Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 110/ШШ2025/0069

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: М.Х,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Нийгмийн даатгалын газар,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.А нарын  хоорондын  нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэртэй холбоотой маргааныг хянан  хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

            1.Нэхэмжлэгч М.Х нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан, “М.Х өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын  татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт  даалгах“-аар маргаж байна.

            2. М.Х нь  2025 оны 5 дугаар сард аймгийн Нийгмийн даатгалын газарт хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан байх ба тус хэлтсийн байцаагчаас өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  хариу өгсөн байна. 

            3. М.Х  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх  салбар зөвлөлд 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр  өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан уг шийдвэрийн талаар гаргасан гомдолд “өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэсэн хариу 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр  өгснөөр нэхэмжлэгч 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Я. С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Монгол Улсын иргэн М.Х нь одоо 56 настай, улсад 28-аас доошгүй жил ажилласан, үүнээс хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу галчаар 15 жил, 5 сар, 15 хоног ажилласан байна. Өөрөөр хэлбэл М.Х нь 1988 оны 10 дугаар сараас 1990 оны 10 дугаар сар хүртэл 2 жил цэргийн алба хаасан, 2013 оны нөхөн даатгалын хуулиар 1990 оны 11 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарын 31-ний  өдрийг дуустал 10 жил 2 сарын хугацаатай  нөхөн даатгал хамрагдсан, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын сургууль болон “Ах ниет” ХХК-д 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл галчаар тасралтгүй ажилласан болно.

М.Х Баян-Өлгий аймгийн Бугат сумын 10 жилийн дунд сургуульд болон “Ах ниет” ХХК-д галчаар ажиллаж байсан хугацаа нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарагдаж байна гэж үзэж байна. Ингээд М.Х нь “Ах ниет” ХХК-ны галчийн үүрэгт ажлаас 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр чөлөөлөгдсөний дараа хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Бугат сумын нийгмийн даатгалын байцаагчид холбогдох бичиг баримтуудыг хавсарган хүсэлт гаргасан боловч сумын нийгмийн даатгалын байцаагч “Таны хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан жил хүрэхгүй байна” гэж уг материалуудыг хүлээн авахаас татгалзсан байна. Иргэн М.Х 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 43 дугаартай тогтоолоор М.Х гомдлыг ханган шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн байна. Ингээд М.Х өндөр насны тэтгэвэр авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул  зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна.

М.Х хувьд сургуулийн галчаар  олон жил ажилласан. Сургуулийн халаалт нэгдсэн халаалтад шилжсэний дараа “Ах ниет” ХХК-д ажилласан. Өөр ажил хийгээгүй, галчийн ажлыг л хийсэн. Хөдөлмөрийн хүнд нөхцөлд 12 жил 6 сараас дээш хугацаагаар ажилласан. Иймэрхүү хэргийг шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тогтоол байгаа, уг тогтоолоор Х.А сургуульд галчаар ажилласан, мөн компанид шилжсэний дараа галчаар ажилласан хугацааг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамааруулсан.

Иймд иргэн М.Х өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг  тогтоож, М.Х 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэв.

5. Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын газар хариу тайлбартаа: 

Нэхэмжлэгч М.Х нь 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдөл гаргасан. Уг өргөдлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зөвлөлийн хуралд оруулж, холбогдох нотлох баримтыг танилцуулж, хурлаас хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох жилийн болзол хангахгүй тул боломжгүй гэж шийдвэрлэсэн.Нэхэмжлэгч М.Х нь  2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл галчаар ажилласан гэж байгаа.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “Нийтдээ 20-иос доошгүй ажил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй” гэж заасан.  Нэхэмжлэгчийн нотлох баримтаас авч үзэхэд 2010 онд 5 сар, 2011 оны 8 сар, 2012 оны 9 сар, 2013 онд 7 сар, 2014 онд 8 сар, 2015 онд 9 сар, 2016 онд 10 сар, 2017 онд 10 сар, 2018 онд 10 сар, 2019 онд 10 сар, 2020 онд 9 сар, 2021 онд 9 сар, 2022 онд 9 сар, 2023 онд 9 сар, 2024 онд 9 сар, 2025 онд 3 сар, нийтдээ 134 сар буюу 11 жил 2 сар ажилласан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр ажилласан байвал зохих 12 жил 6 сарын болзлыг хангахгүй байна.

Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 50.2-т заасан хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг даатгуулагчийн ажиллаагүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, ажил олгогч нийгмийн даатгалын санд төлнө” гэж заасан. Гэтэл Нийгмийн даатгалын газрын системээс нэхэмжлэгчийн цалинг шалгаж үзэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй цалин авч байсан нь тогтоогдсон.

Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр ажилласан жилийг тооцоход Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтын 2.4-т “улирлын чанартай уурын зууханд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан галчийн хэвийн бус нөхцөлд ажилласан  хугацааг тухайн улирлын ажлын үргэлжлэх хугацаагаар тооцно” гэж заасны дагуу нэг жилд 8 сар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласнаар тооцно.

Иймд сул зогсолтоор нийгмийн даатгалын шимтгэл төлсөн саруудыг хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр ажилласнаар тооцогдохгүй тул хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох болзол хангахгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 

М.Х галчаар ажилласан эсэхтэй холбоотой маргахгүй, зөвхөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэгт заасан  ”нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй” гэдэг шаардлагын “хөдөлмөрийн хүнд нөхцөлд 12 жил 6 сараас доошгүй жил ажилласан” гэх  шаардлагыг  хангахгүй байгаа гэдэг үндэслэлээр татгалзсан. Эхний ээлжид Бугат сумын тэтгэврийн байцаагч М.Х ажилласан жилийг тооцоолж үзээд “нийт ажилласан 20 жилийг хангаж байгаа боловч хөдөлмөрийн хүнд нөхцөлд 12 жил 6 сараас доошгүй жил буюу галчаар ажилласан жил нь хүрээгүй байна” гэж татгалзсан. Дараа нь Нийгмийн даатгалын газрын тэтгэвэр, тэтгэмж хариуцаж байсан Х.М материалыг судалж үзэхэд, 2010 оноос 2025 оны 4 дүгээр сар хүртэл нийтдээ 15 жил 9 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн,үүнээс галчаар шимтгэл төлсөн жил 11 жил 2 сар болсон, хуульд заасан шаардлага хүрээгүй  байна гэж хариу өгсөн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой,халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт” гэж байна.  Энэ жагсаалтын 1410 дугаарт галч /байнгын ажиллагаатай уурын зуухны машинч, галч/,  /Улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг  уурын зуухны галч/ гэж зааснаар хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад хамаарч байна. Энүүгээрээ нийгмийн даатгалын шимтгэлийг 2010 оноос эхлэн төлсөн байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан ажил мэргэжлийн код гэж байдаг. Үндсэн ажилтан ажиллаж байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг 01 гэдэг кодоор төлдөг. Галч нь улирлын шинж чанартай ажил юм. Монгол Улсын нөхцөл байдалд 9 дүгээр сарын 15-ны өдрөөс галлагаа эхлээд 5 дугаар сарын 15-ны өдрөөс галлагаа зогсдог. Зуны улиралд сул зогсоно. Сул зогсох үед ажил олгогч нь тэр хүний нийгмийн даатгалын  шимтгэлийг 25 кодоор буюу ажил олгогчийн төлөх шимтгэлээр төлж өгдөг. Зуны улиралд галчид цалин гаргахгүй, тэр үед ажил олгогч нь  25 кодоор нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгдөг. Би сая  нотлох баримтаар гаргаж өгсөн баримтыг  программаас гаргасан. Энэ дээр жишээлбэл, 2011 оны 6, 7, 8, 9 дүгээр саруудад 25 кодоор төлж байсан. 25 код гэдэг нь хувь нь бага, зөвхөн ажил олгогчийн төлсөн шимтгэлийг хэлдэг, даатгуулагчаас шимтгэл авахгүй. Энэ хугацаанд галч ажиллахгүй, сул зогсолт байгаа учраас галчаар ажилласан гэж үзэх боломжгүй.

Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд хамгаалах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт “Улирлын чанартай уурын зууханд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан галчийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацааг тухайн улирлын ажлын үргэлжлэх хугацаагаар тооцно. Жишээ-1: Жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд уурын зуухны галчаар /машинчаар/  ажилладаг даатгуулагчийн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацааг жил бүр 8 сараар тооцно” гэж нарийн заасан. Мөн журмын 2.5 дахь хэсэгт “Ажил олгогчоос тухайн улирлын чанартай ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлсөн, эсхүл хөдөлмөрийн хэвийн нөхцөлтэй ажлыг хариуцуулан ажиллуулж шимтгэл төлсөн бол уг хугацааг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласнаар тооцохгүй” гэж заасан. Хэрвээ галчаар 8 сар ажиллаад, үлдсэн 4 сард ажилд олгогчоос өөр ажилд ажиллуулж болно. Тэр үед  01 гэдэг кодоор нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ч гэсэн галчаар ажилласанд тооцохгүй гэж заасан.  Ийм учраас нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

1.Нэхэмжлэгчийн “М.Х өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын  татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт  даалгах“  нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч М.Х 1968 оны 11 дүгээр сарын 01-нд төрсөн, 56 настай,  1988- 1990  онд хугацаат цэргийн алба хаасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 5,25 дах тал/ тус тус тогтоогдож байгаа ба  Цэргийн алба  хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно” гэж зааснаар нийтдээ 3  жилийг  шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор байна.

3. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан тул М.Х ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жилээр /1990-2000 он/ нөхөн тооцсон болохыг  баталгаажуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар /Хавтаст хэргийн   10 дах  тал/ тогтоогдсон.

4. Нэхэмжлэгч М.Х нь  2010 оны 01 дүгээр сарын  04-ээс эхлэн 2025 оны 5 дугаар сарын 15-ыг хүртэл Бугат сумын ахлах сургуульд /одоо ерөнхий боловсролын сургууль/, тус сургууль нь төвлөрсөн халаалтад холбогдсоноор  сумын төвд дулаан үйлдвэрлэх, түгээх,  дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэй  “Ах ниет“ ХХК-д  тус тус галчаар  ажилласан байх ба нэхэмжлэгчийн галчаар ажилласан  15 жилийн хугацааны /2010 онд 8 сар, 2011-2024 онуудад тус бүр 12 сар, 2025 онд 4 сар/ нийгмийн даатгалын шимтгэл  төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  /Хавтаст хэргийн 6-9,16-23,43,45-52,54,56,59-95,99-100,102,106-108 дах тал/ тус тус тогтоогдсон болно.

5. 2024 оны 01 дүгээр сарын 01-ээс  эхлэн дагаж мөрдсөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн  21.4-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 50.2-т заасан хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг даатгуулагчийн ажиллаагүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, ажил олгогч нийгмийн даатгалын санд төлнө”, 33 дугаар зүйлийн 33.1-т “Даатгуулагч дараах эрх эдэлнэ: 33.1.1.нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангасан тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1-т “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 5.1.5.нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй”, 5.3-т “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй   тогтоох газрын доор,   хөдөлмөрийн хортой,   халуун,    хүнд нөхцөлд хамаарах  ажил, мэргэжлийн жагсаалт”-ын  Дөрөвт “Хөдөлмөрийн хүнд нөхцөл 4.1.Эрчим хүч үйлдвэрлэлийн: 41.Галч, 4.44.Хүнд нөхцөлд хамаарах түгээмэл ажил мэргэжил: 26.Галч /Байнгын ажиллагаатай уурын зуухны машинч, галч/, /Улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг уурын зуухны галч/” гэж, уг тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй   тогтоох газрын доор,  хөдөлмөрийн хортой,   халуун,    хүнд нөхцөлд хамаарах  ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”-ын 2.4-т “Улирлын чанартай уурын зууханд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан галчийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацааг тухайн улирлын ажлын үргэлжлэх хугацаагаар тооцно. Жишээ-1: Жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд уурын зуухны галчаар /машинчаар/  ажилладаг даатгуулагчийн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацааг жил бүр 8 сараар тооцно”, 2.5-д “Ажил олгогчоос тухайн улирлын чанартай ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлсөн, эсхүл хөдөлмөрийн хэвийн нөхцөлтэй ажлыг хариуцуулан ажиллуулж шимтгэл төлсөн бол уг хугацааг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласнаар тооцохгүй” гэж тус тус заажээ.

6. Харин 2024 оны 01 дүгээр сарын 01-ийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-т “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”,15 дугаар зүйлийн  6-д “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална”,  16 дугаар зүйлийн 7-д “Хуанлийн жилд 7 сараас доошгүй хугацаагаар улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтныг жилийн туршид нийгмийн даатгалд даатгуулсанд тооцно”, 8-д “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр төлнө”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно”, 4 дүгээр зүйлийн  3-д “Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:3/нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, …бол тус тус өөрийн хүсэлтээр” гэж,

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн  77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун,  хүнд нөхцөлд хамаарах  ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Дөрөв.Хөдөлмөрийн хүнд нөхцөл”-ийн 1-т “Эрчим хүч үйлдвэрлэлийн ...байнгын ажиллагаатай уурын зуухны галч” гэж  тус тус  заасан.

Өөрөөр хэлбэл, 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуульд хуанлийн жилд 7 сараас доошгүй хугацаагаар улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг  ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг  хэн, хэдэн хувиар төлөх талаар зааснаас гадна уг ажилтныг жилийн туршид нийгмийн даатгалд даатгуулсанд тооцохоор  зохицуулсан, харин  2024 оны 01 дүгээр сарын 01-ээс  эхлэн дагаж мөрдсөн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг  ямар эх үүсвэрээс тооцож, хэн, хэдэн хувиар  төлөх талаар зааж, харин уг хуулийн дагуу холбогдох сайдаас баталсан журамд улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг  ажилтны хэвийн бус нөхцөлд ажилласан хугацааг тухайн улирлын ажлын үргэлжлэх хугацаагаар тооцохоор зохицуулжээ.

7.  Хариуцагч талаас “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын 2.4-т  зааснаар улирлын чанартай уурын зууханд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан галчийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацааг нэг жилд 8 сараар тооцох тул М.Х нь 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байх гэсэн шаардлагыг хангахгүй байна” гэж маргасан.

Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан “нийтдээ 20-иос доошгүй жил ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй” гэсэн өндөр насны тэтгэвэр тогтоох бусад  болзлыг хангаж байгаа талаар  болон  нэхэмжлэгчийн  Бугат сумын ерөнхий боловсролын сургууль болон “Ах ниет” ХХК-д  галчаар ажилласан нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах талаар маргаагүй болно.

8. Нэхэмжлэгч  М.Х нь 2010 оноос эхлэн 2025 оны 5 дугаар сарын 15-ыг хүртэлх хугацаанд  галчаар ажилласан  бөгөөд  түүний 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байдал нь тухайн үед мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын тухай хууль,Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/77 дугаар тушаалын үйлчлэлд  хамаарна.

Тодруулбал, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж нь батлагдсан өдрөөсөө хойших харилцаанд үйлчлэх бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтныг жилийн туршид нийгмийн даатгалд даатгуулсанд тооцохоор зохицуулсан тохиолдолд түүнээс хойш батлагдсан, эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг өмнөх харилцаанд буцаан хэрэглэх үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

9. Иймээс нэхэмжлэгч  М.Х 2010 оноос эхлэн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байдал нь тухайн үед мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын тухай хууль,Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/77 дугаар тушаалын үйлчлэлд  хамаарах тул нэхэмжлэгчийн галчаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 13 жил 8 сар /2010 онд 8 сар, 2011-2023 онд тус бүр 12 сар/-ын хугацаа   нь  хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд хамаарна гэж үзлээ.

Харин 2024 оны 01 дүгээр сарын 01-ээс  эхлэн дагаж мөрдсөн нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэгчийн 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны 5 дугаар сар хүртэл  галчаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн  1 жил 4 сарын  хугацааны 1 жилийн  /2024 онд 8 сар, 2025 онд 4 сар/ хугацааг хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан хугацаанд  тооцохоор байна.

10. Дээрх байдлаар нэхэмжлэгч  М.Х нь 14 жил 8 сар галчаар буюу  хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх тул “12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр түүнд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн татгалзал нь  Нийгмийн даатгалын  сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.5, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасантай  тус тус нийцээгүй, хууль бус бөгөөд уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн өндөр насны  тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзээд өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагч нийгмийн даатгалын байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын  сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн  10.1-т “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно” гэж заасан ба нэхэмжлэгчээс өндөр насны тэтгэвэр тогтоолгох  өргөдөл гаргасан өдрөөр биш харин  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх  салбар зөвлөлд гомдол гаргасны дараа өдрөөс буюу 2025 оны 5 дүгээр  сарын 23-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын  сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.5, 10 дугаар зүйлийн  10.1, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж,  М.Х өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын  татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт  даалгасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай. 

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЕРКЕШ