Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 373

 

О.Өсөхзаяад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор Д.Агар,                                        

          Ялтан О.Өсөхзаяа /онлайнаар/, түүний өмгөөлөгч Н.Ганбат,

          Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

         

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 406 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан О.Өсөхзаяагийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2015 2501 3099 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Харнууд овгийн Охины Өсөхзаяа, 1975 оны 3 дугаар сарын 7-нд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 50 дугаар байранд жижүүр ажилтай, ам бүл 1, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаа 20 дугаар гудамжны 13 тоот хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 50 дугаар байрны жижүүрийн байранд оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ДЮ75030701/,

 

О.Өсөхзаяа нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 12 дугаар сарын 18-ны орой 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 50 дугаар байрны 1 дүгээр орцны жижүүрийн өрөөнд хамтран амьдрагч 51 настай, эрэгтэй, С.Улаанхүүг цээжин тус газар нь нэг удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Өсөхзаяад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

О.Өсөхзаяаг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар О.Өсөхзаяад 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, түүний цагдан хоригдсон 117 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 33 см урттай, ажлын хэсгийн урт 20.1 см, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь талийгаачийг оршуулахтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан О.Өсөхзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. 2015 оны 12 дугаар сарын 18-нд буюу хэрэг гардаг өдөр миний бие согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гэтэл намайг согтуу байсан гэж үзсэн байна.

2. Хэрэг гарах үед талийгаач согтуу байсан ба “өөрөө үхнэ, намайг буудаж ална” гээд надтай хутга булаацалдаад байхаар нь гарч яваад орж ирсэн. Гэтэл хутганы шарх авчихсан, цус гарсан байсан. Би маш их айж цочирдсон байсан учраас юу гэж мэдүүлэг өгснөө сайн санахгүй байна.

3. Гэрч Зоригтын мэдүүлэг худлаа байна. Би өөрөө цагдаа, түргэн тусламж дуудахад 10 минутын дараа цагдаа ирсэн. Дуудлагын дагуу ирсэн цагдаа надаас юу гэж асуусныг би санахгүй байна. Мөн түргэний эмч талийгаачийг үзэж ямар нэгэн эмнэлгийн тусламж үзүүлээгүй, эмчийн мэдүүлэг хавтаст хэрэгт тусгагдаагүй байна.

4. Миний бие айж цочирдсоноосоо болж өөрийгөө хянах чадваргүй болчихдог зэргийг харгалзан үзсэнгүй.

5. Намайг гаднаас орж ирэхэд талийгаач хутганы шарх авсан байсан бөгөөд өөрөө хажуудаа байсан хутга дээр унасан байж магадгүй гэж үзэж байна. Энэ талаар шинжээчийн дүгнэлт гаргаж өгөөгүй.

6. Шинжээчийн дүгнэлтэд “талийгаач цус алдсаны улмаас нас барсан, мөн үүссэн шарх нь хэвтээ босоо байрлалд алинд үүсэхийг тодорхойлох боломжгүй, хүчтэй зэргийн согтолт нь үйлдэл хөдөлгөөн хийх чадвартай” гэснээс үзэхэд намайг хутгалсан гэдгийг бүрэн батлаагүй байна. Үүнийг шалгаж өгнө үү.

Энэ бүхнээс үзэж шүүгдэгчийн талд ашигтай байдлаар шийдвэрлэж өгөх боломж байдаг учраас энэ хэргийг дахин авч хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэв.

 

Ялтан О.Өсөхзаяагийн өмгөөлөгч Н.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Өсөхзаяагийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдийг анхаарч хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү. Түүний гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

 

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...О.Өсөхзаяагийн  үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү…” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

            О.Өсөхзаяа нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 12 дугаар сарын 18-ны орой 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 50 дугаар байрны 1 дүгээр орцны жижүүрийн өрөөнд хамтран амьдрагч С.Улаанхүүг цээжин тус газар нь нэг удаа хутгалж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-3-4, 7-13/, хэрэг учралын газрын үзлэгийн үед үйлдсэн гар схем зураг/хх-5/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-6, 14-15/,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Амаржаргалын “...миний дүү С.Улаанхүү нь хөдөлмөрч, цэвэрч нямбай, алдаатай тал нь жаахан юм уучихсан үедээ хүн өдөөд байвал үг сөрөх гээд байдаг...”, “...Эхнэрээсээ салчихаад манайд амьдарч байсан. Хамтран амьдарч байсан хүний талаар сайн мэдэхгүй байна. Таксинд явж байгаад хоол зардаг хүүхэнтэй танилцаж байсан юм байна лээ. Тэрэнтэйгээ дотно харилцаатай байсан гэж бодож байна...”/хх-33-35/,

 

            Гэрч Д.Охины “...Өсөхзаяа над руу утсаар яриад уйлаад байсан. Би “уйлалгүй яриач, юу болсон” гэхэд нэг хүний нэр хэлээд “тэр хүн хутгалагдчихсан” гэсэн. “Хутгалсан хүн амьтан нь байгаа юм уу” гэж асуухад “би өөрөө хутгалчихсан юм” гэсэн. Тэгээд утсаа тасалчихсан. Сүүлд нь охины хутгалсан гэх хүн нас барсан болохыг Элбэгзаяагаас сонссон...”/хх-38/,

 

            Гэрч Ц.Зоригтын “...би ахлагч Ц.Гансүхийн хамтаар дуудлагын дагуу явж очсон. Очсон чинь жижүүрийн байрны өрөөнд цээж нүцгэн эрэгтэй хүн цээжний зүүн хэсэгт, хөхнөөс дээд хэсэгт цус гарсан байдалтай дээрээс нь даавуу тавьсан байдалтайгаар нь хэвтэж байсан. Хажууд нь нэг эмэгтэй байсан ба хамтран амьдрагч Золзаяа гэх эмэгтэй “яана даа яана” гэж сандарсан байдалтай байж байсан. Тэгэхээр нь “хэн, хэн яагаад хутгалчихав” гээд Золзаяагаас асуухад “орцонд байсан гурван хүн унтаж байсан ба хөөж гаргах гэсэн чинь хутгалчихлаа” гэсэн. Тэгээд намайг дагуулаад гарсан. Өрөөнд нь биш орцонд хутгалсан гэж хэлж байсан. Тэгэхээр нь би хажуугийн орц руу очоод шалгахад хүн байхгүй байсан. Буцаж очоод Гансүхэд “дээшээ гараад шалгачих, янз бүрийн цусны толбо байна уу, үзээдэх” гэсэн. Гансүх шалгаад “ямар нэгэн цусны толбо алга байна” гэсэн. Танихгүй эрэгтэй, эмэгтэй хүн “наана чинь юу болсон бэ” гэснээ “19 цаг 40 минутын орчим бид хоёрыг орц руу орж байхад наад хоёр жижүүрийн хүмүүс чинь зодолдоод байсан шүү дээ” гэж хэлсэн. Би тэгэхээр нь Золзаяаг хутгалсан байж магадгүй гэж бодоод лавшруулаад асуухад “би өөрөө хутгалчихсан юм аа” гэж хэлсэн. “Намайг ирсэн чинь өөр хүүхэнтэй хэвтэж байхаар нь уур хүрээд хутгалчихсан юм аа” гэж хэлсэн. Золзаяаг хэлтэс дээр авчираад Цагдаагийн мэдээллийн сангаас шүүж үзэхэд Өсөхзаяа гэх нэртэй, Багануур дүүрэгт оршин суух хаягтай болох нь тогтоогдсон...”/хх-39/,

 

            Гэрч Ц.Гансүхийн “...Золоогоос уулзаад ярилцахад “өөрөө нөхрийгөө хардаад хутгалсан” гэж хэлсэн. Тэгээд “өмнөх салсан эхнэртэйгээ унтаж байхаар нь хутгалсан” гэж хэлсэн...”/хх-40/,

 

            Шинжээч эмч М.Энхбаярын “...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр С.Улаанхүүгийн цогцост задлан шинжилгээ хийхэд талийгаач нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх нэг удаагийн шарх авч, цус алдалтын шокт орсноос нас барсан байсан. Дээрх шарх авсан хүн ямар хугацаанд амьд байхыг тодорхойлох боломжгүй. Эгмэн доорх артерын судсыг дайрсан шарх байх. Эмч нарын зүгээс эмчилгээ, үйлчилгээ зөв хийсэн байсан. Хутганы байрлалын хувьд дээрээс доош чиглэлтэй эгц урдаас хатгасан шарх байсан. Хэвтээ, босоо байрлалд алинд үүсэхийг тодорхойлох боломжгүй...”/хх-53/ гэх мэдүүлгүүд,

 

            Хохирогч С.Улаанхүүгийн цогцост “…цээжний зүүн гялтанд зүүн суганы урд шугамаар 2, 3 дугаар хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрсэн шарханд оёдол тавигдсан. Цээж, хэвлийн хөндийд сул чөлөөт цус, шингэнгүй, гол судас цээжний хэсэгт 5 см, хэвлийн хэсэгт 4.5 см, агшилт 2 см. Зүүн уушгины дээд дэлбэнгийн урд гадаргад 2-р сегментэд 3 см мэс заслын оёдол бүхий шархтай. Шархыг шалгахад уушгины эдэд 4-5 см орчим суваг үүсгэсэн, суваг дагуу уушгины эдэд цус хурсан байв. Зүүн мөрний урд гадаргын цээжний зүүн хөндийд нэвтэрсэн, зүүн эгмийн доорх артери, зүүн уушгийг гэмтээсэн, хатгагдсан шарх. Дотор эрхтнүүдийн хурц цус багадалт. Зүрхний ховдол хоорондын таславчийн зүүн хана дах Минаковын толбо. Зүүн уушгины уналт. Тархины хаван. Цээжний хөндийг нээж шалгах, зүүн уушгийг оёх, гуурс тавих мэс засал хийсэн. С.Улаанхүүгийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, уг гэмтлийг ямар ч байрлалд авах боломжтой, задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй, С.Улаанхүү нь хурц цус алдалтын улмаас цус алдалтын шокт орж нас барсан, нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байсан...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 29 дугаартай дүгнэлт/хх-46-51/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...шинжилгээнд ирүүлсэн тогтоолд дурдагдсан шоо хээтэй саарал өнгийн даавуун өмд, саарал өнгийн майк, хар өнгийн куртик, саарал өнгийн зузаан ноосон өмд, бор өнгийн хос түрийтэй гутал, ягаан өнгийн дэвсгэр даавуу, шаргал өнгийн бүртээлэг, бор шаргал өнгийн бүтээлэг, тогтоолд дурдагдаагүй хар өнгийн тэлээ, цагаан өнгийн нимгэн куртик, ягаан өнгийн дэрний уут, ягаан өнгийн зузаан хөнжил дээр цус илэрсэн. Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй, саарал өнгийн даавуун өмд, хар өнгийн куртик, бор өнгийн хос түрийтэй гутал, ягаан өнгийн дэвсгэр даавуу, шаргал өнгийн бүтээлэг, хар өнгийн тэлээ, ягаан өнгийн зузаан хөнжил дээрх цус нь АВО системээр О/l бүлгийн харьяалалтай байна, саарал өнгийн майк, саарал өнгийн зузаан ноосон өмд, бор шаргал өнгийн бүтээлэг, цагаан өнгийн нимгэн куртик, ягаан өнгийн дэрний уутан дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна...” гэсэн 158 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-54-55/,

 

            О.Өсөхзаяа нь “...тархины өвчин, гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн органик эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь тодорхой үе шат байдаггүй болно. О.Өсөхзаяа нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэх баримт үгүй байна. Хэрэг үйлдэгдэх үед болон одоогийн нөхцөл байдалд хэрэг хариуцах чадвартай байна. Бие дааж эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох чадвартай байна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 254 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-66-68/,

                       

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа, ахлах ахлагч Ц.Зориг, ахлагч Ц.Гансүх нарын бичсэн илтгэх хуудас/хх-21/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-22-24/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх-25/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл/хх-26/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл/хх-27/, сэжигтэн О.Өсөхзаяагийн хэрэг гарсан өдөр өмсөж явсан хувцастай байх үеийн гэрэл зургийн үзүүлэлт/хх-28-29/, эд мөрийн баримт/хх-30/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл/хх-31-32/, амь хохирогч С.Улаанхүүгийн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх/хх-101-114/, О.Өсөхзаяагийн сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

Ялтан О.Өсөхзаяагийн гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулыг харгалзан О.Өсөхзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба ялтны гэм буруу, хувийн байдал, учруулсан гэм хорд тохирсон, хүнд бус ялаар шийтгэсэн байна.

 

Ялтан О.Өсөхзаяа нь давж заалдах шатны шүүхэд “түргэний эмчийн мэдүүлэг хэрэгт авагдаагүй, дахин шалгах зүйл байгаа” гэх давж заалдах гомдол гаргаж байгаа боловч О.Өсөхзаяа нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг хутгалж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, ялтан О.Өсөхзаяагийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үндэслэл тогтоогдоогүй, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь ялтны гэм бурууд тохирсон, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх тул ялтан О.Өсөхзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

 

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 406 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан О.Өсөхзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.ПҮРЭВСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ