| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2326001550150 |
| Дугаар | 2024/ДШМ/17 |
| Огноо | 2024-03-21 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Л.Галбадрах |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2024/ДШМ/17
Ц.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Л.Галбадрах
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа
Шүүгдэгч Ц.А
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн Ц.А-д холбогдох эрүүгийн 2326001550150 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, малчин, ам бүл-***, *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багт оршин суух хаягтай, одоо Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, *** овгийн Ц.А /РД: ***/.
Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутагт байрлах засмал зам дээр *** улсын дугаартай Mitsubishi L200 маркын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.2, 11.3-т заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж улсын дугааргүй Мустанг-5 маркын мотоциклийг жолоодож явсан иргэн Ч.Б-ийн амь нас хохирсон,
мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутагт байрлах засмал зам дээр *** улсын дугаартай Mitsubishi L200 маркын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 12.2, 11.3-т заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж улсын дугааргүй Мустанг-5 маркын мотоциклийг жолоодож явсан иргэн Ч.Б-ийн амь нас хохирсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 4.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овгийн Ц.А-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу есөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянган төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож жар хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялын хэмжээг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жил найман сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хоёр жил найман сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ийн цагдан хоригдсон 183 (нэг зуун наян гурав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан таван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ийн нэхэмжлэлээс 130,600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримт авагдаагүй 2,084,710 төгрөгийн болон сэтгэцэд учирсан хор уршиг болох 40,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-д хохиролд 19,710,000 төгрөг, тэтгэврийн зээлд 5,000,000 төгрөг төлсөн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нь гомдол саналгүй гэсэн, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины хар өнгийн гүперийн хагархай 1 ширхэг, гэрлийн бүрхүүлийн хэсэг 1 ширхэг, гэрлийн хар өнгийн бүрхүүлийн хагархай 1 ширхэг, гэрэл 1 ширхгийг устгахаар, шүүгдэгч Ц.А-ийн *** дугаартай жолоодох эрхийн B ангиллын жолоочийн үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, *** улсын дугаартай Mitsubishi L200 маркын автомашиныг битүүмжилсэн Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, мөн хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол дээр маргаагүй бөгөөд төлж барагдуулахаа илэрхийлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-тэй өмгөөлөгч Б.Хандмаагаар дамжуулж сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгах тал дээр урьдчилгаа өгч, талууд сайн дураараа тохиролцон 15-н сая төгрөг өгөхөөр гэрээ хийж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Анхан шатны шүүх хуралдаанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-д нийт 24,710,000 төгрөгөөс 11,932,690 төгрөгийг гаргуулахаар гэж дүгнэн, 12,777,310 төгрөгийг хэлэлцэхгүй орхисон. Сая хийсэн гэрээний 15-н сая төгрөгөөс 12,777,310 төгрөгийг нь төлсөн гэж ойлгож байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н ямар нэгэн гомдолгүй гэдгээ анхан шатны шүүх хуралдаан дээр хэлж байсан. Гэтэл бодит бус 40,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь миний ар гэр рүү утасдаж мөнгө төгрөг явуул, үгүй бол би давж заалдаж та нарт байгаа бүгдийг авна харж бай, нөхрийг чинь шоронд хатаана, магадланд оруулахгүй яс суулгана гэх зэргээр дарамталж байгаа нь амь хохирогчоор далимдуулж байна гэж ойлгож байна.
Иймд миний эрх зүйн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Ц.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолын 4 дүгээр хуудсанд шүүгдэгч Ц.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлоо төлсөн хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлах саналыг үндэслэлгүй гэсэн тайлбар хийж дээрх хуулийн заалтыг хэрэглээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан. Анхан шатны шүүх хүний амь нас хохирсон учраас хохирлыг арилгах боломжгүй тул хохирлыг нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтооно гэснийг арилаагүй гэж үзсэн. Шүүгдэгч Ц.А нь хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн бүрдүүлж өгсөн нотлох баримтын хүрээнд бүх хохирлыг төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н сэтгэл санааны хохирол 40,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Хохирогч нь 61-н настай байсан. Аргачлалд зааснаар зургаан жилийн хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээр тооцож сэтгэцэд учирсан хохирлыг 15,000,000 төгрөгөөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй тохиролцсон. Шүүгдэгч Ц.А нь залуу хүн учраас гэм буруугаа ойлгож 15,000,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. Гэрээ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Үүний урьдчилгаа 3,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн. Үлдсэн 12,000,000 төгрөгийг 2 хэсэг хувааж өгөхөөр тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н гэрээ байгуулсан 15,000,000 төгрөгөө мартчихсан, ахиад 40,000,000 төгрөг авна гэсэн шаардлага гаргасан. Үүнийг анхан шатны шүүхээс иргэний шүүхээр нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилаагүй байна гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглээгүй учраас санал нийлэхгүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн саналыг гаргаж байгаа. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 900 нэгжээр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна.
Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэргийн газрыг зориудаар орхиж зугтаасантай холбоотой гэсэн тайлбар хийсэн. Хэргийн газрыг зориудаар орхин зугтаасан үйлдэл нь тусдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн шинжийг хангасан гэж торгох ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 4.1-т заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагад хэргийн газрыг орхиж зугтаасан үйлдэл нь хамааралгүй. Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар хорих ялыг багасгаж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 900 нэгжээр торгох ялыг нь тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Прокурор Л.Галбадрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.А-ийн гаргасан гомдол нь хохирол төлсөн асуудал дээр маргаан үүсгэж байгаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлаж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн байна. Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж хэргийг шийдвэрлэхээр хуульчилсан. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн газрыг зориудаар орхиж зугтаасан нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ц.А нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хохирол төлөхөө илэрхийлсэн. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгчид 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг анхан шатны шүүхээс оногдуулсан. Шүүгдэгчид оногдуулсан хорих ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзсэн. Хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч нь хохирол төлсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлийг хангалттай тодруулсан. Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирогчийн хуулиар олгосон эрхийг хассан, хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн зүйл байхгүй бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тал бүрээс нь хянаж, нягталж, шалгасны дүнд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутагт байрлах засмал зам дээр *** улсын дугаартай Mitsubishi L200 маркын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.2, 11.3-т заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж улсын дугааргүй Мустанг-5 маркын мотоциклийг жолоодож явсан иргэн Ч.Б-ийн амь нас хохирсон,
мөн зам тээврийн осол гарсан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 2023 оны 04 дүгээр сарын 12-ны орой 23-н цагийн үед хамаатны Д гэх хүн гэрт ирээд аймгаас яриул гэж байна гэсэн. Тэгсэн аавыг машин мөргүүлсэн байна гэдгийг хэлсэн. Тэгээд нас барсныг нь хэлсэн. Тэгээд өглөө наашаа гараад ирсэн. Осол яг ямар байдлаар болсон талаар харж мэдсэн зүйл байхгүй ... гэх мэдүүлэг (хх-ийн 41 хуудас),
Гэрч Т.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн орчимд Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай, цагаан өнгийн Приус 20 маркын автомашинтай, машинаа би өөрөө жолоодоод ээж Т, 2 найзынх нь хамт Баянхонгор аймгийн төв орохоор гарсан. Тэгээд замдаа зогсолгүй явсаар Өвөрхангай аймгийн пост дээр ирсэн. Өвөрхангай аймгийн пост дээр уншуулсан баримтын цагийг харахад 21 цаг 06 минутад уншуулсан байсан. Тэгээд аймгийн төвөөр дайраад зогсолгүй чигээрээ явсан. “***” гэх нэртэй зоогийн газар өнгөрөөд замын тойрог дээр эргэтэл өөдөөс цагаан өнгийн жижиг автомашин манай машинтай зөрж өнгөрсөн. Зөрж өнгөрсөн болохоор маркыг нь хараагүй. Өөдөөс ирсэн машиныг зөрөхөөр нь гэрлээ хол дээр нь шилжүүлсэн чинь мотоциклийн арын хамгаалалтын төмөр нь машины гэрэл гялбаад харагдсан. Тэгээд машинаа зогсоогоод хартал замын хажууд мотоцикл газар унасан байсан. Тэгтэл мотоциклийн наана дээл харагдсан. Тэгэхээр нь сайн хартал 2 хөлөө солбичихсон хүн хэвтэж байсан. Машинаас бууж очиж хараагүй. Тэгээд манай ээж Т Цагдаагийн газарт мэдэгдсэн гэх мэдүүлэг (хх-ийн 45 хуудас),
Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2023 оны 4 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн үед Өвөрхангай аймгийн ...... сумын ..... дүгээр багийн нутаг ........ гэх газраас аймгийн төв орж бензин авах ажилтай явах гэсэн чинь Б ах хамт явъя гээд бид хоёр тусдаа мотоциклтой явсан юм. Би аймаг ороод Б ахын мотоциклд нь бензин хийж өгье гээд хамт явсан. Тэгээд би түрүүлээд явсан. Аймгийн баруун талын малчин шопын урд зогсоод хүлээгээд зогсож байсан чинь араас мотоциклийн гэрэл нь гараад ирж яваа харагдсан юм. Тэгэхээр нь би түрүүлээд аймгийн төвөөс Ба гэх айлаас бензиний мөнгө аваад Б ах араас ирэхгүй болохоор нь утас руу нь баахан залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь явсан чинь байхгүй байсан. Аймгаас баруун тийш гараад явж байсан чинь цагдаагийн машины гэрэл гараад байсан. Би цагдаа нар саатуулчихсан юм болов уу гээд наанаас нь яваад очсон чинь осол болчихсон байсан. Сүүлийн хоёр хоног архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй манайд байсан. Талийгчийн унаж явсан мотоцикл гэрэлтэй, гэрэл нь асдаг, хуучин мотоцикл байсан. Талийг зөөлөн унадаг, олон жил мотоцикл унаж байгаа. Хөл нь жаахан муу гэхдээ гайгүй унадаг хүн байгаа юм гэх мэдүүлэг (хх-ийн 51 хуудас),
Гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Манай нөхөр А өчигдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ архи уучихсан байсан. Би хүүхдийн эцэг эхийн хуралд суучихаад ирсэн жаахан халчихсан байсан. Тэгээд 15-16-н цагийн үед хүнтэй уулзчихаад ирье гээд гарсан. Машинтайгаа явна гэсэн. Би яах гээд байгаа юм, юм үнэртүүлчихсэн юм биш үү гэсэн чинь дөнгөж гарчихаад хүнтэй уулзчихаад ирнэ гээд гарсан. Тэгээд гарснаас нь хойш 30 минутын дараа би залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Гарснаас нь хойш залгаад байсан. 21 цагийн үед юм уу ганцаараа пижигнээд ороод ирсэн. Сандарчихсан согтуу байсан би хүн дайрчих шиг боллоо гээд сур бариад амиа хорлоно энэ тэр гээд байсан. Манай дүү Бя манай гэрт байсан. Бид хоёр хориод яасан юм, юу болсон юм гэхээр хүн дайрчих шиг боллоо гээд байсан. Хаана гэхээр сайн хэлэхгүй байсан. Би сандраад А ингээд байна гээд Ою гээд эгчийг нь дуудаж ирүүлсэн. Тэгээд эгч нь орж ирээд яасан юм гээд л байсан. Эгчийг нь орж ирэхээр би машиныг нь хараадахъя гээд гарсан чинь машиных нь жолооч талын урд дугуй нь хагарсан, гүпер гэрэл нь цөмөрчихсөн байсан. Тэгээд орж ирээд яалт ч үгүй юм мөргөчихжээ. Одоо цагдаа дээр очиж хэлье, явъя гэсэн чинь А нэмэргүй, би одоо дууссан, өөрийгөө алахаас өөр зам байхгүй гээд байсан. Тэгж байтал цагдаа нар ороод ирсэн. Цагдаа аваад явсан, бид хэд араас нь цагдаа дээр ирсэн. Үлээсэн чинь 1.8 хувийн согтолттой гарсан гэж хэлж байсан. Хар өнгийн Mitsubishi L200 маркын машинтай, өөрийнх нь нэр дээр байдаг. Хаашаа явна гэдгээ хэлээгүй, дөнгөж нэг хүнтэй уулзчихаад ирье л гээд байсан. Хэнтэй уулзсан, хаана байсныг нь мэдээгүй. Хэнтэй явсан юм гэхээр ганцаараа явсан л гээд байсан. Эхлээд гарахаас өмнө бол дэргэд нь суухад үнэртээд байсан. Сүүлд хүн дайрчихлаа гэж орж ирэхдээ сүрхий согтуу байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 53 хуудас),
Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ...Би тэр өдөр базындаа очдог юм уу гэсэн бодолтой гэрээсээ гараад явж байгаад түлшээ харсан чинь бага байхаар нь гэнэт аймаг руу эргэж буцъя гэтэл нэг юм түс гээд явчихсан тэрнээс хойшхыг ер нь санахгүй байгаа. Гэм буруугаа хүлээж байгаа. Тэр өдөр ажлын газрынхаа Ж гээд хүнтэй гэрт нь очоод 0.5 литртэй Тайга гэсэн дөрвөлжин шилтэй архи уусан байсан. Гэрээсээ 17 цагийн үед гарсан. Өөрийн эзэмшлийн L200 маркын автомашинтай явсан Ж гээд ажлын хүнтэй таарчихъя даа гээд гарсан. Тэгээд Уянгын *** руу явахаар болсон. Осол болсон газраа зогсож бууж үзсэн эсэх талаар санахгүй байна. Нэг мэдэхэд гэртээ ирсэн байсан. Гэртээ ирээд юм мөргөчих шиг боллоо гэсэн манай эхнэр гүйж гараад юм мөргөчихсөн юм шиг байна машины чинь урд тал цөмөрчихсөн байна гэж хэлсэн. Би Ж-ийнхээс 20-н цагийн үед гараад Аа гээд айлаар ороод дараа нь Ганрагчаа гэдэг айлаар ороод тэгээд шууд гарсан. Оршуулгын зардал нь 10.000.000 төгрөг дансаар өгсөн. Н-ийнх нь эхнэрийн дансаар өгсөн. 2 хонь, 10-н ширхэг бөөрөнхий мод хөрөөдөж хагалаад өгсөн. 40-н кг төмс, 10-н кг лууван өгсөн. Тэтгэврийн зээлтэй гээд 3.000.000 төгрөгийн зээлийг бас хүү Н-ийнх нь эхнэрийнх нь данс руу 49 хоног болоход нь бас 1.000.000 төгрөг өгсөн байгаа гэх мэдүүлэг (хх-ийн 103 хуудас),
Мөрдөгчийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 5-16 хуудас),
2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 17-21 хуудас),
2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 22-23 хуудас),
Мөрдөгчийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хх-ийн 24-32 хуудас),
Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Одгэрэлийн цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 41 дугаартай дүгнэлт (хх-ийн 55-62 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн авто механикийн багш, мэргэшсэн инженер, техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт, 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлт (хх-ийн 69, 73 хуудас),
Шүүгдэгч Ц.А-ийн анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлэг болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.А-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Ц.А нь ... Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлж барагдуулахаа илэрхийлсэн. Иймд миний эрх зүйн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан анхан шатны шүүхээс 2 жил 8 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэсэн агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ц.А-д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон, гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байгаа учир шүүгдэгч Ц.А-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч Ц.А-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 28 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 28 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.