2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/02529

 

 

 

 

    2025               04              01                         

                                           192/ШШ2025/02529

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ************тоотод байрлах Ө ХХН /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 24 дүгээр хороо, *********** тоотод оршин суух Х******* овогт Г******* Б******* /РД:*******/-д холбогдох

 

Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 22,954,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С*******,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Одбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө ХХН нь хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 22,954,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б*******т холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Хариуцагч Г.Б******* нь иргэн Б.Б******* 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрэг байгуулж, тус гэрээнүүдийн дагуу Б.Б нь нийт 54,630 ам.доллар бэлнээр түүнтэй тэнцүү төгрөгийг хүлээн авсан, мөн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №2 дугаартай Зээлийн гэрээний хугацаа сунгах тухай гэрээгээр хугацааг сунгаж байсан байдаг. Дээрх зээлийн гэрээ болон түүний хугацаа сунгах гэрээгээр Б.Б нь Г.Б*******т үндсэн зээлийн төлбөр болох 54,630 ам.доллар, зээлийн хүү 28,673 ам.доллар, алданги 41,651 ам.доллар, нийт 124,954 ам.долларыг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн байсан тул хариуцагч Г.Б******* нь дээрх үлдэгдэл төлбөрийг Б.Бгаас гаргуулан авах хүсэлтэй байгаа талаар нэхэмжлэгч Ө ХХН-д хандаж хууль зүйн зөвлөгөө авч, өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт тавьсны дагуу талууд 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Хоёр талын байгуулсан Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний 1.1, 2.1-д заасны дагуу хариуцагчийн Б.Бд холбогдох хэрэгт хууль зүйн туслалцааг итгэмжлэлийн үндсэн дээр үзүүлж, хууль зүйн үйлчилгээний хөлс болох 42,954,000 төгрөгийг 2.1.1, 2.1.2-д заасны дагуу гэрээ байгуулсан өдөр 50 хувь болох 21,477,000 төгрөг, шүүхийн шийдвэр болон түүнтэй адилтгах хүчин төгөлдөр шийдвэр гарсан өдөр үлдэгдэл 21,477,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байдаг. Хариуцагч Г.Б******* нь хоёр талын байгуулсан хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр болгож 21,477,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төлөхөөр заасан боловч 10,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлсөн. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 10,000,000 төгрөгийг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй болно. Нэхэмжлэгч талын зүгээс гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Ж.Базарсад болон хуульч Э.О******* нарын хамт хариуцагчийг итгэмжлэлээр төлөөлж Б.Бд холбогдох хэргийг цаг хугацаа алдахгүйгээр ашигтай шийдвэр гаргуулж 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0012 дугаартай Нотариатын мэдэгдэх хуудас, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШЗ2024/01443 дугаартай Нотариатын мэдэгдэх хуудсыг албадан гүйцэтгүүлэх тухай, мөн өдрийн 102/ГХ2024/00130 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсаар шийдвэр гаргуулсан болно. Мөн шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн нэхэмжлэгч талын гүйцэтгэх захирал өмгөөлөгч Ж.Базарсад болон хуульч Э.О******* нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нотариатын мэдэгдэх хуудас, гүйцэтгэх хуудаст заасан төлбөр болох 472,498,369 төгрөгийг гаргуулахаар хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний 1.1-д заасны дагуу нэхэмжлэгч тал нь гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч нь 2.1.1, 2.1.2-т заасны дагуу урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасны дагуу гэрээнд гарын үсэг зурсан өдөр, шийдвэр гарсан өдөр төлөх үүргээ зөрчиж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 22,954,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа бөгөөд нэхэмжлэгч талын зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч нь төлнө гэдэг боловч төлөхгүй байсаар гэрээнд заасан үүргээ зөрчиж байна. Иймд талуудын хооронд байгуулсан Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний 1.1, 2.2, 2.1.1, 2.1.2-т заасны дагуу хариуцагч Г.Б*******ээс 22,954,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Г.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа: “…Г.Б******* миний бие өөрийн танил Г дамжуулан Ө ХХН-ийн өмгөөлөгч Ж.Базарсадтай 2023 оны 9 дүгээр сард танилцаж, хууль зүйн туслалцаа авахаар болж, өмгөөллийн хөлсөнд 40,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэхдээ тухайн үед буюу гэрээ байгуулахын өмнө Гийн дэргэд өмгөөлөгч Ж.Базарсад нь “Би наадхыг чинь сарын дотор гялалзуулна. Хэрвээ шүүхээр шийдүүлж чадахгүй бол мөнгө авахгүй, би бусад хүнд үнийн дүнгийн 20 хувиар өмгөөлдөг, чамд яах вэ 10 хувиар өмгөөлье” гэж хэлж байсан тул би маш их итгэсэн. Тухайн үед мөнгөний бололцоо муу байгаагаа хэлж, зарим төлбөрийг нөгөө хүнээс мөнгө орж ирэхээр өгөхгүй бол наана нь өгч чадахгүй гэхэд Ж.Базарсад “За болох байлгүй дээ” гэж байсан. Эхлээд гэрээ хийгээд удаагүй буюу 4-5 хоногийн дараа 10,000,000 төгрөг, дараа нь шүүхийн шийдвэр гарчихсан гэхээр нь 10,000,000 төгрөг тус тус өгсөн. Дээрх байдлаар Ж.Базарсад гэх өмгөөлөгчид маш их итгэл төрсөн учраас гэрээг нь уншилгүйгээр, хэлсэн ярьснаараа л бичсэн байлгүй гэж бодоод гэрээнд гарын үсэг зурсан. Одоо уншихад миний хуулийн мэдэлгүйг далимдуулан, итгэлийг эвдэж, төлбөрөө шууд авахаар гэрээнд бичсэн байна. Гэтэл нөгөө хүнээс нь нэг ч төгрөг надад өгөөгүй байгаад би маш их гомдолтой байна. Мэдээж гэрээнд гарын үсэг зурчихсан болохоор төлбөрийг өгч л таарах байх. Гэхдээ мэдээж миний эрх ашгийг хамгаалж, төлбөр мөнгөний асуудлыг дуусгаж байж төлбөрөө авахгүй, шууд шүүхийн шийдвэр гарчихсан гээд төлбөрөө нэхэж байгаа нь зохисгүй байна. Учир нь асуудлыг Ж.Базарсад биш шүүх шийдсэн учир Ж.Базарсад нь 43,000,000 төгрөгөөр зөвхөн нэхэмжлэл бичиж өгсөн болж байна. Тиймээс би энэ хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг намайг төөрөгдүүлж хийсэн гэрээ гэж үзэж байна. Мөн нөгөө талаар өмгөөлөгч Ж.Базарсад нь намайг янз бүрээр доромжилж, “том том юм ярьсан хүүхэн”, “өмгөөллийн хөлсөө өгч чадахгүй онигоонд оров оо” гэх мэтээр хэлж байгаа асуудал нь өмгөөлөгчийн ёс зүйд таарахгүй гэж үзэж, Өмгөөлөгчдийн холбоонд хандах бодолтой байгаа болно” гэжээ.  

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Одбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “…Хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ нь маш өндөр үнийн дүнтэй байна. Г.Б******* нь Б.Бгаас 421,000,000 төгрөгөө авсан тохиолдолд 42,000,000 төгрөгийг өгье гэдэг тохиролцоо анхнаасаа байсан. Тухайн үед энэ хэлцлийг байгуулах үед Г хамт байсан, уг асуудлыг гэрчлүүлэх гэтэл  нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн дүү учраас боломжгүй байдал үүссэн. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардсан. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлөөлөөд, тухайн  төлбөрийг авч, төлбөр төлөгч төлбөрийг төлсний дараа энэ 42,000,000 төгрөгийг  өгөхөд татгалзах зүйлгүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Б.Бгаас хэзээ ч мөнгөө олж авч чадахгүй. Үүний оронд залилан мэхлэх гэмт хэргийн шинж байсаар байхад Эрүүгийн журмаар шалгуулах хууль зүйн үйлчилгээгээ үзүүлсэн бол өнөөдөр Г.Б******* хохироод ингээд явж байхгүй. Гэрээнд 20,000,000 төгрөгийн урьдчилгаа өгчихсөн шүүхийн мэдэгдэх хуудас, нотариатын мэдэгдэх хуудас дээр шууд гүйцэтгэх хуудас бичигдчихсэн. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээн дээр шүүхэд хандаад гурван шатын шүүхээр шийдвэрлүүлсэн ийм ажиллагаанд 42,000,000 төгрөг авна гэсэн. Тэгтэл шууд мэдэгдэх хуудсаар, нэг үйлчилгээгээр энэ 42,000,000 төгрөгийг шаардаж байгаа нь хэр ёс зүйтэй юм. Итгэмжлэл дээр заасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосны дараа нэхэмжлэх эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэв.

 

 Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2023.11.24-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024.01.15-ны өдрийн 102/ГХ2024/00130 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.15-ны өдрийн 102/ШЗ2024/01443 дугаар шүүгчийн захирамж, 2023.12.21-ний өдрийн 0012 дугаар нотариатын мэдэгдэх хуудас, 2023.12.21-ний өдрийн итгэмжлэл, 2023.11.24-ний өдрийн 03 дугаар Төлбөр барагдуулах гэрээ, 2022.05.31-ний өдрийн 0890 дугаар Зээлийн гэрээ, 2022.06.10-ны өдрийн Зээлийн гэрээ, 2022.12.21-ний өдрийн №2 дугаар Зээлийн гэрээний хугацаа сунгах тухай гэрээ,

 

 Хариуцагчаас хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтыг тус тус ирүүлсэн байна.

 ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Ө ХХН нь хариуцагч Г.Б*******т холбогдуулан хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 22,954,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 Ө ХХН, хариуцагч Г.Б******* нар нь 2023.11.24-ний өдөр нэхэмжлэгч нь Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан иргэний хэрэгт Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх үүргийг, хариуцагч Г.Б******* хууль зүйн үйлчилгээний ажлын хөлсөнд 42,954,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож байгуулсан талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжид нийцэж байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг хариуцагчид үзүүлж, хариуцагч уг үйлчилгээний төлбөрт нийт 42,954,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-д “Талууд гэрээнд гарын үсэг зурсан өдөр нийт хөлсний 50 хувь болох 21,477,000 төгрөгийг төлнө”, мөн гэрээний 2.1.2-т “Шүүхийн шийдвэр гарсан өдөр үлдэгдэл 50 хувь болох 21,477,000 төгрөгийг төлнө” гэж тус тус заажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.1.-д “Эрх зүйн маргааныг энэ хуулийн 13.2-т зааснаар арбитр шийдвэрлэсэн, … арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудас … шүүхээр баталгаажсан байна, мөн хуулийн 183.1.-д “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл шүүхийн шийдвэр болон … эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж, арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудас … тэдгээрийн үндсэн дээр олгогдсон гүйцэтгэх хуудас байна” гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Төлбөр төлөгч Б.Б нь зээлийн гэрээний үүрэгт 429,544,369 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс 42,954,000 төгрөг нийт 472,498,369 төгрөгийг төлбөр авагч Г.Б*******т олгохоор 2023.12.21-ний өдрийн 0012 бүртгэлийн дугаарт бүртгэн нотариатын мэдэгдэх хуудас олгогдсоныг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1443 дугаар шүүгчийн захирамжаар нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулж, 102/ГХ2024/00130 дугаартай гүйцэтгэх хуудас олгогдсон нь дээрх хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 184.1-д заасантай тус тус нийцсэн, нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулсан 2024.01.15-ны өдрөөр талуудын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.1.2-т заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл нотариатын мэдэгдэх хуудсыг шүүх баталгаажуулсан нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил, шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл болдог тул хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр шаардсан нь хуульд нийцэж байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 22,954,000 төгрөгийг хариуцагч Г.Б*******ээс гаргуулж, нэхэмжлэгч Ө ХХН-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 272,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ