Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/17

 

 

                                        Ф.С*******д холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Ундармаа

Шүүгдэгч Ф.С*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

Нарийн бичгийн дарга Т.Учрал нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/239 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн гомдол болон прокурорын эсэргүүцлээр Ф.С*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2023/0129/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С******* Х******* К******* овогт Ф******* С*******, Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ш******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Ш******* сумын З******* дарга ажилтай, ам бүл *, ээж, * хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ш******* сум * дугаар баг, О******* * дугаар гудамж *** тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, /РД:/;

Шүүгдэгч Ф.С******* нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн үед Сэлэнгэ аймаг Ш******* сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Жи эм” нэртэй амралтын газрын хоолны зааланд М.Бий эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Ф.С*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас С******* Х******* К******* овогт Ф******* С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүй орхиж, “Аргагүй хамгаалалт” гэсэн хуулийн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С******* Х******* К******* овогт Ф******* С*******ыг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар Ф.С*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Ф.С******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ цагаатгах тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч М.Б давж заалдах гомдолдоо:    

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШТ/239 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолд эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4-д “шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй” гэж заасныг удирдлага болгон хохирогч М.Б миний бие дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэг. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн:

Шүүх шийдвэртээ “шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд камерын бичлэгийг нэг бүрчлэн гүйлгэж цаг, минутаар нь үзэхэд дараахь нөхцөл байдал илэрсэн” хэмээн илтэд буруу дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-т “Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь эрхтэй” 1.1 “өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” гэж заасныг зөрчиж хохирогч М.Бийг Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд оролцох хавтаст хэрэгтэй танилцах, мэтгэлцэх эрхийг эдлүүлээгүй” болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино хэмээн хуульчилсан.

Шүүх хэргийн оролцогчдын эрхийг эдлүүлээгүй, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд талууд тэгш эрхтэй оролцож, яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэх төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, 4.5 дугаар зүйлийн 3-т “Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ”, 35.8 дугаар зүйлийн 1-т “Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана” гэж заасныг зөрчиж Хохирогчийн эрхийг эдлүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн  үйлдэл мөн.

Хоёр. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлээгүй нь хууль зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-т  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 2-т “баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно”, гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтууд хангалттай цугларсан. Тухайлбал:

- Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 848 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “М.Бий биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт.

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны  өдрийн 943 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “М.Бий биед тархи доргилт, цээжинд зулгаралт гэмтэл учирчээ. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлтүүд хангалттай нотлох баримтаар нотолбол зохих байдлуудыг тогтоож байгаа юм. Гэтэл шүүх хохирогч М.Б намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр, нотлох баримтуудтай танилцуулахгүй, Үндсэн хуульд заасан Өмгөөлөгчөөр хангагдах, мэтгэлцэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлээгүйд гомдолтой байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 “Шинжээчийн дүгнэлт гэж хуульд заасан шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг хангаж, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг” эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1-“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ” гэж заасны дагуу нотлох баримтуудыг цуглуулах үндсэн дээр хийгдэж дүгнэлт гаргасан нотолгооны ач холбогдолтой баримтыг үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй юм.

Гурав. Гэрчүүдийн мэдүүлгийг үнэлээгүй.

Гэрч Б.Дариймаа 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч О.З 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Э 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.С 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдээр хангалттай Ф.С*******ын буруутай үйлдлийн улмаас надад хохирол учруулсныг тогтоосон байхад үнэлээгүй.

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, улсын яллагч нь 16.2 дугаар зүйлийн 1-д “1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно:

1.1.гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/;

1.2.гэмт хэргийг хэн үйлдсэн;

1.3.гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр;

1.4.Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал;

1.5.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ;

1.6.гэмт        хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тогтоосон байж хохирогч, хүн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулж, гэмт хэрэг гарахаас урьдчилан хамгаалах, сэргийлэх зорилготой дээрх нөхцөл байдлыг хангалттай сайн тогтоосон гэж үзэж байна.

М.Б миний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учирсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байхад үнэлэхгүй, харин ямар хэлбэрээр дүгнэлт гаргаж нарийн мэргэжлийн эмчид үзүүлээгүй, тархины томограф зураг авхуулаагүй эмчилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй, эмнэлгийн магадлагаа зэрэг байхгүй байхад дүгнэлт гаргасан гэж шүүх өөрөө шүүгдэгч мэт түүний өмнөөс шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэж үзнэ.

Мөн Ф.С*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан хуулийн заалтад нийцсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Учир нь тухайн өдөр утсаараа бичлэг лайв хийж буй үйлдлийг хүний биед халдсан үйлдэлтэй адилтгаж аргагүй хамгаалалтаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1- “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2- “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу хангалттай нотлох баримтууд цугларч Ф.С*******ын үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн болно.

Анхан шатны шүүхийн шүүгч хэт нэг талыг барьсан, шүүгдэгчийн хуралдааны үеэр гаргасан бүх хүсэлтүүдийг хангаж байсан, тэгш эрхийн зарчмыг зөрчсөн, давуу байдалтай хурлыг даргалж, 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессын хэргийн оролцогч буюу хохирогчийг оролцуулалгүйгээр шийдвэр гаргасан нь процессын ноцтой алдаа.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-“Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй”, мөн зүйлийн 2 дахь заалт “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж заасныг зөрчиж мэтгэлцэх боломжоор хангаагүй шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/239 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүх рүү буцааж, өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох, мэтгэлцэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчихдөө нэгдүгээрт өмгөөлөгчтэй оролцуулах эрхийг эдлүүлээгүй. Хоёрдугаарт хэт нэг талыг барьсан шийдвэртэй. Шүүгчээс татгалзах асуудлыг ерөөсөө шийдвэрлээгүй шүүх хуралдаан үргэлжлээд явсан гэж хохирогч М.Б хэлдэг. Шүүгчээс татгалзах үндэслэлийг ямар үндэслэлээр шийдвэрлээгүй хариулт гаргаагүй гэдэг нь тодорхойгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аргагүй хамгаалалт гэж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий 4.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтад зааснаар аргагүй хамгаалалтыг бусдын зүй бус хандлагаар эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн үед хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэхгүй гээд хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтад  зааснаар энэ нь аргагүй хамгаалалт биш. Энэ гэмт хэргийн шинжтэй, гэм буруутай үйлдэл юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хангалттай нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтүүд хангалттай хавтаст хэрэгт цугларсан байхад аргагүй хамгаалалт гэж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. Мөн хуулийн 4.5 дугаар зүйлийн 3 дахь заалтад шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.  Мөн 38.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явагдана гэсэн заалтуудыг зөрчиж шүүх хуралдаан болсон гэж үзэж байна.

 ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй. Хохирогчийн эрхийг эдлүүлээгүй, шүүгчээс татгалзах үндэслэлийг шийдвэрлээгүй, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны бичлэгээс харахад ээж Згийн талаар ярьсаар байгаад дууссан байдаг. Гэтэл ээж З нь манай хэргийн гэрч нь л юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

...Шүүх иргэн Ф.С******* нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хохирогч М.Бээс ирсэн хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийсэн болох нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал гэж үзсэн гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн 239 дугаартай цагаатгах тогтоол нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлтийг хийсэн байна.

Шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгтээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг дурдаад гэрч Б.Дариймаа, Ц.Э, Д.С нарын мэдүүлгээр урилгагүй зочин О.З нь өөрийн хүү болох Б.Бийг дагуулан гар утсаа барьсаар лайв бичлэг хийж бусдын амгалан тайван байдал алдагдуулан орж ирснийг нотолдог гэж,

Иргэн Ф.С******* нь аргагүй хамгаалалтыг хохирогч М.Бий иргэн Ф.С*******ын араас нь түлхэж, хоолойг нь боож, доош даран унагаагаад нүүр хэсэгт нь 1 удаа цохисон, хазсан хууль бус халдлага эхэлсэн үед довтолгооноос зайлсхийж хийсэн бөгөөд хохирогч М.Бий нуруу руу 1 удаа цохиж, толгой руу нь 1 удаа цохисон байна. Довтолгоо төгссөн үед ямар нэгэн үйлдэл хийгээгүй болох нь дүрс бичлэгт харагддаг.

Хэдийгээр хохирогч М.Бий эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учирсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан боловч зөвхөн хохирогчоос өөрөөс нь асуумж, аман өгүүлэмж хэлбэрээр дүгнэлт гаргаж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн боловч үзүүлээгүй, тархины томограф зураг авхуулаагүй, эмчилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй, эмнэлгийн магадалгаа болон эмчилгээний зардлын баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг шүүх баримтлаагүй болно.

Эдгээр болон бусад байдлуудыг шүүх нэгтгэн дүгнэвэл Ф.С*******ын үйлдэл нь: хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хууль бус халдлагаас өөрийгөө хамгаалах аргагүй хамгаалалтын явцад халдагч этгээдийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэх санаатай, идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хор учруулсан боловч бодит байдлаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалтын үйлдэл мөн гэж үзнэ гэж” дүгнэсэн нь ойлгомжгүй өөрөөр хэлбэл шүүх анхан болон дахин, бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг баримтлахгүй, үнэлэх боломжгүй гэж үзэж байгаа бол хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, харин шүүгдэгч Ф.С*******ыг хохирогч М.Бий хадлагын эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзвэл “аргагүй хамгаалалт” хийсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн агуулгатай.

Гэтэл шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дээрх хууль зүйн агуулгын аль алиныг нь бичиж дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, нөгөө талаас гэрч О.Згийн “...Тэр өдөр хүүгийн хамт шууд лайв хийгээд орсон. Тэгтэл Туяа гээд авгай миний өөдөөс орилоод тавагтай хоол шидэх гэж оролдсон. Тэгсэн С******* ширээний араас босож ирээд миний гар утсыг булаан Дариймаа гэх эмэгтэйд өгсөн. Тэгээд намайг доош дарсан тэгтэл манай хүү С*******ын араас тэвэрч автал С******* эргэж хараад баруун гараараа толгой хэсэг рүү нь нэг удаа цохиод камерын доор ороод хэд хэдэн удаа толгой цээжин тус газарт нь цохиод толгойг нь уургалж босгож ирээд нуруу хэсэгт нь баруун гараараа хүчтэй 1 цохиод үргэлжлүүлээд нүүр хэсэг рүү нь доороос нь дээш чиглүүлээд цохиод өөрөөсөө холдуулаад хэсэг байж байгаад манай хүү бид хоёрыг элдвээр хэлж байгаад гараад зугтаачихсан...” гэсэн мэдүүлэг хяналтын камерын бичлэгтэй тохирч байхад түүнийг хэрхэн няцааж байгаа талаар шүүх хуралдаан болон цагаатгах тогтоолд дурдаагүй байгаа нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна.

Мөн түүнчлэн хяналтын камерын бичлэгт хохирогч М.Б нь шүүгдэгч Ф.С*******ыг доош дарж унагаагаад нүүр хэсэгт нь 1 удаа цохиж, хазаж байгаа байдал харагдахгүй байхад шүүхээс Иргэн Ф.С******* нь аргагүй хамгаалалтыг хохирогч М.Бий иргэн Ф.С*******ын араас нь түлхэж, хоолойг нь боож, доош даран унагаагаад нүүр хэсэгт нь 1 удаа цохисон, хазсан хууль бус халдлага эхэлсэн үед довтолгооноос зайлсхийж хийсэн бөгөөд хохирогч М.Бий нуруу руу 1 удаа цохиж, толгой руу нь 1 удаа цохисон байна. Довтолгоо төгссөн үед ямар нэгэн үйлдэл хийгээгүй болох нь дүрс бичлэгт харагддаг гэж дүгнэсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байгаа болно.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 239 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан байна гэж үзэж байна. Шүүх нэг талыг барьсан гэхээс илүү мөрдөн шалгах ажиллагаа өөрөө нэг талыг барьж ажиллагаа явуулсан.  Учир нь мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэг учрал болсон гэх газраас камерийн бичлэгийг  CD-ны бичлэгт бүтэн хуулаагүй  CD-ны бичлэгийг яллагчаас нотлох баримтаар үнэлээд байгаа юм.

Камераас бичлэгийг CD-нд хуулахдаа Ф.С*******д хамааралтай хэсгийг хасаж буулгасан. Өөрөөр хэлбэл араас нь боож байгаа үйлдлийг бичээгүй. Орж ирээд вискиний шилийг Ф.С******* руу шидэж байгаа үйлдлийг огт оруулаагүйгээр зөвхөн Ф.С*******ын цохиж байгаа үйлдлийг бичиж оруулж ирж байгаа юм.

 Шүүх хуралдаан дээр 2-3 удаа үзсэн. Үзээд нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас өөр байдалтай байгаа юм байна гэдэг дүгнэлтийг шүүх өгсөн. Гэрч нарын мэдүүлэгтэй яг таараад байгаа юм. Тухайлбал гэрч Сгийн мэдүүлэг байгаа. Ф.С*******ын араас хоолойг нь боогоод арагш дараад нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Вискиний шил шидсэнийг гэрч Даариймаа хэлсэн байдаг. Хохирогч талын өмгөөлөгчийн яриад байгаа довтолгоо хэзээ эхэлсэн гэхээр байгууллагын хүмүүс байж байхад О.З нь лайв  хийгээд ороод ирээд хэрүүл маргаан үүсгэсэн байдаг. Энэ хүн рүү вискиний шил шидсэнээр довтолгоо эхэлчихсэн. Өнөөдөр хүүхдээ дагуулж ээж нь орж ирээгүй, тухайн хүмүүстэй хэрүүл маргаан үүсгээгүй, вискиний шил шидээгүй бол энэ асуудал үүсэхгүй байсан.

Прокурорын хэлээд байгаа ээжтэй нь холбогдолтой асуудал нь гэмт хэрэг гарах шалтгаант холбоотой асуудал учир шүүх хуралдаанд яригдсан байгаа. Тархи доргилтын гэмтэл яаж үүссэн байж болох вэ? гэхээр тухайн камерын бичлэг дээрээс тод харагдаж байгаа. Ямар нэгэн байдлаар Ф.С*******ын хувьд М.Бий хувьд ямар ч гар хүрээгүй байсан. Ингэхэд нь араас нь ирээд хоолойг нь боосон. Хоолойг нь боогоод хоёулаа арагш унаж байгаа юм. Унаж байх явцдаа салгах гээд цохиж байгаа үйлдэл юм. Тархи доргилт гэдэг нь өнөөдөр юунаас  болж үүссэн талаар шинжээчийн дүгнэлтэд тодорхой гаргаагүй. Юунаас бол юунаас ч үүсэж болно.  Камерын дор ноцолдоод унах үед эсвэл өөр бусад байдлаар авч болно.

Хамгийн гол нь харах ёстой зүйл юу гэхээр халдагч этгээдийн довтолгоог өнөөдөр тэгж зогсоогоогүй байсан бол үргэлжлээд юу аваад шидэх байсан талаар, шил нь өнөөдөр оночихсон байсан бол үргэлжлээд ямар байдалтай байх байсан бэ. Довтолгоог ямар нэгэн байдлаар өөрөө хазуулаад, уруулаа хазартал цохиулаад ингэж байж өөрөө халдлагыг зогсож байгаа юм. Шүүх өнөөдөр энэ байдлыг харж үзээд цагаатгах тогтоол гаргасан юм. Цагдаагийн байгууллагаараа шалгуулах байтал ороод бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад  хэрүүл маргаан хийж хүн амьтан руу шил шидээд байж болохгүй. О.З болон түүний хүүхэд нь хууль хяналтын байгууллагын алба хаагч нар биш. Утсаар бичлэг хийж бусдыг дарамтлаад  явах эрхтэй хүмүүс ч биш. Бусдын амгалан тайван байдлыг эвдэж  бусдыг турхирч байгаа байдал нь өөрсдөөс нь шалтгаалж эхэлсэн учир энэ бол гэмт хэрэг гарах болсон үндсэн шинж, хүүгийн буруутай үйлдэл байгаа учир шүүх цагаатгах тогтоол гаргасан байна гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Хүүгийн ээж шууд орж ирээд утсаар бичлэг хийгээд хэл амаар доромжилсон тэр үед нь би утсыг нь булааж авсан. Гэтэл хүү нь  хүрч ирээд намайг араас бооход амьсгаа давхацсан. Боогдоод арагшаа савж унасан. Тийм л үйлдэл болсон. Тухайн үед би жоохон хүүхэд байсан учир гомдол санал гаргаагүй орхисон.

Өөрөө шүүх хуралдаанд ирсэн бол ах хүний хувьд хэлэх зүйлээ хэлнэ гэж бодож байна. Үнэхээр болсон процессоос өөр байдалтай байгаа. Хүүд гэмтэл учирсан талаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаар шинжилгээ хийлгэх байтал ээж нь Сэлэнгэ аймагт шалгуулахгүй шударга бус гээд Дархан-Уул аймаг руу явна гээд Дархан-Уул аймагт дүгнэлт хийлгэсэн. Шинжээчийн дүгнэлт гаргуулахыг мөрдөн байцаагч нар нь сонгож явуулах ёстой гэж би үзсэн. Хуулийн байгууллагыг сүрдүүлж дарамталж байна. Сэлэнгэ аймагт үзсэн бол яг л адилхан гарах байсан. Жоохон хүүхдийг турхирсан ээжийнх нь буруутай үйлдэл гэж бодож байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Ф.С*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2.Шүүгдэгч Ф.С*******ыг  2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн үед Сэлэнгэ аймаг Ш******* сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Жи эм” нэртэй амралтын газрын хоолны зааланд М.Бий эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүй орхиж, “Аргагүй хамгаалалт” гэсэн хуулийн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогчоос шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг болон оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг, улсын ялллагчаас шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичсэн байна.

4.Хохирогч М.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд  өмгөөлөгч авч оролцох болон шүүгчийг татгалзах тухай хүсэлт, шүүгдэгч Ф.С******* нь шүүх хуралдаанд оролцож буй прокурорыг тус тус татгалзах хүсэлт гаргаснаар хүсэлтийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар буюу 2023 оны 12 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна.   Прокурорыг  татгалзан гаргах тухай  хүсэлтийг шүүгчийн 2023 оны 11 сарын 30-ны өдрийн ШЗ/497 дугаартай захирамжаар, шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 11 сарын 30-ны өдрийн ШЗТ/26 дугаартай тогтоолоор тус тус хангахаас татгалзан шийдвэрлэж  хувийг хэргийн оролцогч нарт гардуулсан тухай баримтыг хэрэгт хавсаргажээ.

Хохирогч М.Б нь Солонгос улсад суралцаж байгаа тул Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг түүний Фэйсбүүк хаягаар зургаар 2023 оны 12 сарын 07-ны өдөр буюу шүүх хуралдаан товлогдсон өдөр хүргүүлсэн гэсэн тэмдэглэлийг хийсэн байна.

2023 оны 12 сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч М.Б нь ирээгүй байх ба хуралдаан даргалагчаас ирцийн талаар хүсэлт авч хохирогчийг оролцуулах эсэх асуудлыг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг түр завсарлуулж зөвлөлдөх тасалгаанд орсон байх ба ямар нэгэн эрх зүйн акт гаргахгүйгээр хохирогчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрхи үйл баримтаар хохирогчид шүүгчийг татгалзан гаргах асуудлыг шийдвэрлэсэн талаар эрх зүйн актыг хэрхэн гардуулсан, шүүх хуралдааны товыг албан ёсоор  мэдэгдсэн эсэх, шүүхээс  хохирогчийн  өмгөөлөгч авах эрхийг хэрхэн хангасан нь тодорхойгүй байхад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж дүгнэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь оролцогчийн хуульд заасан эрхийг хангаагүй гэх үндэслэл болно.

5.Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутэй эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.

 Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 болон 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шаардлагыг бүрэн хангаагүй байна. 

Хэрэгт хэрэг учрал болсон гэх газрын камерын бичлэгээс хуулбарлан ирүүлсэн CD бичлэг авагдсан байх ба тус бичлэгт  харагдаагүй үйл баримтыг “... хохирогч ...Ф.С*******ын араас түлхэж... нүүр хэсэгт нь 1 удаа цохисон, хазсан хууль бус  халдлага эхэлсэн...” гэж шүүх хэрэгт авагдаагүй баримтад дүгнэлт хийж шүүгдэгчийг  аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

 Мөн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бусад нотлох баримтуудтай хэрхэн харьцуулан үнэлж, ямар баримтаар няцаан үгүйсгэж байгаагаа дурьдалгүйгээр зөвхөн таамаглалд үндэслэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 943 дугаартай шинжээчийн дүгнэлтийг  “...зөвхөн хохирогчоос өөрөөс нь асуумж, аман өгүүлэмж  хэлбэрээр дүгнэлт өгөх, нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, тархины томограф зураг авахуулаагүй эмчилгээ хийлгэсэн баримтгүй...” гэж нотлох баримтаар үнэлээгүй байгаа нь хуульд нийцээгүй гэж үзнэ.

6.Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй бөгөөд бусдын эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хүнийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн хүний үйлдэл гэм буруугийн санаатай шинжийг агуулсан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

7.Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцэл, хохирогчийн давж заалдах гомдлыг тус тус хангаж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/239 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.  

2.Хохирогчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ                     

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН