Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 505

 

   С.У-, Ц.Б- нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 96 дугаар магадлалтай, С.У-, Ц.Б-т нарт холбогдох 201615000135 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Ганцэцэгийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан, гагнуурчин мэргэжилтэй,

Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлсэн, Ж овогт Ц-н Б,

2. Монгол улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 34-328 тоотод оршин суух,

Өвөрхангай аймаг сум дундын нэгдүгээр шүүхийн 1993 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №1/10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар,

Өвөрхангай аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/21 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сар хорих ялаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 8 сар хорих ялаар шийтгүүлж өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 22 хоногийн хорих ялыг нэгтгэж биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар 22 хоног хорих ялаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/151 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар 2 жил хорих ялаар,

Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт С-н У-.

С.У- нь ялтай байх хугацаандаа шүүгдэгч Ц.Б-тай бүлэглэж, давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 28-07 тоотод байрлах Л.Б-ны эзэмшлийн байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж 360,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хууль бусаар нэвтрэн орж 282,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

2016 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө гражийн жижиг хаалгыг нь эвдлэн орж 306,500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг тус тус нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр хулгайлж иргэн Л.Б-д нийт 948,500 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Б-, С.У- нарыг бүлэглэж, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, С.У- нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэж,

шүүгдэгч С.У-д оногдуулсан ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Ц.Б-д оногдуулсан ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан С.У-гийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Д.Ганцэцэг бичсэн дүгнэлтдээ “...Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолууд болон Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1826001320081 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах” тогтоол, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 97 дугаартай яллах дүгнэлт зэргээр Ц.Б- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргүүдийг үйлдсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Ц.Б-ын үйлдлүүдэд дээрх гурван удаагийн шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэлээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэсэн нь Ц.Б-ын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлтэй байх ба дээрх шийтгэх тогтоолуудаар ял шийтгэл оногдуулсан хэргүүдийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, эрүүгийн 1826001320081 дугаартай хэрэгтэй нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Ц.Б-ын эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж дүгнэн 05, 63, 112 дугаартай шийтгэх тогтоолуудыг давж заалдах шатны шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас прокурорын дүгнэлт бичин шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулан авч улмаар эхэлж эрүүгийн хэрэг үүсгэсэн эрүүгийн 201415000227 дугаартай хэрэгт нэгтгэн прокурор 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 244 тоот яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Өвөрхангай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Ц.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм хэрэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 7 жил хорих ял оногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Ц.Б- гомдол гаргасан ба магадлалаар “Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн Ц.Б-ын хулгайн үйлдлийг нэгтгэж шийдвэрлүүлэхгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан 1 гэмт хэрэгт 1 удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчмыг зөрчсөн байна гэж үзэн” 47 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурорт буцаасан байна.

Ялтан С.У- нь дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан байна.

Иймд Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаартай магадлалд заасны дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 96 дугаартай магадлалаас тус тус Ц.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон хэсгийг хүчингүй болгож хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж, прокурорт буцаалгахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Прокурор Ш.Одонсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Ц.Б- нь 5 удаагийн үйлдэлтэй гэмт хэрэгт шийтгэгдсэн. Эхний удаа 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял авсан. 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийг 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан 2 жил 6 сарын хорих ялыг, 2 жил  2 сараар тэнссэн. 2017 оны 09 дүгээр сарын 13-ны 112 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил, 1 сарын хорих ялаар, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заансаар 3 жил 5 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 3 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг нэмээд 7 жил 2 сарын хорих ялаар, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 6 жил 7 сарыг нэмээд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан нийт биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. 6 дахь удаагийн үйлдлээр  шалгагдаад өмнөх 5 шийтгэх тогтоолын сүүлийн 3 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэмж нэгтгэх шаардлагатай гэж буцаасан. Прокурор эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүх хүлээн аваагүй.

Ингээд сүүлийн 3 шийтгэх тогтоолд прокуророос дүгнэлт бичээд хүчингүй болгосон. Одоо шалгагдаж байгаа хэрэг 3 шийтгэх тогтоол хүчингүй болсон. Нийт 18 үйлдэлтэй байгаа.  Давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэгтгэхгүй бол яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна гэж үзээд буцаасан. Хуралд оролцож буй прокурорын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна. 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосноор зүйлчлэл өөрчлөгдөхгүй юм. Иймд тухайн хэргийн хүрээнд нь шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

С.У- нь ялтай байх хугацаандаа шүүгдэгч Ц.Б-тай бүлэглэж, давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 28-07 тоотод байрлах Л.Б-ны эзэмшлийн байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж 360,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мөн хууль бусаар нэвтрэн орж 282,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

2016 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө гражийн жижиг хаалгыг нь эвдлэн орж 306,500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг тус тус нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр хулгайлж иргэн Л.Б-д нийт 948,500 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Гэтэл шүүгдэгч Ц.Б-т холбогдуулан Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 329 дугаартай шүүгчийн захирамжаар эрүүгийн 1826001320081 дугаартай хэрэгт Ц.Б-ыг 2017 оны 07 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 03-ны хооронд Д.Долгорын гэрээс эд зүйл хулгайлсан үйлдлэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Ц.Б-ын өмнө нь ял шийтгүүлсэн 3 удаагийн шийтгэх тогтоолуудад ял шийтгүүлэхээс өмнөх үйлдлүүд илэрсэн байх тул яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, 112, 63, 05 дугаартай шийтгэх тогтоолуудыг хүчингүй болгож, нэгтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсний дагуу прокуророос шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах шатны шүүхэд дүгнэлтүүд бичиж шийдвэрүүдийг хүчингүй болгуулан нэгтгэж дээрх хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргасныг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор  хянан хэлэлцээд Ц.Б-ын 2016 оны 3 удаагийн хулгайн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жил 2 сарын хугацаагаар хянан харгалзсан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоос өмнөх үйлдэл илэрсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэгтгэх шаардлагатай гэж үзэн прокурор дүгнэлт бичжээ.

Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд тодорхой заасан болно.

Гэтэл Ц.Б-т холбогдох 201615000135 дугаартай хэргийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын 01 тоот дүгнэлтэд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан тодорхой үндэслэл дурдагдаагүй байх тул уг дүгнэлтэд заасан агуулгаар хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.

Тодруулбал, прокурорын дүгнэлтэд дурдсан нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “шүүх шийдвэр гарах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэсэн шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарахгүй бөгөөд шүүгдэгч Ц.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх боломжтой юм.

Өөрөөр хэлбэл, Ц.Б-ын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолын дагуу ял шийтгүүлсэн болон одоо шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийг нэгтгэснээр түүний урьд ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл хөнгөрөх буюу хүндрэх байдлаар өөрчлөлт орох үндэслэл тогтоогдохгүй байх тул шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцох боломжгүй гэж үзлээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 96 дугаар магадлалыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Өвөрхангай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 96 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Өвөрхангай аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Ганцэцэгийн бичсэн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН