Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 115/ШШ2016/0017

 


    2016          10            17                                     115/ШШ2016/0017


 Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, 
 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


      Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, нэхэмжлэгч С.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга нарыг оролцуулан хийсэн, иргэн С.Ч-ны нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс /хуучнаар/-ийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргасныг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч талаас миний цалинг нөхөөд олгочихвол эвлэрэх хүсэлтэй байна. Миний хувьд эвлэрэхийн үр дагаврыг ойлгож байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудаас ажилгүй байсан үеийн цалинг нөхөн олгох боломжтой. Харин ажилд нь буцаан томилох боломжгүй. Иймээс энэ нөхцөлөөр эвлэрэх хүсэлтэй байна. Чимэгсайханы цалин хөлсийг чөлөөлөгдсөнөөс нь хойш төлөх боломжтойг удирдлагад танилцуулснаар ийм саналд хүрсэн. Талууд эвлэрэхийн үр дагаврыг ойлгож байна гэв.
Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бичгээр байгуулсан гэрээнд: Нэхэмжлэгч С.Ч нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Дорноговь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн даатгалын шимтгэлийн хамт нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг биелүүлэх арга замаа харилцан тодорхойлсоны үндсэн дээр дараах нөхцөлөөр тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулахаар боллоо. Үүнд:
Нэхэмжлэгч С.Ч-д ажилгүй байсан үеийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх харин аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс /хуучнаар/-ийн даргын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг биелүүлэх шаардлагагүй” гэсэн нөхцөлөөр эвлэрлийн гэрээг байгуулж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрэх эрхтэй бөгөөд хариуцагч нь төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоо 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 244 тоот албан бичгээр  илэрхийлж улмаар итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө “нэхэмжлэгчтэй эвлэрэх” эрхийг олгожээ. /хх-ийн 159х/
      Нэхэмжлэгч С.Ч нь Дорноговь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс /хуучнаар/-ийн даргын  “С.Чныг ажлаас халах тухай” 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажил олгогчоос төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн хамт нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь эвлэрэх тухай хүсэлтээ илэрхийлж улмаар нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг биелүүлэх арга замаа “нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн даатгалыг шимтгэлийн хамт хариуцагчаас нэхэмжлэгчид нөхөн төлөх харин Дорноговь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс /хуучнаар/-ийн даргын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, С.Ч-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг биелүүлэх шаардлагагүй” гэсэн нөхцөлөөр тодорхойлж, маргаанаа дуусгавар болгохоор эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
    Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хооронд байгуулсан дээрх гэрээ нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

    Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг ийнхүү шүүгчийн захирамжаар баталснаар уг захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд тухайн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх тухайг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарласныг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон 

                           ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн С.Ч-ны нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс /хуучнаар/-ийн даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар “нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн даатгалыг шимтгэлийн хамт хариуцагчаас нэхэмжлэгчид нөхөн төлөх” нөхцөлөөр эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

    3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 


                     ШҮҮГЧ                                     Б.СИЙЛЭГМАА