2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/02664

 

 

 

 

 

 

 

 

     2025             04             04                                              192/ШШ2025/02664

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б*******гол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч Т.Ариунболд, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ********* тоотод оршин суух, Б******* о******* овогт Д******* Б******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ********** тоотод байрлах, Ф******* д******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

Гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ************ байрлах, Н.Г р,

 

21,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Б*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П,

Иргэдийн төлөөлөгч Л.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б******* нь гэм хорын хохирол 21,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ф******* д******* ХХК-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: “...Миний бие Д.Б******* нь хувьдаа хэдэн үхэр хоньтой болж, малынхаа ашиг шимийг хүртэж, сүү цагаан идээ боловсруулан борлуулж байсан. Дүүргийн засаг дарга, газрын албанд хүсэлт гарган шийдвэрлүүлж, 2 дугаар хорооны нутаг дэвсгэр. Нэхмэлийн шарын 10 дугаар байрны баруун талд сүү цагаан идээ борлуулах 48 м.кв 1 давхар тоосгон байшин барьж "Тослогт баялаг" нэртэй хүнсний мухлаг ажиллуулсан. Дүүргийн газрын албатай гэрээ байгуулан, уг гэрээний дагуу жил бүр газар ашигласны төлбөрөө төлж, 10 гаруй жил үйл ажиллагаа явуулсан. Ган зудын улмаас амины мал цөөрч, дээр нь хотын ойролцоо мал бүхий иргэдийг суурьшуулахгүй гэсэн шаардлагын улмаас үйл ажиллагаa хумигдах болсон тул дэлгүүрээ засаж тохижуулан 2 дугаар хорооны өндөр настнуудын хүсэлтээр "Ахмадын соён гэгээрүүлэх танхим" байгуулахаар болж, төсөл төсвөө боловсруулсныг дүүргийн ахмадын хороо болон засаг дарга Алдаржавхлан дэмжиж засвараа эхлээд байсан үед Нэхмэлийн шарын барилга, 10 дугаар байр хотын "Дахин төлөвлөлт"-д орсон. Хот төлөвлөлт, хөгжлийн газар "Ф******* к" ХХК-ны захирал Д.Нтой уулз гэснээр 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр очиж уулзсан. Мөн оны 6 дугаар сарын 6-ны өдөр дэлгүүрийн байрандаа иртэл барилгын хашаа татсан, намайг хашаа руу оруулахгүй байсан. Д.Н захиралтай ярьж түүнтэй хамт дэлгүүр лүүгээ орсон, 3 ширхэг шилэн лангуу, 4 ширхэг тавиур, сав суулга, хойд талын өрөөнд миний авдар, ор, пийшин зэрэг зүйл байгааг хэлж харуулаад цоожлоод гарсан. Энэ өдөр Д.Н захирал та дэлгүүрээ үнэлээд манайд зарчих гэж хэлсэн тул байраар сольё гэж өргөдөл бичээд, иргэний үнэмлэхээ канондуулаад Д.Н захиралд өгсөн. Миний бие1 өрөө байр авах хүсэлтэй байгаагаа хэлсэн, харин Д.Н захирал Хяналтын хороогоор дамжуулж үнэлгээ хийлгэнэ, үнэлгээний мөнгийг компаниас гаргана гэж хэлсэн нь уулзалтын протоколд бичигдсэн. 2021 онд дэлгүүрийн барилгыг нураасныг мэдсэн.

Бусдын эд зүйлийг санаатай устгаж, гэмтээсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргахад Ф******* Д******* ХХК байшинг Ашид билгүүн хөрөнгө даатгалын компаниар үнэлүүлсэн. Уг үнэлгээгээр байшингийн өртгийг 2019 оны 6 сарын байдлаар 10,641,456 төгрөг гэж тогтоогоод 56 хувийн элэгдэлтэй гэж үнэлсэн. "Ашиглалтын норматив хугацаа"-г 45 жилээр тогтоож, "Ашиглалтын үлдэгдэл хугацаа"-г 20 жил гэж тодорхойлсон байдаг. Миний хувьд байшинг барихад зарцуулсан эд материал, өртгийг 2019 оны 6 дугаар сарын байдлаар 10,641,456 төгрөг гэж үнэлсэн гэж ойлгож байна. Цаашид 20 жил ашиглах боломжтой уг байшинг эзнийх нь зөвшөөрөлгүй эвдэж, устгасан Ф******* деволопмент ХХК-иас байшингийн үнэ 20,000,000 төгрөг, авдрын үнэ 220,000 төгрөг, модон ор 120,000 төгрөг, 300,000 төгрөгийн үнэтэй 4 ширэмтэй пийшин, тус бүр нь 120,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг шилэн лангуу, тус бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг тавиур зэрэг нийт 21,400,000 төгрөгийг Ф******* д******* ХХК-иас гаргуулж өгнө үү…”  гэжээ.

 

Хариуцагч Ф******* д******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “…2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/547 гэсэн Нийслэлийн засаг даргын захирамжаар Ф******* д******* компани Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нэхмэлийн шарын нийт 8 байрыг дахин төлөвлөх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. 8 байрны нэхмэлийн шарын 10 дугаар байрны баруун хойд буланд байрлах улаан тоосгон байшинг нэхэмжилж нэхэмжлэлээ гаргасан байна. Төсөл хэрэгжүүлэгч нь ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаад шинээр тухайн газар барилга барьдаг. Нийслэлийн засаг даргаас дахин төлөвлөлт орж байгаа газар, орон сууцыг  захирамж гарган, шийдвэрлэдэг. Уг захирамжийн хүрээнд Ф******* д******* ХХК-нд батламж олгосон. Тухайн захирамжид заасан 8 байрыг буулгаад шинээр барих 8 байрны барилгажих талбайн схем зураг гарсан. 8 байрыг барилгажуулахдаа төсөл хэрэгжүүлэгчээс  үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нартай  өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн 3 талт гэрээ байгуулдаг.  Гэвч нэхэмжлэгч Б*******гийн маргаан бүхий тоосгон байшин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй, газар эзэмших болон өмчлөх ямар нэгэн гэрчилгээ байхгүй байсан тул 3 тал гэрээ байгуулах боломжгүй байсан. Уг барилгажих талбай дээр улаан тоосгон байшин байсан, нэхэмжлэгч тухайн байшингаа барилгажих талбайгаас авахгүй байсан тул нураасан. Байшин нураасантай маргахгүй. Байшингаа авахгүй байсан тул уг байшинг үнэлүүлсэн, үнэлгээ нь 4,640,739 төгрөг гэж үнэлэгдсэн. Уг үнэлэгдсэн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.

Гуравдагч этгээд Н.Г-с шүүхэд гаргасан тайлбартаа: “ ...Хариу тайлбар байхгүй...” гэв.

 

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: “...Хэлэлцүүлгийн явцыг сонсоод нэхэмжлэгч болон хариуцагч хоёр тал хоорондоо тохиролцож нэхэмжилж буй 20,000,000 төгрөгийг аль аль талдаа хохиролгүйгээр 10,000,000 төгрөгийг өмчийн төлбөр болгон төлөх нь хэн хэндээ тохиромжтой гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2023.09.14-ний өдрийн 2197 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, 2023.08.14-ний өдрийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст гаргасан гомдол, 2023.08.28-ны өдрийн хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, 2023.08.28-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2005.11.04-ний өдрийн 000075278 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ, 2006.02.06-ны өдрийн 16/06 дугаар Газрын төлбөр тогтоох тухай акт, 2008.11.21-ний өдрийн 09.185/847 дугаартай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт, Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, гар өргөдөл, 2020.09.04-ний өдрийн Ф******* д******* ХХК-иас иргэн Д.Б*******тай хийсэн уулзалтын тэмдэглэл, фото зураг, 2021.10.04-ний өдрийн 08/3040 дугаартай Хот байгуулалт, хөгжлийн газрын албан бичиг, 2018.08.10-ны өдрийн 41 дугаартай Хан-Уул дүүргийн Ахмадын хорооны албан бичиг, Ахмадын соён гэгээрүүлэх тэнхим байгуулах төсөл, 2019.06.13-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан, 2021.10.04-ний өдрийн 08/3040 дугаартай Хот байгуулалт, хөгжлийн газрын албан бичиг, 2005.11.04-ний өдрийн 000075278 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ, 2006.02.06-ны өдрийн 16/06 дугаартай Газрын төлбөр тогтоох тухай акт, 2019.06.13-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан, 2021.03.22-ны өдрийн 21/34 дугаартай Ф******* д******* ХХК-ийн албан бичиг, ХАБЭА-н дүгнэлт, 2020.05.04-ний өдрийн ГБМЗХ2020/10-043 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Төлөвлөлтийн талбайн схем зураг, батламж, 2021.07.02-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн хугацааны сунгалт, 2020.09.07-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, 2020.04.21-ний өдрийн А/547 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамж, 2020.09.03-ны өдрийн 20/152 дугаартай Ф******* д******* ХХК-ийн албан бичиг, 2020.09.14-ний өдрийн 20/167 дугаартай Ф******* д******* ХХК-ийн албан бичиг, 2020.09.04-ний өдрийн 20/153 дугаартай Ф******* д******* ХХК-ийн албан бичиг, иргэний үнэмлэхийн хуулбар, фото зураг, 2024.06.06-ны өдрийн 24/606 дугаартай Энгүүн ээг групп ХХК-ийн албан бичиг,

 

Хариуцагч Ф******* д******* ХХК-аас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

 

Гуравдагч этгээд Нийслэлийн Орон сууцны бодлогын газраас шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтыг өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б******* нь хариуцагч Ф******* д******* ХХК, Д.Н нарт холбогдуулан гэм хорын хохиролд 21,400,000 төгрөг гаргуулахаар шүүхэд анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгч нь хариуцагч Д.Нод холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Ф******* д******* ХХК холбогдуулан гэм хорын хохиролд 21,400,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж шийдвэрлэв. 

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамжаар Хан-Уул дүүрэг, 2 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар орон сууцны байрнуудыг тус тус  буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр хариуцагч Ф******* д******* ХХК  шалгарсныг батламжилж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олгосон байна.

 

Нэхэмжлэгч Д.Б******* уг төсөл хэрэгжүүлэх талбайд нь зохих зөвшөөрөлгүй 36 м.кв талбайтай, тоосгон байшин барьж сүү, цагаан идээний мухлаг ажиллуулдаг байсан бөгөөд, уг төсөл хэрэгжүүлэх үед тухайн байшинг ямар нэгэн зориулалтаар ашиглаагүй байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.  /хх-7,25,33,0 84 тал/

 

Нэхэмжлэгч Д.Б******* нь газар болон уг тоосгон байшинг эзэмших, өмчлөх эрхийн ямар нэгэн гэрчилгээ байхгүй байх бөгөөд хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөгчийн гэрчилгээ, газрын төлбөр тогтоох тухай актыг тус тус төрийн байгууллагаас олгосон эзэмших, өмчлөх эрхийг гэрчлэх баримт гэж шүүхэд тайлбарлаж байна. Гэвч татвар төлөгчийн гэрчилгээ, газрын төлбөр тогтоох тухай акт нь газар болон байшингийн эзэмших, өмчлөх эрхийг олгосон баримт бичигт тооцогдохгүй болно. /хх- 60-61 тал/

 

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.-д “Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ” гэж, мөн хуулийн 106.2.-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус заасан. Иймээс төсөл хэрэгжүүлэгч нь тухайн талбайд барилгын ажил эхлүүлэх эрхийг олж авсан бол тухайн эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг арилгуулах, зогсоохыг эрх зөрчигчөөс хуульд зааснаар  шаардах эрхтэй юм.

 

Иймд нэхэмжлэгч нь дээрх байшинг өөрийн эзэмшилд байлган сүү, цагаан идээний мухлаг ажиллуулж байсан хөрөнгийн хувьд хариуцагч хуульд зааснаар уг эрхээ хэрэгжүүлэлгүйгээр нураасан гэм буруутай байх тул үнэлгээний тайланд дурдсан байшингийн бодит үнэ цэнэ 4,640,739 төгрөг, үнэлгээний зургаар тогтоогдож буй 1 ширхэг шилэн лангууны үнэ 120,000 төгрөг иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан хариуцагчаас нийт 4,760,739 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,639,261 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ. /хх-65, 74 тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан хариуцагч Ф******* д******* ХХК-иас 4,760,739 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,639,261 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 91,122 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ

 

ШҮҮГЧ                                   Т.АРИУНБОЛД

 

Э.ОЮУН-ЭРДЭНЭ