| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/03162/И |
| Дугаар | 192/ШШ2025/02530 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/02530
2025 04 01 192/ШШ2025/02530
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, **********тоот хаягт оршин суух И**** овогт Д******* Б******* /РД:*******/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Д.Б*******
нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б******* 1987 оны 8 дугаар сараас 1994 оны 10 дугаар сар хүртэл Сэлэнгэ аймгийн Сант сумын Нийтийн ахуй үйлчилгээнд гуталчнаар болон Сэлэнгэ аймгийн Хушаат сумын үр тарианы бригадад үйлчлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Д.Б******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1987 онд 10 дугаар ангиа төгсөөд Сэлэнгэ аймаг Сант сумын Нийтийн ахуй үйлчилгээнд томилогдсон. Улмаар 1987 оны 6 дугаар сард Сэлэнгэ аймгийн Нийтийн Ахуй үйлчилгээнд захиалгат гутлын 45 хоногийн сургалтад суралцсан. Ингээд Сэлэнгэ аймгийн Сант сумын 1987 оны 8 дугаар сард Пүрэвжав даргатай А******* нягтлан бодогчтой Нийтийн ахуй үйлчилгээнд ажилд орсон. Ингээд захиалгат гутлын тасгийн мастер гуталчин Долгормаа болон эсгүүрчин Чулуунсүрэн нарын удирдлага дор ажиллаж байгаад 1990 оны 12 дугаар сард жирэмсний амралтаа авсан. Улмаар шинээр байгуулагдсан САА болон Сэлэнгэ аймгийн Хушаат сумын үр тарианы бригадад үйлчлэгчээр 1991 оны 7 дугаар сараас эхлэн ажилласан. Мөн Лхагвасүрэн сумын орлогч даргын тушаалаар үр тарианы бригадад үйлчлэгч, тогоочоор ажиллаж байгаад дарга нарын тушаалаар үр тарианы бригадад будаа цэвэрлэж байсан. Одоо тэтгэврээ тогтоолгох гэтэл 1987-1994 он хүртэл ахуй үйлчилгээнд ажилласан жил байхгүй. Мөн 1991 оны 7 сараас 1994 оны 10 сар хүртэлх ажилласан жилтэй холбоотой баримт архиваас олдохгүй байна. Сэлэнгэ аймгийн архиваас удаа дараа явж хөөцөлдөөд ч байхгүй. Сэлэнгэ аймгийн Сант сумын архив шүүлгэх гэхээр тэр үеийн мэдээлэл бүгд шатсан гээд байхгүй байна. Иймд миний ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн архивын тодорхойлолт, гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтыг нотлох баримтаар шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б*******ын хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Хүсэлт гаргагч Д.Б******* нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд оршин суудгийг иргэний үнэмлэхээр тодорхойлсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6 дахь хэсэгт хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар Д.Б*******ын ажиллаж байсан байдлыг тогтоох нь түүний тэтгэвэр авах эрх бий болох нөхцөлийг бүрдүүлнэ.
Тэрээр Сэлэнгэ аймаг Сант сумын Нийтийн ахуй үйлчилгээнд 1987 оны 8 дугаар сараас 1990 оны 10 дугаар сар хүртэл гуталчнаар, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын үр тарианы бригадад 1991 оны 7 дугаар сараас 1994 оны 10 дугаар сар хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн байна.
Гэрч Ц.Буянзаяа нь шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: ...Би Сэлэнгэ аймгийн Сант сумын Ахуй үйлчилгээний төвд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажилд орж байсан. Намайг ажилд орох үед Д.Б******* гэдэг хүн гуталчнаар ажиллаж байсан. Манай байгууллага 1990 оноос 1991 он руу шилждэг өвөл манай ахуй үйлчилгээний төв шатсан юм. Би тухайн үед хүүхэд асрах чөлөөтэй байсан. 1992 онд зах зээлд шилжээд ахуй үйлчилгээний төв тарсан. 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус төв нь татан буугдсан байна. Би ахуй үйлчилгээний төв тарсны дараа хүүхдээ харж гэртээ байж байгаад хот руу шилжсэн гэв.
Гэрч Р.******* нь шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: ...Би 1988 онд Сэлэнгэ аймгийн Сант сумын Ахуй үйлчилгээний төвд ажилд орж байсан. Намайг ажилд ороход Д.Б******* нь гуталчин хийдэг байсан бөгөөд ажилд ороод 1 жил болсон байсан. Би 1991 он хүртэл ажилласан. Намайг ажлаасаа гарах үед Д.Б******* нь ажиллаад үлдсэн. Бид хамт ажиллаж байсан нь үнэн гэв.
Гэрч Ц.Б******* мэдүүлэг нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар давхар тогтоогдож байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй тул тэдгээрийн мэдүүлгийг үнэн зөвд тооцож үнэлэв.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.Б******* нь 1987 оны 8 дугаар сараас 1990 оны 10 дугаар сар хүртэл Сэлэнгэ аймаг Сант сумын Нийтийн ахуй үйлчилгээнд гуталчнаар, 1991 оны 7 дугаар сараас 1994 оны 10 дугаар сар хүртэл Сэлэнгэ аймгийн Хушаат сумын үр тарианы бригадад үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, гэрч Ц.Буянзаяа, Р.******* нарын мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн архивын тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар И***** овогт Д******* Б******* /РД:*******/-ыг 1987 оны 8 дугаар сараас 1990 оны 10 дугаар сар хүртэл Сэлэнгэ аймаг Сант сумын Нийтийн ахуй үйлчилгээнд гуталчнаар, 1991 оны 7 дугаар сараас 1994 оны 10 дугаар сар хүртэл Сэлэнгэ аймгийн Хушаат сумын үр тарианы бригадад үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ