| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2018/0067/э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2018-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 73
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч : Х.Энхтуул,
Шүүгдэгч: С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б ургийн овогтой С-ын Ж-д холбогдох эрүүгийн 1835000740079 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл-2, дүүгийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 5-р багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОЙ80111611, Б ургийн овогтой С-ын Ж.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Ж нь согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаангом сумын 3-р багийн нутаг 31 дүгээр байрны 9 тоотод хохирогч Х.Ш-ыг аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч С.Ж-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.Ж нь согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаангом сумын 3-р багийн нутаг 31 дүгээр байрны 9 тоотод хохирогч Х.Ш-ын нүүрний хэсэгт аяга / шаазан /-аар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, аягыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,
хохирогч Х.Ш-ын хэрэг бүртгэлтэд өгсөн : “Би 2018 оны 02 дугаар сарын 23-ны өглөө 08 цагийн орчим тэмцээнд оролцохоор Өлгий сумаас Улаангом суманд тэмцээнд оролцох сумын залуучуудыг авч ирсэн юм. Бид нар буудалд байрлаж тэмцээндээ оролцоод би 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Таван-Од” буудлын өрөөндөө Өлгий сумын 4-р багийн дарга А-тай нэг шил 500 граммын “ Чингис” нэртэй архи хувааж уусан. Тэгээд байж байтал 17 цагийн орчим манай өрөөний хүмүүс болох А, С, А, Г нар ирсэн бөгөөд би сумын хурлын дарга С-г утсаар дуудаж ирүүлээд сум руугаа явахаар ачаа бараагаа янзлаад байж байтал миний утас руу Өмнөговь сумын засаг дарга Т яриад “Б ахын гэрт хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүмүүсээ аваад өөрийн машинаараа Улаангом сумын 3-р багт байрлах Б ахын гэрт очсон юм. Надтай хамт тухайн үед С, А, С, А, Г нар явсан. Тэгээд машинаас буугаад А, С бид гурав Б ахын гэрлүү орсон ба гадна Г, А, С гурав үлдсэн юм. Бид гурвыг Б ахын гэрт ороход Б ах, түүний эхнэр хүүхдүүд нь, гаднаас Т, Ж, Т-ийн жолооч Д нар байсан. Тэгээд бид гурав ороод би Б ахын гэрийн том өрөөний булангийн буйдан дээр Б ахын зүүн гар талд буюу буйдангийн өнцөг дээр суусан. Миний баруун гар талд Б ах, түний хажууд Т, С, А, Д нар суугаад Д-ийн баруун гар талд буюу сандал дээр ширээний өнцөгт Ж миний урдаас харсан байдалтай сууж байсан. Тэгж байтал Б ахын эхнэр бид нарт цай хийж өгөөд бид нар цай уунгаа Б ах, Т хоёр надтай юм ярьж байтал Ж бид нарын ярианы дундуур орж ирээд надтай юм ярихаар нь би Ж-ийг “Чамд хамаагүй асуудал” гэж хэлээд Т ах уруу буюу баруун гар тал руу эргээд хартал миний нүүрний зүүн талын хөмсөг, хацар хэсэг рүү Ж ууж байсан цайтай аягаа шидээд миний хөмсөг язарч, цус гарч эхэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд бостол миний хажуунаас Б ах намайг татаад суулгасан ба Ж-ийг доод талд суусан залуучууд татаад цаашаа авсан. Би тухайн үед Ж-д уур хүрээд “Ална шүү пизда минь. Яахаараа чи намайг зоддог юм. Гарч ирж энэ цусаа арч” гэж хэлсэн юм. Намайг зодуулаад удаагүй байтал гаднаас А, Г, С нар орж ирсэн. Тухайн үед миний шархыг С ирж дарсан бөгөөд дараа нь би өөрөө язарсан шархаа амны цаасаар дараад 30 минут орчим байсан боловч цус гараад тогтохгүй болохоор нь эмнэлэг явсан. Тэр үед Ж гараад явчихсан байсан. Миний хувьд Ж-тэй маргалдсан зүйл байхгүй. Намайг хүнтэй юм ярьж байхад бидний дундуур орж ирээд байхаар нь би Ж-ийг “Дуугүй бай” гэж хэлсний төлөө намайг цайтай аягаар цохисон байх. Ж-ийн надруу шидсэн аяга миний хөмсөг, хацрын хэсэгт оноод хагарч үсэрсэн ба тухайн аяга нь цагаан өнгийн аяга байх шиг байсан. Би тухайн үед архи уучихсан согтуу байсан, Ж ч гэсэн согтуу байсан юм. Ж надруу аяга шидээд намайг гэмтээсний дараа над руу бүх хүний анхаарал хандаж миний шархнаас гарч байгаа цусыг тогтоох гээд хүмүүс сандарч эхэлсэн. Тухайн үед би уурлаад Ж-ийг “Ална” гээд хараагаад дайрахад Ж босож ирээд над руу дайрсан. Тэр үед бид хоёрын дундуур хүмүүс ороод салгасан бөгөөд Ж бид хоёрын хооронд зодоон цохион болоогүй. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа. Надад өвдөж зовох зүйлгүй байхгүй байна. Миний шарх эдгэрч байгаа. Ж-д ямар нэгэн гомдол санал байхгүй. Ж-өөс нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд бид хоёр хоорондоо эвлэрсэн болно” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
гэрч А.А-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “....Бид нарыг тэр айлд ороод сууж байтал Өмнөговь сумын сургуулийн захирал байсан Ж гэх ах Ш ах дээр томроод хэрэлдэж маргалдаад эхэлсэн. Тэгтэл тэнд байсан хүмүүс салгаад Ж-г нэг эмэгтэй нөгөө талын өрөөнд аваад орсон. Хэсэг хугацааны дараа Ж том өрөөнд ороод ирэхээр нь Жд цай хийгээд өгтөл Ж цай ууж байгаад цайтай аягаа Ш ах уруу зүүн гараараа чиглүүлээд шидтэл нөгөө шидсэн аяга нь Ш ахын зүүн хөмсөг хэсэгт нь оносон. Тэгээд Ш ахын хөмсөг зүсэгдэж цус гарч эхэлсэн. Тэр үед нөгөө айлд байсан хүмүүс Ж-г нөгөө талын өрөө рүү оруулчихсан. Би Ш ахын хөмсөгнөөс цус гарч байхаар нь цаас авч дарсан боловч цус их гараад байсан тул эмнэлэг рүү авч явсан юм. Биднийг эмнэлэг дээр очиход Ж эмнэлэг дээр оччихсон байсан. Ш ах хэн нэгнийг зодоогүй. Миний мэдэхээр Ш ахын хөмсөг сэтэрснээс өөр зодоон болоогүй. Ш ах бөхийн өргөөн дээрээс ирэхдээ архи үнэртүүлчихсэн нэлээн халамцуу ирсэн. Харин Ж согтуу байсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
гэрч К.С-ын хэрэг бүртгэлтэд өгсөн : “...Ш дарга намайг болон А, А, Г, С бид нарыг дагуулаад байранд байх нэг айлд очсон.Тэр айлд бид нар ороход 1 эмэгтэй, 3 хүүхэд, 4 эрэгтэй хүн байсан. Бид нар гутлаа тайлаад тэр айлын том өрөөрүү ороод Ш дарга Ж гэдэг хүний ард талаар зөрөөд дээш суух гэтэл Ж гэх хүн шууд манай даргыг үгээр өдөөд “Пизда минь” гээд дайраад байсан. Тэгж байтал бид нарт тэр айлын эмэгтэй цай хийж өгөөд тэр Ж гэдэг хүнд цай хийж өгтөл Ж гэх хүн ууж байсан цагаан өнгийн аягатай цайгаа барьж байгаад Ш дарга руу чиглүүлээд шидтэл Ш даргын зүүн талын хөмсөг шанаа хэсэг нь шидсэн аяганд зүсэгдэж, уг аяга нь хагарсан юм. Тэгээд Ш даргын хөмсөг хэсгээс цус гараад бид нар цусыг нь зогсоох гээд шархыг нь дарж байтал нөгөө Ж дахин босож ирээд Ш дарга руу дайраад ноцолдоход Ш дарга Ж-гийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид нар салгахад тэнд сууж байсан цагаан өнгийн пудволктой ах Ж гэх хүнийг аваад цаад талын өрөө рүү орсон. Дараа нь хар өнгийн куртиктай ах Ж гэх хүнийг дагуулаад гарсан юм. Тэгээд бид нар даргын цус тогтохгүй болохоор нь эмнэлэг рүү авч явсан юм. Ш дарга бид нар айлд ороход Ж гэдэг хүн шууд л даргаруу дайраад эхэлсэн. Яг ямар шалтгаанаар дайраад байгааг нь би мэдээгүй бөгөөд урьдны л асуудал юм шиг байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
гэрч Б.Г-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “...тэдний гэрлүү ороход Ш даргын зүүн талын хөмсөг нь язарч цус гарсан байдалтай, босоод зогсчихсон, цаанаас нь Ж гэдэг хүн дарга руу дайраад зодох гээд давшлаад байхаар нь би салгасан юм. Тэгтэл Ж гэдэг хүн намайг “Дундуур орлоо” гээд надруу дайраад миний мөр тус газарт нэг удаа нударсан. Тэгэхээр нь би Ж ахыг “Суугаач та” гээд мөрлүү нь нудраад суулгасан. Ш даргын хөмсөгний дээд талаас цус гараад тогтохгүй байхаар нь эмнэлэг рүү авч явсан юм. Намайг Б гэдэг хүний гэр лүү ороход гэрийн эзэн Б, түүний эхнэр гэх нэг эмэгтэй болон Өмнөговь сумын засаг дарга, Өмнөговь сумын засаг даргын жолооч, Ж, манай сумын засаг дарга Ш болон А, С нар байсан. Би Ш даргыг хэн зодсоныг хараагүй. Ш даргатай хамт явсан 2 залуу болох А, С хоёр надад “Ш даргыг Ж гэдэг хүн зодсон” гэж хэлсэн. Ш дарга буудалд байхдаа бид нартай 3-4 шил архи хувааж уугаад согтуу байсан. Харин Ж гэх хүнийг харахад илтэд согтуу байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
гэрч Ч.Б-ын хэрэг бүртгэлтэд өгсөн “Манайх Улаангом сумын 3-р баг 31-р байрны 9 тоотод байдаг юм. 2018 оны 02 дугаар сарын 25-ны орой 17 цагийн орчим манай гэрт Өмнөговь сумын засаг дарга Т болон Ж, өөр 2 эрэгтэй хүнтэй хамт ирсэн. Тэгээд бид нар манайд хоол цай идэж уугаад архи уусан. Би архи ууж байгаад Ш-ын утас руу залгаж яриад “Манай гэрт ирж цай уугаад яваач” гэж хэлсэн, удалгүй Ш, Өлгий сумын хурлын дарга С ах болон өөр 2-3 залуугийн хамт ирсэн. Тухайн үед би согтуу байсан учир яг хэдэн хүн Ш-тай хамт ирснийг мэдэхгүй байна. Ш манай том өрөөнд орж ирээд миний зүүн гар талд буйдангийн өнцөгт суусан. Миний баруун гар талд Т, С ах, цаад талд нь Ш-тай хамт ирсэн хүмүүс сууж байсан. Ширээний нөгөө өнцөгт Ж Ш-ын урдаас харсан байдалтай сандал дээр сууж байсан. Тэр үед манай эхнэр А тэр хүмүүст цай хийгээд өгч байтал Ш-ын урдаас хараад сууж байсан Ж ууж байсан аягатай цайгаа Ш-ын нүүр лүү шидсэн ба Ш-ын зүүн талын хөмсөгийг нь оноод тэр хэсгээс нь цус гарч эхэлсэн. Тэгээд Ш босоод Ж-тэй маргалдахаар нь би Ш-ыг татаж суулгаад манай гэрт зодолдож болохгүй гэдгийг хэлсэн. Ш Ж рүү “Чи яахаараа намайг зоддог юм” гэж хэлээд дайраад байсан. Тэгж байгаад Ж гарч явсан. Араас нь Өлгий сумын хүмүүс гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
гэрч Н.С-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “...Тэгээд Ш, С, А, Г, А бид нар машинаар Б-ын байрны гадна очоод тэд нар Б-ын гэрлүү орсон би гадна тамхи татаад зогсож байгаад тэд нарын араас яваад ортол Ш-ын зүүн хөмсөг нь язарч цус гарсан байдалтай байсан, тэр Ж-ийг “ энэ цусаа ирж арч” гээд орилж байсан. Би Ш-ын цусыг тогтоох гээд амны цаас авч шархан дээр нь дарж байтал Ж жижиг өрөөнөөс гараад Ш руу очих гэтэл Г Ж-ийг аваад цаашаа өрөө рүү дагуулаад орох шиг болсон. Тэгээд бид нар тэднийхээс гараад явсан юм. Тухайн үед Ж, Ш нар нь архи уучихсан согтуу байсан юм. Намайг гэрт ороход маргаан зодоон болоод дуусчихсан байсан. Намайг орсноос хойш Ш, Ж хоёр хоорондоо маргаж зодолдсон асуудал байхгүй. Би тухайн үед эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
гэрч Р.Т-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн : “Би Өмнөговь сумын засаг дарга ажилтай. 2018 оны 02 дугаар сарын 23-наас 2018 оны 02 дугаар сарын 26-ны хооронд Улаангом суманд намын баярын хурал, тэмцээн болсон юм. Би сумынхаа тэмцээнд оролцох хүмүүсийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаангом суманд авч орж ирсэн. Эдгээр хүмүүс дотор Ж тэмцээнд оролцохоор ирсэн юм. Тэгээд тэмцээн 2 өдөр болоод дууссан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 25-ны орой 19 цагийн орчим байх, цагийг нь сайн санахгүй байна Бөхийн өргөөн дээр байтал Наранбулаг сумын засаг дарга байсан Б ах намайг “гэр ирж цай уу” гэхээр нь би жолооч Д, Ж, Б нарын хамт Б ахын гэрт очсон юм. Намайг Б ахын гэрт очиход Б ахын гэрт эхнэр, хүүхдүүд нь байсан бөгөөд бид нарыг ирлээ гээд цай, хоол хийж өгөөд Б ах нэг шил архи задлаад түүнийг тойруулаад сууж байгаад би Өлгий сумын засаг дарга Ш-ыг “Хүрээд ирээч” гэж утсаар ярьсан. Удалгүй Ш, хурлын дарга С болон хажуудаа нэг залуутай хамт орж ирсэн. Тэгээд Ш, Б бид гурав буйдангийн нэг талд суугаад Г хэлбэртэй буйдангийн нөгөө талд нь С болон бусад хүмүүс суусан байх, би сайн санахгүй байна. Бид нар цай ууж байтал гэнэт Ж ууж байсан аягатай цайгаа Ш руу шидээд Ш-ын хөмсөгийг онож хөмсөг нь язарч цус гарч эхэлсэн. Тэгтэл Ш уурлаад босож ирээд Ж-тэй барьцалдаад авахаар нь бид нар тэр хоёрыг салгаад хоёр тийш болгоод би Ж-ийг аваад арын жижиг өрөө рүү оруулсан юм. Тэгж байтал Ш-ын хөмсөгнөөс цус гараад болохгүй болохоор нь хажууд байсан хүмүүс эмнэлэгт боолт хийлгэхээр аваад явсан. Түүний араас Ж гараад явсан шиг санагдаж байна. Тухайн үед би нилээн согтуу байсан учир зарим зүйлийг санахгүй байна. Би Б-ын гэрт байхдаа цагаан өнгийн дал майктай байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,
гэрч Г.А-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “ 2018 оны 02 дугаар сарын 25-ны орой 16 цагийн орчим байх цагийг нь сайн санахгүй байна, манай нөхөр Б гаднаас Өмнөговь сумын засаг дарга Т, Ж болон жолооч нь гэсэн нэг залуугийн хамт дөрвүүлээ орж ирсэн юм. Тэгээд би тэд нарт цай, хоол хийж өгөөд байж байтал Өлгий сумын засаг дарга Ш гаднаас хүмүүстэй орж ирсэн. Тухайн үед Ш, Т нартай ирсэн хүмүүс манай гэрээр орж гараад байсан бөгөөд би тэдгээр хүмүүсээс зөвхөн Ш, Т нарыг зүс танина, бусад хүмүүсийг нь мэдэхгүй. Хэн нь орж гараад байгааг анзаараагүй юм. Тэгээд би Ш-ыг орж ирлээ гээд цай хийж өгөөд эргэтэл гэнэт тас няс гээд явчихсан. Ш-ын урдаас харж суусан Ж гэх залуу Ш руу аяга шидэж нүүрэнд нь гэмтэл учруулж цус гарч эхэлсэн. Тэгээд хүмүүс сандралдаад эхэлсэн бөгөөд тухайн үед Ш Ж рүү уурлаад хоорондоо маргалдаад барьцалдаад авсныг нь тэнд байсан хүмүүс салгасан. Ш-ын хөмсөгнийх нь дээд хэсгээс цус гараад түүнийг хүмүүс тогтоож байсан. Яг ямар хүмүүс тэр хоёрыг салгаж байхыг би анзаараагүй. Тэгээд би гал тогоонд аягаа оруулчихаад нэг харахад том өрөөнд Ж суучихсан нүүрэнд нь цус болчихсон байсан. Яг хаанаас нь цус гарч байгааг анзаараагүй. Тэгж байгаад эхлээд Ж нэг мэдэхэд алга болчихсон байсан ба араас нь Ш гараад явчихсан. Тэгээд би хүүхдүүдтэйгээ гэрээ цэвэрлэж байтал цагдаа нар ирсэн юм. Ж нь Ш-ын нүүрлүү ямар шалтгаанаар аяга шидсэнийг нь би мэдэхгүй. Тэр хоёр хоорондоо маргалдаж хэрэлдсэн эсхийг нь анзаараагүй. Миний бодлоор тэр хоёрт маргалдах хугацаа бараг болоогүй. Тухайн үед Ж, Ш нар архи уучихсан байсан бөгөөд хэр согтуу байсныг нь мэдэхгүй байна. Манай гэрт байсан хүмүүсээс Т “Толгойгоо угаана” гээд цагаан өнгийн фудволктой сууж байсан. Хүмүүс манай буйдан дээр зүүн гар талаас Ш, Б, Т нар суугаад цааш нь миний танихгүй хүмүүс сууж байсан бөгөөд Ж Ш-ын урдаас харсан байдалтай сууж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,
шүүгдэгч С.Ж-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Бид нарыг Б ахын гэрт ороход тэднийд эхнэр, хүүхдүүд нь байсан бөгөөд бид нарыг ирлээ гээд хоол унд хийж байтал Өлгий сумын засаг дарга Ш 2-3 хүнтэй хамт орж ирсэн. Б ахын буйдан нь Г хэлбэртэй булангийн буйдан байсан ба буйдангийн зүүн талын өнцөгт Ш, түүний баруун талд Б ах, Т нар суугаад түүнээс доош Ш-тай хамт орж ирсэн хүмүүс суусан. Би тэдгээр хүмүүсийг танихгүй. Тухайн үед би нилээн согтуу байсан учир хүмүүсийг хараад сууж байтал Ш миний урдаас харсан байдалтай сууж байгаад Т даргатай юм яриад байхаар нь би тэр хоёрын үгний дундуур орж юм ярих гэтэл Ш намайг “Дуугүй бай, чамд хамаагүй асуудал” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ш-ыг “Чи дуугүй бай” гээд бид хоёр маргалдаад сууж байгаад миний дургүй хүрээд ууж байсан аягатай цайгаа тэр чигт нь Ш руу шидчихсэн. Тэгтэл миний шидсэн аяга Ш-ын зүүн талын хөмсөг, нүд хэсэгт нь онож Ш-ын хөмсөг язарч цус гарч эхлэхэд Ш намайг “Ална” гээд босоод ирэхээр нь би дахин Ш-тай маргалдаад босоод цохих гэхэд бид хоёрын дундуур хүмүүс ороод салгасан. Тухайн үед би нилээн согтуу байсан ба намайг хүмүүс “Жижиг өрөөнд ор” гэхээр нь би жижиг өрөөнд ороод тэндээ байж байгаад миний баруун талын хөмсөгний дээд хэсгээс цус гараад байхаар Б-ын ахын гэрээс жолооч Д-тэй хамт гараад Нэгдсэн эмнэлэг дээр очиж шархандаа оёдол тавиулсан юм. Тэр өдөр би нилээн согтуу орон гаран байсан тул Ш-ын нүүрлүү аяга шидэж гэмтээгээд дахин маргалдаж байгаад зодолдохоор босоход бид хоёрыг хоёр тийш салгаад намайг жижиг өрөөнд оруулах хооронд би юм мөргөж өөрөө өөртөө гэмтэл учруулсан байх гэж бодож байна. Миний мэдэхээр намайг хүн зодоогүй юм. Би шинжээч эмчийн дүгнэлтүүдтэй танилцсан. Дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Би Ш-аас уучлалт гуйж бид хоёр хоорондоо эвлэрч Ш надад гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,
Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №161 дугаартай: “Үзүүлэгч Х.Ш-ын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Нүүрний зүүн талд 5 см хэмжээтэй язарсан шарх, зүүн нүдний зовхи хар хөхөрсөн зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Урьд нь бэртэл гэмтэл, архаг хууч өвчин байхгүй байна. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Ж-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Ш-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч С.Ж-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч С.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.Ж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Ж анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон байна.
Шүүгдэгч С.Ж-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ш-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Х.Ш нь шүүгдэгч С.Ж-өөс нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн, түүнчлэн нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй талаар тодорхойлолт /нотаритаар гэрчлүүлсэн/ гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч С.Ж нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагч торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б ургийн овогтой С-ын Ж-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д 750 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.Ж энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Ж-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН