны А/101 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12.1, 12.4 дэх заалтыг үндэслэн ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
5.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, ... сахилгын шийтгэл ногдуулна”, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 36/32 тоот “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-д “ ... албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж шалган тогтооно” гэж заасан.
6.Хууль, журмын дээрх зохицуулалтаас үзвэл хэргийн хариуцагч Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга М.******* нь албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтоох, шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.
7.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, тухайн захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 36/32 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2 дугаар зүйлд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, шалган тогтооно, шалгагч ... гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах, шаардлагатай мэдээ мэдээллийг цуглуулах, гаргасан зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох, цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна. Зөрчилд холбогдсон албан хаагч дүгнэлттэй танилцах, эсхүл гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэж, шалгалтын материалд хавсаргана гэж заасан ажиллагааг хийгээгүй байна.
8.Тодруулбал, дээрх журамд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт гаргахдаа шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, албан хаагчийн сахилгын зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоож, баримтад дүн шинжилгээ хийн, дүгнэлт гаргаж, зөрчил гаргасан албан хаагчид дүгнэлтийг танилцуулж, тэмдэглэл үйлдэн баталгаажуулах үүрэгтэйг хууль, журмаар зохицуулсан боловч дээрх ажиллагааг явуулаагүй байна.
9.Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаартай албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4.3, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.1 дэх заалтыг үндэслэн сорьцын хяналтын улсын байцаагч ахлах мэргэжилтэн Ц.*******д Төрийн албаны тухай хуульд заасны дагуу ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулах захиргааны шийдвэр гаргах сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэн, биечлэн уулзаж тэмдэглэл үйлдсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
10.Хариуцагчийн дээрх мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 36/32 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд заасан сахилгын зөрчлийг шалгах ажиллагааг хийсэн гэж дүгнэх боломжгүй.
11.Ийнхүү шийдвэр гаргахдаа захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн нь холбогдох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/17 дугаартай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын “Ц.*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА