Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/15

 

 

                                      Н.О*******д холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Эрдэнэдэлгэр

              Яллагдагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

Нарийн бичгийн дарга Т.Учрал нарыг оролцуулан, 

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЗ/10 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Н.О*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 208/2024/0009 индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт Найдансүрэнгийн О*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр * хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг ** дүгээр хороо, ******* тауны *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, /РД:*******/

Яллагдагч Н.О******* нь *** оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн “Hyundai Robex 3000 LC-7” маркийн экскаватор ашиглан С******* аймгийн ******* сум, 03 дугаар баг, Бугант тосгон “Х*******” гэх нэршилтэй газар буюу гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 117 метр квадрат талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын олборлолт явуулсны улмаас байгаль экологид 576,278 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

С******* аймгийн Прокурорын газраас: Н.Оюун-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар яллагдагч Н.О*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг прокурорт буцааж,

Яллагдагч Н.О*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

С******* аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №03 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ:

...2024 оны 01 сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгчийн захирамжийг эс зөвшөөрөн дээд шатны прокурорын эсэргүүцэл бичиж байна.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих байдлыг нотолсон талаар

Яллагдагч Н.О******* нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн Хюндай робекс 3000 ЛС-7 загварын экскаватор ашиглан С******* аймгийн ******* сум 03 дугаар баг Бугант тосгон “Х*******” гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 117 м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Тухайлбал: 2023 оны 11 дүгээр сарын Об-ны өдөр С******* аймгийн ******* сумын Бугант тосгоны “Х*******” гэх нэршилтэй газар хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Гэрч У.Сүлдийн “...О******* гээд ах л бүх ажлыг зохион байгуулаад байсан тэгэхдээ найз Эрдэнэбаяр гээд том модны арамтай ахын хашаанд техник төхөөрөмжүүд бүгд байсан тэндээс энд авчирсан. ...Намайг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр очсон цагаас хойш алт угаах төхөөрөмж ажиллаагүй угсарч гагнуур хийж л байсан ажиллахад хэвийн болгох гээд Харин 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өглөө О******* ах өөрөө Хюндай Робекс ЗООО ЛС-7 маркийн экскаватораар бол өөрөө ганцаараа явж газар ухсан нь бол үнэн 1-2 цаг орчим ажиллаж газар ухсан тэрийг тэнд байсан хүмүүс бүгд л мэдэж байгаа шүү дээ. Мөн би О******* ахын ухсан газрыг яг ямар хэмжээний газар гэдгийг нь хэлж мэдэхгүй байна ухсан нүх нь том газар бол биш байсан... Мөн О******* ах тэр хашаанаас зөөгөөд Х******* гээд өнөөдрийн байсан газарт бүх техникийг авчирч үйл ажиллагааг удирдаж байсан.” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Б******* “......О******* ах өөрөө нөгөө жижиг Хюндай 300ЛС-7 экскаваторыг жолоодож хуучин ухагдсан байсан талбай руу явсан очиж ухаж үзээдэхье алтны судлалыг нь хараадахъя гээд явсан очоод хэсэг ухсан дуугараад л байсан 2 цаг гаран хугацаанд ажилласан байх тэгээд алхаад хүрээд ирсэн гинж нь мултарчихлаа гээд тэгээд Сүлдээг цуг явчхаад ирье Доосан 5000-г ашиглаж гинжээ хийгээдэхье гээд тэр хоёр цугтаа явсан тэгж удаагүй 1 цаг ч хүрээгүй нөгөө Хюндай 300ЛС-7 экскаватораар ирсэн.” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлон тогтоогдсон ба яллах талын баримтуудаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор өөрийн эрх үүргийн хүрээнд нотолж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд үүнийг тогтоох эсхүл үгүйсгэх үүрэг шүүхийн бүрэн эрхэд хамаарах байтал үндэслэлгүйгээр дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар хуульчилсан.

Тодорхой гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн амьдрах орчныг бий болгох зорилготой зөөврийн орон сууц, эд зүйлийн тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл зэргийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад бусад ашигласан болохыг нотлох баримтаар тогтоогүй байхад гэм буруугийн шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судалснаар ямар тёхник хэрэгслийг хэрхэн ашигласныг шүүх тогтоон гэж үзсэн нь үндэслэлгүй ба Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт ач холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж хэргийг тал бүрээс нь бүрэн шинжлэн судалж бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авах байтал яллах талын баримтад дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дах хэсэгт заасныг зөрчин шүүгч өөрийн санаачилгаар хянан хэлэлцэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. 2.Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, Н.О*******тэй хамтран оролцсон өөр этгээд байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэх дүгнэлтийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэх заалтыг зөрчин шүүх нэр бүхий иргэдийг шууд эрүүгийн хэрэгт гэм буруутай байдлаар дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг зөрчсөн байна.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг чанд мөрдөж хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй.

Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бус яллагдагчийг өөр этгээдтэй хамтран бүлэглэн гэм хэрэг үйлдсэн мэтээр шууд зааж түүнийгээ шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах хийлгэх гэж дүгнэсэн нь илтэд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүхийн аливаа шийдвэр тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх хэдий ч хуулиар хамгаалагдсан бусдын эрхийг зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдсан зохицуулалтыг зөрчих боломжгүй юм.

Шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг буцаахдаа хэт ерөнхий дүгнэж мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар заасан тухайн хийгдэх ажиллагаа нь шүүгдэгчийг цагаатгах эсхүл шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад ач холбогдолгүй, шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх шаардлагыг хангаагүй байна.

Иймд Н.О*******д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн С******* аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/10 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

 

Яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа. Энэ асуудал нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэж байж шийдэгдэх ёстой асуудал. Мөрдөн шалгах явцад нь шалгаад тухайн хөрөнгийг нэг хүн ашигласан байна гэдгийг тогтоогоод битүүмжлээд явчихсан байхад бусад хөрөнгө байхгүй. Энийг дахин тогтоох шаардлага байхгүй. Байлаа гэж үзэхэд нотлох баримт шинжлэн судалж байж шийдэгдэх асуудал. Өөр этгээд гэж нэр томьёо байхгүй. Хэнийг ч хамаагүй хардах сэтгэлээр шалгах ажиллагаа явуулах нь үндэслэлгүй. Энэ мөн хэлэлцүүлгийн шатанд яригдах асуудал юм. Прокурорын гаргаж байгаа эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Н.О*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

С******* аймгийн Прокурорын газраас Н.О*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

2.Яллагдагч Н.О*******д холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 348 тоот захирамжийг гарган шүүх хуралдааныг товлосон бөгөөд шүүх хуралдааныг хийж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулгыг тусгасан шийдвэр гаргажээ. 

Ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.    

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

4.Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”, 12-д “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй” гэж тус тус заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

5.Иймд  прокурорын эсэргүүцлийг хүлээн авч С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/10 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн бөгөөд хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан агуулгад давж заалдах шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/10 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2.Яллагдагч Н.О*******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

                                                       

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ