| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2024/0061/З |
| Дугаар | 110/ШШ2025/0071 |
| Огноо | 2025-09-02 |
| Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 110/ШШ2025/0071
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид С.Оюунгэрэл, М.Мянганбаяр нарын бүрэлдэхүүнээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Х ,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.З нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, иргэдийн төлөөлөгч С.Жанибек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч М.Х нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдуулан, “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай 6.254 га газрыг М.Х эзэмшүүлэх захирамж гаргахгүй байгаа Өлгий сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 6.254 га газрыг эзэмшүүлэх захирамж гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг тус тус даалгах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгчээс уг 6.254 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах талаар Өлгий сумын Засаг даргад гаргасан хүсэлтэд 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2/365 дугаар албан бичгээр татгалзсан хариу өгснийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Засаг даргад гаргасан гомдол гаргасан боловч 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичгүүдээр Өлгий, Бугат сумын Засаг дарга нарт шилжүүлсэн байх ба Бугат сумын Засаг даргаас 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 138 дугаар албан бичгээр “Бугат сумын Засаг даргын эрх хэмжээний асуудал биш” гэсэн хариу өгснөөр нэхэмжлэгч М.Х нь шүүхэд 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ.
2.1. М.Х надад Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 68 дугаар захирамжаар тус сумын 3 дугаар багт, хуучин өөрийн өвөлжиж байсан “Мешелийн буйр” хэмээх 20 га газрыг олон наст ургамал тариалахаар, 60 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай шийдвэр гарсан юм.
Баян-Өлгий аймгийн Бугат сумын газрын даамлаас уг газарт 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 0198623 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээ олгосон юм. Иргэн М.Х би уг газрыг 2008 оны 9 дүгээр сараас эхлэн одоо хүртэл 16 дахь жилдээ ашиглаж байна. Тухайн газарт зохих хэмжээний үл хөдлөх хөрөнгө бариад, эзэмшил хэрэгцээнд хэрэглэн явж байна.
Гэтэл Монгол Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулсан байна. Уг өөрчлөлтөөр хуучин Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг дэвсгэр байсан “Мешелийн буйр” хэмээх 62400 м2 газрыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт нэмж оруулсан байна.
Ингээд уг газрыг би Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2008 оны 68 дугаартай захирамжаар хууль ёсоор эзэмшин, одоог хүртэл ашиглаж байгаа, одоо уг газар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэр болсон учраас уг газарт шинээр эзэмших эрхийн акт гаргуулах, газар эзэмших гэрчилгээ авах зорилгоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад 2024 оны 7 дугаар сарын эхээр хүсэлт гаргасан. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2/365 тоотоор “Таны хүсэлтийг хангах боломжгүй шүүхэд хандаарай” гэсэн хариу өгсөн гэжээ.
3. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
3.1. Миний бие 2008 онд Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрснөөр Засгийн газрын журмын дагуу гэр бүлээрээ идэвхтэй ажиллаж байгаа иргэдэд газар тариалан эрхлэх 100 га хүртэл газар олгох шийдвэрийн дагуу сумын Засаг даргын захирамжаар 20 га газар авсан. Би тухайн үед бас өөр 2 га газарт мод, ногоо тарьж сумын цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг байгууллагуудыг хүнс ногоогоор хангаж байсан.
3.2. Би 20 га газарт бага багаар ажлаа хийж, ажилчдын байр, склад, худаг гаргасан. Цахилгааны шугам татахаар төлөвлөж, дараа нь “Ковид-19” цар тахалт гарч, үүний дараа газрын маргаан үүсээд эцсийн шийдвэр гарахгүй явж байгаа.
3.3. Зун тухайн газарт тээврийн хэрэгсэл очиж чадахгүй тул өвөлдөө 2021-2023 онд 3 жил үхрийн ферм ажиллуулсан, тус газарт баригдсан малын хашаа, битүү байр зэргийг үхрийн фермийн зориулалтайгаар түр ашиглаж байсан.
3.4. Монголын жимс жимсгэнийн холбооны тэргүүн н.Насанжаргал гуайн байгуулсан гэрээгээр Монгол Улсад 20 тонн царгасны үр орохоор болсон. Царгасны үрийг Дархан, Дорнод, Баян-Өлгий зэрэг 3 аймагт тарьж туршилт хийж байгаа. Одоо тэр газар маргаантай болсон учраас үйл ажиллагаа явуулж чадахгүй байна.
Чацаргана, ногоо тарьж байгаа 2 га газрын хэсэг газарт царгас тарьж ургуулж байгаа. Одоо 20 тонн царгасны үр ороод ирэнгүүт надад бас өгөх гэж байгаа тул тухайн 20 га газарт царгасны үр тарина гэв.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
4.1.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай 6.2 га газрыг Монгол Улсын иргэн М.Х эзэмшүүлэх захирамж гаргахгүй байгаа Өлгий сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг эзэмшүүлэх захирамж гаргаж, гэрчилгээ олгохыг Өлгий сумын Засаг даргад даалгах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна.
4.2. Бугат сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 68 дугаартай захирамж хүчин төгөлдөр байна. Бугат сумын Засаг дарга Х.Х “уг захирамж өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр, хүчингүй болоогүй, газрын төлбөрийг жил бүр төлж байгаа” гэх агуулгаар шүүхэд хариу ирүүлсэн.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг баримталж уг захирамжийг гаргасан, гэхдээ Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2.9.3 дахь хэсгийг үндэслэж энэ захирамж гарсан гэж үзэж байна. Үүнд, “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна.” гэж заасан. Үүний дагуу 20 га газрыг олгосон. Харамсалтай нь газрын хувийн хэрэг дээр багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хулын шийдвэрүүд байдаггүй, сумын Засаг даргын шийдвэр, хүсэлт гэдэг ганц, хоёр хуудас баримт байна. М.Х нь 1990 оноос хойш газар тариалантай амьдралаа холбоосон. Газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан гэдгээр дүйцүүлж энэ захирамжийг гаргасан гэж ойлгож байна.
4.3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Өлгий болон Бугат сумын хилийн цэсийг өөрчилснөөр нэхэмжлэгч М.Х Бугат сумын Засаг даргын 2008 оны 68 дугаар захирамжаар эзэмшсэн гэх 20 га газрын 6.2 га нь газар Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарах болсон эсэх, нэхэмжлэгчид шаардах эрх хууль ёсоор үүссэн эсэх нь тогтоогдоогүй байна.” гэж заасан. Маргаан бүхий 6.2 га газар нь Өлгий сумын нутаг дэвсгэрт багтаж байгаа гэдэг нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Бид тухайн газар дээр маргаж байгаа.
4.4. Мөн “Улсын Их Хурлын тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш М.Х 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргасан газар эзэмших эрх баталгаажуулах өргөдөл авагдсан байх ба үүнийг үндэслэн Бугат сумын газрын даамал С.А гэрчилгээг бичиж олгохдоо 2008 оны 68 дугаар захирамжийг үндэслэж 47 жилийн хугацаагаар, газрын байршлыг 68 дугаар захирамжид зааснаас ялгаатай “Цагаан Араг 11, 113 тоот, газрын зориулалтыг “үр тарианы усалгаатай тариалан” гэж тус тус өөрөөр заасан.
Газрын хэмжээг 20 га газар гэж Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарч байгаа гэх 6.2 га газрыг багасгаагүй, мөн өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулахдаа хугацааг 60 жил, газар эзэмшүүлсэн шийдвэрийг 08313-А/68/2008 гэж ялгаатай зааснаас үзвэл тухайн газар эзэмших гэрээ, гэрчилгээг хууль ёсоор олгогдсон гэж үзэхэд эргэлзээтэй байна.” гэж дүгнэсэн. Хоёр захирамж байдаг. Нэг нь 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 155 дугаар захирамж байна. “Цагаан Араг 11, 113 тоот хаягтай газарт чацаргана тарьж байгаа 2 га газар. Дахиад шүүхээс тодруулга хийхэд 2008 оны 68 дугаар захирамжаар олгож байсан газрын кадастрыг бүртгэсэн байна.
4.5. Давж заалдах шатны шүүх “тухайн газар эзэмших гэрээ эргэлзээтэй байна” гэсэн. 2 газрыг бүртгэсэн. Нэг нь 2011 оны 155 дугаар захирамж, нэг нь маргаан бүхий захирамж байна. Гэрчилгээ, захирамж хууль ёсоор олгогдож байгаа нь нотлогдож байна.
4.6. Түүнчлэн уг 612 м2 газрыг үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа гэх агуулгаар хариуцагчид эзэмшүүлэхийг даалгахад ямар зориулалттай, аль үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй хөрөнгийг анх газрыг эзэмшсэн зориулалтад хэрхэн нийцэж байгаад дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 277 м2 агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үндэслэл болгосон гэж үзвэл тухайн хөрөнгө нь маргаж байгаа газар дээр байрлаж байгаа, эсхүл нэхэмжлэгч М.Х Бугат сумын Засаг даргын 2011 оны 155 дугаар захирамжаар мод тариалах зориулалтаар эзэмшдэг тус сумын 3 дугаар багт байрладаг 2 га газар дээр байрлаж байгаа эсэх нь тогтоогдохгүй байна.” гэж дүгнэсэн. Гэхдээ хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон. Сүүлдээ аймгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас гэрчилгээг авсан. 2 га газарт ямар ч хамааралгүй.
4.7. Давж заалдах шатны шүүх “Эдгээртэй холбоотой Бугат сумын Засаг даргын 2008 оны 68 дугаар захирамжийг хүчин төгөлдөр эсэх, анх газрын мэдээллийн санд газрын байршлын кадастрын зургийг хэзээ бүртгэснийг тодруулах” гэсэн 2021 онд бүртгэсэн.
Мөн “гэрээ дүгнэсэн эсэх” гэсэн, гэрээг газрын даамал дүгнэх ёстой, гэрээ дүгнүүлээгүй гэдэг талаар Бугат сумын Засаг даргын тамгын газрын албан тоот шүүхэд ирсэн. Иймд давж заалдах шатны шүүхээс тодруулсан асуудлыг анхан шатны шүүх хэрэг давж заалдах шатны шүүхээс ирсний дараа тодруулсан
4.8. Тухайн маргаан бүхий газрыг М.Х эзэмшүүлэх ёстой гэж үзэж байна. Газар эзэмшүүлсний дараа М.Х газрын даамал гэрээ хийх ёстой.
Гэрээг жил бүр дүгнэнэ. Газрын хилийн цэс өөрчилсөнтэй холбоотой М.Х ямар нэгэн буруу байхгүй. Хуульд усан сан бүхий газарт онцгой болон энгийн бүс гэж байдаг. Үүнийг Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоох ёстой. Ховд голын хоёр тал битүү айлуудын өвөлжөөний газар байна.
Онцгой бүсэд 300-400 айл байдаг юм байна. Энгийн бүсэд 1000 гаруй айл байна. Гэхдээ хуулиараа голын эргээс 50-200 метрийн зайтай айл байрладаггүй юм байна. Гэхдээ тэр нь М.Х үйлчлэх гээд байна. Маргаан бүхий 6.2 га газар нь усанд ойрхон, худаг байдаг, олон наст ургамал тариалах боломжтой газар байна.
Үлдсэн 14 га газарт ус хүрдэггүй газар байна. Хамгийн гол газар нь Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарч байна. Тухайн маргаан бүхий газрыг М.Х нь ногоо, мод, олон наст тарих зорилгоор авах хүсэлтэй байгаа гэв.
5. Хариуцагчийн гаргасан тайлбарт:
5.1. Иргэн М.Х Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 68 тоот захирамжаар тус сумын 3 дугаар багаас олон наст ургамал тариалах зорилгоор 20 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулахдаа М. 20 га газрын 6,2 га газар нь Өлгий сумын хилийн цэсэд орсон байна.
Уг Өлгий сумын хилийн цэсэд байгаа, хуучин эзэмшиж байсан 6,2 га газрыг эзэмшүүлэхэд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасны дагуу усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарагдаж байгаа тул газар эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжгүй байна.
Ховд голын эргээс 50 метрийн хамгаалалтын бүсээс бусад газар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дах хэсэгт зааснаар давуу байдлаар олгох боломжгүй бөгөөд зөвхөн дуудлага худалдаагаар эзэмшүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна” гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
6.1. Улсын Их хурлын 2020 оны тогтоолоор Бугат сум ба Өлгий сумын хилийг шинээр тогтоосон. М.Х эзэмшлийн 20 газрын 6.2 га газар нь манай Өлгий сумын нутаг дэвсгэр орсон байна. Бид “Бугат сумын нутаг дэвсгэрээс 6 га газрыг яагаад шинээр авах боломжгүй вэ” гэхэд, М.Х нь “...аав маань тухайн газарт амьдарч байсан, байшин барьсан. Мөн урьд нь 20 га газрыг голын эргээс авсан тул уг газрыг эзэмшмээр байна.” гэж хүсэлт тавьсан.
6.2.Нэхэмжлэгч анх Бугат сумын Засаг даргын 2008 оны 68 дугаар захирамжаар тус сумын нутаг дэвсгэрт хамаарах 20 га газрыг эзэмшсэн үйл баримт, 20 га газрын 6.2 га газар Улсын Их Хурлын тогтоолоор Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарах болсон, үлдсэн газар нь Бугат сумын нутаг дэвсгэрт харьяалалтай байгаа зэрэг асуудлуудаар маргаан байхгүй.
6.3. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий газрын тал нь усан сан бүхий газар дээр давхцаж байгаа.
Нөгөө талаар бүх газар системд орсноос хойш үнэгүй эзэмшүүлэх газар нь бүгд цахим системээр дарааллын дагуу орохоор болсон. Үнэгүй эзэмшүүлэх газарт маргаан бүхий газрыг оруулахаар М.Х өөр хүн урьдчилж хүсэлт гаргасан тохиолдолд тэр хүн газрыг авахаар байгаа. Өлгий сумын хилийн цэсэд хамаарах болсон маргаан бүхий 6.2 газрыг эзэмшүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. М.Х үнэ төлбөргүйгээр газар эзэмшүүлж захирамж гаргах боломжгүй байна гэв.
7. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтэд:
7.1. Бугат сумын Засаг даргын захирамж хүчинтэй байгаа тул маргаж байгаа 6.2 га газрыг иргэн М.Х гэрээгээр эзэмшүүлэн ашиглуулах нь зүйтэй гэж үзлээ гэв.
ҮНДЭСЛЭХ нь.
1. Нэхэмжлэгчийн маргаан үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэгч М.Х Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 68 дугаар захирамжаар “Мешелийн буйр” гэх газраас олон наст ургамал тариалах зориулалтаар 20 га газрыг 60 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тариалан эрхлэх зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.
Дээрх тогтоолоор Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсийг өөрчлөн баталснаар нэхэмжлэгч М.Х Бугат суманд эзэмшиж байсан 20 га газрын 6.254 га нь Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамаарах болсон нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 412 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаар[1] тогтоогдсон.
3. Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарах маргаан бүхий 6. 254 га газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.4.3.энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасны дагуу Өлгий сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарна.
4. Хариуцагч Өлгий сумын Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ шүүхэд “...6.2 га газрыг эзэмшүүлэхэд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасны дагуу усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарагдаж байгаа тул газар эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжгүй, Ховд голын эргээс 50 метрийн хамгаалалтын бүсээс бусад газар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар давуу байдлаар олгох боломжгүй бөгөөд зөвхөн дуудлага худалдаагаар эзэмшүүлэх хууль зүйн үндэслэлтэй.” гэж тайлбарлан маргажээ.
5. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.” гэж,
15 дугаар зүйлийн 15.1-д “Усны сан бүхий газарт нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газар хамаарна.” Гэж,
Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.1.4.Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох”, 22 дугаар зүйлийн 22.1-т “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно.”, 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж,
Байгаль орчин,ногоон хөгжил,аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.3-т “Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно: 2.3.2 гол мөрөн, горхи, булаг шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж” гэж тус тус заасан.
6. Шүүхээс хийсэн үзлэг, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 426 дугаар албан бичиг, хавсралт баримт, Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 264 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар маргаан бүхий 6.254 га газрын 2.8 га /Ховд голын нийт татмын хэмжээгээр тооцоход/ талбайтай хэсэг нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 2.3.2-т тус тус зааснаар Ховд голын усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаардаг нь тогтоогдсон.
7. Газрын тухай хуульд усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглосон тул онцгой хамгаалалтын бүсэд хамаарч буй 2.8 га газрыг эзэмшүүлэхээс татгалзсан хариуцагч Өлгий сумын Засаг даргын татгалзал нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.6-д заасантай тус тус нийцсэн байна.
8. Нэхэмжлэгчийн Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т зааснаар аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс тогтоосон эрх зүйн акт гараагүй тул Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дах заалтаар газар эзэмшүүлэхээс татгалзсан нь үндэслэлгүй гэж маргасан.
Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дах заалтаар усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн доод хэмжээг тогтоож өгсөн бөгөөд аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулийн уг заалтыг баримтлан холбогдох байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн хэмжээг тодорхойлон тогтоох бүрэн эрхтэй байхаар зохицуулжээ.
Иймд нэхэмжлэгчийн эзэмшихээр хүсэлт гаргасан 6.254 га газрын 2.8 га газар нь Ховд голын усны сан бүхий газрын хуулиар тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байгаа нь нотлогдсон ба тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж Ховд голын онцгой хамгаалалтын бүсийн хэмжээг тогтоосон шийдвэр гаргаагүй нь иргэн, хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг нарийвчлан зохицуулсан Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасан газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглосон заалтыг зөрчиж газар эзэмшүүлэх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.
9. Маргаан бүхий 6.254 га газрын үлдсэн 3.454 га газрыг эзэмшүүлэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр нь мөн үндэслэлтэй байна.
9.1. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 29.2-т “Энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно”, 29.3-т “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж заасан.
Нэхэмжлэгчийн хувьд 6.254 га газрыг өмнөх зориулалтаар нь, үнэ төлбөргүй эзэмших ёстой гэж маргаж байгаа ба Газрын тухай хуульд таримал ургамал тарих зориулалтаар 0,1 гагаас илүү газар эзэмшүүлэх тохиолдолд дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр, мөн үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд давуу эрхээр эзэмшүүлэхдээ Засгийн газраас тогтоосон журмын дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн олгохоор тус тус зохицуулагдсан.
Бугат сумын Засаг даргын 2008 оны 68 дугаар захирамжийн үндэслэл, Баян-Өлгий аймгийн Архивын тасгийн 2024 оны 355 дугаар албан бичиг, Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 33 дугаар албан бичиг, гэрч Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар 1999 оноос 2014 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байсан С.Муратханы мэдүүлэг болон хэргийн бусад нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь тухайн 20 га газрыг Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан журмаар эзэмшсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар "газар эзэмших" гэдгийг газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгохоор заасан.
Нэхэмжлэгчид анх Бугат сумын нутагт олон наст ургамал тариалах зориулалтаар 20 газрыг эзэмшүүлсэн Засаг даргын 2008 оны 68 дугаар захирамж одоогоор хуулийн хүчин төгөлдөр байгаа хэдий ч уг газрыг хуульд заасан болзол, журмын дагуу эзэмшээгүй байх тул Монгол Улсын Их Хурлын 2020 оны 22 дугаар тогтоолоор Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарах болсон 6.254 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг шаардах эрх нэхэмжлэгчид хууль ёсоор үүсэхгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчид 3,454 га газрыг өмнөх зориулалтаар буюу олон наст ургамал тариалах, тариалан эрхлэх зориулалтаар, үнэ төлбөргүйгээр, шууд эзэмшүүлэх шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагчийн татгалзал нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйл, 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасантай тус тус нийцсэн, үндэслэл бүхий байна гэж дүгнэв.
10. Тариалангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Тариалангийн үйлдвэрлэлд таримал ургамлыг тариалах, арчлах, ургуулах, хураан авах, тээвэрлэх, хадгалах, худалдах үйл ажиллагаа хамаарна.”, 16.2-т “Тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн, ашиглуулсан газарт дараахь төрлийн таримлын үйлдвэрлэл эрхэлнэ:”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Тариалангийн газрын зориулалтыг өөрчлөхгүйгээр өөр бусад зориулалтаар эзэмших, ашиглахыг хориглоно.” гэж заасан.
Нэхэмжлэгч Бугат сумын Засаг даргын шийдвэрээр 3 дугаар багт байршилтай 20 га газрыг олон наст ургамал тариалах, тариалан эрхлэх зориулалтаар 2008 онд эзэмшсэнээс хойш өнөөдрийг хүртэлх 17 жилийн хугацаанд тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй, үхрийн ферм ажиллуулах замаар газрыг зориулалтын бусаар ашиглаж байсан нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбар,маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч Бугат сумын 3 дугаар багийн Засаг дарга Б.Н мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.
Уг 20 га газраас гадна нэхэмжлэгч Бугат сумын нутаг дэвсгэрээс гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар, мөн тус сумын Засаг даргын 2011 оны 155 дугаар захирамжаар жимсний мод тариалах зориулалтаар 2 га газрыг тус тус эзэмшдэг болох нь тогтоогдсон ба энэхүү 2 га газартаа алим, цацаргана зэрэг жимсний мод, туршилтын журмаар царгас төрлийн олон наст ургамал тарьж, зориулалтаар нь ашиглаж байгаа талаараа тайлбарлаж, шүүх хуралдааны явцад фото зураг бүхий нотлох баримтыг гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн “жимсний мод, царгас төрлийн олон наст ургамал тарьсан” гэх тайлбар нь 2008 онд эзэмшсэн 20 га газарт буюу маргаан бүхий газарт хамааралгүй болох нь тогтоогдсон.
Нэхэмжлэгч дээрх байдлаар 20 га газрыг тариалангийн зориулалтаар нь огт ашиглаагүй, уг газар нь бүхэлдээ хоосон газар байх тул Өлгий сумын Засаг дарга нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээс татгалзсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал үгүй байна.
11. Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад 20 га газрыг бага багаар ашиглаж, барилга байгууламж барьсан гэж тайлбарласан ба Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарах болсон маргаан бүхий 6.254 га газрын 612.6 м2 талбай бүхий хэсэгт нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгө барьсан нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон.
Үзлэгийн үеийн схем зургаас үзэхэд эдгээр нь нэхэмжлэгчийн тайлбарласнаар малын хашаа, малын битүү байр, байшин, амбаар, худаг зэрэг хөрөнгүүд байх ба эдгээрээс 277 м2 талбайтай барилгын өмчлөгчөөр нэхэмжлэгч М. нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хэргийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч хэдийгээр дээрх эд хөрөнгүүдийг Бугат сумын Засаг даргын 2008 оны 68 дугаар захирамжаар 20 га газрыг эзэмшсэнээс хойш барьсан байх боловч газрын эзэмшил хууль ёсны дагуу үүсээгүй болох нь тогтоогдсон тул үл хөдлөх хөрөнгө барьсан нь түүний доорх газрыг эзэмшүүлэх үндэслэл болохгүй юм.
12.Өлгий сумын нутаг дэвсгэрээс иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх нь хуульд зааснаар Өлгий сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байгаа бөгөөд төрөөс газрын талаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 4.1.4-т заасан ”газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” зарчмуудыг баримтлах тул шүүх бүрэлдэхүүнээс маргаан бүхий 6.254 га газрыг эзэмшүүлэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна гэж үзлээ.
13. Иргэдийн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хангах агуулгатай дүгнэлт гаргасан боловч дүгнэлтийн үндэслэл нь Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй гэж байна.
14. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйл, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай 6.254 га газрыг М.Х эзэмшүүлэх захирамж гаргахгүй байгаа Өлгий сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 6.254 га газрыг М.Х эзэмшүүлэх захирамж гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг тус тус Өлгий сумын Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА
ШҮҮГЧИД С.ОЮУНГЭРЭЛ
М.МЯНГАНБАЯР
[1] Хэргийн 34-37 дугаар хуудас