Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/19

 

 

 

2024 оны 03 сарын 29-ний өдөр         Дугаар 2024/ДШМ/19                Өвөрхангай аймаг

 

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                                            Прокурор Д.Алимаа /цахимаар/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д Хохирогчийн өмгөөлөгч Т.Багахүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан

Шүүгдэгч Б.Б

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Багахүүгийн давж заалдах гомдлоор Б.Б-д холбогдох эрүүгийн 2327001050153  тоот хэргийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, “БО” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл ***, *** хамт Өвөрхангай аймгийн *** сум *** дугаар баг *** хэсэг *** тоотод оршин суух, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн тэргүүн, Онц тээвэрчин шагналаар шагнуулсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** овгийн Б.Б /РД:***/

Б.Б нь Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргатай 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр БУ-16/2022- БШУЯ/202212052 дугаартай гэрээ байгуулж Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр цэцэрлэгийн барилгын өргөтгөл хийх барилгын ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэсэн, 27.2 дахь хэсэгт заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна.” гэсэн, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэг “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэг “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр барилгын дээвэр дээр ажил гүйцэтгэж байсан БО ХХК-д тоног төхөөрөмж, цахилгааны засварчин ажилтай О.Б нь тогонд цохиулж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овгийн Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль, түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Б-ийг тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэн, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдан, шүүгдэгч Б.Б-ийн өмчлөлийн Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг *** дугаар гудамж *** тоотод байрлах *** дугаартай авто засварын зориулалт бүхий 295 мкв үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дугаартай тогтоолыг хүчингүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар утас нэг ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-д буцаан олгож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны 12 хуудас дэвтрийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, гэрэл нэг ширхэг, дамарт ороосон цэнхэр өнгийн утастай уртасгагч зэргийг устгахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Багахүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн.

 

Анхан шатны шүүх нь шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхыг шаарддаг бөгөөд тус хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн буюу гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол зэргийг харгалзалгүй хэт хөнгөн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл хүний амь нас хохирсон гэмт хэргийн хохирлыг нөхөн төлөх боломжгүй байтал хохирол нөхөн төлсөн мэтээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг буруу хэрэглэж шийдвэрлэсэн бөгөөд шүүх 6.7 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хэрхэн яаж хангаж байгаад дүгнэлт хийгээгүй. Уг гэмт хэргийн учруулсан хохирлын шинж чанар болон хор уршгийн шинж чанарыг ялган тогтоож чадаагүйгээс гадна шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход хэрхэн дэмжлэг үзүүлсэн болохыг тогтоогоогүй хэрнээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь ойлгомжгүй байна.

 

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн шүүгдэгч нь шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхийн энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан шийдвэрлэсэн шийдвэрийг үл тоон хохирогчийн ар гэрийг үл хүндэтгэн, хуульд заасан хохирол нөхөн төлсөн үндэслэлээр хүний амь насыг үнэлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нь асар гомдол бий болгоод байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдааны өмнө шүүгдэгчтэй гэрээ байгуулан хохирол бүхий хөрөнгийг хүлээн авч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх санал гаргахдаа Б.Б-ийн цаашдын ирээдүйг бодож хүнлэг сэтгэл гарган, гэр бүлийн гишүүдийнх нь хэлсэн гуйлтын дагуу цаашид эв найртай байж, бие биедээ тус дэмтэй байна гэсэн үгэнд итгэн тэдний саналыг хүлээн зөвшөөрсөн. Гэвч шүүх хуралдааны дараа тухайн орон нутагт нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хүүхдийнхээ амь насыг мөнгөөр үнэлсэн мэтээр яриа гарч, энэхүү яриаг гарсан талаар арга хэмжээ авахгүй, уучлал хүсэхгүй байсаар байна гэдэг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хуулиар олгох ёстой хохирлыг хүлээлгэн өгснөөрөө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлал эрэхгүй байх, цаашлаад тэднийг төрөл бүрээр дүгнэн олон нийтэд буруу ойлголт төрүүлэх эрхтэй болсон мэтээр буруу ойлгож байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх шаардлагыг хангахгүй байхаас гадна энэхүү үл хүндэтгэсэн үйлдэл нь түүнд хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагатай тохирохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байтал хэт хөнгөн байдлаар буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Багахүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирол, түүнд учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авагдаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг арилгаагүй байсан. Шүүхэд хэрэг шилжиж ирэх үед хэрэгт холбогдсон этгээд нь мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах, хэргийг мөрдөн шалгахад дэмжлэг үзүүлсэн байдал байдаггүй. Яллагдагчаар өгсөн мэдүүлэгт  хохирогчийн буруутай үйлдлийн улмаас осол гарсан гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Хохирогч өөрөө тэр гэрэлтүүлэгч утсыг шалгасан байх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй учраас би мэдээгүй байсан гэдэг. Энэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримталсан нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн.

Мөн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өмгөөлөгч миний хүсэлтийн дагуу явуулсан. Тухайн шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан нь миний хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг явуулсан. Гэтэл анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг өөр шүүгч буюу тухайн шүүхийн шүүгч С.Дулмаа нь даргалсан нь шүүх хуралдааныг тасралтгүй явуулах нөхцөл байдлыг зөрчсөн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг хангаагүй талаараа шүүгчийн захирамжид огт дурдаагүй.

Энэ хэрэгт гэм буруутай байж болзошгүй этгээд буюу  Б, Ба нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг зайлшгүй шалгах ёстой. Үүнийг  шалгалгүй орхигдуулсан. Анхан шатны шүүх энэ талаар хэрхэн шийдвэрлэснээ дурдалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийг заавал тогтоох ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлийг нотлоогүй. Б нь “БО” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар тухайн цаг хугацаанд ажиллаж байсан.

Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар үүргээ биелүүлсэн эсэх нь тодорхойгүй байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан нь шинээр орсон ажилтанд цахилгаан болон хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой дүрэм, журам, сургалтыг зайлшгүй орсон байх шаардлагатай. Гэтэл хавтаст хэрэгт Ба гэдэг хүн хохирогч Б-д хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа, сургалт, шалгалт авсан эсэх талаарх баримт байдаггүй. Ба гэдэг хүнийг энэ хэрэгт  шалгахгүй байгаа нь ойлгомжгүй байна. Үүнтэй холбогдуулж анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан.

Б гэж цахилгааны инженер буюу тухайн ажилтныг ахлаж байгаа ажилтан. Б-ын ажлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.5 дугаар зүйлд зааснаар тодорхойлж өгсөн. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар ажлын байран дээр болж байгаа бүх зүйлд хяналт тавих үүрэгтэй байдаг. Гэтэл Б гэдэг цахилгааны инженер нь гэрэлтүүлэгч утсыг шалбархайтай аюултай байсанд хяналт тавих үүргээ биелүүлээгүй орхигдуулсан. Энэ нь хуулиараа Б-ын хийх ёстой үүрэг нь байсан. “БО” ХХК-ийн удирдлага болон хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, мөн тухайн албаны ахлах ажилтан  нар нь эрсдэлийн үнэлгээ хийх үүргээ зөрчсөн.

Анхан шатны шүүх хуралдаан болдог өдөр шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь хохирол төлбөрийн талаар гэрээ байгуулсан. Сэтгэцэд учирсан хохирлыг 82500000 төгрөгийг тооцож хохирлоо төлсөн. Анхан шатны шүүх оршуулгын зардал болох 14000000 төгрөгөөс 2000000 төгрөг төлөгдөөгүй байхад дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тооцохоор 2023 оны 06 дугаар сараас хойш журам мөрдөж эхэлсэн. Энэ 82500000 төгрөгийг гэм буруутай нь тогтоогдсон бол зайлшгүй төлөх ёстой.

Хархорин сумын ерөнхий прокурорт “БО” ХХК-г иргэний хариуцагчаар татаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсан. “БО” ХХК-ийг иргэний хариуцагчаар татагдах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд ажилтан нас барсан тохиолдолд түүний ар гэрт түүний авч байсан цалингийн 36-н сарын хэмжээний нөхөн олговор олгох ёстой. Тийм болохоор “БО” ХХК-ийг иргэний хариуцагчаар татагдах ёстой.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, нотолбол зохих байдлыг нотлоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн, хохирлын асуудлыг анхан шатны шүүх бүрэн шийдвэрлэж чадаагүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү энэ компанид 7-н сар ажилласан. Хүү маань цахилгаанчин мэргэжилтэй. Хариуцлагагүй ажилтнаас болж хүүгээ наснаас нь эрт явуулсан. Хүүхдээ мөнгөөр үнэлсэн гэж яригдаад үнэхээр хэцүү байна. 82500000 төгрөг өгсөн гэж ярьж байгаа боловч надад 57500000 төгрөгийг бэлнээр өгсөн. Талийгаач өр зээлтэй байсан. “Бэрс-Финанас”-т 3.9 хувийн хүүтэй 3664000 төгрөгийг төлсөн. Бид 20.000.000 төгрөгийн зээлтэй байсан. Мөн утасны 1500000 төгрөгийн зээл, дэлгүүрийн 400000 гаруй төгрөгийн өрийг төлсөн. Би 57000000 төгрөгөөр нь арай хийж өрийг нь дарсан. Б.Б надтай нэг ч удаа утсаар яриагүй. 25000000 төгрөгт машин оролцуулсан. Энэ жил цас, зуд ихтэй байсан болохоор тэр машиныг нь асаагаагүй. Гомдолтой байгаа учир өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.

Прокурор Д.Алимаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан. Анхан шатны шүүх хуралдаан эхлэх гэж байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирол бүрэн төлж барагдуулсан талаар гэрээ хийж холбогдох материалыг шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг мөнгөн дүнгээр илэрхийлж бүрэн төлсөн учир гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй талаар гараар хүсэлт бичиж өгсөн. Уг хүсэлтийг нь харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Мөн шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад дэмжлэг үзүүлсэн нь тогтоогдохгүй байна гэдэг. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримт дэмжлэг үзүүлсэн гэдэг нь бүрэн дүүрэн тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь мөрдөгчөөс хэрэгт холбоотой аливаа баримт бичгийг тухай бүр нь шаардахад хугацаа хэтрэхгүйгээр хүргүүлж байсан. Мөн хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар огт маргадаггүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаны дараа тогтоолтой танилцаж гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг ойлгож байгаа талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч талийгаачийн оршуулгын зардалтай холбоотой 14000000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн байдаг. Шүүгдэгчээс 12000000 төгрөгийг төлсөн байгаа нь энэ гэмт хэргийн хор уршгийг арилгахад санаачилга гаргасан болох нь харагдаж байна.

Хохирогчиин хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр Б, Ба нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, энэ гэмт хэрэгт яллагдагчаар татах нь зүйтэй байна гэсэн. Б нь “БО” ХХК-т хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж байгаа хэдий ч тухайн гэмт хэрэг гарах хугацаанд буюу Хархорин сумын цэцэрлэгийн өргөтгөл барихад томилогдоогүй байсан, гэмт хэрэг гарсан цаг хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан учраас энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах нь үндэслэлгүй юм. Мөн Ба нь талийгаачийг ажилд орсны дараа өөрийнхөө хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд хийвэл зохих ажил буюу аюулгүй байдал хариуцсан ажилтандаа сургалт орсон байгаа нь хавтаст хэрэгт авагдсан. 

Б нь “БО” ХХК-д цахилгааны инженер ажилтай. Бын ажлын байрны тодорхойлолт болон талийгаач Бын ажлын байрны тодорхойлолтууд хавтаст хэрэгт хавсаргагдсан. Талийгаач Б нь ажил үүргээ цахилгааны инженерийн өмнө хариуцан тайлагнах эсвэл цахилгааны инженерээр өдөр тутмын ажлын удирдлагаар хангуулах талаар заалт байхгүй. Мөн Б-ын ажлын байрны тодорхойлолтод тоног төхөөрөмжийн цахилгаанчин ажилтай Б-ыг өдөр тутмын ажлын удирдлагаар хангах, Б-ын ажлыг өөртөө тайлагнуулах буюу хариуцах ажил үүргийн хуваарь огт байхгүй. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүсийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэл байхгүй байна.

Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар эрсдэлийн үнэлгээ хийх үүрэгтэй байсан тайлбарлаж байна. Эрсдэлийн үнэлгээ хийгээгүй нь шүүгдэгч Б.Б-ийн ажил үүргийн чиг үүрэгтэй шууд холбогдож байгаа учраас дээр дурдсан Б, Ба нарыг энэ хэрэгт холбогдуулан татах үндэслэлгүй байна гэв.

Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач Б-ыг би 1 сард ажилд авсан. 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан. Бид 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ажиллаж байсан. 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хархорин сум явсан. 2023 оны 07 дугаар сарын 7, 8-ны өдөр Б-ыг хотоос дуудсан. Б нийгмийн даатгал төлөх шаардлагатай үед дуудаж ажилладаг ажилтан. Түүнээс биш байнга ажилладаг ажилтан биш. 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл кордорын шал зутгах учраас гадна талын кабелийн шалан доогуур цутгах хүчдэлтэй холбоотой ажлыг хийхгүй шүү гэсэн. Суурин доогуур кабель өрөмдөж байгаад орой нь буцах байсан. Дээвэр цутгаж байсан хүүхдүүдийн аав ээжтэй тохирч цутгуулсан. Цутгахдаа шөнө ажиллана гэсэн төлөвлөгөө бид нарт ерөөсөө байгаагүй. Цутгаж өнөө шөнөдөө явна. Маргааш *** суманд ажилтай явна гэж уурлаж хэлж байсан. Тэр өдөр ажлаасаа буучихсан байсан. Б ах өөрөө таягтай явдаг хүн. Хохирогч Б хаана хүн бужигнаж байна, тэнд явж байдаг тусархуу, сэтгэлээрээ хүүхэд байсан. Тийм болохоор тэр хүмүүст очиж тусалсан байсан. Урд жил нь барилгын гэрэлтүүлгийг ашиглаж байсан утаснаас гэрэл тавьж өгсөн шиг байгаа юм. Хохирогч Б нь би гэрэл тусаагаад өгье анай гэж хэлсэн гэсэн. Цахилгааны хүмүүс биш болохоор  шаардаж чадахгүй байсан юм билээ. Тухайн 2 өдөр хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаа ажиллуулж чадаагүй байсан. 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ажил эхлэхэд хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаа ажиллана шүү гэж тохирч байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг гомдоосон үйл баримт байхгүй. Хохирогчийн төрөл садангийн хүмүүс нэг дор ажилладаг. Хоёр хүнээс хохирол төлбөр төлөгдсөн гэсэн мэдээлэл яригдсан талаар сонссон. Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн чихэнд хүрч хохирогчийг гомдоосон гэм буруугаа хүлээхгүй байна гэсэн ойлголтод хүргэсэн байх. Компанийн үйл ажиллагаа хэрэг гарсан цагаас хойш бүрэн зогссон. Хохирогчид оршуулгын зардалд 16392250 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлын жишиг аргачлалын дагуу 82500000 төгрөгийг төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.5-т заасныг хангахгүй байна гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Хор уршиг гэдэг нь энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг хор уршигт тооцно гэж заасан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай тохироогүй гэдэг нийцээгүй үндэслэл тогтоогдоогүй байна. 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 7 дугаартай шинжээчийн дүгнэлтийг мэдлэг, туршлагатай хүн гаргасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс Б.Б-ыг ажлын байрандаа тэнцсэн хүн байсан эсэхийг шалгах шаардлагатай гэх зүйлийг ярьсан. Хохирогч Б нь мэргэжил үйлдвэрлэл сургалтын төвийг 3 дугаар зэрэгтэй, барилгын цахилгаанчин мэргэжлээр төгссөн. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаартай тушаалаар цахилгааны засварчин гэсэн ажилтнаар томилогдсон байх бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2-т заасан заалтуудыг Б зөрчсөн. Шүүгдэгч Б.Б нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Б-ын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шинжээч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна гэсэн.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Прокуророос Б.Б-ийг Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргатай 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр БУ-16/2022- БШУЯ/202212052 дугаартай гэрээ байгуулж Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр цэцэрлэгийн барилгын өргөтгөл хийх барилгын ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэсэн, 27.2 дахь хэсэгт заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна.” гэсэн, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэг “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэг “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр барилгын дээвэр дээр ажил гүйцэтгэж байсан БО ХХК-д тоног төхөөрөмж, цахилгааны засварчин ажилтай О.Б нь тогонд цохиулж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль, түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Багахүүгээс ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүний амь нас хохирсон байхад хохирол нөхөн төлсөн мэтээр дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг буруу хэрэглэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, мөн гэмт хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна гэж дүгнэлээ.

Учир нь Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй буюу гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг бүрэн гүйцэт шалгаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Б.Б-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь буруу талаарх гомдолд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.