Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/15

 

 

2024 оны 03 сарын 21-ний өдөр                Дугаар 2024/ДШМ/15         Өвөрхангай аймаг

 

Б.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

Прокурор Ц.Нэргүй

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг   

Нарийн бичгийн дарга Н.Анужин нарыг оролцуулан           

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/27 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.М-д холбогдох эрүүгийн 2226000250021 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, *** хамт Говь-Алтай аймгийн *** сумын ***-р багийн *** тоотод түр оршин суух, Говь-Алтай аймгийн *** сумын ***-р баг ***-р гудамжны *** тоотод байнга оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, *** овгийн Б.М /РД:Д***/,

Б.М нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр “***” гүүрний орчим байрлах хоёр урсгалтай хатуу хучилттай авто зам дээр *** улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус-20 маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчиж замын зорчих хэсгээр явган алхаж байсан хохирогч М.Р-ийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овгийн Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овгийн Б.М-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч М.Г-ийн нэхэмжилсэн 11124950 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан 10 дугаартай цагаан өнгийн хуванцар хэлтэрхий, 11 дугаартай хар, цагаан өнгийн хуванцар хэлтэрхий, 12 дугаартай толины суурь зэргийг устгахаар, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шүүгдэгч Б.М-д холбогдох хэрэгт тус прокурорын газрын хяналтын прокурор С.Баатарсүх хяналт тавьж ажиллаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 22 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд прокуророор оролцсон.

Б.М нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр “***” гүүрний орчим байрлах хоёр урсгалтай хатуу хучилттай авто зам дээр *** улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус-20 маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг тус тус зөрчиж, замын зорчих хэсэг дээр явган алхаж байсан иргэн М.Р-ийг дурдагдсан тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироосон.

Хэргийг анхан шатны шүүх хүлээн аваад 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаартай цагаатгах тогтоолоор шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналыг няцаан үгүйсгэх боломжгүй, хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн, шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй, тодорхой бус, ойлгомжгүй гэх нөхцөл байдлууд байхгүй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг нь хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй.

Гэтэл анхан шатны шүүх Б.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийн талаар харилцан зөрүүтэй гарсан 3-н удаагийн техникийн шинжээчийн дүгнэлтийн алийг хэргийн бодит байдалд нийцсэн, үнэн зөв эсэхийг үнэлж дүгнээгүй, түүнчлэн шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын тухайд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэл болон прокурорын яллах дүгнэлтэд дурдсан бусад нотлох баримтуудын агуулга, улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан нотлох баримтаар тогтоосон үйл баримтад үндэслэсэн хууль зүйн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг зөрчсөн байна.

Тухайлбал Өвөрхангай аймгийн политехник коллежийн багш Ц.Болдбаатар, Ц.Амарбаяр, Б.Раднаа нарын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 14 дугаартай ... Явган зорчигч /амь хохирогч/: М.Р нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д заасан ...явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. ... явган зорчигч зорчих хэсгийн захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг, ... явна гэсэн заалтыг зөрчсөн байна.

*** улсын дугаартай Тоёота Приус маркын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Б.М нь Монгол Улсын замын хөдөлгөөний 12.2-т заасан ... Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасан “... Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно.” Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан "... Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлт гаргасан.

Энэ дүгнэлт нь ямар нэгэн эргэлзээ төрөхүйц салаа утга бүхий дүгнэлт биш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангасан байхад шүүгч өөрийн санаачилгаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн техникийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулан зөвхөн шинжээчид тавьсан асуултын хүрээнд тээврийн хэрэгслийн жолооч хурд хэтрүүлээгүй гэсэн дүгнэлт, мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3236 дугаартай "... зорчигч нь зам дагуу зорчих хэсгээр хөдөлгөөнд оролцож байсан байна, ... жолооч нь А цэгээс 22.4 метрийн цаанаас тоормослох үйлдэл буюу зогсоох арга хэмжээ авсан байна, ... зам орчин халтиргаатай, гэрэлтүүлэггүй байсан нь зам тээврийн осолд шалтгаалах нөхцөлүүдийн нэг байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хэрэг маргаан шийдвэрлэхдээ шударга ёсыг тогтоох шүүгч хараат бус байх зарчмыг алдагдуулсан, шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтад үндэслэсэн үйл баримтаар үнэлж дүгнээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана гэж хуульчилсан байхад шүүгч өөрийн санаачилгаар дахин шинжээч томилсон.

Гэм буруугийн хэлбэрийг тогтоохдоо гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг тал бүрээс нь бодитойгоор дүгнэх шаардлагатай.

Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгч Б.М-ийн гэмт үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс үнэлж тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилж дүгнэлт гаргасан, зам тээврийн ослын үндсэн шалтгааныг тогтооход ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн хийсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хуулиар хамгаалагдсан бусдын зөрчигдсөн эрхийг сэргээж, гэм буруутай этгээдэд шударгаар ял шийтгэл оногдуулах үүрэгтэй. Гэтэл шүүх энэ үүргээ бүрэн хэрэгжүүлэлгүйгээр шүүгдэгч Б.М-ийг цагаатгасан нь хэдийгээр амь хохирогч тодорхой хэмжээгээр хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн ч түүний амьд явах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтыг бусад нотлох баримттай харьцуулан үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж дүгнэх үндэслэл болж байна.

Өөрөөр хэлбэл 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай дүгнэлт нь ямар нэгэн эргэлзээ төрөхүйц салаа утга бүхий дүгнэлт биш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангасан байхад дахин дүгнэлт гаргуулж харилцан зөрүүтэй нотлох баримтын аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд дурдаагүй, хэрэгт авагдсан баримтыг нотлох баримтад харьцуулан дүгнэлгүйгээр шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан гэж үзэж шүүгдэгчийг цагаатган хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг прокурорын эсэргүүцэлд гаргасан хариу тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/27 дугаартай цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Прокурорын гаргасан эсэргүүцэл нь үндэслэлгүй.

Учир нь анх дүгнэлт гаргасан техникийн шинжээч нар нь хэрэг учралын газарт очиж хэргийн нөхцөл байдлыг үзээгүй. Мөн  машины бүрэн бүтэн байдал хөдөлгөөнд оролцох боломжтой эсэх талаар тормозны мөр зэргийг бодитойгоор үнэлэлгүйгээр хийсвэрээр дүгнэсэн.

Нэг бодитой үндэслэл нь амь хохирогч М.Р нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д зааснаар “Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуу хөвөөгөөр явна”, явган зорчигч зорчих замаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг явна” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэлтдээ дурдсан нь бүх шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан.

Хэрэг учралын газрын фото зураг болон ослын акттай сайн танилцаад харахад анх осол гарсан “А” цэгт хэн нь давуу эрхтэй, хэн нь нь зам тавьж өгөх ёстой вэ гэдэг асуулт гарч ирнэ. “А” цэгийг харахад замын зорчих хэсэгт “А" цэг өгөгдсөн харагддаг. Амь хохирогч нь ”А” цэгт мөргүүлээд замын хөвөө хэсэгт 26.4 метр шидэгдэж унасан нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан байдаг.

Гэмт хэрэг гарахад амь хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэл бас хэрэгт байгаа,  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог.

Прокурор гэрчээр Д.Б-ийн мэдүүлгийг үнэлдэг ч тухайн гэрч нь хэргийн бодит байдлыг үнэн зөв гэрчлэх чадваргүй согтуу явсан, тэр бүү хэл хамт явсан хүнээ осолд орсныг мэдээгүй зөрж явсан жолоочоос хамт явсан хүнээ осолд орсон нөхцөл байдлыг мэдсэн байдаг.

Хэрэгт гэрч М.Д, Д.Б нар нь хэргийн нөхцөл байдлын талаар маш тодорхой мэдүүлсэн. Хэрэг хэрхэн гарсан, амь хохирогч замын аль хэсэгт явж байсан, Б.М нь хэдэн километр цагийн хурдтай явж байсан талаар үзсэн харсан зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Эдгээр нөхцөл байдал нь хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч гэм буруутай эсэхэд нь эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Өмнөх  цагаатгах тогтоолд эсэргүүцэл бичиж улсын дээд шүүхээр хэлэлцэхэд эсэргүүцлийг хүлээн авсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангагдсан, гэм буруутай эсэхийг тогтооход хүрэлцэхүйц нотлох баримт авагдсан эсэх, мөн нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангасан эсэхэд дүгнэлт хийж, хэргийг тал бүрээс нь бүрэн, бодит байдалд нийцүүлэн дүгнэлт хийж шийдвэрлэх ёстой.

 

 Гэтэл харилцан зөрөөтэй нотлох баримтыг хэргийн бодит байдалд нийцсэн, давхар нотлох баримтаар тогтоогдсон эсэхэд дүгнэлт хийгээгүй. Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлж дүгнэхгүйгээр, мөн яллах дүгнэлт болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад няцаасан дүгнэлт хийхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь хэргийн бодит байдалд нийцээгүй.

 

Учир нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг бүрэн хангасан. Хэрэгт харилцан зөрөөтэй техникийн шинжээчийн 3-н удаагийн дүгнэлт гарсан. Энэ 3-н удаагийн дүгнэлтийн аль нь хэргийн бодит байдалд нийцсэн талаар цагаатгах тогтоолд дэлгэрэнгүй дурдаагүй, мөн үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй байна. Техникийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай дүгнэлтэд Б.М-ийг Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 18.3-д заасан заалтуудыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Эдгээрийг үгүйсгэсэн дүгнэлтээ мөн дурдаагүй. Ганц техникийн шинжээчийн дүгнэлт дээр бус давхар бусад нотлох баримтуудаар нотлогдсон тохиолдолд техникийн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцох нь зүйтэй.

 

Хэргийн хувьд амь хохирогчтой хамт явж байсан гэрчийн мэдүүлэгт “...замын хажуугаар би нэг метрийн зайд явж байсан...” гэж мэдүүлсэн. Эдгээрээс дүгнэхэд амь хохирогч замын хажууд явж байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Техникийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3236 дугаартай дүгнэлтэд хэргийн үйл баримтаас өөр буюу зогсоох арга хэмжээ авсан тохиолдолд хэтрүүлээгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж байна. Тухайн дүгнэлтийг шүүхээс шинжээч томилж гаргуулсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг болон тухайн дүгнэлтэд гэмт хэрэг гарсан газар нь халтиргаа гулгаатай байсан гэж тогтоогдсон. Үүнээс дүгнэхэд гулгаатай замд хоёр дахь дүгнэлтээр 67,7 километр цагийн хурдтай явсан гэж гарсан. Энэ нь халтиргаатай үед мөрийг тогтоох боломжгүй байсан. Тэгэхээр энэ хоёр дахь дүгнэлтэд хурдыг 67,7 километр цагийн хурдтай гэж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гуравдугаар дүгнэлт болох 3236 дугаартай дүгнэлтэд зогсоох боломжтой хурдтай явсан, хурд хэтрүүлээгүй гэсэн дүгнэлт мөн үндэслэлгүй байна. Учир нь хурд хэтрүүлээгүй, мөн мөргөхийн өмнө зогсоох арга хэмжээ авсан гэсэн дүгнэлт үндэслэлгүй. Яагаад гэвэл мөргөсний дараа хурдаа хасах арга хэмжээ авсан гэдэг хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/27 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2-т зааснаар мөрдөн байцаагч прокурорын зөвшөөрснөөр шинжилгээ хийхэд шинжээч хэрэг учралын газарт байлцана гэсний дагуу хэрэг учралын газарт хэргийн байдлыг нөхөн сэргээх замаар дүгнэлт гаргаж байгаа шинжээч заавал оролцоно гэж заасан. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 тоот шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэдэг.

Уг шинжээчийн дүгнэлтэд замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтуудыг зөрчсөнийг техникийн мэргэжлийн үүднээс тодорхойлж өгч байгаа. Техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэг учралын газарт очоод үзлэг хийгээд явчихсан бол тухайн машины бүрэн бүтэн байдал, тухайн амь хохирогчийг тээврийн хэрэгслийн аль хэсгээр мөргөсөн, дайрсан юм уу гэдгийг хүртэл маш нарийн сайн тодорхойлох боломжтой байсан. Гэтэл ийм юм зүйл огт байдаггүй. Прокуророос хурд хэтрүүлсэн буюу 67.7 километр цагийн хурдтай явж байсан гэдэг. Замын хөдөлгөөний дүрэмд суурин газарт явах хурдны хэмжээ 80 километр цагийн хурдтай гэж заадаг. Б.М-ийн жолоодож явсан машин 67.7 километр цагийн хурдтай явж байсан талаарх нөхцөл байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

 Хэрэг учралын газарт очоогүй хүмүүс тогтоох боломжгүй ч гэсэн. Сүүлд гаргасан шинжлэх ухаан техникийн сургуулийн шинжээч нарын гаргасан дүгнэлтээр маш сайн нарийвчлан гаргасан, тооцоо нь нотлох баримтын шаардлага хангасан. Машинд учирсан гэмтлийг харахад машины урд копуд, урд гэрэл, карлан бүгд бүрэн. Харин зөвхөн толины хэсэгт гэмтэл учирсан байдаг. Машинд хүртэл бүрэн үзлэг хийгээгүй байдаг. Тухайн амь хохирогчийг замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д зааснаар явган хүний зам, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуу хөвөөгөөр явна, явган зорчигч нь зорчих замаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг явна гэсэн заалтыг зөрчсөн. Хэрэг учралын газарт хийсэн үзлэгийн актад Б.М зорчих хэсэгт явж байсан гэдэг нь тусгагдсан байдаг. Мөн амь хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 2.8 промиллын хүнд зэргийн согтолттой байсан. Хамт явсан гэрч н.Б нь бид хоорондоо нэг метрийн зайтай явсан гээд байдаг боловч үүнийг үгүйсгэх гол нөхцөл байдал зөрдөг. Тэр хамт явсан хүн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тэр битгий хэл хамт явж байгаа хүнээ осолд орсныг мэдээгүй. Тэгэхлээр н.Б-ийн мэдүүлэг мэдүүлгийн нотолгооны эх сурвалж болж чадах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Гэрч н.Д, н.Б нарын мэдүүлэгт “...амь хохирогч болон гэрч н.Б нар нь Б.М-ийн зорчих хэсэг дээр явж байсан...” гэсэн байдаг.

Хэрэг учралын газарт очиж үзлэг хийсэн тэмдэглэл, техникийн шинжээч нарын дүгнэлт зэрэг нь эргэлзээтэй. Хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг шалгасан, гэм буруутай байдалд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр хуульчилсан. Анхан шатын шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.

Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, цагаатгах тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Прокуророос Б.М нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр “***” гүүрний орчим байрлах хоёр урсгалтай хатуу хучилттай авто зам дээр *** улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус-20 маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчиж хохирогч М.Р-ийг мөргөж амь насыг нь хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтүүд, гэрч М.Д, Б.Ба, Б.З, М.С, Д.Б, Б.Б нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нь шүүгдэгч Б.М-ийг гэм буруугүйд тооцож, цагаатгах гол нотлох баримт болж байна.   

Шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй, тодорхой бус, ойлгомжгүй гэх нөхцөл байдлууд байхгүй, хэргийн үйл баримтаар тогтоогдож буй нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналыг няцаан үгүйсгэх боломжгүй гэж дүгнэлт хийж, шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокуророос эсэргүүцэл бичжээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна гэж дүгнэлээ.

Учир нь анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан байдал, гэмт үйлдлийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс үнэлж хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдлыг бүрэн гүйцэд дүгнэн хэргийн үйл баримтад хууль ёсны дүгнэлт хийж чадаагүй

Прокурорын мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилж дүгнэлт гаргасан, зам тээврийн ослын үндсэн шалтгааныг тогтооход ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн хийсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон байхад дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй талаарх эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/27 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/27 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Шүүгдэгч Б.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.