Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/16

 

                                         Ц.Б*******д холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Р.Мягмардорж

Шүүгдэгч Ц.Б*******

Нарийн бичгийн дарга Т.Учрал нарыг оролцуулан, 

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/247 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Ц.Б*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2023/0237/Э/208/2024/0005 индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш******* овогт Ц******* Б*******, Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Б******* аймаг, Б******* суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, охины хамт С******* аймгийн А******* сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай урьд /РД:*******/,

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял,

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн ба Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан.

Шүүгдэгч Ц.Б******* нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Б” танхимд ахлах прокурор А.Б******* хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан буюу зөрчлийн шүүх хуралдаанд прокуророор оролцож байсантай нь  холбогдуулан хүч хэрэглэж зүүн мөрөн тус газарт нь 2 гараараа санаатайгаар цохиж, прокурорт хууль бусаар нөлөөлсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

С******* аймгийн Прокурорын газраас: Ц.Б*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Ш******* овогт Ц******* Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “С******* аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Б******* шүүх хуралдааны танхимд зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан хүч хэрэглэж, зүүн мөрөн тус газарт нь гараараа 2 удаа цохиж, прокурорт хууль бусаар нөлөөлсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б*******д 1 /нэг/ жилийн хугацаагаар С******* аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулан,

Шүүгдэгч Ц.Б*******гийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хавтаст хэргийн хугацааг дуустал хэрэгт хадгалж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч давж заалдах гомдолдоо: Төр-Иргэний хооронд “Маргаан үүсэх үндэслэл шалтгаан болсон нотлох баримт болох 2022 оны 12 дугаар сарын 30-ны Эрүүгийн хэргийн хэрэгт хавсаргаж өгнө үү.

Ямар ч маргааныг үүсгэсэн үндэслэл шалтгаан болсон хэсгийг таслан нуун дарж явцын дундаас нь таслан хэрэг үүсгэж

1.Гэмт хэргээ нуун дардаг, даруулдаг

2.Хохирогчийг- Яллагдагч болгож төр нэрээр бүлэглэн гүтгэж

Шүүхээр хянуулдаг биш гүйцэтгүүлдэг. Үндсэн хуулийн холбогдох бүх заалтуудаа зөрчин “Хэлмэгдүүлэгч” бохир технологийг Монголын ард түмэн ойлгож, мэддэг бухимддаг болсонд баярлаж, хонгилын үзүүрт гэрэл ассанд баярладаг. Намайг улс төрчид 17 дахь жилдээ хэрэгжүүлж хэлмэгдүүлсээр байгаа нь 2007 оноос эхлэлтэй. Бохир технологийн жижигрүүлсэн хувилбар нь энэ хэлмэгдүүлэлт тул үндэслэл шалтгаан болсон 2022 оны 12 дугаар сарын 30-ны 233100372 тоот эрүүгийн хэргийг хэрэгт нотлох баримтаар татан хавсаргаж шинжлэн судалж хянаж өгнө үү. Хохирогч, Хэлмэгдэгч Ц.Б*******. Зохиомол хэрэг үүсгэн Хэлмэгдүүлэх үндэслэл болсон Аймгийн прокурор Б.Эрхэмбаатарын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 33 тоот 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Ц.Б*******, хохирогч М.С бидний гомдол дээр үүсгэсэн 233100372 тоот эрүүгийн хэргийн баримтуудыг хэрэгт нотлох баримтаар хавсаргатал хурлыг түр түдгэлзүүлж өгнө үү.

Шинээр илэрсэн нотлох баримтыг 2024 оны 02 дугаар сарын 02-ны 33 тоот эрүүгийн хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн болохыг нотлох хариу.

Буруу бүхэн иргэдийн буруу биш!!!!!!. Гүйцэтгэгч улс төрчдийн буруу тул тэгш эрхийг минь хангаж өгнө үү гэжээ.   

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С******* аймагт би 164 дахь удаагаа шүүх хуралд орж байна. Анх бол мэддэггүй төөрөлддөг байсан. Хуульчид битгий хэл иргэд хүртэл мэдчихээд байна гэж бодож байна. Энэ хэрэгт би хохирогч байсан гэтэл би 2 жил хайгаад олохгүй байсан хэрэг өчигдөр надад хариу нь ирж байна. Энэ хэргийг хайгаад ерөөсөө олохгүй байгаа. Үүнийг би нотлох баримтаар гаргуулж өгье. Энэ эрүүгийн хэрэгт нь хавсаргаж өгөөч ээ гэсэн хүсэлтийг гаргаж байна. Би А.Б******* цохиогүй. Нотлоод өг гэж гуйя. ...А.Баясгалан гэх хүн өмнө нь намайг хоёр удаа зохиомол эрүүгийн хэргээр ялласан. Цагдаагийн байгууллага нь материал бүрдүүлээд очихоор шууд хаадаг. Төрийн формыг хувийн ашиг сонирхолдоо ашиглаад байгааг өнөөдрийг хүртэл эсэргүүцээд явж байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. хавтаст хэрэгт авагдсан хохирогч болон гэрч нарын мэдүүлэг, тухайн үед хяналтын камерын бичлэг, бусад баримт бичгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдсон гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Харин анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага маань хэт өргөн хүрээтэй зорчих эрх хязгаарласан байна гэж үзэж байна. Хэргийн үйл баримтаас харвал тухайн хэрэг С******* аймаг Сүхбаатар сумын шүүхийн байранд болсон. С******* аймгийн нутаг дэвсгэрээс зорчих эрх хязгаарлаж байгаа нь эрүүгийн хуулийн зорилго, зорилтод нийцээгүй мөн шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн байдалд нь тохироогүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлд зорчих эрхийг гэмт хэрэг үйлдсэн эрх бүхий байгууллагын хяналтад оршин суух газраас зорчих эрхийг хязгаарлана гэж заасан байгаа. С******* аймгийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд зорчих эрх хязгаарласан нь эрүүгийн хариуцлагыг зорчих бүсийг А******* сум гэж оногдуулах нь шүүгдэгчид тохирч байна гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг өөрчлүүлэх саналтай байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Ц.Б*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Ц.Б*******гийн зүгээс гаргасан “...Зохиомол хэрэгт хэлмэгдэн гүтгүүлж ял шийтгүүлсэн тул хянан үзэж тэгш эрхийг минь хангаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Б*******гийн гэм бурууг хэлэлцэж, түүнийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр С******* аймгийн шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зөрчлийн шүүх хуралдааны дараа ахлах прокурор А.Б******* хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулсантай нь буюу зөрчлийн шүүх хуралдаанд прокуророор оролцож байгаатай нь холбогдуулан хүч хэрэглэж зүүн мөрөн тус газарт нь 2 гараараа санаатайгаар цохиж, прокурорт хууль бусаар нөлөөлсөн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Үүнд:

-Хохирогч А.Б*******ийн “...Зөрчлийн холбогдогч Ц.Б******* нь миний зүүн ард талд зогсож байсан. Намайг сууж байхад зүүн талын дал мөр лүү 2 удаа цохисон. Тухайн үед намайг албан үүрэгтэй холбогдуулж зүй бусаар хэлсэн. Улмаар шүүх хуралдааны дэг сахиулагч, эрх бүхий албан тушаалтан Ганбат нар Ц.Б*******г шүүх хуралдааны танхимаас гаргасан. Ц.Б*******д холбогдох зөрчлийн шүүх хуралдаанд орох бүрт шүүх прокурорыг хэл үгээр доромжилдог байсан...” гэх /хх-ийн 21-23 тал/,

-Гэрч П.Ц “...Тэгэхэд Ц.Б******* хохирогчийн ширээн дээр үлдээсэн байсан цүнхээ аваад прокурор А.Б*******ийн биеийн зүүн мөрний доод хэсэгт 2 удаа цохисон. Би шууд очоод та яагаад прокурорын биед халдаж байгаа юм гээд дундуур нь ороод Ц.Б*******г хурлын танхимаас гаргасан...” гэх /хх-ийн 25 тал/,

-Гэрч А.Э “....шүүх хуралдаан хаав гэсний дараа холбогдогч Ц.Б******* нь өөрийн зогсож байсан газраасаа прокуророор оролцож байсан А.Баясгалан дээр дөхөж очоод нуруу хэсэгт нь 2 удаа цохисон. Баясгалан прокурорыг Ц.Б******* нь гараараа цохисны дараа шүүгч “камераа нээгээрэй” гэж хэлсэн. Би тэр даруй бичлэгийг нээсэн. Үүний дараа Ц.Б******* нь прокурорыг хэл үгээр доромжилж байсан” /хх-ийн 34-36 тал/ мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн чанартай нотлох баримтууд зэрэг болно.

3.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Шүүх шүүгдэгч Ц.Б*******гийн үйлдлийг тогтоогдсон үйл баримтад тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж,  01 жилийн хугацаанд С******* аймгийн нутаг дэвсгэрээс гарах, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

4.Шүүгдэгч Ц.Б******* нь түүнд холбогдох зөрчлийн хэрэгт төрийг төлөөлөн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавьж шүүх хуралдаанд прокуророор оролцож буй А.Баясгаланд дургүйцэж түүний биед халдаж, зүүн далны хэсэгт гараараа 2 удаа цохиж буй нь идэвхтэй үйлдэл үзүүлж, прокурорт хууль бусаар нөлөөлсөн гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн гэж үзнэ.

5.Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд шүүгдэгч Ц.Б*******гийн зүгээс “....2007 оноос хойших С******* аймаг болон А******* сумын халаалтын төвийн үйл ажиллагаатай холбоотойгоор төрийн байгууллагуудын үйл ажиллагааг шүүмжилж, тэгш эрх шударга ёсны төлөө тэмцсэнийхээ төлөө өнөөдрийг хүртэл 100 гаруй удаа яллагдаж хэлмэгдэж байгаа” гэсэн гомдол, тайлбар гаргаж байгаа боловч анхан шатны шүүх түүнд зорчих эрхийг хязгаарлах ял сонгож оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон байна.

6.Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасныг харгалзан үзэлгүй шүүгдэгч Ц.Б*******гийн зорчих эрхийг хязгаарлах нутаг дэвсгэрийг С******* аймгийн хэмжээнд буюу хэт өргөн хүрээнд тогтоож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гэж үзнэ.

7.Гэвч шүүгдэгч Ц.Б*******гийн давж заалдсан гомдлын агуулгын хүрээнд хэргийг хянан үзэж түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйн хүрээнд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба цаашид зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, хэмжээ хүрээг тогтоохдоо  ялын зорилго зорилтыг сайтар ойлгож, тухайн ялтны хувьд оршин суугаа газраасаа явахыг хориглох, тодорхой газарт зорчихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх зэрэг маршрутыг тодорхой зааж, гэм буруутай этгээдүүдэд ял хариуцлага эдлүүлж түүнд хяналт тавьж байгааг сайтар ухаарч энэ төрлийн алдааг давтахгүй байх нь чухал болохыг дурьдав.

8.Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/247 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/247 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

                                                       

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ