2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/02744

 

 

 

 

  2025              04            08                         

                                        192/ШШ2025/02744

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Ганди, ************ тоот хаягт байрлах, Э ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, *************тоот хаягт байрлах, С ХХК /РД:*******/-д холбогдох,

 

Гэрээний үүрэг зөрчсөний улмаас үүссэн хохиролд 524,329,343 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Д*******, О.Б*******, 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******,

Хариуцагчийн өмгөөлөгч А.З*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК нь гэрээний үүрэг зөрчсөний улмаас үүссэн хохиролд 524,329,343 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С ХХК-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Нэгдүгээрт, Э ХХК болон С ХХК нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт ухаа хорооллын ******** тоот барилга, А байр, 1 дүгээр орц, 2 дугаар давхарт орших 711,63 м.кв хэмжээтэй үйлчилгээний зориулалт бүхий талбайг чанартай барин улсын комисст хүлээлгэн өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээг гэрээнд заасны дагуу гаргаж өгөх үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан. С ХХК нь гэрээний 2.4-т заасны дагуу 2022 оны 4 дүгээр улирал буюу  2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр уг үйлчилгээний зориулалттай орон сууцыг бүрэн барьж, ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн. Харин манай компани гэрээнд заасан төлбөр болох 2,490,705,000 төгрөгийн төлөлтийг гэрээний 3.2.2.1, 3.2.2.2, 3.2.2.3-т тус тус заасан хуваарьт төлөлтийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. Үүний дагуу гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-т зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр урьдчилгаа төлбөр 500,000,000 төгрөгийг С ХХК-ийн хаан банкны ******* тоот данс руу шилжүүлсэн. Гэрээний 3.2.2.1-т зааснаар эхний гурван сарын хугацаанд сар бүр 100,000,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 100,000,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 100,000,000 төгрөгийг, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 100,000,000 төгрөгийг тус тус төлсөн. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1986 дугаартай нэмэлт гэрээний 3.1-т зааснаар лифтний хойд талын зайг ашиглах боломжтой болгох ажлын зардал болох 25,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлсөн. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2.2-т “4 дэх сараас эхлэн 3 сарын хугацаанд сар бүр 120,000,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлнө” гэж зааснаар 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 120,000,000 төгрөгийг, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 80,000,000 төгрөгийг, 40,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болно. Үүнээс хойш 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 100,000,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Нийт 1,185,000,000 төгрөгийн төлөлт төлсөн болно. Захиалагч талаас 2023 оны 01 дүгээр сараас эхлэн гэрээний 2.4-т заасан барилгын ашиглалтад орох хугацааг асуухад удахгүй ашиглалтад оруулах болно гэсэн хариуг өгдөг байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Захиалагч тал нь захиалсан барилгаа хүлээн авах хугацаа олон сараар хэтэрсэн тул гүйцэтгэгч талд 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 47 тоот албан бичиг болон бусад албан бичгээр улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг тодорхой болгох шаардлагыг хүргүүлсэн. Мөн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 54 тоот албан бичиг болон 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 58 тоот албан бичгээр гүйцэтгэгч тал гэрээний үүргээ зөрчсөн тул захиалагч компанийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох 3.2.2 дахь заалтыг биелүүлэх боломжгүй болж байгааг албан ёсоор мэдэгдсэн. Захиалагч талаас 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 75 тоот албан бичгээр гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-т зааснаар Улсын бүртгэлийн газарт урьдчилсан тэмдэглэл хийлгэхэд холбогдох бичиг баримтыг гаргаж өгөх тухай албан бичиг явуулсан боловч С ХХК нь захиалагч талын гаргасан хүсэлтийг биелүүлэх боломжгүй гэж 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/289 тоот албан бичгээр мэдэгдэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр уг барилгыг улсын комисс хүлээж авсан. Ийнхүү гэрээний 2.4, 4.1.4 дэх заалтыг С ХХК нь 22 сар буюу 639 хоногийн хугацаагаар хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т гүйцэтгэгч нь уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т заасан үүргээ зөрчиж, гэрээний зүйлийг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэж заасан. Гүйцэтгэгч тал нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр захиалагч талд барилгыг хүлээлгэн өгөх үүргээ 639 хоногоор хэтрүүлж үүргээ зөрчсөн бөгөөд нийт 159,155,730 төгрөгийн алдангийг хариуцагч компаниас гаргуулах, Хоёрдугаарт, Э ХХК нь ажилтнаа сургах болон эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой бэлтгэлийг хангах зорилгоор оффис түрээсэлж нэмэлт зардал гарсан. Үүнтэй холбоотойгоор Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, СЕО оффист байрлах 52 м.кв талбайг оффисын зориулалтаар түрээслэхээр С л ХХК-тай Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулж, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр, 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус тус 2,236,000 төгрөгийг шилжүүлснээр нийт 11,180,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн. Гуравдугаарт, Захиалагч тал 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гүйцэтгэгч талтай Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ байгуулсны дараа үйл ажиллагаа удахгүй эхэлнэ гэж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилчид авч ажиллуулсан. Гэвч 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш барилга ашиглалтад ороогүй бөгөөд сул ажиллах нөхцөл байдал үүссэн бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сар хүртэл ажилчдын цалинд нийт 198,823,695 төгрөгийн зардал гарсан. Дөрөвдүгээрт, Захиалагч Э ХХК-ийн захирал, удирдлагууд болох На Ё******* нар захиалсан барилгын хугацаа хэтэрснээс нэмэлт зардлууд байнга гарсантай холбогдуулан 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр И ББСБ ХХК-тай 6 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй, 300,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Энэхүү зээлийн гэрээнд зааснаар 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 6 сарын хүүг, мөн тус ББСБ-тай 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр №ЗНГ2023/0350 дугаартай нэмэлт зээлийн гэрээний дагуу 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зээлийн хүүнд нийт 155,169,918 төгрөгийг И ББСБ ХХК-д төлж зээлийн хүү төлөлтийн зардал гарснаа нэхэмжилж байна. Иймд алданги болон гэрээний хугацаа хэтэрснээс үүдэн гарсан нэмэлт зардлын төлбөрийг хохиролд тооцож нийт 524,329,343 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж  өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, гүйцэтгэгч компани үүргээ хугацаандаа биелүүлээгүй харин нэхэмжлэгч компани нийт 1,185,000,000 төгрөгийг төлсөн учир дээрх мөнгийг нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарласныг хариуцагчийн зүгээс дараах үндэслэлүүдээр бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэгдүгээрт, Гэрээний үүргийн зөрчлийн тухайд: талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 01 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр захиалагч буюу нэхэмжлэгч нь нийт 2,490,705,000 төгрөгийг төлөх, гүйцэтгэгч нь талбайг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн ашиглалтад оруулж, хүлээлгэн өгнө гэж тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч буюу захиалагч компани нь талбайг хүлээн авсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлбөрөө бүрэн төлөөгүй байна. Барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг компанийн хувьд захиалагчийн төлбөр төлөлт хамгийн чухал ач холбогдолтой. Учир нь захиалагчийн төлбөр төлөлтийн графикийг гүйцэтгэгч компани нь өөрийн компанийн үйл ажиллагaar хэвийн явуулахад, тухайн гэрээний үр дүнг аливаа эрхийн болон чанарын доголдолгүй, гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулахтай холбоотой байдлаар тогтоож өгдөг. Манай улсын хувьд, барилгын материалыг гадны орнуудаас татаж авдаг бөгөөд барилгын материалын үнэ огцом өсөх, инфляци нэмэгдэж ажиллах хүчний цалин хөлс нэмэгдэх зэрэг асуудал гэнэт үүсдэг. Иймд барилгын үйл ажиллагааг хэвийн явуулахад захиалагч нарын төлбөр төлөлт хамгийн чухал ач холбогдолтой байдаг. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг нэхэмжлэгч хугацаандаа биелүүлээгүй атал манай талыг үүрэг зөрчсөн гэж илтэд үндэслэлгүй нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Хоёрдугаарт, алданги 159,155,730 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, Нэхэмжлэгчээс гаргасан төлбөр төлөлтийн баримт буюу хэргийн 39 дэх талд авагдсан баримтаар нэхэмжлэгч нь өөрөө гэрээний үүргээ хугацаанд нь төлөөгүй болох нь тогтоогдож байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар 1,185,000,000 төгрөг төлсөн байдаг ба хамгийн сүүлд 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөг төлсөн. Дээрхээс харахад захиалагч нь өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөр төлөлтөө зогсоосон тохиолдолд гүйцэтгэгчийг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл төлбөрөө төлөхгүй байх нь барилгын үйл ажиллагаанд нөлөөлж хугацаа хойшлогдсон. Мөн тус барилгад хэрэглэгдэх бараа, материалыг Бараа материал хүлээлцэх акт 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээгээр С т ХХК-аас худалдан авахаар тохиролцсон боловч С т ХХК нь үүргээ биелүүлээгүйгээс дахин шинэ бэлтгэн нийлүүлэгч хайх, тохиролцох, гэрээ байгуулах гэж явсаар байгаад хугацаа алдсан нөхцөл байдал байдаг. Түүнчлэн дулааны болон бусад туслан гүйцэтгэгч нараас шалтгаалсан зүйлс байдаг. Энэхүү нөхцөл байдал нь гүйцэтгэгч буюу манай компаниас шалтгаалсан гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч компанийн үүргээ билүүлээгүй байдал болон гүйцэтгэгчээс шалтгаалсан нөхцөл байдал байсан учир алданги төлөх нөхцөл байдал үүсэхгүй тул алдангитай холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гуравт. Бусад шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 11,180,000 төгрөг, ажилчдын цалин 198,823,695 төгрөг, Зээлийн гэрээний хүү төлөлтийн зардал нийт 155,169,918 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байх ба үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх, ажилтан ажиллуулах, зээл авах нь нэхэмжлэгчийн өөрийн эрхийн асуудал ба манайд хамааралгүй тус тусдаа харилцаа юм. Тодруулбал, түрээсийн гэрээний харилцааны талууд түрээслэгч, түрээслүүлэгч байх ба талууд сайн дурын үндсэн дээр төлбөр болон бусад нөхцөлөө тохиролцож байгаа нь тусдаа харилцаа болно. Мөн хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар, Зээлийн харилцаа нь Иргэний хуульд зааснаар тус тус зохицуулагдаж байна. Нэхэмжлэгч талаас өөрсдөө үүргээ биелүүлээгүй байж алданги болон бусад зүйлсийг нэхэмжилж байгаа нь шударга бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй…” гэжээ.

 

 Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2022.11.09-ний өдрийн 01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.12.16-ны өдрийн 1986 дугаартай Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, Э ХХК-ийн дүрэм, Э ХХК-аас С ХХК-д төлсөн төлбөр, депозит дансны хуулгууд, шилжүүлгийн баримтууд, Э ХХК-аас С л ХХК-д төлсөн төлбөрийн баримтууд, 2023 оны 01 дүгээр сараас 2024 оны 4 дүгээр сар дуустал ажилтнуудад олгосон цалин, тэтгэмжийн зардал, Банк бус санхүүгийн байгууллагад төлсөн зээл, зээлийн хүүгийн тооцоо, 2023.01.01-ний өдрийн №23/03 дугаартай Түрээсийн гэрээ, барьцаа хөрөнгийн баримт бичиг, эд зүйлс хүлээлцсэн акт, 2023.03.24-ний өдөр №БГ2023/03/50 дугаартай Барьцааны гэрээ, Зээлийн гэрээ ЗГ2023/03/50, 2023.04.12-ны өдрийн 47 дугаартай албан бичиг, 2023.05.02-ны өдрийн 54 дугаартай албан бичиг, 2023.05.25-ны өдрийн 58 дугаартай албан бичиг, 2023.06.12-ны өдрийн 60 дугаартай албан бичиг, Э ХХК-ийн 2023 оны эхний хагас жилийн орлого, зарлагын тооцоо, 2023.06.15-ны өдрийн 67 дугаартай албан бичиг, Э ХХК-ийн 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны орлогын тооцоо, 2023.07.21-ний өдрийн 75 дугаартай албан бичиг, 2023.09.21-ний өдрийн 77 дугаар албан бичиг, 2023.08.30-ны өдрийн 80 дугаартай албан бичиг, 2023.06.14-ний өдрийн А/241 дугаартай албан бичиг, 2023.07.24-ний өдрийн А/289 дугаартай албан бичиг, 2023.08.16-ны өдрийн А/344 дугаартай албан бичиг, 2023.09.07-ны өдрийн А/384 дугаартай албан бичиг, 2023.09.23-ны өдрийн А/410 дугаартай албан бичиг, Э ХХК-ийн 2022.07.01-ний өдрийн 01 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2023.02.15-ны өдрийн Б4 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2023.02.15-ны өдрийн Б6 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2023.02.07-ны өдрийн 06 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2023.08.08-ны өдрийн 19 дугаартай Э ХХК-ийн захирлын тушаал, 2023.08.21-ний өдрийн 17 дугаартай Э ХХК-ийн захирлын тушаал, 2023.07.31-ний өдрийн 15 дугаартай Э ХХК-ийн захирлын тушаал, 2023.07.31-ний өдрийн 16 дугаартай Э ХХК-ийн захирлын тушаал зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

 Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024.10.01-ний өдрийн БА-194/2024 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, фото зургууд, гүйлгээний баримт, 2025.01.16-ны өдрийн 15 дугаартай Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлт, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, гишүүний лавлагаа, 2024.04.12-ны өдрийн №24/04/12-1 дугаартай Харуул хамгаалалтын гэрээ, 2024.11.29-ний өдрийн №2024/11/29-01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, 2024.07.28-ны өдрийн №24/07/28-1 дугаартай Барилгын туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, К ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ӨБ11-721/24 дугаартай тусгай зөвшөөрөл, үнийн санал, 2024.04.01-ний өдрийн №24/04/01-2 дугаартай Барилгын ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, Брайт девелопмент ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.08.01-ний өдрийн №24/08/01-2 дугаартай Барилгын ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөний улмаас үүссэн хохиролд 524,329,343 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Талууд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо,  *********тоот барилга, А байр, 1 дүгээр орц, 2 дугаар давхарт 711,63 м.кв хэмжээтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьж, улсын комисст хүлээлгэн өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх, үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ байгуулсан. С ХХК нь гэрээний 2.4-т зааснаар 2022 оны 4 дүгээр улиралд буюу  2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор уг объектыг  барьж, ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр барилгыг улсын комисс хүлээж авсан. Ийнхүү  хариуцагч нь 22 сар буюу 639 хоногийн хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн. Мөн нэхэмжлэгч нь ажилтнуудаа сургах болон эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой бэлтгэл хангахаар  оффис түрээсэлж, түрээсийн зардалд нийт 11,180,000 төгрөгийн нэмэлт зардал гаргасан. Үйл ажиллагаа эхэлнэ гэж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилчид авч ажиллуулсан. Барилга ашиглалтад ороогүйгээс сул ажиллах нөхцөл үүсэж, 2023.01.01-ний өдрөөс 2023.09 дүгээр сар хүртэл ажилчдын цалинд нийт 198,823,695 төгрөгийн зардал гарсан. Мөн барилгын хугацаа хэтэрснээс нэмэлт зардлуудтай холбогдуулан 2023.03.23-ны өдөр И ББСБ ХХК-тай 6 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй, 300,000,000 төгрөгийн Зээл авч, зээлийн хүүнд нийт 155,169,918 төгрөг төлсөн. Иймд гэрээний зүйлийг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээс үүссэн алданги 159,155,730 төгрөг, түрээсийн төлбөр 11,180,000 төгрөг, ажилчдын цалинд 198,823,695 төгрөг, зээлийн хүү 155,169,918 төгрөг, нийт 524,329,343 төгрөгийг гаргуулж өгнө үү...”  гэж тайлбарлаж байна. 

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь гэрээний дагуу нийт 2,490,705,000 төгрөг төлөхөөс нийт 1,185,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаа хожимдуулан өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг компанийн хувьд захиалагч гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлэх нь ажлыг хугацаанд нь гүйцэтгэж, хүлээлгэж өгөхтэй шууд хамааралтай бөгөөд төлбөрийг хугацаанд нь төлөх төлөлт хамгийн чухал ач холбогдолтой. Иймээс нэхэмжлэгч буюу захиалагч өөрөө гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй атал гэрээнээс учирсан хохирол, алданги шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул  хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргадаг.

 

Талууд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “ Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ”-г нэг талаас СХХК, нөгөө талаас ЭХХК нар №01 дугаартай гэрээгээр гүйцэтгэгч буюу С ХХК нь Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо,  ************** тоот барилга, А дугаар байр, 1 дүгээр орц, 2 дугаар давхарт 711,63 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 4 дүгээр улиралд багтаан барьж ашиглалтад оруулахаар, Захиалагч буюу Э ХХК нь ажлын хөлсөнд нийт 2,490,705,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх-ийн 8-11 хуудас/

 

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

            Дээрх 01 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-т “ Талуудын эрх бүхий төлөөлөгчид гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан нөхцөлд Захиалагчийн зүгээс урьдчилгаа 500,000,000 төгрөгийг төлөх” , 3.2.2.-т “Үлдэгдэл дүн болох 1,990,705,000 төгрөгийг Захиалагчийн зүгээс дор дурдсан хуваарийн дагуу төлнө. Үүнд:

         3.2.2.1.Эхний 3 сарын хугацаанд сар бүр 100,000,000 төгрөгийг Гүйцэтгэгчид төлнө;

         3.2.2.2. Дөрөв дэх сараас эхлэн 3 сарын хугацаанд сар бүр 120,000,000 төгрөгийг Гүйцэтгэгчид төлнө;

         3.2.2.3. Долоо дах сараас эхлэн төлбөрийг бүрэн төлөх хүртэл хугацаанд сар бүр 150,000,000 төгрөгийг Гүйцэтгэгчид төлнө” гэж заажээ.

Захиалагч буюу нэхэмжлэгч гэрээний төлбөрт 2022.11.09-ний өдөр 500,000,000 төгрөг, 2022.12.09-ны өдөр 100,000,000 төгрөг, 2023.01.09-ний өдөр 100,000,000 төгрөг, 2023.02.09-ний өдөр 100,000,000 төгрөг, 2023.03.09-ний өдөр 120,000,000 төгрөг, 2023.04.10-ны өдөр 120,000,000 төгрөг, 2023.08.09-ний өдөр 120,000,000 төгрөг, нэмэгдэл ажлын хөлс 2022.12.19-ны өдөр 25,000,000 төгрөг нийт 1,185,000,000 төгрөг төлсөн тооцоолол, төлсөн өдрийн талаар зохигч маргаагүй.

 

            Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж заасан тул гүйцэтгэгч ажлыг 2023 оны 1 сард дуусгах үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс татгалзаж, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар гэрээ болон хуульд нийцээгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д “ Захиалагч нь уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т заасан гэрээний зүйлийн үнийг бүрэн төлж дуусгавар болсон өдөрт багтаан Захиалагчийн өмчлөлд аливаа эд хөрөнгийн болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг боловсруулж, захиалагчид бүрэн хүлээлгэн өгнө” гэж талууд гэрээгээр тохиролцсоноос дүгнэвэл Захиалагч төлбөрийг бүрэн төлж дуусгавар болсон өдөр эд хөрөнгийг өмчлөх эрхийн баримт бичгийг  шилжүүлж авах эрх үүсэж байх тул Захиалагч эхэлж төлбөр төлөх үүрэгтэй байх тул үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхгүй байна.

 

            Учир нь үүрэг гүйцэтгэх хугацаа нөгөө талын үүрэг гүйцэтгэх хугацаанаас өмнө байхаар хугацаа тогтоосон бол үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхгүй бөгөөд Захиалагч төлбөрийг бүрэн төлснөөр ажлын үр дүн шилжиж, өмчлөх эрх үүсэхээр талууд гэрээгээр тохиролцсон байх тул төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзал гэрээ, хуульд нийцээгүй байна.

 

            Гэхдээ нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд бүхэлд нь үүргийн зөрчил гаргасан гэж шүүх үзэхгүй. Учир нь нэхэмжлэгч  гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.2.1, 3.2.2.2.-нд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлсэн. Түүнчлэн гэрээний 2.6.-д “ ... талбайг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөрт Захиалагчид дотор засал, тоноглолгүйгээр Актаар хүлээлгэн өгөх бөгөөд Захиалагчийн зүгээс актаар хүлээн авсан үеэс өөрийн үйл ажиллагаанд нийцүүлэн дотоод засварын ажлыг гүйцэтгэх эрхтэй” гэж зааснаас үзвэл гүйцэтгэгч талбайг дотор засал, тоноглолгүйгээр Захиалагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, үүргийн зөрчил үүсгэсэн гэж шүүх үзнэ.

 

            Харин нэхэмжлэгч нь тухайн талбайд эмнэлгийн үйл ажиллагаа явуулахын тулд уг үл хөлдөх хөрөнгө, түүний өмчлөлд хууль ёсоор шилжсэн үеэс үүсэх тул төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс татгалзаж, өөрийнхөө гэрээний үүргийн зөрчлөөс үүссэн хохирлыг хариуцагчаас шаардаж буй нь үндэслэлгүй байна.

 

            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-т “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 219 дүгээр зүйлийн  219.1.-т “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

            Шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгч 2023 оны 1,2,3 сард төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлсөн, хариуцагч талбайг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Захиалагчид дотор засал, тоноглолгүйгээр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй үүргийн зөрчлийг харгалзан 3 сарын түрээсийн төлбөр 6,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч С ХХК-иас 6,700,000 төгрөгийг гаргуулж Э ХХК-нд олгож,  нэхэмжлэлийн үлдэх 517,629,343 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч С ХХК-аас 6,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 517,629,343 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,779,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 122,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ