Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 320/ШШ2025/00658

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  М овогт Г.Г,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч 320/2025/00487/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Миний бие Г.Г нь Хөвсгөл аймгийн Апаг-эрдэнэ сумын 6-р баг Хатгал тосгонд 1965 оны 08 дугаар сарын 04-нд айлын ууган хүү болон мэндэлсэн бөгөөд тус сумынхаа 8 жилийн дунд сургуулийг 1983 онд төгсөж, 1983-1986 онуудад Ардын армийн 084-р ангид цэргийн алба хаасан.

Цэргийн албыг хааж ирсний дараа 1986 оны 8 дугаар сард Хатгал Мод боловсруулах цех-ийн Мод бэлтгэлийн бригадад Мод оосорлогчоор ажилд томилогдож орсон билээ. Түүнээс хойш 1994 онд Мод боловсруулах цехийн үйл ажиллагааг тартал нь ажилласан юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн Хатгал мод боловсруулах цехэд ажиллаж байсан хугацааны холбогдох тушаал аймгийн архиваас олдохгүй, мөн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учраас ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Миний бие Г.Г нь 1986 оны 8 дугаар сарааас 1994 оныг дуустал Хатгалын Мод боловсруулах цехийн Мод бэлтгэлийн бригадад ажиллаж байсан нь үнэн.

Иймд намайг 1986 оны 8 дугаар сарын 1-нээс 1989 оны 12 дугаар сарын 31- ний өдрийг дуустал Хатгал мод боловсруулах цехэд ажиллаж байсан байдпыг тогтоож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан.

Үүнд: Ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандан баримт бүрдүүлэхэд ажилд орсонтой холбоотой хэрэгт авагдсан баримтууд л гарч ирсэн тул хавтаст хэрэгт авагдсан баримтын хэмжээд буюу Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод боловсруулах цехэд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мод оосорлогч, хөрөөчнөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Хөвсгөл аймгийн Архивын тасгийн Г.Г-т холбогдох ажилд томилсон, чөлөөлсөн тушаал архивд байхгүй гэх албан бичиг, Хатгалын мод боловсруулах үйлдвэрийн түүхэн замнал 2018 он гэх бичилт бүхий номын нүүр, Мод боловсруулах үйлдвэрийн бригадын хэсэгт ажилд гарахын өмнө гэх тайлбартай гэрэл зургийн хуулбар, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 0668681 дугаартай Монгол овогт Г.Г-н нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-8 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Д, С.Б нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 49-52 дугаар хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Г.Г-н ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас №7, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, ХААТР 11 (А) төрснийг бүртгэх анкет зэрэг баримтын архивын хуулбар, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архиваас цэргийн албанд татагдсан болон халагдсан үеийн анкет бий эсэх талаарх лавлагаа болон цэргийн алба хаасан хугацааны лавлагаа, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас Г.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Г.Г-н нэрээр ажиллаж байсантай холбогдох тушаал, шийдвэрийн хуулбар, цалин хөлсний баримт зэрэг баримтуудыг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 15-26, 29-31, 35-36, 39-41 дүгээр хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Г нь Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод боловсруулах цехэд 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод боловсруулах цехэд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мод оосорлогч, хөрөөчнөөр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага тодруулсан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.Г нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Г.Г нь Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод боловсруулах цехэд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мод оосорлогч, хөрөөчнөөр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

М овогт Г.Г-н иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод бэлтгэх цехийн даргын 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн МБҮ-ийн захиргааны шийдвэрээр Эгийн голын гүүр барих ажилд Хатгал хотын харьяат М, Ө, Г, Б, О, Э, Э, Г,
Т, Г.Г нарыг 1987 оны 11-р сарын 12-ноос эхлэн 1 сарын хугацаагаар түр ажиллуулсугай.... гэх бичилт бүхий №114 дугаартай Түр ажилчин авах тухай тушаалын хуулбарт аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар (хавтаст хэргийн
21 дүгээр хуудас),

Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод бэлтгэх цехийн даргын 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Эгийн голын гүүр барих ажилд томилогдон ажиллаж байсан Хатгал хотын харьяат М, Ө, Г, Б, О, Э, Э, Г,
Т, Г.Г нарыг 1987 оны 11-р сарын 25-наар гэрээт ажил дууссан тул ажлаас нь чөлөөлсүгэй.... гэх бичилт бүхий №115 дугаартай Түр ажилчин чөлөөлөх тухай тушаалын хуулбарт аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Архивын тасгаас гаргаж ирүүлсэн Г.Г-н 1987 оны 7, 11 дүгээр сар, 1988 оны 6 дугаар сар, 1990 оны 7 дугаар сар, 1993 оны 1 дүгээр сар, 4 дүгээр саруудад тус тус Хатгалын мод боловсруулах цехэд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, (хавтаст хэргийн 30, 31, 36 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Хөвсгөл аймгийн Хатгал хотын Мод боловсруулах цехийн даргын 1986-1990 оны тушаал болон цалин хөлсний баримт шүүж үзэхэд Г.Г-г ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилт бүхий 11/291 дугаартай албан бичиг,

Гэрч Б.Д-н ...... Г.Г нь намайг 1987 онд цэргээс халагдаж ирээд Хатгалын мод боловсруулах цехийн мод бэлтгэлийн бригадад тракторын жолоочоор ажилд ороход Г.Г нь 1986 онд ажилд орсон гээд оосорлогчоор ажиллаж байсан. Түүнээс хойш 1990 он хүртэл тус газраа оосорлогчоор ажиллаж байсан гэх мэдүүлэг

Гэрч С.Б-н ...... Г.Г нь 1987 онд цэргээс халагдаж ирээд Хатгалын мод боловсруулах цехийн мод бэлтгэлийн бригадад оосорлогчоор 1990 он хүртэл ажиллаж байсан. Би тухайн үед 1984-1990 он хүртэл Хатгалын мод боловсруулах цехийн мод бэлтгэлийн бригадад хөрөөчнөөр ажиллаж байсан зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 49-52 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Г.Г нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод боловсруулах цехэд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мод оосорлогч, хөрөөчнөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгч Г.Г нь 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 6 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М овогт Г.Г-н Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод боловсруулах цехэд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мод оосорлогч, хөрөөчнөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН