2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/02743

 

 

 

 

    2025           04              08                         

                                        192/ШШ2025/02743

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, ********* тоотод байрлах М******* г******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, *******тоотод оршин суух Б******* овогт С М******* /РД:/-д холбогдох

Гэрээний үүрэгт нийт 114,740,267 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ч*******, 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г*******,

Хариуцагч С.М*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М******* г******* ХХК нь гэрээний үүрэгт нийт 114,740,267 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.М*******од холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр М******* г******* ХХК нь С.М*******той экскаваторыг сарын 25,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож эд хөрөнгө хөлслөх гэрээг амаар байгуулан, С.М*******ын алтны уурхай ажиллаж буй Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Сайрын ам гэх газарт хүргүүлсэн. С.М******* нь экскаватор хөлсөлсний урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөг төлсөн. Ийнхүү хэлэлцэж тохирсны дагуу С.М******* нь 15 хоног тутамд төлбөрөө төлөх ёстой байсан хэдий ч төлөлгүй хойшлуулж, “ах нь бөөнд нь нэг өгье” гэсэн тул зөвшөөрч ажиллуулж байсан. Гэтэл 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр С.М*******од холбогдуулан Баянхонгор аймгийн цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд уурхайд ажиллаж байсан бүх тоног төхөөрөмжийг хураан авсан талаар олж мэдэн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр экскаватор машиныг гаргуулан авсан болно. Гэрээний төлбөрийн тухайд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 3 сар 14 хоногийн хугацаанд түрээсийн төлбөр нийт 86,666,667 төгрөг,  болох бөгөөд үүнээс түрээслэгч С.М******* нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн гэрээний урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөг төлсөн. Гэрээ дуусгавар болсноос хойш 3 жил, 3 сар өнгөрсөн байтал гэрээний үлдэгдэл төлбөр 80,666,667 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Түрээслэгч түрээсийн гэрээний үүргийг тохиролцсон хугацаанд эсхүл ердийн боломжит хугацаанд гүйцэтгээгүй нь уг мөнгийг түрээслүүлэгч ашиглаж, түүний үр шимийг хүртэх, эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг боломж хязгаарлагдаж байгаа бөгөөд тодруулбал арилжаа эрхлэгчийн үндсэн зорилго болох ашгийн төлөө байх зарчмыг алдагдуулж байгаа тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх талаар тусгасан. Тус заалт нь талууд хоорондоо тохиролцсон хүү бус хуулиар тогтоосон хүүгийн асуудлыг зохицуулсан байх тул 3 жил 3 сарын хугацаанд тохирсон хүү тооцсон юм. Монгол банкны мөнгөний бодлогын хүүгийн хэмжээгээр тооцох нь тохирсон хүү гэх ойлголтод нийцнэ гэж үзэж байна. Тодруулбал, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/04 дугаар “Бодлогын хүүг хэвээр хадгалах тухай” мөнгөний бодлогын мэдэгдэлд дурдсанаар бодлогын хүүг тодорхойлсон. Ийнхүү бид жилийн хүүг 13 хувь гэж тооцон бодвол хариуцагч С.М******* нь 1 жилийн хугацаанд 10,486,666.71 төгрөгийн хүү төлөх ба үүнд хугацаагаа нэмэхийн тулд жилийн 13 хувийн хүүг сард бодогдох хүүнд хуваан тооцвол 1,08 хувь байна. Ингэхээр сарын 871,200 төгрөгийн хүү бодогдох ба 3 сард үргэлжлүүлбэл 2,613,600 төгрөг байх ба нийт хүүгийн авлага нь 34,073,600 төгрөг байна. Түүнчлэн манай компаниас С.М*******од холбогдуулан 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахад 1946 дугаар шийдвэрээр эрэн сурвалжлахаар болж 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахад 1946 дугаар шийдвэрээр эрэн сурвалжлахаар болж 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс С М*******ыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ***** тоот хаягт оршин сууж байгаа болохыг олж тогтоосон тул шүүхэд хандаж байгаа болно. Иймд С.М*******той байгуулсан түрээсийн гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 80,666,667 төгрөг, үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбогдуулан Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан үүрэгт 34,073,600 төгрөг, нийт 114,740,267 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч С.М******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…М******* г******* ХХК болон бидний хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ огт байгуулагдаагүй болно. Тодруулбал, миний зүгээс М******* г******* ХХК-тай аливаа төрлийн гэрээ байгуулаагүй бөгөөд нэгэнт гэрээ байгуулагдаагүй тул төлбөр төлөх үндэслэлгүй юм. Миний бие нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Сайрын ам гэх газарт үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед иргэн Түвшин гэж дууддаг залуу нь миний ажилд туслан хамтран ажиллаж байсан. Түвшиний зүгээс М******* г******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх хүн нь миний хуурай ах юм. Би ахынхаа экскаваторыг танай талбайд авчраад ажиллуулъя. Олсон орлогоосоо хуваая…” гэж гуйсан. Нэгэнт надад тусалж байсан хүн тул Түвшиний гуйлтыг зөвшөөрсөн. Үүний дараа Түвшин нь холбогдож “…яриад байсан экскаватороо ачуулах гэсэн боловч ачилтын зардалгүй болоод байна. Та туслаач…” хэмээн гуйсан тул зардлын мөнгө шилжүүлж өгч байсан. Түвшиний ачуулсан экскаватор нь ирсэн боловч жолоочгүй, цаашлаад ашиглах боломжгүй эвдрэлтэй техник байсан тул огт ашиглагдаагүй болно. Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлдээ илтэд худал мэдээллийг дурдсан байна. Учир нь С.М******* надад холбогдуулан огт мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй юм. Тухайн цаг хугацаанд орон нутгийн сонгууль болох гэж буйтай холбоотойгоор Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байсан бүх уурхайн техникүүдийг цагдаагийн журмын хашаанд байршуулж байсан. Энэ шалтгаан нөхцөлийн улмаас нэхэмжлэгчийн экскаватор хураагдсан. Цаашлаад миний бие нь М******* г******* ХХК-ийн экскаваторыг хадгалах, хамгаалах үүргийг хүлээгээгүй болно. Дээр дурдсанчлан миний бие нь М******* г******* ХХК-тай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй,  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэжээ.

 

 Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ***** улсын дугаартай Hyundai.R300LC-9S маркийн тээврийн хэрэгслийн тодорхойлолт, 2023.05.18-ны өдрийн 102/ШШ2023/01946 дугаартай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2023.06.02-ны өдрийн 1/02794 дугаар албан бичиг, С.М тодорхойлолт, 2023.12.13-ны өдрийн 30ё1-3/6083 дугаартай албан бичиг, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, фейсбүүк чатны зураг, Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2020.09.25-ны өдрийн 359 дугаартай прокурорын тогтоол, бэлэн мөнгөний орлогын баримт зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

 Хариуцагчаас хариу тайлбар, М.А төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрч С.М мэдүүлэг, ****** улсын дугаартай Hyundai.R300LC-9S маркийн экскаватор механизмын зориулалттай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа зэрэг баримтуудыг хавсаргасан.

 ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч М******* г******* ХХК нь хариуцагч С.М*******од холбогдуулан гэрээний үндсэн үүрэгт 80,666,667 төгрөг, хүү 34,073,600 төгрөг нийт 114,740,267 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М******* г******* ХХК нь 1989 УН улсын дугаартай, экскаваторыг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хариуцагч С.М*******од эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлсөлсөн тул гэрээний нийт үүрэгт 114,740,267 төгрөг шаардаж байх бөгөөд 2019.04.16-наас 2022.01.24-ний өдрийг хүртэл 1989 УН улсын дугаартай, экскаваторын өмчлөгч нь Б.Ч******* болох нь тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байна. /хх-110 хуудас/

 

Өмчлөгч нь Б.Ч******* нь өөрийн өмчлөлийн 1989 УН улсын дугаартай, экскаваторыг бусдад хөлслөх, түрээслэх эрхийг М******* г******* ХХК-нд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул маргаан бүхий экскаваторыг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл “Эд хөрөнгө хөлслөх гэрээ”-г амаар байгуулсан, гэрээний үүрэгт нийт 114,740,267 төгрөг шаардсан нэхэмжлэгч М******* г******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага тогтоогдохгүй байна.

 

М******* г******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Б.Чинзориг нь ажилласан байх ба Б.Ч*******ийн дансны хуулга, харилцсан мессенжерээр М******* г******* ХХК-тай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан, гэрээний үүрэг шаардах эрхийг шилжүүлсэн гэж шүүх үзэх үндэслэлгүй болно. /хх-5, 84 тал/

 

Өөрөөр хэлбэл 1989 УН улсын дугаартай, экскаваторыг бусдад хөлсөлсөн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд шаардах эрхгүй этгээд шаардлага гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгов.

 

Харин тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.Ч******* шаардах эрхээ хэрэгжүүлэхэд уг шийдвэр саад болохгүй болохыг тайлбарлавал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасныг баримтлан хариуцагч С.М*******од холбогдох 114,740,267 төгрөг гаргуулах М******* г******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 731,652 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ