| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 181/2023/04246/И |
| Дугаар | 192/ШШ2025/02712 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/02712
| 2025 04 07 | 192/ШШ2025/02712 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 23 дугаар хороо, ************ тоот хаягт оршин суух, О******* овогт Ц******* Б******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, ********** тоот хаягт оршин суух, Х******* овогт Х******* Г******* /РД:*******/-д холбогдох,
Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, 43,140,236.5 төгрөг гаргуулах үндсэн, 42,660,639.96 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг тус тус хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ц.Б*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Г*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б******* нь орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, 43,140,236.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Г*******ад холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Миний бие Ц.Б******* нь 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Х.Г*******тай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, ******** тоот, 48 м.кв орон сууцыг 76,800,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Гэрээ байгуулсан өдрөө буюу 2018.08.06-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 66,800,000 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр тохиролцсон. Захиалгын гэрээний дагуу 2018 оноос 2021 оныг хүртэл 36,640,236.54 төгрөг, 2023 оны 02 сараас 6 сарын хооронд 6,500,000 төгрөг, нийт 43,140,236.5 төгрөгийг Х.Г*******ад төлсөн. Гэвч Х.Г******* нь тус орон сууцыг худалдахаа болилоо, орон сууц чөлөөл эсвэл алданги төл гэх шаардлагуудыг удаа дараа тавьж цаашид би тус орон сууцанд амьдарч, төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, 43,140,236.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Х.Г******* нь 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Ц.Б*******тай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д Чингэлтэй дүүргийн 15-р хороонд байрлах Иргэн Г*******ын Үйлчилгээтэй орон сууцны ************ тоот 48 м2 талбайтай, 2 өрөө сууцыг захиалан бариулан 1 м.кв-ын үнэ 1,600,000, нийт 76,800,000 төгрөгөөр зааж иргэн Х.Г******* тус орон сууцыг барьж ашиглалтад оруулсан буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Иргэн Ц.Б******* нь тус байрыг ашиглалтад орсон үеэс амьдарч эхэлсэн бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөрийг удаа дараа хойшлуулан тус байранд амьдарсан. Гэрээний 2.4-т 2019 оны 8 сарын 06-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 10,000,000 төгрөгийг төлнө. Үлдэгдэл төлбөр болох 66,800,000 төгрөгийг 2,5 жилийн хугацаанд сар бүр тогтмол 2,375,000 төгрөгийг 2019 оны 09-р сараас эхлэн сар бүрийн 20-нд гэрээний дагуу төлнө гэж тохиролцсон бөгөөд Иргэн Ц.Б******* нь гэрээний төлбөрөө хугацаандаа төлөөгүй бөгөөд өөрийнхөн хүсэлтээр зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа өөрчилсөн. Гэвч тус байранд 2019 оноос хойш амьдарч ирсэн бөгөөд 2023 оны 6 сар хүртэл амьдарсан. Гэтэл тус хугацаанд төлбөрөө төлөөгүй бөгөөд 4 жил амьдарсны дараагаар гэрээнээс татгалзах тухай мэдэгдэж урьдчилгаа төлбөрийг шаардсан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т дараах тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан бөгөөд 225.4.3-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай; гэж заасан байх бөгөөд Ц.Б******* нь төлбөрийг тогтоосон хугацаанд өөрөө төлж барагдуулаагүй байгаа тус гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Г******* нь 42,660,639.96 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Ц.Б*******ад холбогдуулан гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Х.Г******* нь 2019 оны 8 сарын 06-ны өдөр Ц.Б*******тай "Орон сууц захиалан бариулах гэрээ" байгуулсан буюу талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр Иргэн Х.Г******* нь гэрээний 3 дугаар зүйлийн "3.1.А тал нь Чингэлтэй дүүргийн 15-р хороонд байрлах Иргэн Г*******ын Үйлчилгээтэй орон сууцны ********** тоот 2 өрөөтэй 48 м.кв талбай бүхий сууцыг энэ гэрээнд зайсны дагуу барьж дуусган Б талд хүлээлгэн өгнө." гэж заасны дагуу гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Харин гэрээний Б тал болох Ц.Б******* нь тус гэрээний 2 дугаар зүйлийн 2019 оны 8 сарын 06-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 10,000,000 төгрөгийг төлнө. Үлдэгдэл төлбөр болох 66,800,000 төгрөгийг 2,5 жилийн хугацаанд сар бүр тогтмол 2,375,000 төгрөгийг 2019 оны 9-р сараас эхлэн сар бүрийн 20-нд гэрээний дагуу төлнө. Үүргийг хүлээсэн бөгөөд хуваарийн дагуу төлөлгүйгээр удаа дараа хойшлуулсан бөгөөд тухай бүрд өөрийнхөн хүсэлтээр хойшлуулсаар ирсэн болно. Харин 2023 оноос эхлэн Ц.Б******* нь гэрээнээс татгалзаж урьдчилгаанд төлсөн мөнгөө шаардаж эхэлсэн. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.7 Б тал гэрээнд заасан дагуу төлбөрөө хийж чадахгүй 1 болон түүнээс дээш сар болсон ба Б тал энэ гэрээг хугацаанаас нь өмнө үндэслэлгүйгээр дангаараа цуцалсан, цуцлахыг шаардсан, орон сууцаа хүлээн авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэгч А тал Б талын байранд орсон өдрөөс эхлэн нэг сарын түрээс 1,500,000 төгрөгөөр бодож урьдчилгаа болох мөнгөнөөс хасаж буцаан олгож байрнаас гаргана. Үлдсэн төлбөрийг буцаан олгоно. гэж заасны дагуу 2023 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл амьдарсан хугацааг дээрх гэрээний заалтын дагуу тооцож үлдэгдэл дүн 33,120,018 төгрөг, гэрээний 14.3 Б тал нь гэрээний дагуу төлбөрөө 14 хоногоос дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1%-ийн алдангийг А талд төлнө гэж заасны дагуу алданги нь 7,240,724.16 төгрөг бөгөөд нийт 40,360,742.16 төгрөг, Ц.Б******* нь тус байранд 2023 оны 6 сар 20 хүртэл амьдарсан бөгөөд тэр болтол СӨХ болон ашиглалтын зардлаа төлөөгүй бөгөөд түүний үлдэгдэл болох 2,229,897.80 төгрөг нийтдээ 42,660,639,96 гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Ж.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” … Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэлийн тухайд нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлээ түрээсийн гэрээтэй холбоотойгоор суутгаж тооцно гэсэн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт заасан заалтын хүрээнд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тооцсон гэжээ. Захиалгаар орон сууц бариулах гэрээнд түрээсийн гэрээний заалт оруулж байгаа бол Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.2 дахь хэсэгт заасан өмчлөх эрх шилжсэнээр түрээсийн харилцаа үүснэ. Энэ харилцааг тусгаагүй. Мөн үл хөдлөх хөрөнгө түрээсэлж байгаа бол улсын бүртгэлд бүртгүүлнэ уг шаардлагыг хангаагүй. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Мөн 33,000,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийн алданги тооцсон, хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй. Гэрээ байгуулсны дараа ковид гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс зах зээлийн үнээр төлбөрөө төлөөд, орон сууцаа авах хүсэлтээ байгаа боловч хариуцагч өөрөө уг орон сууцнаас гар, худалдахаа болилоо, гээд мэдэгдэл өгөөд, орон сууцнаас гаргасан. Орон сууц захиалан бариулах гэрээг Б******* байгуулж, гэрээнд гарын үсэг зураагүй, гарын үсэг зураагүй, байгуулаагүй гэрээний заалт гэж, алданги, түрээсийн төлбөр шаардсаныг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргах хүртэл, өнөөдрийн шүүх хуралдаанд тайлбар гаргах хүртэл эвлэрэх, тодорхой арга хэмжээ авах, үлдсэн төлбөрийг төлөх гээд тодорхой санал санаачилгыг гаргасан боловч хариуцагч зөвшөөрөөгүй. Иймээс гэрээний үнийг нэг талын санаачилгаар шууд нэмсэн тул гэрээнээс татгалзсан. СӨХ-ны гарсан зардлыг төлөхөд татгалзахгүй, харин үлдэх сөрөг шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2018.08.06-ны өдрийн 2018/04 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.02-ны өдрийн 181/ШЗ2023/12973 дугаар захирамж, 2023.08.10-ны өдрийн 18/220 дугаартай Монгол шуудан ХК-ийн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.04-ний өдрийн 181/ШЗ2023/14615 дугаар захирамж, дансны хуулга,
Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019.08.06-ны өдрийн 2018/04 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, байрны түрээсийн төлбөрийн тооцоолол, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, БУ16-815/22 дугаар гэрчилгээ, 2016.04.25-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 00277 дугаар тусгай зөвшөөрөл, 2020.08.26-ны өдрийн 02/2020 дугаартай Орон сууцны ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллах гэрээ, 2018.12.11-ний өдрийн 2018/745 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ,
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.01.18-ны өдрийн 41 дугаартай албан бичиг, 2015.01.16-ны өдрийн А/41 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамж, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүйгээр газар өмчилж авсан иргэдийн жагсаалт зэрэг баримтыг тус тус ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б******* нь хариуцагч Х.Г*******ад холбогдуулан Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, 43,140,236.5 төгрөг гаргуулах үндсэн, 42,660,639.96 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус гаргажээ.
Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Х.Г******* нь 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 2018/04 дугаар Орон сууц захиалан бариулах гэх нэртэй гэрээгээр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, ************** тоот хаягтай, 48 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 76,800,000 төгрөгөөр барьж, ашиглалтад оруулахаар нэхэмжлэгч Ц.Б******* нар гэрээ хийжээ, уг гэрээнд хариуцагч Х.Г******* гарын үсэг зурсан, нэхэмжлэгч Ц.Б******* гарын үсэг зураагүй, түүнийг төлөөлж гэр бүлийн гишүүн эхнэр нь гарын үсэг зурсан энэ талаар зохигч маргаагүй байна. /хх 5-7 тал/
Мөн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Зээлийн эргэн төлөх хуваарь гэх баримтыг Б.Н, Ц.Б******* нар үйлдэн, орон сууцны төлбөр төлөх хуваарийг 2020.06.01-ний өдрөөс 2022.11.01-ний өдөр хүртэл сар бүр 1,713,417.18 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, хийсэн байх бөгөөд уг баримтад нэхэмжлэгч Ц.Б******* гарын үсэг зурсан, Х.Г*******ыг төлөөлж Б.Н гарын үсэг зурсан үйл баримтын талаар зохигч маргаагүй болно. /хх 8 тал/
Дээрх хэлцлүүдээс дүгнэвэл 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 2018/04 дугаар хэлцэлд нэхэмжлэгч Ц.Б*******, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн эргэн төлөх хуваарь гэх хэлцэлд хариуцагч Х.Г******* нар өөрсдийгөө төлөөлөн хэлцэл хийх, хэлцэлд гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэлийг хэн аль нь гэр бүлийн гишүүн гэх этгээдүүддээ бичгээр олгоогүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд бичгээр ирүүлээгүй, энэ талаар хэн хэн нь маргаагүй байх тул дээр хэлцлүүдийг шүүх бичгээр байгуулсан хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.
Талуудын хооронд нь хариуцагч Х.Г******* 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, ********** тоот хаягтай, 48 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барих, ажлын хөлсөнд нэхэмжлэгч Ц.Б******* 76,800,000 төгрөгийг Х.Г*******ад төлөх тус тус үүрэг хүлээсэн амаар хийсэн хэлцлийн шинж нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцэж байх ба уг хэлцэлд хэлбэрийн шаардлага хуульд зааснаар шаарддаггүй тул, талуудын хооронд амаар орон сууц бариулахаар ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн байна гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” заасантай талуудын хооронд амаар тохиролцсон хэлцэл тохирч байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ковид цар тахал гарсантай холбогдуулан нэхэмжлэгч Ц.Б******* амаар тохиролцсон төлбөр төлөх үүргээ хожимдуулж, үүргийн зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэргийн 62-64 хуудаст авагдсан баримтаар тогтоогдож байна.
Ийнхүү нэхэмжлэгч Ц.Б******* нь төлбөр төлөх үүргийн зөрчил үүсгэсэн бол Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.-т “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ”, 204.2.-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана”, 225 дугаар зүйлийн 225.1.-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар хариуцагч Х.Г******* гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө тал болох Ц.Б*******ад мэдэгдэнэ, мөн үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох зэрэг хуульд заасан урьд ч ажиллагааг гүйцэтгэнэ. Гэвч хариуцагч Х.Г******* шүүхэд эдгээр үйл баримтыг нотолсон нотлох баримтыг ирүүлээгүй, энэ талаар нотлоогүй байна. Иймээс хариуцагч үүргийн зөрчлийг арилгахаар арга хэмжээ авсан болохоо нотлоогүй атал нэхэмжлэгч Ц.Б*******ыг дээрх орон сууцнаас гаргасныг үндэслэн, амаар хийсэн хэлцлээс нэхэмжлэгч татгалзан, хэлцлийн дагуу төлсөн төлбөрөө шаардсан нь хуульд нийцжээ.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч аман хэлцлээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн мөнгөн төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч гэрээний дагуу нийт 43,140,236 төгрөг хариуцагчаас шаардсан, хариуцагч гэрээний дагуу 36,640,236 төгрөг авсан гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч 43,140,236 төгрөг гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн болохоо нотлоогүй тул хариуцагч тайлбараар нэхэмжлэгчийг гэрээний дагуу 36,640,236 төгрөг хариуцагчид шилжүүлсэн гэж шүүх дүгнэлээ. Мөн маргаан бүхий орон сууцанд амьдрах явцад СӨХ-ны ашиглалтын зардалд 2,229,897 төгрөг гарсан, үүнээс нэхэмжлэгч 1,716,700 төгрөг төлсөн, үлдэх 513,197 төгрөгийг төлнө, маргахгүй гэж нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан. /хх 169 тал/
Иймээс хариуцагчаас 36,127,039 /36,640,236-513,197/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан байх бөгөөд талууд хэлцлийг бичгээр хийгээгүй тул хариуцагч анз буюу алданги шаардах эрхгүй байна.
Түүнчлэн хариуцагч Гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д “ Б тал гэрээнд заасан дагуу төлбөрөө хийж чадахгүй 1 болон түүнээс дээш сар болсон ба Б тал энэ гэрээг хугацаанаас нь өмнө үндэслэлгүйгээр дангаараа цуцалсан, цуцлахыг шаардсан, орон сууцаа хүлээн авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэгч А тал Б талын байранд орсон өдрөөс эхлэн нэг сарын түрээс 1,500,000 төгрөгөөр бодож урьдчилгаа болох мөнгөнөөс хасч буцаан олгож байрнаас гаргана” гэж заасны дагуу түрээсийн төлбөр шаардсан бөгөөд хариуцагч аман хэлцлээс хуульд зааснаар татгалзаж, шаардах эрхээ хэрэгжүүлснээ нотлох баримтаар нотлоогүй, гэрээг бичгээр байгуулаагүй тул талуудын хооронд уг нөхцөлийг тохиролцсон гэж үзэх боломжгүй тул түрээсийн төлбөр шаардсаныг шүүх олгох үндэслэлгүй байна.
Иймд дээрхийг нэгтгэвэл хариуцагчаас 36,127,039 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 7,013,197 төгрөгийн үндсэн шаардлага, сөрөг 42,660,639.96 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хура төлсөн 373,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 338,585 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хура төлсөн 371,253 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232.3, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Г*******аас 36,127,039 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б*******ад олгож, үлдэх 7,013,197 төгрөгийн үндсэн шаардлага, 42,660,639.96 төгрөгийн сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хура төлсөн 373,625 төгрөг, хариуцагчийн сөрөг шаардлагад улсын тэмдэгтийн хура төлсөн 371,253 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 338,585 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ