2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/02714

 

 

 

 

   2025              04           07                         

                                     192/ШШ2025/02714

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, ************ тоотод оршин суух А******* овогт Н******* Б******* /РД:*******/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, **************** давхарт байрлах, Н******* ХХК /РД:*******/-д холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Б*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Н*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б******* нь 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/24/0207 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н******* ХХК-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: “.... Н.Б******* миний бие 2021 оны 11 сард ажилд орж 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дампын операторын ажил үүргийг хийж гүйцэтгэж тасралтгүй ажилласан бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй болно. Компани нь ажилчдадаа сар, улирал жилийн урамшуулал шагнал цалин өгөхгүй хууль зөрчөөд байхаар нь өөрийн болон бусад ажилчдын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзэл бодлоо илэрхийлэх эрхийнхээ дагуу 2024 оны 1 дүгээр сарын сүүл ажлын бус цагаар алхах хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл үүнтэй холбогдуулан ажил олгогчоос 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэнэт тушаал гаргаж халсан явдлыг огт хүлээн зөвшөөрөхгүй. Би Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т тус тус зааснаар хөдөлмөрлөх эрхээ түргэн шуурхай, хүнд сурталгүйгээр хамгаалуулахаар шүүхэд ийнхүү нэхэмжлэлээ гаргаж байна. Ажил олгогч эвлэрэх боломжгүй тул цаг хугацаа алдахгүйн тулд урьдчилан шийдвэрлүүлэх журмыг сонгохгүйгээр шууд шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэлээ гаргасан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/24/0207 дугаартай тушаалыг хүчингүй болгож, дампын операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү өгнө үү …” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “… Манай байгууллагад Дампын оператор албан тушаалтай ажиллаж байсан Н.Б******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зохих журмын дагуу биелүүлээгүй, "Жагсаал цуглаан хийх журмын тухай" хуулийн 9 дүгээр зүйл 9.1-д заасныг баримтлахгүйгээр зохих бүртгэл зөвшөөрөлгүй, хууль бус жагсаал цуглаан хийж бусдыг хууль бус үйлдэлдээ татан оролцуулж, байгууллагын нэр хүнд болон үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.3.2 дугаар зүйлийн 10.3.2.13 болон 10.3.2.19,  хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тодруулбал ажилтан Н.Б******* нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ажилтнуудын сар, улирал, жилийн цалин хөлс, урамшууллыг олгохгүй байна гэх үндэслэлээр жагсаал цуглааны шинжтэй үйлдлийг зохион байгуулсан. Компанийн зүгээс ажилтанд олгох цалин хөлс урамшууллыг харилцан тохиролцсон хэмжээний хүрээнд зохих хугацаанд олгосон. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Н.Б*******ы гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгчээс 2024.03.01-ний өдрийн Б24/0207 дугаартай Н******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, Н******* ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ, Н******* ХХК-ийн Нууцлалын гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.28-ны өдрийн 183/ШЗ2024/07206 дугаар шүүгчийн захирамж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

 

 Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Голомт банк ХК-ийн 2024.05.27-ны өдрийн 02/0757 дугаар албан бичиг, Хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, Нууцлалын гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, 2024.02.08-ны өдрийн 01 дугаар хурлын тэмдэглэл, сахилгын шийтгэлийн маягт, тойрох хуудас, Хөдөлмөрийн дотоод журам, Компанийн ёс зүйн дүрэм, 2024.01.19-ний өдрийн Б24/0035 дугаар цагаан сарын урамшуулал олгох тухай тушаал, урамшуулал авах ажилтны нэрс, Улирлын ирцийн урамшуулалт цалин тооцож олгох тухай журам, Н******* ХХК-ийн KPI урамшууллын журам, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн 2024.01.21-ний өдрийн 01 дугаар шаардлага, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн 2024.01.21-ний өдрийн 01 дүгээр зөвлөмж, фейсбүүк хуудасны фото зураг, 2024.05.29-ний өдрийн 24/342 дугаар албан бичиг, гүйлгээний хуулга, 2023 оны 10 сараас 2024 оны 02 сар хүртэлх хугацааны цалингийн бодолтын хүснэгт, Н.Б*******ы цаг бүртгэлт, 2023.11.29-ний өдрийн 02/458 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, Н******* ХХК-ийн бүтээлээр тооцсон KPI /2023.12-р сарын гүйцэтгэл/, Ти Эн консорциум сарын бүтээмжийн тайлан, Уулын хэлтсийн 2023.12.30-нд ажил хаяж буусан ажилтнуудын нэрс, 2022.12.08-ны өдрийн NM-А/22-023 дугаар Урамшуулалт цалин олгох журам батлах тухай тушаал, Н******* ХХК-ийн урамшуулалт цалин олгох тухай журам, Чүү кемпэд баримтлах дотоод журам, ажил хаялтаас шалтгаалсан бүтээлийн алдагдал, Н******* ХХК-ийн 2024.01.02-ны өдрийн 24/003 дугаар 2023 оны 13 дахь сарын цалинг түр хойшлуулах тухай албан бичиг, ажил хаялтаас шалтгаалсан бүтээл алдалтын тооцоо, Н******* ХХК-ийн 2023.11.17-ны өдрийн Б28/1159 дугаар Уурхайн үйл ажиллагааг хэсэгчилсэн сул зогсолтод оруулах тухай тушаал, Уурхайн хэсэгчилсэн сул зогсолтод хамрагдах ажилтнууд, Н******* ХХК-ийн 2023.12.06-ны өдрийн Б23/1205 дугаар Уурхайн үйл ажиллагааны хэсэгчилсэн сул зогсолтыг цуцлах тухай тушаал, фото зургууд,

 

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн 2024.01.21-ний өдрийн 01 дүгээр шаардлага, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн 2024.01.21-ний өдрийн 01 дүгээр зөвлөмж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газрын 2025.01.10-ны өдрийн 2/16 дугаар албан бичиг, Өмнөговь аймаг Цогтцэций сумын Засаг даргын албан бичиг, CD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн байна.

 ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Н.Б******* нь хариуцагч Н******* ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч хариуцагч Н******* ХХК-нд холбогдох Н.Б*******ы гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Н*******,

 

 Нэхэмжлэгч Н.Б******* болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С*******, нар  “Миний бие “... “.... Н.Б******* миний бие 2021 оны 11 сараас 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дампын оператораар ажилласан. Компани нь ажилчдадаа сар, улирал, жилийн урамшууллын цалин өгөхгүй байсан тул хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор үзэл бодлоо илэрхийлж, 2024 оны 1 дүгээр сарын сүүл ажлын бус цагаар алхах хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл үүнтэй холбогдуулан ажил олгогчоос 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халсан. Ажил олгогч сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн бол нэг сарын дотор арга хэмжээ авах байтал уг хугацаа дууссан хойно ноцтой зөрчил гэж үзсэн, түүнчлэн ажлын бус цагаар үзэл бодлоо илэрхийлсэн тул ноцтой зөрчилд хамаарахгүй. Иймд дампын операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү …” гэж тайлбарладаг.

 

 Хариуцагч Н******* ХХК нь “… Жагсаал цуглаан хийх журмын тухай" хуулийн 9 дүгээр зүйл 9.1-д заасныг баримтлахгүйгээр зохих бүртгэл зөвшөөрөлгүй, хууль бус жагсаал цуглаан хийж, бусдыг уг үйлдэлдээ татан оролцуулж, байгууллагын нэр хүнд болон үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн тул ажилтан Н.Б*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.3.2 дугаар зүйлийн 10.3.2.13 болон 10.3.2.19, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан. Компани ажилтанд олгох цалин хөлс урамшууллыг харилцан тохиролцсон хэмжээний хүрээнд зохих хугацаанд олгосон. Цагдаагийн байгууллагаас 2024.01.21-ний өдөр шаардлага компанид хүргүүлж, хууль зөрчсөн үйлдэл гаргасан болох нь тогтоогдсон тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.  Мөн уг үйлдэл нь ажил олгогчийн бизнесийн нэр хүндийг гутааж, хохирол учруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй…” гэж маргадаг.

 

 Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024.03.21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.1.-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гэж зааснаар шаардах эрхийн хугацааг зөрчөөгүй байна.

 

 Н******* ХХК-ийн захирлын 2024 оны 3 дугаар 01-ний өдрийн Б24/0207 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 43.1.6, 78 дугаар зүйлийн 78.1.9. 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3-83.6, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, 123.3-т, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.10, 8.4.3, 9.1, 9.3.5, 10.3.2, 10.3.2.1, 10.3.2.13, 10.3.2.19-т, Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.1. 8.1.5, 9.2.1, 9.2.9, 13.1, 13.8.23-т, Ёс зүйн дүрмийн 9.6, 11.5-т. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтууд болон Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн 2024 оны 01 сарын 21-ний өдрийн 01 дугаартай шаардлага, зөвлөмжийг тус тус үндэслэн Дампын оператор албан тушаал ажилтай Н.Б*******ыг 2024 оны 01 сарын 21-ний өдөр Жагсаал, цуглаан хийх журамд нийцээгүй, хууль зөрчиж бүртгэлгүй жагсаал хийсэн, энэ нь хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн 01 дугаартай шаардлага, зөвлөмж, ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулахаар ямар нэгэн үйлдэл, эс үйлдэл (тухайлбал өөрийн фэйсбүүк, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр нотлогдоогүй, худал, хуурмаг мэдээлэл тараасан) хийсэн нь тогтоогдож, компанийн дотоод хэм хэмжээ тогтоосон Хөдөлмөрийн дотоод журам болон Ёс зүйн дүрмийг зөрчиж, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан байх тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2024 оны 03 дугаар сарын 01-ийн өдрөөр тасалбар болгон, үүрэгт ажлаас нь тус өдрөөр чөлөөлжээ.

 

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байхыг шаарддаг.

 

Ажил олгогч нь нэхэмжлэгч Н.Б*******ыг  Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хөдөлмөрийн гэрээний 10.3.2-т “ Ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу дараах зөрчлүүдийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж тооцож компанийн ажилтанг шууд халах эрхтэй”, 10.3.2.1-т Хөдөлмөрийн дотоод журам, хэм хэмжээ, кемпийн журам болон бусад дотоод дүрэм, журмыг зөрчсөн болон энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн, хориглосон заалтуудыг зөрчсөн, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсаны улмаас ажил олгогчид их хэмжээний хохирол учруулсан“, 10.3.2.13-т “ Ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан, хохирол учруулахаар ямар нэгэн үйлдэл, эс үйлдэл хийсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн, буруугаар ашигласан, 10.3.2.19-т “Холбогдох хууль тогтоомжид заасан бусад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн” гэж  дүгнэн,  ноцтой зөрчилд тооцон  түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна.

 

Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Цогтцэций сумын Цагдаагийн хэлтсээс 2024 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 01 дугаартай  “… Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно; гэж тогтоосон боловч нарийвчлан зохицуулсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц болон дайны байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно." гэсэн зохицуулалттай.

Мөн хуулийн 9 дүгээр зүйл /Жагсаал, цуглаан хийх журам/-д зааснаар жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлээ тухайн сум, дүүргийн Засаг даргад, хэд хэдэн сум, дүүргийн нутаг дэвсгэр хамарч байгаа бол аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлэх бөгөөд мэдэгдлийг хүлээн авснаас хойш 3 хоногийн хугацаанд бичгээр хариу өгөх үүрэгтэй, хариу өгөөгүй тохиолдолд жагсаал, цуглааныг хийж болохоор зохицуулсан ба Та бүхний зохион байгуулж буй үйл ажиллагаа нь энэ хуулийн шаардлагыг хангаагүй, бүртгэлгүй хууль бус ажиллагаа юм.

Иймээс Цагдаагийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7 дахь заалтад заасны дагуу дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

1. Дайн сурталчлах, үндэстэн ястны хооронд хагарал гаргах буюу үндэс угсаа, хал, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах, аллага, хядлага, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалсан жагсаал, цуглаан зохион байгуулахыг мөн хориглоно;

2. Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох шинжтэй үйлдэл гаргахгүй байх;

3. Улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц болон дайны байдал зарласан, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглох зохицуулалттайг онцгой анхаарах, 4. Жагсаал, цуглаан зохион байгуулагч болон оролцогчид нь хэв журам, хууль ёсыг сахих талаар цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх,

5. Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулахгүй байх;

6. Жагсаал, цуглаан зохион байгуулагч болон оролцогч нь зэвсэг, хорт бодис, тэсэрч эрэх бодис, орчин тойрон, хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц аливаа дэлбэрз зүйл, амьтан авч явуулахгүй байх,

7. Жагсаал, цуглааны үеэр гудамж, замын хөдөлгөөнийг бүслэн хаах, аливаа ууллагийн хэвийн ажиллагаа алдагдуулах, дотоод хэрэгт нь оролцоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг оролцогчдод урьдчилан анхааруулж, энэхүү шаардлагыг чандлан ажил сахиулах,

8. Жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, шахалт дарамт үзүүлэх болон бусад хэлбэрээр албадахгүй байх;

Та бүхэн дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар цагдаагийн байгууллага хуульд заасан арга, хэрэгслээр албадан тараах, холбогдох хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг мэдэгдье.

Дээрх хууль бус үйлдлээс үүдэн хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан болон бусад хор уршгийг Та бүхэн хариуцна гэдгийг анхааруулъя.

… Иймд иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед нийтийн хэв журмыг гажуудуулахад чиглэсэн аливаа хууль бус үйлдэл хийх иргэдийг өдөөн турхирах, уриалах, үзэл бодлоор нь эвдрэлцүүлэх үйлдлээ даруй зогсоож, төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын арга хэмжээг чанд сахин биелүүлэхийг шаардаж байна” гэх агуулга бүхий Шаардлагыг  хүргүүлж, шаардлагыг Д.Амарбаясгалан хүлээн авч,

 

 мөн 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 01 дугаартай “…Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван зургаадугаар зүйлийн 16 дахь хэсэгт Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно гэж заасан.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хүний бусад эрхээ эдлэх гол нөхцөл төдийгүй ардчилсан нийгмийн үндэс суурь юм. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь улс төрийн байр суурь, сонгууль, сэтгүүл зүй, хичээл, шашны зан үйл зэрэг маш олон хэлбэрээр илэрдэг. Хүний эрхүүд хоорондоо харилцсан уялдаа холбоотой учир тус эрх нь хувийн нууцтай байх, халдашгүй чөлөөтэй байх, тайван жагсаал, цуглаан хийх, итгэл үнэмшилтэй байх зэрэг эрхүүдтэй нягт холбоотой бөгөөд хэвлэн нийтлэх болон шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг давхар агуулдаг.           

"Тайван хуран цуглах эрх" гэдэг нь нийтийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулахгүй, эмх замбараагүй байдал үүсгэхгүй, хүчирхийлэл, халдлага, үймээн самуун дэгдээхгүй гэсэн утга, санааг илэрхийлдэг. Энэ нь аливаа шударга бус үйлдэлд санаа бодлоо ухаалаг, тайвнаар илэрхийлэх арга зам бөгөөд ойлголцол дэмжлэгийг бий болгодог тул Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт зэрэг хүний эрхийн үндсэн гэрээнүүдээс гадна бүс нутгийн хүний эрхийн гэрээ, улс орнуудын үндсэн хуульд тодорхой заасан байдаг

"Хүний халдашгүй эрх" гэдэг нь өөрийн жам ёсны шинж чанараас үүдэлтэй бөгөөд хуулиар баталгаажуулсан, хэн боловч хөндлөнгөөс дур мэдэн халдаж үл болох туйлын агаад салшгүй эрхийн цогц юм. Олон Улсын эрхийн хэм хэмжээнд нийцсэн хуулиар тогтоосон үндэслэл, журмаас гадуур аливаа хэлбэрээр эрх, эрх чөлөөгүй хязгаарлуулахгүй байх нь халдашгүй эрхийн үндсэн агуулга бөгөөд тус эрхийг хөндлөнгөөс ямар ч этгээд дур мэдэн зөрчиж болохгүй, мөн энэ эрхийг баталгаатай хангахын тулд хувь хүний нэр төр, алдар хүнд бие сэтгэл, эд хөрөнгө, хувийн ба гэр бүлийн нууц, захидал харилцаа, орон байрны халдашгүй байдлыг онцгойлон авч үздэг.

Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт "Хүн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй", 19 Дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт "Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй", 21 дүгээр зүйлд "Тайван хуран цуглах эрхийг хүлээн зөвшөөрнө. Энэхүү эрхийг эдлэхэд ардчилсан нийгэмд үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах, эсхүл бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс хуулийн дагуу тогтоосноос өөр хязгаарлалт хийж болохгүй." гэж тус тус заасан байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 16 дахь заалтад "Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг халах, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмын тухай 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Жагсаал, цуглааныг Монгол улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй.", хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт "Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ" гэж тус тус заасан.

Иймд Монгол Улсын иргэн та Монгол Улсын жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг "Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ." гэж заасны дагуу хүсэлтээ гаргаж бүртгүүлэх эсхүл хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй аливаа аюул, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс сэргийлэх зорилгоор ард иргэдийг жагсаал, цуглаанд уриалж байгаа үйлдлээ даруй зогсоож хүргүүлсэн зөвлөмжийг ухамсартайгаар хүлээн авч, бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан хууль, дүрэм, журмыг мөрдөж ажиллана уу” гэх агуулга бүхий  Зөвлөмжийг хүргүүлжээ. /хх-ийн 126-129 тал/

 

Дээрх шаардлага, зөвлөмжийн дагуу Жагсаал, цуглаан зохион байгуулах тухай 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн мэдэгдлийг хүлээн авч бүртгэсэн болох нь Өмнөговь аймаг Цогтцэций сумын Засаг даргын 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 1-61 тоот албан бичгээр тогтоогдож байна. /хх-ийн 198 тал/

 

Цагдаагийн байгууллагаас нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гүйцэтгэж буй шаардлага, зөвлөмж хүргүүлж байгаа явдал нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд хамаарах үйлдэлд хамаарахгүй болно. Өөрөөр хэлбэл ажил олгогч Хөдөлмөрийн гэрээний 10.3.2.19-т “Холбогдох хууль тогтоомжид заасан бусад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн” гэж  зааснаар Жагсаал, цуглаан зохион байгуулах тухай хууль зөрчсөн гэж дүгнэн, нэхэмжлэгч Н.Б*******тай байгуулсан хөдөлмөрийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллагаас Н.Б*******д жагсаал, цуглаан зохион байгуулсан үндэслэлээр түүнд арга хэмжээ авсан, хариуцлага тооцсон болох нь баримтаар тогтоодохгүй байна.

 

 

Нийтийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулахгүй, эмх замбараагүй байдал үүсгэхгүй, хүчирхийлэл, халдлага, үймээн самуун дэгдээхгүйгээр цалин хөлсний талаарх нэмэгдэл олгоогүйтэй холбогдуулан тайван замаар санаа бодлоо тайвнаар илэрхийлэх нь Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд хамаарна. Хэрэгт авагдсан баримтаар нийтийн хэв журам, иргэдийн аюулгүй байдал алдагдуулсан, эмх замбараагүй байдал үүсгэсэн, хүчирхийлэл, халдлага, үймээн самуун дэгдээсэн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн ажил олгогч нь  Хөдөлмөрийн дотоод журам, хэм хэмжээ, кемпийн журам болон бусад дотоод дүрэм, журмыг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хориглосон заалтуудыг зөрчсөн, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсаны улмаас ажил олгогчид их хэмжээний хохирол учруулсан, Ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан, хохирол учруулахаар ямар нэгэн үйлдэл, эс үйлдэл хийсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн, буруугаар ашигласан сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон уг үйл баримтууд нотлох баримтаар тогтоогдохгүй байна.         

 

Түүнчлэн ажил олгогч Н.Б*******ыг 2024 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Жагсаал цуглаан хийсэн үндэслэлээр сахилгын зөрчилд тооцон, хөдөлмөрийн харилцааг цуцалсан шийдвэрийг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасантай нийцээгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4.-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байх бөгөөд цагдаагийн байгууллагаас 2024.01.21-ний өдөр шаардлага хүргүүлж, шаардлагыг ажил олгогч  хүлээн авснаар зөрчлийг илрүүлсэн гэж үзэх бөгөөд уг хугацаанаас хойш 2024.02.21-ний дотор сахилгын шийтгэл ногдуулах байтал уг хугацааг ажил олгогч хэтрүүлсэн  байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.05-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.7-д “Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, нягтлан бодох бүртгэлийн болон бусад данс, тооцоо байна” гэж, 2.3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” 2.6-д “ажилтны ажилласан хугацаа нь энэ журмын 2.2-2.5-д заасан дундаж цалин хөлс тодорхойлох хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн ажилтны ажилласан хугацааны цалин хөлсний нийлбэрийг нийт ажилласан өдөр эсхүл нийт ажилласан цагт хувааж нэг ажлын өдрийн эсхүл нэг ажлын цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлно” гэж тус тус зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 3,750,706 төгрөг /2,873,096+3,719,300+4,659,723=11,252,119:3 = 3,750,706/ байх тул нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацааны ажлын нийт 273 хоног /2024.03.02-ны өдрөөс 2025.04.07 өдөр хүртэл/-ийн цалин 47,625,123 төгрөгийг / 3,750,706:21,5=174,451 төгрөг, 273 хоног х 174,451төгрөг/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан тул нэхэмжлэгч Н.Б*******ы 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлнэ. 

 

 Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт ажил олгогч хийнэ. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж заасан. Иймээс нэхэмжлэгч Н.Б*******ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 

Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл Н.Б*******ыг Н******* ХХК-ийн дампын операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 47,625,123 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б*******ыг Н******* ХХК-ийн дампын операторын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 45,625,123 төгрөгийг хариуцагч Н******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Н.Б*******д олгосугай.

3.  Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Б*******ы 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд дахь 45,625,123 төгрөгийн хэмжээнд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч хариуцагч Н******* ХХК-нд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч Н******* ХХК-иас   улсын тэмдэгтийн хураамжид 456,276 /70,200+386,076/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ