| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2025/0040/З |
| Дугаар | 110/ШШ2025/0070 |
| Огноо | 2025-09-02 |
| Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 110/ШШ2025/0070
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Ж,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Толбо сумын Засаг дарга Б.Ж, орчуулагч М.Нурасыл шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Толбо сумын Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаартай захирамжаар нэхэмжлэгч С.Ж тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 700 м2 газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгосон байх ба нэхэмжлэгч энэхүү шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актын талаар Баян-Өлгий аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй гэж тайлбарлаж, 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ.Үүнд:
2.1. Би Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/139 дүгээр захирамжаар Толбо сумын 1 дүгээр баг, “Дэрст жалга” гэх газрын дээд талд байрлалтай, 700 м2 газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшиж, байшин барьж, хашаа татаж амьдарч байсан юм.
Газар эзэмших эрхийн Э-..... дугаартай гэрчилгээ авсан. Гэвч Толбо сумын Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаар захирамжаар миний энэхүү эзэмшиж байгаа газрыг ямар ч үндэслэлгүйгээр хүчингүй болгосныг мэдсэн. Сумын Засаг даргаар шинээр сонгогдсон Б.Ж нь сонгуульд санал өгсөн, өгөөгүй гэх байдлаар иргэдийн газрыг хүчингүй болгож, хууль зөрчиж дураараа аашилж байгаад гомдолтой байна.
2.2.Тус газарт миний эцэг, эх 30 гаруй жилийн хугацаанд хашаа байшин барьж, мал маллаж амьдарч ирсэн. Миний өвөг дээдсийн эзэмшилд нь байсан газар байсан бөгөөд Толбо сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/139 дүгээр захирамжаар хууль журмын дагуу эзэмшиж авсан. Тэрнээс өөр амьдрах газар надад байхгүй. Сумын Засаг даргаас миний газрыг хүчингүй болгох гэж байгаа талаар урьдчилж мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, шууд хүчингүй болгосон гэжээ.
3. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
3.1. Маргаан бүхий газар бидний өвөг дээдсээс 30 гаруй жилийн турш нутагшиж ирсэн газар юм. Тус газарт манай өвөө Ш, аав С нутагшиж ирсэн. Иймд тус газрыг би эзэмшихээр 4 жилийн өмнө нь тухайн үеийн Засаг дарга Н.Е хандаж, газрын гэрчилгээ гаргаж авсан. Тухайн газрыг намаржаа, хаваржааны зориулалттай эзэмшиж ирсэн. Уг газарт мөн өвөөгийн эцгийн дүүгийн хүүхэд болох Ш.К, түүний хүү К.Т нар амьдарч ирсэн. Бэлчээрээс болж Ш.К, К.Т нар маргаан гаргадаг. Түүнээс биш бид хамт суухад ямар нэгэн асуудал байхгүй. Би Ш.К малд халдсан, хөөсөн зүйл байхгүй.
3.2. Тус газарт анх баригдсан малын чулуу хашааг манайх болон Ш.К дундаа хамтран ашигладаг. Толбо сумын Засаг даргын 2022 оны А/139 дугаартай захирамжаар тухайн байршлаас миний эзэмшсэн газар бол манай байшингийн суурь орших газрын ойр орчны 700 м2 газар юм. Уг газарт бидний дундаа ашигладаг малын чулуун хашааны доорх газар орохгүй гэв.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
4.1. Тухайн газрыг удаан жилийн хугацаанд нэхэмжлэгч С.Ж болон Ш.К түүний хүү К.Т нар намаржаа, хаваржааны зориулалттай ашиглаж ирсэн. Гэтэл Засаг дарга нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн тухайн шийдвэрийг хүчингүй болгосон нь зорилгодоо нийцээгүй, удирдлага болгосон хуулийн заалт нь алдаатай, Газрын тухай хуулийг, түүнтэй байгуулсан гэрээний болзол журмыг удаа дараа ноцтой зөрчсөн гэдэг заалтыг үндэслэл болгосон. Гэтэл газар эзэмшигчийн хувьд Газрын тухай хуулийг, газар эзэмшүүлсэн гэрээний болзол, журмыг удаа дараа ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Нэхэмжлэгч С.Ж нь Газрын тухай хуулийг зөрчөөгүй, гэрээ ч байгуулаагүй байхад гэрээг зөрчсөн гэсэн байна.
4.2. Газрыг хүчингүй болгосон нь С.Ж ганцаараа эзэмших ёсгүй, газрыг Ш.К хамтдаа эзэмших ёстой гэж хариуцагч тайлбарлаж байна. С.Ж болон Ш.К нарт нэгтгэж нэг гэрчилгээ, захирамж гаргах боломж байхгүй.
С.Ж түрүүлж газар эзэмших шийдвэр гаргуулж авсныг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Иргэн С.Ж нь уг газар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон эсэхийг мэдэхгүй, монгол хэл ч мэдэхгүй.
Насаараа мал дээр байсан, түүний өвөг эцэг болон эцэг нь тэнд 30-40 жилийн хугацаанд мал маллаж амьдарсан. Иймээс Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргаж өгсөн. Ш.К гэдэг иргэн газрыг давхар эзэмших юм бол энэ талаар шийдвэр гаргаж өгөөгүй. Маргаан бүхий 700 м2 талбай газар нь бусдын газартай давхцахгүй.
4.3. Дундаа эзэмшиж байгаа чулуун хашааны газарт аль аль нь гэрчилгээ авч чадахгүй. Гэхдээ С.Ж 15 м2 талбайтай байшингийн ойр орчны газрыг хэмжих юм бол 700 м2 газраас илүү гардаг. 15 м2 талбайтай байшингаас дундаа ашиглаж байгаа 900 м2 талбайтай чулуун хашааны доорх газар орохгүй. Тиймээс хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Хариуцагч газар эзэмшүүлэх шийдвэр гаргах ёстой гэдгийг зөвшөөрч байгаа. Ш.К шийдвэр гаргаж өгөх ёстой байсан.
4.4.Багийн иргэдийн Нийтийн Хурлаас С.Ж, Ш.К нар хоёулаа уг газрыг эзэмших ёстой гэдгийг хэлэлцсэн байна. С.Ж хувьд Ш_К малыг тууж, хөөсөн асуудал байхгүй. Харин С.Ж байшинг Ш.К түүний хүү К.Н нар нураасан асуудал дээр цагдаагийн байгууллагад С.Ж гомдол гаргасан. Тэр асуудал нотлогдон тогтоогдоогүй учраас шалгагдаагүй. Хөрш хүмүүс байна, нэг нэгний бэлчээр руу мал нь орлоо гээд 30-40 жилийн хугацаагаар эзэмшиж ирсэн газрыг хүчингүй болгож асуудлыг шийдэхгүй. С.Ж хувьд гэрчилгээтэй байна гээд Ш.К албадан нүүлгэх, газар чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргаагүй.
Харин Ш.К нь С.Ж малыг хашаанаас битгий гаргаарай гэдэг шаардлага тавьж, маргаан үүсгэж явж байгаа.
4.5. 30 жил өвөг дээдэс нь амьдарч байсан газар дээр захирамж гаргуулж авсан нь үндэслэлтэй. Тухайн захирамж нь С.Ж хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох асуудал Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт 5 үндэслэлийг заасан. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгож болох 5 нөхцөл байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалтад “цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад, эсхүл тухайн захиргааны актад” заасан бол гэж заасан. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон, ороогүй гэдэг шалтгаанаар бусдад газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгохыг хууль тогтоомж, захиргааны актад заасан байвал хүчингүй болгож болно.
Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.2 дахь хэсэгт “захиргааны актад нэмэлт зохицуулалт заасан бөгөөд түүнийг тухайн этгээд хуульд заасан хугацааны дотор биелүүлээгүй бол” гэж заасан. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актад нэмэлт нөхцөл заагаагүй.
Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 дахь хэсэгт “шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол” гэж заасан.
Шинэ нөхцөл байдал бий болсон зүйл байхгүй. Ш.К өмнө нь сууж байсан, одоо ч гэсэн сууж л байна. Нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр нөхцөл байдал тогтоогдоогүй.
Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх хэсэгт “хууль, захиргааны хэм хэмжээний акт өөрчлөгдсөний үндсэн дээр захиргааны байгууллага тухайн захиргааны актыг гаргах эрхгүй болсон бөгөөд уг актаар эрх олгогдсон этгээд эрхээ хэрэгжүүлж эхлээгүй бол” гэж заасан. С.Ж нь 2022 оноос хойш тухайн газарт шинэ хашаа, байшин нэмж барьсан, байшин дээр кадастр хийлгэсэн. Хэрэгжиж эхлээд 3-4 жилийн дараа хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.5 дахь хэсэгт “нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд” гэж заасан. 30 жилийн хугацаатай эзэмшиж ирсэн газар дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгсөн нь нийтийн эрх ашигт ноцтой сөрөг нөлөө үзүүлээгүй. Тэгэхээр эерэг нөлөөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох нөхцөл байдлыг хуульчилж, тодорхойлж заасан байхад шууд өөрт нь мэдэгдэхгүйгээр хүчингүй болгосон.
Хамтдаа эзэмших ёстой гэдэг зүйлийг дэмжиж байна. Ш.К нь газар эзэмших гэрчилгээ авахад нь С.Ж ямар нэгэн саад учруулсан зүйл байхгүй гэв.
5. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:
5.1. С.ж нь газрыг эзэмших тухай Толбо сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд хүсэлт гаргаагүй, хэлэлцэж батлуулаагүй, тогтоол гаргаагүй, зуслан намаржаа бүхий иргэдийн нийтээрээ эзэмших бэлчээр бүхий газраас олгогдсон ба тухайн газарт өмнө нь хэн ч тэнд амьдарч байгаагүй одоо хэний ч эзэмшилд эрх байхгүй болохыг мэдэгдэж байна. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлд бэлчээр түүнийг зохистой ашиглах, хамгаалах талаар заагдсан ба 52.2-т зуслан намаржаа отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана гэх заалтуудыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1 дэх зүйлд эрхийн гэрчилгээ эзэмшигчийн газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн учраас хүчингүй болгосон гэжээ.
6. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
6.1. Маргаан бүхий “Дэрст Жалга” гэдэг газрыг 2022 онд Толбо сумын сумын Засаг даргын захирамжаар тус сумын 1 дүгээр багийн иргэн С Ж олгосон. Түүнээс өмнө нь тус газарт С.Жа өвөө н.Ш болон Ш.К нар ах, дүү, хамаатан садан хүмүүс тухайн газрыг хамт эзэмшиж ирсэн. Тухайн газрыг багийн иргэдийн Нийтийн Хурал болон сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлэхээр оруулахгүйгээр шууд захирамж гаргаж олгосон байсан.
6.2. С.Ж, Ш.К нар малаа нэг хашаанд хашиж, нэг газарт амьдарч байгаад сүүлд нэг нэгнийхээ малыг хөөгөөд, хоорондоо маргаж, газрыг хамт эзэмших боломжгүйд хүрч Ш.К, түүний хүү К.Т хоёр гомдол гаргасан. Гомдлыг судалж үзээд, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг газрын даамлаас тодруулж байгаад газрыг хүчингүй болгосон.
6.3. С.Ж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон зорилго маань нэг талд л газар эзэмшүүлэх биш, өвөг дээдсээсээ уламжилж ирсэн газрыг хоёр айл зэрэг ашиглаарай гэдэг үүднээс маргаан бүхий захирамжийг гаргасан.
Ш.К болон нэхэмжлэгч С.Ж нар тухайн газрыг хаваржаа, намаржааны зориулалтаар хамт эзэмших боломжтой. 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болоход энэ асуудлыг оруулсан. Хуралдаанд оролцсон нийт иргэдийн 80-аас дээш хувь нь С.Ж, Ш.К хоёр хамт эзэмших ёстой. Энэ хоёр хүмүүсийг хоорондоо зөрчилдөх шаардлага байхгүй гэж шийдвэрлэсэн.
Сумын газрын даамал болон багийн Засаг дарга нар маргаантай газраар явж үзсэн. Газар дээр хил тогтоосон, эндээс цаашаа явуулахгүй гээд газраа хувааж чулуугаар тэмдэг тавьсан байдалтай байсан. Сумын газрын даамал болон багийн Засаг дарга нар маргаантай холбоотой газарт нь удаа дараа очсон. Хамгийн эхлээд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ барьчхаад Ш.К болон К.Т нарын малыг хөөгөөд эхэлсэн хүн С.Ж байна.
6.4. С.Ж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь С.Ж олгосон 700 м2 талбайтай газар дотор Ш.К хашаа нь багтаж байгаа тул С.Ж эзэмшиж байгаа 700 м2 талбайтай газар дээр Ш.К үл хөдлөх хөрөнгө байна гэж үзсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн маргаан үндэслэлгүй байна.
2. Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/139 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр нэхэмжлэгч С.Ж тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамаарах “Дэрст жалга” нэртэй газраас 700 м2 газрыг хаваржааны зориулалтаар 30 жилийн хугацаагаар эзэмшүүлж, уг шийдвэрийг үндэслэж 0000279086 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.
3. Маргаан бүхий захиргааны акт болох Толбо сумын Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаартай захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн дээрх шийдвэрийг хүчингүй болгосон байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү маргаанд хамааралтай дараах үйл баримтууд тогтоогдсон.Үүнд:
4.1. Толбо сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/139 дугаартай захирамжаар нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн ба Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 274 дугаартай албан бичиг, хэргийн оролцогчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, шүүхээс хийсэн үзлэг, фото зураг зэрэг баримтуудаас үзэхэд тухайн байршил бүхий газар нь хөдөө аж ахуйн ангиллын бэлчээрийн газарт хамаардаг байна.
4.2. Гэрч Ш.С, Ш.К, К.Т, Толбо сумын 1 дүгээр багийн Засаг дарга Л.К, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Л.А болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас үзэхэд тус газрыг нэхэмжлэгчийн өвөг эцэг н.Шарив, түүний эцгийн талын хамаатан дүү гэх Ш.К нарын хоёр малчин айл 1971 оноос хаваржаа, намаржааны зориулалтаар анх ашиглах болсон, тухайн үед дундаа ашиглах малын чулуун хашааг хамтарч барьсан[1], нэхэмжлэгчийн өвөг эцэг н.Ш нь 2012 онд нас барсан, газрыг үргэлжлүүлж өнөөдрийг хүртэл н.Ш хүү Ш.С, ач хүү нь болох нэхэмжлэгч С.Ж болон Ш.К түүний хүү К.Т нар нь малчин өрхийн хувиар хаваржаа, намаржааны зориулалтаар тус тус ашигладаг.
4.3. Шүүхээс үзлэг хийхэд тухайн байршилд нэхэмжлэгч С.Ж болон Ш.К, К.Т нарын дундаа ашигладаг гэх 909.5 м2 талбайтай тус газарт анх баригдсан малын чулуун хашаа[2](1), нэхэмжлэгчийн эзэмшлийнх гэх 15 м2 талбайтай амбаар(2), нэхэмжлэгчийн эцэг Ш.С шинээр барьсан гэх 269.7 м2 талбайтай малын чулуун хашаа(3), блокоор барьсан 95.7 м2 талбайтай малын хашаа(4), иргэн Ш.К К.Т нарын эзэмшлийнх гэх 32 м2 талбайтай байшин(5) зэрэг барилга, байгууламжууд баригдсан.
4.4. Тус байршлаас нэхэмжлэгчийн өвөг эцэг н., эцэг Ш.С, иргэн Ш.К, К.Т нарт газар эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, дээрх иргэд эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр газрыг олон жилийн турш ашиглаж ирсэн. Нэхэмжлэгчийн хувьд анх тус газраас дээрх байдлаар Толбо сумын Засаг даргын 2022 оны А/139 дугаар захирамжаар 700 м2 газар эзэмших эрхтэй болсон.
5. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална.”, 52.2-т “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно.”, 52.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан нутаг дэвсгэртээ бэлчээрийн болон суурин мал маллагааны бүс нутгийг тогтоож болно.”, 52.6-д “Энэ хуулийн 52.1-д заасан ерөнхий хуваарь, 52.4, 52.5-д заасан газрын хэмжээ болон уг газрыг ашиглуулахтай холбогдсон журмыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.” гэж тус тус заасан. (2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн тухайн үед үйлчилж байсан заалтууд)
5.1. Нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн Толбо сумын Засаг даргын 2022 оны А/139 дугаартай захирамжид Толбо сумын 2021 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаартай “2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолыг үндэслэсэн байх боловч уг тогтоолоор Толбо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамаарах “Дэрст жалга” нэртэй газраас бэлчээрийн бүс, маргаан бүхий газрыг хаваржаа, намаржааны зориулалтаар малчдад эзэмшүүлэх ерөнхий хуваарийг тус тус батлаагүй нь дээрх тогтоол, тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 314 дугаартай албан бичгийн дагуу Толбо сумын газрын даамал Б.С ирүүлсэн нотлох баримт, газрын даамал Б.С гэрчийн мэдүүлэг[3] зэргээр тогтоогдсон.
Түүнчлэн тухайн байршлаас өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг нэхэмжлэгч С.Ж ашиглуулахаар Толбо сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас хуульд заасан журмаар санал гаргаж байгаагүй нь хэрэгт авагдсан Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1-01/22 дугаартай албан бичиг, гэрч Толбо сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Л.А мэдүүлгээр тогтоогдсон.
Иймд нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн Толбо сумын Засаг даргын 2022 оны А/139 дугаартай захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.” гэж заасантай болон хуулийн 52.1, 52.2, 52.6-д заасантай тус тус нийцээгүй ба тус газрыг хаваржаа, намаржааны зориулалтаар малчдад эзэмшүүлэхээр Толбо сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас газар ашиглуулах асуудлаар санал гаргаагүй байхад газар эзэмшүүлсэн нь хууль бус гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгчээс “...тухайн байршлаас газар эзэмших эрхтэй, уг газар нь миний өвөг дээдсийн 30 жилийн өмнөөс тасралтгүй эзэмшиж ирсэн газар юм.” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...маргаан бүхий газрыг Толбо сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдаагүй нь иргэний буруу биш” хэмээн тайлбарлаж маргасан боловч Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд “газар эзэмших” гэдгийг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгохоор заасан.
Төрөөс газрын талаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 4.1.4-т заасан ”газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” зарчмуудыг баримтлах бөгөөд газар эзэмшүүлэх эрх бүхий этгээд болох Засаг даргын шийдвэр нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын нэгжийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.“ гэж зааснаар хуульд нийцсэн байх шаардлагатай.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн Толбо сумын Засаг даргын 2022 оны А/139 дугаартай захирамж нь Газрын тухай хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгч талын маргаан нь үндэслэлтэй биш байна. Нэхэмжлэгчийн өвөг дээдсээс бэлчээрийн уг газрыг ашиглаж ирсэн уламжлал нь Газрын тухай хуулийн 52.2-т зааснаар тухайн хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг ашиглуулах асуудлаар багийн иргэдийн Хурлаас санал гаргахад харгалзах үндэслэл болохыг дурдах нь зүйтэй.
7. Хариуцагчаас шүүх хуралдааны явцад “...нэхэмжлэгч С.Ж нь газар эзэмшсэний дараа тус хаваржааны бэлчээрийг мөн ашиглаж ирсэн иргэн Ш.К, Х.Т нарыг суулгахгүй гэж, малыг нь хөөж маргаан үүсгэсэн. Нэхэмжлэгч Толбо сумын Засаг даргын 2022 оны А/139 дугаартай захирамжаар Ш.К, Х.Т нартай дундаа хамтран эзэмшдэг чулуун хашааны доорх газрыг эзэмшсэн байх ба Ш.К, Х.Т нарын хооронд маргаан үүсэж, энэ талаар гомдол гаргаснаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон.” гэж шүүх хуралдааны явцад тайлбарласан.
Шүүхээс хийсэн үзлэгээр тухайн газарт баригдсан нэхэмжлэгч С.Ж болон Ш.К, К.Т нарын дундаа ашигладаг гэх 909.5 м2 талбайтай малын чулуун хашаа(1), нэхэмжлэгчийн эзэмшлийнх гэх 15 м2 талбайтай амбаар(2), нэхэмжлэгчийн эцэг Ш.С шинээр барьсан гэх 269.7 м2 талбайтай малын чулуун хашаа (3), блокоор барьсан 95.7 м2 талбайтай малын хашаа (4), иргэн Ш.К, К.Т нарын эзэмшлийнх гэх 32 м2 талбайтай байшин(5) зэрэг барилга, байгууламжууд нь тусдаа байршилтай болох нь тогтоогдсон.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...С.Ж эзэмшсэн 700 м2 газарт Ш.К дундаа хамтарч ашигладаг малын хашааны доорх газар орохгүй, хашааны суурь газрын хэмжээ нь 700 м2-аас их буюу 909.5 м2 талбайтай байна, нэхэмжлэгчийн байшин /амбаар/ орших газрын ойр орчны 700 м2 газрыг нэхэмжлэгч эзэмшсэн, иймээс эзэмшил газрын байршлын цэгийг тодорхойлж байшингийн суурь бүхий 15.3 м2 газарт “Өлгий Ланд” ХХК-аар кадастрын зураг хийлгэсэн, энэхүү 15.3 м2 газар болон хашаа хоорондын зай 38.5 метр болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тодорхойлогдсон, иймээс Ш.К дундаа ашигладаг хашааны доорх газрыг эзэмшүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн эзэмшсэн газрыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, уг хашааны доорх газар болон Ш.К байшин орших газар нь маргаан бүхий газартай давхцаагүй, нэхэмжлэгч маргаан гаргаагүй, уг газрыг Ш.К, Х.Т нартай хамтарч эзэмшиж, ашиглах эрхтэй гэж үзвэл нэхэмжлэгчийн газрыг хүчингүй болгохгүйгээр Ш.К,Х.Т нарт тухайн байршлаас мөн хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх шийдвэрийг нь гаргаж өгөх ёстой байсан.” гэж тайлбарлан маргасан.
Гэрч Ш.К “...Миний бие 1971 оноос хойш 18 настайгаас эхлээд Толбо сумын 1 дүгээр багийн “Дэрс жалга” нэртэй газраас одоогийн С.Жа Толбо сумын Засаг даргын дээрх захирамжаар эзэмшсэн газарт мал маллаж, намаржааны зориулалтаар тус газрыг ашиглаж, амьдарч ирсэн ба одоо хүртэл хүү К.Т хамт амьдарч байгаа. Тухайн 1971 оны үед тус газарт С.Ж өвөг эцэг Ш болон би тухайн газрыг хамтарч ашигладаг байсан. Ш нь малчин хүн бөгөөд миний бие Ш туслах малчин нь байсан. Миний санаж байгаагаар 1980-аад оны үед байх тус газарт ах Ш хамтарч хувийн хөрөнгө, хөдөлмөрөөр өөрсдөө барьж, дундаа хамтарч ашигладаг байсан. Тус хашаа уг газарт одоо хүртэл байгаа...” гэж,
Гэрч Х.Т “...Би 48 настай, намайг хүүхэд байх үеэс С.Ж өвөг эцэг Ш болон миний аав К нар /манай 2 айл/ Толбо сумын 1 дүгээр багийн “Дэрс жалга” нэртэй газраас одоогийн С.Ж Толбо сумын Засаг даргын дээрх захирамжаар эзэмшсэн газарт мал маллаж, намаржааны зориулалтаар тус газрыг ашиглаж, амьдарч ирсэн. Одоо тус газарт манай байшин байгаа, Ш хамтарч дундаа ашиглахаар дээр үед барьсан малын том чулуу хашаа байгаа.” гэж тус тус мэдүүлсэн.
Нэхэмжлэгч С.Ж болон Ш.К, К.Т нарын дундаа ашигладаг гэх тус газарт анх баригдсан малын чулуун хашаа нь үзлэгийн схем зурагт “1” гэсэн тоогоор тэмдэглэгдсэн 909.5 м2 талбайтай хашаа болох нь талуудын тайлбараар тогтоогдсон ба уг хашааг нэхэмжлэгчийн өвөг эцэг н. болон түүний дүү Ш.К нар хамтарч барьсан гэх үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй, нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад уг хашааг Ш.К, Х.Т нартай дундаа хамтарч ашигладаг гэх тайлбарыг гаргасан.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т зааснаар эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх нь газрын даамлын үүрэг бөгөөд Толбо сумын газрын даамлаас нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 700 м2 газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэглэж, нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй нь, 700 м2 газрыг координатжуулж, кадастрын зураг үйлдээгүй нь Толбо сумын газрын даамал Б.С мэдүүлгээр тогтоогдсон ба нэхэмжлэгчид Толбо сумын Засаг даргын 2022 оны А/139 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн 700 м2 газрын байршил нь тодорхой бус байна.
Газрын байршлын талаар нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад эхлээд “миний эзэмшсэн газарт анх баригдсан чулуун хашааны доорх газар орно.” гэж, дараа нь “..миний эзэмшсэн газарт ...хашааны доорх газар орохгүй, байшингийн суурь газар орно.” гэж тус тус зөрүүтэй тайлбарласан ба шүүхээс үзлэг хийх үеэр нэхэмжлэгч маргаан бүхий газрын байршлыг Ш.К дундаа хамтарч ашигладаг гэх 909.5 м2 талбайтай чулуун хашааны доорх газрыг зааснаар үзлэгийн тэмдэглэлд “...нэхэмжлэгч өөрийнхөө эрх бүхий этгээдийн шийдвэрээр эзэмшсэн газрыг схем зургийн 1-д тусгагдсан малын чулуун хашаа орших газар гэж тайлбарлав.” гэж, схем зурагт “1” гэсэн тоогоор тэмдэглэсэн газрын тайлбар хэсэгт “нэхэмжлэгчийн эзэмшил газар /чулуун хашаа байрласан газар, талбайн хэмжээ 909.5 м2 гэж тус тус тэмдэглэгдсэн бол гэрч Толбо сумын Засаг даргаар ажиллаж байсан Н.Е нь “...С.Ж эзэмшүүлсэн 700 м талбайтай газрын байршлыг мэднэ. Хамгийн анх тус газарт нэг малын чулуун хашаа байсан. Уг чулуун хашаа нь С.Ж өвөө Ш хашаа байсан. С.Ж нь тус хашаа байрлах газрыг эзэмшүүлэхийг хүссэн учраас чулуун хашааны доорх газрыг эзэмшүүлэх захирамж гаргасан.” гэж, гэрч Толбо сумын газрын даамал Б.С нь “...С.Ж газар эзэмшүүлсний дараа газрын байршлыг газар дээр нь очиж зааж, тэмдэглэж өгөөгүй. Би С.Ж эзэмшсэн газрын хил зааг, байршлыг харуулсан кадастрын зураг үйлдээгүй. Нэхэмжлэгч С.Ж нь мэргэжлийн байгууллагад хандаж кадастрын зургийг үйлдүүлнэ гэж хэлж байсан. С.Ж сумын Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлсэн газар нь тус газарт байршилтай хуучин чулуун хашааны доорх газар юм гэж, гэрч Ш.К “...2022 оны сүүлээр С.Ж нь тус байршлаас газар эзэмшсэн Толбо сумын Засаг даргаас захирамж гаргуулсан байна. Энэ талаар С.Ж бидэнд мэдэгдэж, “би хашаа хороо байрлах газарт захирамж гаргуулсан, гэрчилгээтэй болсон, одоо та нар уг газрыг чөлөөлж өг“ гэж хөөж, суулгахгүй болсон.” гэж тус тус мэдүүлжээ.
Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд, нэхэмжлэгчид тухайн байршлаас Толбо сумын Засаг даргын 2022 оны А/139 дугаартай захирамжаар 700 м2 газрыг эзэмшүүлсний дараа сумын газрын даамлаас газрын хил заагийг координатжуулж, нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй, ингэснээр маргаан бүхий газрын байршил тодорхойгүй, нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад газрын байршлын талаар хоёр өөрөөр тайлбарласан. Гэвч шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэрч Толбо сумын Засаг даргаар ажиллаж байсан Н.Е, гэрч газрын даамлын Б.С, гэрч Ш.К мэдүүлгээр нэхэмжлэгчийн эзэмшсэн газар нь Ш.К хамтарч барьсан дундаа ашигладаг малын чулуун хашааны доорх газар гэж ойлгогдохоор байна.
Маргаан бүхий газрын асуудлаар нэхэмжлэгч С.Ж болон иргэн Ш.К, түүний хүү К.Т нарын хооронд удаа дараа маргаан гарсан, Ш.К гомдол гаргасан гэх нөхцөл байдлыг харгалзан хариуцагчаас Ш.К эзэмшиж ашиглах эрхтэй малын чулуун хашааны доорх газрыг буюу бусдын эд хөрөнгө орших газрыг эзэмшсэн нь хууль бус гэх үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.
8. Хариуцагчаас шүүх хуралдааны явцад “...Ш.К болон нэхэмжлэгч С.Ж нар тухайн газрыг хаваржаа, намаржааны зориулалтаар хамт эзэмших боломжтой. Толбо сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон нийт иргэдийн 80-аас дээш хувь нь С.Ж, Ш.К нар тухайн газрыг хамт эзэмших нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн.” гэж тайлбарласан ба уг асуудлыг Толбо сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаартай тогтоолоор шийдвэрлэжээ[4].
Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно.” гэж заасан ба Газрын тухай хуулийн 52.1-д “Бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх асуудлыг энэ хуульд заасан аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий болон сумын тухайн жилийн төлөвлөгөөнд үе шаттай төлөвлөж, хэрэгжүүлнэ.”, 52.2-т “Бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын бэлчээр, дамжин өнгөрөх бэлчээр гэсэн ерөнхий хуваарийн дагуу ашиглана. Отрын бэлчээр, дамжин өнгөрөх бэлчээр, уст цэг, хужир мараа бүхий бэлчээрийг нийтээр ашиглана. Бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээрийн даацыг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга Малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг гэрээний дагуу ашиглуулж болно.” 52.4-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан нутаг дэвсгэртээ бэлчээрийн болон суурин мал маллагааны бүс нутгийг тогтоож болно.” 52.6-д “Энэ хуулийн 52.4, 52.5-д заасан газрын хэмжээ болон уг газрыг ашиглуулахтай холбогдсон журмыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.” гэж зохицуулагдсан.
Хуульд заасан эрх бүхий этгээдээс маргаан бүхий хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг ашиглах ерөнхий хуваарь гаргаж, бэлчээрийг зохистой ашиглуулахаар Баян-Өлгий аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий болон Толбо сумын тухайн жилийн төлөвлөгөөнд үе шаттай төлөвлөж, хэрэгжүүлэх тохиолдолд нэхэмжлэгч хуульд заасан журмаар тухайн газрыг эзэмшүүлэх хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой.
9. Дээрх байдлаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй, хариуцагч Толбо сумын Засаг даргаас нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай тус тус нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.4, 52.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ж тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн А/12 дугаартай “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА