Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/01261

 

 

 

 

 

 

 

 

 

К.Оагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2021/01271 дугаар шийдвэртэй, К.Оагийн нэхэмжлэлтэй Г.Тад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Татай 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр харилцан тохиролцож, 8,400,000 төгрөгийг түүнд зээлдүүлсэн. Хүү төлж дууссан, үндсэн зээлээс 1,900,000 төгрөг төлөгдөөгүй. 2020 оны 10 сард хариуцагчаас “1,900,000 төгрөгийг төлнө, та санаа зоволтгүй” гэсэн мессеж ирсэн, түүнээс хойш утсаа авахгүй алга болсон. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 1,900,000 төгрөг, түүнийг алданги, нийт 4,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие К.Оагаас 8,400,000 төгрөг зээлсэн нь үнэн бөгөөд энэ төлбөрөө хүүгийнх нь хамт бүрэн төлж дуусгасан болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.Оагийн хариуцагч Г.Тад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Г.Татай 2018.оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Г.Тад 8,400,000 төгрөгийг 3 сарын хугацаагаар 1 сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Ингэж гэрээ байгуулахдаа сар бүр хүүгээ өгч, зээлдүүлэгч эргэн төлж дуусгах хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохирсон.

Зээлийн гэрээ байгуулмагц Г.Тад 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 700,000 төгрөг, мөн сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Г.Та нь надад 2018 оны 04 дүгэээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр хүртэл хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 1,370,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд өөр мөнгө өгөөгүй.

Шүүх 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хэртлэх хугацаанд 16,135,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлсөн болох нь тогтоогдож байна гэж дүгнэснийг буруу гэж үзэж байна. Энэ дүгнэлт нь тодорхой биш, өөрөөр хэлбэл Г.Та нь К.Оад хэдэн төгрөг хэзээ өгснийг тодорхой дүгнээгүй.

Анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэл болгон хэрэгт хавсаргагдсан нотлох баримтанд тулгуурлаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч К.Оа нь хариуцагч Г.Тад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

К.Оа нь Г.Татай 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч К.Оа нь 8,400,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдэгч Г.Тад зээлэхээр тохиролцсон байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

Г.Та нь дээрх зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг өмчлөлдөө хүлээн авсанд маргаагүй.

 

Хаан банк дахь К.Оагийн эзэмшлийн 5720326187 тоот дансанд Хаан банк дахь Г.Тагийн эзэмшлийн 5015108084 тоот данснаас 2018 оны 04 сарын 13-ны өдрөөс 2018 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 16,135,000 төгрөг шилжин орсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх 18-30/

 

Нэхэмжлэгч К.Оа нь “хариуцагч Г.Та 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнээс гадна өөр зээлийн гэрээний харилцаа байсан, 16,135,000 төгрөгийн төлөлт нь өөр бусад гэрээний үүрэгтэй хамааралтай” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн зээлдэгч Г.Та зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т заасантай нийцжээ.  

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2021/01271 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

 

                                          ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА