Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 124/ШШ2025/0037

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Х овгийн Н-ын Б, .................................................................... оршин суух,

            Хариуцагч: Ачит нуур-Дэвэлийн арал байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргад холбогдуулан гаргасан,

            “Ачит нуур-Дэвэлийн арал байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2025.05.01-ний Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н, нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Н.Б нь Ачит нуур-Дэвэлийн арал байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргад холбогдуулан “2025.05.01-ний Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан үеийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

            2. Ачит нуур-Дэвэлийн арал байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн  Б/06 дугаартай “Байгаль хамгаалагчийн ажлаас чөлөөлөх тухай тушаалаар нэхэмжлэгч Н.Б-ыг байгаль хамгаалагчийн орон тоо хэтэрсэн гэх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлж шийдвэрлэжээ.

            3. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д  “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ”, 75.2-д “Төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигч гомдлоо холбогдох баримт бичгийн хамт төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор гаргана” гэж заасны дагуу 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн  Б/06 дугаартай тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргажээ.

            Уг гомдлын дагуу Монгол улсын төрийн албаны зөвлөл 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 02/1136 тоот албан бичгээр “...таныг төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж, томилох, мөн хуулийн 33 дугаар зүйлд заасан тусгай шалгалт өгөх зохицуулалтыг тус тус зөрчин төрийн албаны тусгай шалгалтгүйгээр томилсон байна. Иймд таныг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх боломжгүй байх тул гомдолд дурдсан асуудлыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй болно” гэх хариу өгснийг эс зөвшөөрч 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл ирүүлснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзсэн болно.

            4. Нэхэмжлэгч Н.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2022 онд төрийн албаны ерөнхий шалгалтаа өгч, 2023 оноос Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутагт байгаль хамгаалагчаар томилогдоод 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Ачит нуур-Дэвэлийн арал байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагчаар томилогдож, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хавсарч ажиллаж байгаад 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс байгаль хамгаалагчаараа ажиллаж эхэлсэн. 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс байгаль хамгаалагчийн ажлаас чөлөөлөгдсөн. Ачит нуур-Дэвэлийн арал байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгууллага нь шинээр байгуулагдсан байгууллага учраас  Байгаль орчны яамнаас албан тушаалын тодорхойлолтууд батлагдаж гараагүй. Тиймээс байгаа сул орон тоондоо намайг шилжүүлэн ажиллуулахгүйгээр намайг чөлөөлөх боломжтой байх байсан гэж шүүхэд хандсан. Намайг ажлаас чөлөөлөхдөө аудитын дүгнэлтийг үндэслэсэн байсан. Аудитын дүгнэлтийг 2025 ондоо багтааж, албан тушаалын тодорхойлолтууд гарсан тохиолдолд сул орон тоог нь зарлаад намайг жинхлэх боломжтой байсан учраас байгаль хамгаалагчийн ажлаас чөлөөлөхгүйгээр 3 мэргэжилтний, эсвэл албан тушаал бууруулсан орон тоонд шилжүүлэн ажиллуулах санал тавьсан боловч хүлээж авахгүйгээр намайг чөлөөлсөн тул шүүхэд хандсан ” гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ачит нуур-Дэвэлийн арал байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгууллага нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үүсгэн байгуулагдсан. Миний үйлчлүүлэгч даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх явцдаа 2 удаа ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, яам руу хүргүүлсэн боловч батлагдаагүй. Хамгаалалтын захиргааны дарга, судалгаа шинжилгээ, байгалийн нөөцийн хамгаалалтын мэдээллийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн, хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, аялал жуулчлал сургалт сурталчилгаа орчны бүс хариуцсан мэргэжилтэн, байгаль хамгаалагч, туслах байгаль хамгаалагч гэх бүтэц орон тоотой үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Гэтэл ажлын байрны тодорхойлолт боловсруулагдаж ирээгүй байгаа учраас тухайн албан тушаал дээр ажиллах боломжгүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлага хангаагүй гэх үндэслэлээр миний үйлчлүүлэгчийн хөдөлмөрлөх эрхэд халдах боломжгүй. Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт явагдаж, Х.С гэх хүн тэнцсэн гэх албан бичиг ирсэн нь хэрэгт авагдсан байсан. 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Ачит нуур-Дэвэлийн арал байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгууллага байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй байхад 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Увс нуурын ай сав тусгай хамгаалалтай газрын захиргаанаас захиалгын дагуу зарлагдсан ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж, байгаль хамгаалагч тэнцсэн байсан. Бусад төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн хүмүүс нь Ачит нуур-Дэвэлийн арал байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгууллага байгуулагдсанаас хойш сонгон шалгаруулалтад орсон хүмүүс биш. Харин урьд өмнө сонгон шалгаруулалтад орсон байсан. Н.Б-ын хувьд тухайн байгууллага байгуулагдахад даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хавсран ажиллаж байсан.  2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Ачит нуур-Дэвэлийн арал байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгууллагад байгаль хамгаалагчийн сонгон шалгаруулалтад зарлагдаагүй гэж үзэж байгаа. Ажлын байрны тодорхойлолт нь батлагдаагүй, ямар ажлын байранд, ямар ажил гүйцэтгэх нь тодорхойгүй байгаа. Шүүхээс яам руу албан бичиг явуулахад тухайн ажлын байрны тодорхойлолт батлагдсан гэх тайлбар өгөөгүй. Одоо Ачит нуур-Дэвэлийн арал байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгууллагын даргын түр орлон гүйцэтгэгчийг Х.Б гүйцэтгэж байгаа нөхцөл байдал байгаа. Мөн 3 мэргэжилтний орон тоо байгаа ч албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй тул сонгон шалгаруулалт зарлагдахгүй байгаа. Анх Н.Б-ыг шаардлага хангаж байна гэж Ачит нуур-Дэвэлийн арал байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгууллагад шилжүүлэн томилсон байж одоо батлагдаагүй байгаа ажлын байранд шаардлага хангаагүй гэж хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн нь үндэслэлгүй байна.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ...” гэв.

6. Хариуцагч Х.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ачит нуур-Дэвэлийн арал байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгууллагын даргаар томилогдсон. Тухайн ажлын байртайгаа танилцаж, хүний нөөцтэйгөө танилцсан. Намайг томилохдоо тусгай хамгаалалттай газрын дарга Н.Б, тусгай хамгаалалттай газар нутгийн ахлах мэргэжилтэн н.А нар надад хандаж бүтэц орон тоогоо барьж ажиллаарай гэж хэлж байсан. Оны эцэс байсан учраас тухайн байгууллагын зорилго, зорилт 2024 оноос 2034 он хүртэл төлөвлөгөөгөө боловсруулж, чиг үүргээ ойлгосон. Тухайн байгууллагад хэн, ямар үүрэг гүйцэтгэж байгаа талаар ажилтнуудын хувийн хэрэгтэй танилцаж үзэхэд манай байгууллага 7 байгаль хамгаалагчтай. 4 байгаль хамгаалагч нь үндсэн байгаль хамгаалагч төрийн захиргааны ажилтнаар цалинжиж, 3 байгаль хамгаалагч нь туслах байгаль хамгаалагчаар буюу төрийн үйлчилгээний ажилтнаар цалинжих ёстой байсан. Манаач, жолооч, үйлчлэгч, нярав, нягтлан бас ажиллаж байсан. Миний зүгээс орон нутагт залуу боловсон хүчин байгаа гэх үндэслэлээр яаманд мэдэгдсэн. Ажилтнуудын хувийн хэрэгтэй танилцаад, жилийн эцсийн аудитын шалгалтаар ороход бүтэц орон тоогоо барьж, томилолтын зардал хэтэрсэн, зөрчлөө арилгаж ажиллаарай гэх зөвлөмжийг өгсөн. Миний зүгээс шинэ байгууллагад орсон учраас зохион байгуулалтыг заасан журмын дагуу хангаж ажиллая гэж бодсон. 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тушаалаар манай байгууллагын үндсэн орон тоо 16 гэж ирсэн. Тухайн тушаалыг хүлээж аваад ажиллаж байхад 4 дүгээр сард дахин шинэ тушаал гарахад өөрчлөгдөөгүй. Энэ талаар Н.Б-тай би ярилцсан. Мөн төрийн албаны зөвлөлийн Х.О-тэй мөн ярилцаж, манай байгууллагад 3 орон тоо байна. 3 ажилтан нь тангараг өргөсөн. 1 хүн илүү байна. Тухайн ажилтан ерөнхий шалгалтаа өгсөн. Даргын үүргийг хавсран гүйцэтгэж байсан. Мэргэжилтнээ төрөлжүүлмээр байна гэх санал гаргахад албан тушаалын тодорхойлолт байхгүй бол боломжгүй гэх хариуг өгсөн. Н.Б-ын хувьд яам руу ажлын байрны тодорхойлолт батлуулах талаар өөрөө боловсруулж, явуулсан ч хариу ирүүлээгүй байсан. Мөн би ажлаа хүлээж аваад дахин хүсэлт явуулахад  хариу өгөөгүй. Миний зүгээс холбогдох удирдлагуудтай уулзаж, асуудлаа хэлж, Н.Б-ыг шилжүүлэн ажиллуулж байгаад манайд орон тоо батлаад ирвэл эргүүлэн авах саналтай байна. Энэ талаар бодолцож үзнэ үү гэж хандаж байсан. Н.Б-т ч мөн өөрөө холбогдох яам, тамгын газраар ороод ирээрэй гэж хэлсэн. Өөрт нь сонсох ажиллагаа ч хийж, танилцуулж байсан. Хэд хоногийн өмнө миний бие Улаанбаатар хотод сургалтад суугаад ирсэн. Бүтэц орон тоо цөөрч байгаа талаар мэдээлэл авсан. Миний зүгээс шүүхийн цахим хаягаар шүүх хуралдааны шууд дамжуулалтыг ч үзэж байсан. Буруу шийдвэрийн улмаас төрд хохирол учирсан тохиолдолд эргээд надад асуудал үүсэх юм байна гэж ойлгож Н.Б-т холбогдох арга хэмжээгээ зохион байгуулсан. Бусад 4 ажилтан холбогдох их дээд сургуулиа төгсөөд, шалгалтаа өгөөд, төрийн албан хаагчийн тангаргаа өргөсөн ажилтнууд байгаа. Тухайн хүмүүстэй уулзаж, ажиллах сонирхолтой байгаа эсэхийг нь ч тодруулж байсан. Миний зүгээс тушаал, шийдвэрээ барьж ажилласан” гэв.

7. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч 2025 оны 5 дугаар 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, түүнд тавигдах нөхцөл шаардлагыг тодорхой болгож, тухайн ажлын байран дээр төрийн албаны сонгон шалгаруулалтыг зарлахгүй байгаа нь алба хаагч нарын төрийн албаны жигд боломжийг бүрдүүлээгүй гэж үзэж байна гэсэн байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа яам ажлын байрны тодорхойлолтыг ирүүлэхгүй байгаа нь миний үйлчлүүлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэж байгаа бол яамтай яагаад маргахгүй байгаа юм бэ? Мөн тухайн ажлын байранд ажиллах бүрэн боломжтой. Өөрийн ажиллаж байсан ажлын байранд өрсөлдөх, үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг тус тус зөрчиж байна гэсэн байна. Байгаль хамгаалагчийн орон тоонд би ажиллах боломжтой гэх агуулгаар бичсэн байна. Гэтэл шүүх хуралдаанд өөрөөр тайлбарлаж байна. Бүтэц орон тоо цөөрч байгаа бол тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаад аль ур чадвартай нь үлдэх ёстой. 2023 онд гаргасан Байгаль орчны сайдын А/297 дугаартай тушаал, 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/218 дугаартай тушаалд батлагдсан байгаль хамгаалагчийн орон тоо байгаль хамгаалагч 4, туслах байгаль хамгаалагч 3 гэсэн орон тоотойгоор байгаа. Тиймээс бүтэц орон тоог цөөрүүллээ гэж үзэх боломжгүй. Тухайлбал төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн ажилчид, зөвхөн ерөнхий шалгалтаа өгсөн төрийн албан хаагчийн баталгааг эдлээгүй хүмүүсийн хооронд эрх ашгийн эрэмбэ, дараа ялгаатай. Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 02/1136 дугаартай албан тоотоор Н.Б-т таныг төрийн албан хаагч гэж үзэх боломжгүй гэх хариу ирсэн. Хэрэв цаг хугацааны хувьд бусад ажилтнууд томилогдсон зэрэг асуудлаар маргах гэж байгаа бол сүүлд ажилд томилогдсон Х.Б-тай биш, Төрийн албаны зөвлөлтэй маргах нь зөв байх. Маргаан бүхийн захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Байгаль орчин, уур амьсгалын сайдын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/218 дугаартай тушаал, Төрийн аудитын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 169 тоот албан бичгийг тус тус үндэслэсэн байна. Тэгэхээр Төрийн аудитын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 169 тоот албан бичгийн 4.6-д дараачийн аудитаар анхаарах асуудал гээд байгаль хамгаалагч, туслах байгаль хамгаалагч нийт 7 байхаар байхад 8 орон тоогоор ажиллаж байна. Дараагийн аудитаар батлагдсан бүтэц орон тоогоор ажилласан эсэхийг шалгах нь зүйтэй гэсэн байна. Өөрөөр хэлбэл төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах талаас нь аудит хийгээд, илүү орон тоогоор ажиллаж байгаа хүн нь болохгүй шүү гэдгийг анхааруулсан энэ аудитын дүгнэлтийг заавал биелүүлэх ёстой гэж харж байна. Процессын хувьд мэдэгдлийг хүргүүлсэн, сонсох ажиллагаа хийсэн, сонсох ажиллагааны хариуг авсан. Нэхэмжлэгчид таны эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргах гэж байна гэдгийгээ мэдэгдсэн. Оролцогчид нь саналыг сонссон. Хариуг нь авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үйлчлүүлэгчийнхээ саналыг дэмжиж байна...”гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Шүүхээс хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч талаас “Манай байгууллагын дарга, мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчийн ажлын байрны тодорхойлолт батлагдаж ирээгүй байхад намайг төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй.Намайг одоо сул байгаа мэргэжилтний орон тоо болон туслах байгаль хамгаалагчийн орон тоонд шилжүүлэн ажиллуулах тухай санал тавьсан боловч зөвшөөрөөгүй тул шүүхэд хандсан” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

            3. Хариуцагч талаас “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/218 дугаартай тушаалаар манай байгууллагын  байгаль хамгаалагчийн орон тоо 4, туслах байгаль хамгаалагч 3 гэсэн орон тоотойгоор батлагдсан. Төрийн аудитын дүгнэлтээр нийт 7 ажилтан ажиллах байтал 8 ажилтныг ажиллуулж байгаа тул орон тоогоо барьж ажиллахыг даалгасан. Миний зүгээс шүүхийн цахим хаягаар шүүх хуралдааны шууд дамжуулалтыг ч үзэж байсан. Буруу шийдвэрийн улмаас төрд хохирол учирсан тохиолдолд эргээд надад асуудал үүсэх юм байна гэж ойлгож Н.Б нь төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй тул  холбогдох арга хэмжээгээ зохион байгуулсан. Бусад 4 ажилтан холбогдох их дээд сургуулиа төгсөөд, шалгалтаа өгөөд, төрийн албан хаагчийн тангаргаа өргөсөн ажилтнууд байгаа” гэх тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

            4.Ачит нуур-Дэвэлийн арал байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн  Б/06 дугаартай “Байгаль хамгаалагчийн ажлаас чөлөөлөх тухай”  тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/218 “Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад”-ын бүтэц орон тооны дээд хязгаар болон сургалт мэдээллийн төвийн байршлыг шинэчлэн батлах тухай тушаал, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 169 дүгээр албан бичгийг үндэслэн Н.Б-ыг байгаль хамгаалагчийн орон тоо хэтэрсэн гэх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлж шийдвэрлэжээ.

            5.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/632 дугаартай тушаалаар Увс аймгийн Бөхмөрөн, Ховд сум, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц,Ногооннуур  сумдын нутгийг дамнан орших Ачит нуур-Дэвэлийн арал байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг Увс аймгийн Бөхмөрөн сумын Байшинт багийн нутаг дэвсгэрт байгуулан, үйл ажиллагааг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэн, бүтэц орон тоого 2024 оны батлагдсан төсөвт багтаан зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

            Үүнээс өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/437 дугаартай “Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадын бүтэц, орон тооны дээд хязгаар болон сургалт, мэдээллийн төвийн байршлыг батлах тухай” тушаалаар Ачит нуур-Дэвэлийн арлын байгалийн цогцолборт газрын орон тоог байгаль хамгаалагч-3, туслах байгаль хамгаалагч-4 байхаар баталж байсан байх ба Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/218 дугаартай тушаалаар улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлахад тус хамгаалалтын захиргааны  байгаль хамгаалагч-3, туслах байгаль хамгаалагч-4 байхаар мөн адил тогтоожээ.

            6.Нэхэмжлэгч Н.Б-ын хувьд анх Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны Ачит нуур-Дэвэлийн арлын байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчаар томилогджээ.

            Ачит нуур-Дэвэлийн арлын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа 2024 оны 1 сараас бие даасан захиргааны байгууллага болж үйл ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбогдуулан Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд харьяалагдан ажиллаж байсан нэр бүхий байгаль хамгаалагч нарыг Ачит нуур-Дэвэлийн арлын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчаар томилсон байх ба Н.Быг тус хамгаалалтын захиргааны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01 тушаалаар Бөхмөрөн хэсгийн байгаль хамгаалагчаар томилсон байна.

            Мөн Ачит нуур-Дэвэлийн арлын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар Б.С-ийг Бөхмөрөн хэсгийн байгаль хамгаалагчаар, Б/03 дугаартай тушаалаар А.М-г Ачит нуур хэсгийн байгаль хамгаалагчаар, Б/04 дугаартай тушаалаар Б.Ц-г  Улаансай хэсгийн байгаль хамгаалагчаар, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар Н.С-г Алтангадас хэсгийн байгаль хамгаалагчаар тус тус томилжээ.

            7.Увс аймаг дахь төрийн аудитын газраас Ачит нуур-Дэвэлийн арлын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд “байгаль хамгаалагч, туслах байгаль хамгаалагч нийт 7 байхаар байхад 8 орон тоогоор ажиллаж байна” гэж анхаарах асуудлын нэгээр дурдсан.

            Ачит нуур-Дэвэлийн арлын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны газарт байгаль хамгаалагчийн албан тушаалд нийт 3 байгаль хамгаалагч ажиллахаас 5 байгаль хамгаалагч ажиллуулж 2 байгаль хамгаалагчийн илүү орон тоотойгоор ажиллаж байсан байна.

            Иймд хариуцагчид байгаль хамгаалагчийн батлагдсан орон тоонд ажилтныг ажиллуулах шаардлага үүсчээ.

            8. Төрийн албаны тухай хуулийн 25 дүгээр зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:”, 27.1.2-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас”, 27.1.3-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс;”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна”  гэж тус тус заажээ.

            9.Нэхэмжлэгч Н.Б байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй ба нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “...Намайг тухайн байгууллагад орохын өмнө Байгаль орчны яаманд нэгдсэн журмаар шалгалт авсан байсан. Бүх байгаль хамгаалагчдынхаа нэрсийг өгөөд 90 гаруй байгаль хамгаалагчид шалгалт өгсөн байсан. Би хоцорсон...” гэж тайлбарласан.

            Тухайн байгууллагад ажиллаж байгаа байгаль хамгаалагч А.М, Б.С, Б.Ц нарын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 76, 75, 79 дугаартай тогтоолоор Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчийн албан тушаалд томилуулахаар, Н.С-г Төрийн албаны Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор Ачит нуур-Дэвэлийн арал байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчийн албан тушаалд томилуулахаар тус тус нэр дэвшүүлснээр албан тушаалд томилсон байх ба 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийг өргөсөн байна.

            10.Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 16.5.3-д зааснаар төсвийн шууд захирагч “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” эрхийг хэрэгжүүлэхээр заасан.

            11.Хариуцагчаас батлагдсан орон тооноос илүү албан хаагч ажиллаж байгаа энэ тохиолдолд төрийн албаны тухай хуульд заасан шаардлага хангаагүй ажилтныг “орон тоо хэтэрсэн” гэсэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэснийг Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтуудад нийцсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

            12. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргасан “мэргэжилтний орон тоонд, эсхүл туслах байгаль хамгаалагчийн орон тоонд намайг ажиллуулах боломжтой байсан, албан тушаалын тодорхойлолт батлагдаж ирээгүй” гэх тайлбар нь Төрийн албаны тухай хуулийн 25 дүгээр зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно” гэх заалттай нийцэхгүй бөгөөд хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй болно.

            Иймд хариуцагч, түүний өмгөөлөгчийн тайлбар, үндэслэлийг хүлээн авч, дээр дурдсан дүгнэлтээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            13.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-ын Ачит нуур-Дэвэлийн арал байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргад холбогдуулан гаргасан “2025.05.01-ний Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

            2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АЛТАНЦЭЦЭГ