| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Сарангэрэл |
| Хэргийн индекс | 119/2025/0022/з |
| Дугаар | 119/ШШ2025/0037 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Газар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 119/ШШ2025/0037
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ** овгийн **,
Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга /**/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **,
Хариуцагч: Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /дарга **/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ** нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймаг Баян-Өндөр сум ** багийн **-р хорооллын ** хэсэг ** тоот хаягт байрлалтай 1122 м.кв талбайтай нэгж талбарын ** дугаартай газрын зориулалт өөрчлөх талаар гарсан 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх “Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын техникийн зөвлөл”-ийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 3-р хуралдааны шийдвэрээр иргэн **д холбогдох хэсгийг хэрэгжүүлж, захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Орхон аймаг Баян-Өндөр сум ** багийн **-р хороолол ** хэсэг ** тоот хаягт байрлах 1122 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай газрын зориулалтыг нийтийн орон сууцны зориулалттай болгон өөрчлөх захирамж гаргахыг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Орхон аймгийн Засаг дарга нарт даалгах” шаардлага бүхий газрын маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **, хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан
“Орхон аймаг Баян-Өндөр сум ** багийн **-р хорооллын ** хэсэг ** тоот хаягт байрлалтай 1122 мкв талбайтай нэгж талбарын ** дугаартай газрын зориулалт өөрчлөх талаар гарсан 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх “Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын техникийн зөвлөл”-ийн 2023 оны 3-р хуралдааны шийдвэрийн иргэн ** надад холбогдох хэсгийг хэрэгжүүлж, захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Орхон аймаг Баян-Өндөр сум ** багийн **-р хороолол ** хэсэг ** тоот хаягт байрлах 1122 мкв талбайтай амины орон сууцны зориулалттай газрын зориулалтыг нийтийн орон сууцны зориулалттай болгон өөрчлөх захирамж гаргахыг Орхон аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, Орхон аймгийн Засаг дарга нарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагууд гаргаж маргасан.
2. Орхон аймгийн Засаг дарга 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/20 дугаар захирамжаар иргэн **д Орхон аймаг Баян-Өндөр сум ** багийн ** дүгээр хороолол ** хэсэг ** тоот 374 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар, 2020 оны 03 дугаар сарын 18-ны А/179 дугаар захирамжаар ** багийн ** дүгээр хороолол ** хэсэг ** тоот 374 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/742 дугаар захирамжаар ** багийн ** дүгээр хороолол ** хэсэг ** тоот 374 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар тус тус эзэмшүүлсэн байна.
3. Нэхэмжлэгч ** нь Орхон аймаг Баян-Өндөр сум ** багийн ** дүгээр хорооллын ** хэсэгт байрлах тус бүр 374 мкв амины орон сууцны зориулалтаар эзэмшиж буй **, **, ** нэгж талбарын дугаар бүхий газруудыг нэгтгэн эзэмших хүсэлтээ Орхон аймгийн Засаг даргад гаргасны дагуу аймгийн Засаг даргаас 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/1001 дугаар захирамжаар дээрх 3 нэгж талбарыг нэгтгэн 1122 м.кв болгон 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, ** дугаартай гэрчилгээ олгожээ.
4. Нэхэмжлэгч нь анх 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дээрх 1122 м.кв амины орон сууцны зориулалттай газрыг нийтийн орон сууцны зориулалттай болгон өөрчлөх хүсэлтээ Орхон аймгийн Засаг дарга болон Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан байна. /ХХ-ийн 29-30 тал/
5. Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** багийн ** дүгээр хорооллын ** хэсэгт байрлах 1122 м.кв амины орон сууцны газрын зориулалт өөрчлөх хүсэлтийг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын техникийн зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 3-р хуралдаанаас газрын зориулалт өөрчлөхийг дэмжиж шийдвэрлэсэн байтал холбогдох захирамжийн төслийг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас бэлтгэн Орхон аймгийн Засаг даргад хүргүүлээгүй, Орхон аймгийн Засаг даргаас одоог хүртэл газрын зориулалт өөрчлөх захирамж гаргаагүй гэж маргасан.
6. Орхон аймгийн Засаг даргаас 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01/2295 дугаартай албан бичгээр иргэн **д хариу хүргүүлсэн байна.
7.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
7.1. 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Орхон аймгийн Засаг даргад газрын зориулалт өөрчлөх талаар хүсэлт гаргаж улмаар 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх “Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын техникийн зөвлөл”-ийн 2023 оны 3-р хуралдаанаас иргэн ** миний эзэмшиж буй Орхон аймаг Баян-Өндөр сум ** багийн **-р хороолол ** хэсэгт байрлах 1122 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай газрыг нийтийн орон сууцны зориулалттай болгон өөрчлөх хүсэлтийг 75 хувийн саналаар дэмжиж, зориулалтыг өөрчлөхөөр шийдвэрлэсэн шийдвэрийг иргэн ** надад огт мэдэгдээгүй бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02/1356 дугаартай албан тоотоор Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн бөгөөд уг шийдвэрийн дагуу “Газрын зориулалт өөрчлөх тухай” захирамжийн төслийг Засаг даргад хүргүүлж, улмаар Орхон аймгийн Засаг дарга газрын зориулалт өөрчлөх тухай захирамж гарган албажуулах ёстой байсан боловч энэхүү ажиллагааг ямар нэгэн үндэслэл, шалтгаангүйгээр хийлгүйгээр өнөөдрийн хүрсэн болно.
7.2. Уг газартай холбоотой газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох асуудлаар 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01/2295 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоотоор сонсох ажиллагаа явуулах талаар мэдэгдсэний дагуу Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас уг газартай холбоотой баримт бичгүүдийг хуулбарлан өгөхийг хүсэхэд Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх “Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын техникийн зөвлөл”-ийн 2023 оны 3-р хуралдааны шийдвэр түүнтэй холбоотой бусад баримтууд байсан бөгөөд газрын зориулалт өөрчлөх талаар Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын техникийн зөвлөлийн хурлын шийдвэр гарсан болохыг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мэдсэн.
7.3. Орхон аймгийн Засаг дарга, Засаг даргын дэргэдэх Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын техникийн зөвлөл, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасны дагуу зориулалт өөрчлөх талаар хурлын шийдвэр гарсан талаар мэдэгдээгүй, хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлж, Засаг даргын захирамжийг гаргаж албажуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эс үйлдэхүй /иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно/ гаргасан гэж үзэж байна.
7.4. Газрын зориулалт өөрчлөх талаар ямар нэгэн шийдвэр гарсан эсэхийг тухайн үеийн Орхон аймгийн Засаг дарга ** болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас лавлахад удахгүй шийдэгдэх гэх тайлбар өгсөөр ирсэн.
7.5. Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх “Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын техникийн зөвлөл”-ийн 2023 оны 3-р хуралдаанаас газрын зориулалт өөрчлөх талаар гаргасан хүсэлтийг дэмжиж улмаар холбогдох захирамжийн төслийг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас бэлтгэн, Орхон аймгийн Засаг даргад хүргүүлэх, Орхон аймгийн Засаг дарга газрын зориулалт өөрчлөх захирамж гаргах зэрэг ажиллагааг хийх ёстой байсан боловч уг асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсныг хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна. Дээрх эс үйлдэхүйн улмаас газар эзэмшигч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна” гэжээ.
8. Нэхэмжлэгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2018 оноос хойш энэ 3 нэгж талбарын гэрчилгээтэй газрыг шилжүүлж аваад өмчлөгч нь болсон. 2022 оноос хойш Газрын харилцааны алба болон Засаг даргад зориулалт өөрчлүүлэх хүсэлтээ өгсөөр байгаад 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар ороод дэмжигдлээ гэсэн хариу өгсөн. Түүнээс хойш шийдвэр гарахгүй явсаар байгаад өнөөдөр шүүх хурлаар явж байна. Ямар шалтгаанаар өдий хүртэл шийдвэрлээгүйг сайн мэдэхгүй байна. Асуухаар одоо шийднэ гэсээр байгаад өдий хүргэсэн. Би жаахан тэвдэнгүй байна. Явцын дунд тайлбараа гаргаад явна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна” гэв.
9. Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжпэгч **ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдагдсан газрын зориулалт өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болох, амины орон сууцны зориулалттай газрын зориулалтыг нийтийн орон сууцны зориулалттай болгон өөрчлөх гэдэг нь үндэслэлгүй байна.
Аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/1001 дугаар “Нэгж талбар нэгтгэх тухай” захирамжаар иргэн **гийн гаргасан хүсэлтийн дагуу ** багийн **-р хорооллын ** хэсэгт байрлах тус бүр 374 м.кв “амины орон сууцны зориулалтаар” эзэмшиж буй 3 нэгж талбарыг нэгтгэн 1122 м.кв болгон 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн ба газрын зориулалтыг өөрчилсөн шийдвэр гараагүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх “Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын техникийн зөвлөл"-ийн 2023 оны 3-р хуралдааны шийдвэр нь эцсийн шийдвэр биш бөгөөд эрх зүйн чадамжгүй болно. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйл “Засаг даргын шийдвэр” гэсний 66.1 дэх хэсэгт “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасан ба 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/1001 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын зориулалтыг өөрчилсөн захирамж гараагүй болно.
Аймгийн Засаг даргын газрын харилцааны талаар эдлэх бүрэн эрх, чиг үүргийг Газрын тухай хуулиар хуульчилсан байдаг ба тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-т зааснаар аймгийн Засаг дарга “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах” гэж заасан. Мөн тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэсний 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”, 33 дугаар зүйл “Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах” гэсний 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана” гэж заасан ба маргаан бүхий газар нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар “Барилгажилтын төсөл батлах тухай” тогтоолоор маргаан бүхий газар нь “амины орон сууц”-ны зориулалтаар төлөвлөгдөж батлагдсан байна. Мөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д тус газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/133 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт орж, журмын 15.5 дахь хэсэгт “энэ журмын 8.9, 8.10-т зааснаас бусад тохиолдолд эзэмшил, ашиглалтын газрын хэмжээ, байршил болон зориулалт өөрчлөхийг хориглоно" гэж заасан байна. Газрын тухай хуульд аймгийн Засаг даргын дэргэдэх “Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын техникийн зөвлөл” болон тус Зөвлөлөөс гарсан шийдвэр, шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль зүйн үр дагавар, энэ талын харилцааг зохицуулсан зохицуулалт байхгүй бөгөөд тус Зөвлөлийн шийдвэрийг захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй.
Иргэн ** нь газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөл, зориулалтыг зөрчсөнөөр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 35.3.1-т заасан “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” гэснийг тус тус зөрчсөн. Мөн дээрхээс гадна аймгийн Засаг даргын 2025.04.22-ны өдрийн А/320 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд баригдаж буй барилга байгууламжуудад хяналт шалгалт хийх ажлын хэсгийг холбогдох мэргэжлийн эрх бүхий байгууллагуудын төлөөллөөс бүрдүүлэн байгуулж, хяналт хийн ажилласан ба иргэн ** эзэмшиж буй 1122 м.кв газартаа захиалан бариулж буй “**” орон сууцны төсөл нь холбогдох Барилгын тухай хуулийг зөрчиж архитектор төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, ажлын зураг батлагдаагүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, барилга угсалтын ажлыг зөвшөөрөлгүй гүйцэтгэж байгаа зэрэг зөрчлүүд тогтоогдсон болно. Иймд иргэн **гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
10. Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга ** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Орхон аймгийн Засаг дарга 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/20 дугаар захирамжаар ** багийн ** дүгээр хороолол ** хэсэг ** тоот 374 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар, 2020 оны 03 дугаар сарын 18-ны А/179 дугаар захирамжаар ** багийн ** дүгээр хороолол ** хэсэг ** тоот 374 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/742 дугаар захирамжаар ** багийн ** дүгээр хороолол ** хэсэг ** тоот 374 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар иргэн **д эзэмшүүлсэн.
Иргэн ** нь 2023 оны 05 дугаар сарын 08-нд амины орон сууцны зориулалттай дээрх гурван газраа нэгтгэн, нийтийн орон сууцны зориулалттай болгон өөрчлөх хүсэлтийг гаргасныг үндэслэн “Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын техникийн зөвлөл”-ийн 2023 оны 03 дугаар хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд 75 хувийн саналаар дэмжигдсэн байдаг. Тус шийдвэрийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2023 оны 05 дугаар сарын 25- ны өдрийн 02/1356 дугаар албан бичгээр ирүүлсэн байна.
Албан бичгийн дагуу иргэн **гээс холбогдох баримтыг бүрдүүлэн авч 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст “Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын техникийн зөвлөл”-ийн 3 дугаар хурлын шийдвэр, Засаг даргын захирамж, гэрээ, гэрчилгээний хуулбар, нэгж талбар нэгтгэх, зориулалт өөрчлөх тухай хүсэлтийг уламжилсан.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу аймгийн Засаг даргын эрх хэмжээний асуудал юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сая ** төлөөлөгчөөс газрын зориулалтыг өөрчлөх боломжгүй талаарх тайлбаруудыг хэллээ. Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын барилгын техникийн зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр 5 дугаар сарын 25-ны өдөр 2/1356 дугаар албан бичгээр манай байгууллагад ирсэн байдаг. Үүний дагуу **гээс холбогдох баримтуудыг авч 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тухайн газрын нэгж талбар нэгтгэх, зориулалт өөрчлөх тухай хүсэлтийг уламжилсан байдаг. Ер нь аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасны дагуу эзэмшүүлэх асуудлыг өөрөө шийдвэрлэнэ гэж зааснаар аймгийн Засаг даргын эрх хэмжээний асуудал.
Мөн хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын барилгын техникийн зөвлөлтэй байна гэдэг заалт Газрын тухай хууль болон Барилгын тухай хуульд байдаггүй. Энэ бол Засаг даргад зөвлөн туслах чиг үүрэг бүхий Засаг дарга байгуулсан зөвлөл байдаг. Үүнийг хуулиараа байна гэсэн зүйл байхгүй учраас зөвлөлийн шийдвэр эцсийн шийдвэр биш юм. Энэ зөвлөлөөс гарсан шийдвэрийг Засаг дарга өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь Газрын тухай хуулиар эрх хэмжээний асуудал нь юм. Тийм учраас **гийн гаргаж байгаа нэхэмжлэлийг биелүүлэх боломжгүй. Өмнөх гаргасан тайлбараа дэмжин оролцож байна” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан
“Орхон аймаг Баян-Өндөр сум ** багийн **-р хорооллын ** хэсэг ** тоот хаягт байрлалтай 1122 м.кв талбайтай нэгж талбарын ** дугаартай газрын зориулалт өөрчлөх талаар гарсан 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх “Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын техникийн зөвлөл”-ийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 3-р хуралдааны шийдвэрээр иргэн **д холбогдох хэсгийг хэрэгжүүлж, захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Орхон аймаг Баян-Өндөр сум **ийн **-р хороолол ** хэсэг ** тоот хаягт байрлах 1122 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай газрын зориулалтыг нийтийн орон сууцны зориулалттай болгон өөрчлөх захирамж гаргахыг Орхон аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, Орхон аймгийн Засаг дарга нарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан. /ХХ-ийн1-4 дүгээр тал/
2. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан “Барилгын үйл ажиллагаатай холбоотой баримт бичгүүд холбогдох зөвшөөрлийг олгохыг даалгах” шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд дээрх шаардлагуудаа дэмжиж оролцсон бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв. /ХХ-ийн 67-70 дугаар тал/
3. Нэхэмжлэгч ** нь Орхон аймаг Баян-Өндөр сум ** багийн ** дүгээр хорооллын ** хэсэгт байрлах тус бүр 374 м.кв амины орон сууцны зориулалтаар эзэмшиж буй **, **, ** нэгж талбарын дугаартай газруудыг нэгтгэн эзэмших хүсэлтээ Орхон аймгийн Засаг даргад гаргасны дагуу аймгийн Засаг даргаас 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/1001 дугаар захирамжаар дээрх 3 нэгж талбарыг нэгтгэн 1122 м.кв болгон 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, ** дугаартай гэрчилгээ олгосон байна.
4. Нэхэмжлэгч нь анх 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, мөн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр маргаан бүхий 1122 м.кв амины орон сууцны зориулалттай газрыг нийтийн орон сууцны зориулалттай болгон өөрчлөх хүсэлтээ Орхон аймгийн Засаг дарга болон Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус гаргасан байна. /ХХ-ийн 17, 29-30 дугаар тал/
5. Улмаар дээрх хүсэлтийг хүлээн авч, Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалт, газар зохион байгуулалтын техникийн зөвлөл 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн газрын хэмжээ, байршил, зориулалт өөрчлүүлэхээр гаргасан хүсэлтүүдийг тус тус шийдвэрлэхдээ иргэн **гийн /жагсаалтын 21 дүгээр/ хүсэлтийг “Амины орон сууцны зориулалттай газрыг нийтийн орон сууцны зориулалттай болгон өөрчлөхийг 75 хувийн саналаар дэмжиж, тухайн хурлын шийдвэрийг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02/1356 дугаар албан бичгээр Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /ХХ-ийн 99-110 дугаар тал/
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **нараас “... зөвхөн Хот байгуулалт, газар зохион байгуулалтын техникийн зөвлөлийн хурлын шийдвэрээр газрын зориулалтыг өөрчилж шийдвэрлэх боломжгүй, аймгийн Засаг даргын эрх хэмжээний асуудал байдаг, ...** дүгээр хорооллын ** хэсэгт байрлах газрыг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2012 оны 05 дугаар тогтоолоор амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тул **гийн газрын зориулалт өөрчлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж мэтгэлцэж байгаа боловч хэрэгт авагдсан Орхон аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Газрын зориулалт өөрчлөх тухай” А/436 дугаар захирамжаар иргэн **ийн гаргасан хүсэлтийн дагуу ** багийн ** дүгээр хорооллын ** хэсэгт байрлах амины орон сууцны зориулалтаар эзэмшиж буй 811 м.кв газрын зориулалтыг өөрчлөн эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар эзэмшүүлэхээр, мөн Аймгийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалт, газар зохион байгуулалтын техникийн зөвлөл 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтын 31 дүгээрт иргэн **ы ** багийн ** дүгээр хороолол ** тоотод эзэмшиж буй газрыг эмнэлгийн зориулалттай болгон өөрчилж тус тус шийдвэрлэсэн байна. /ХХ-ийн 34, 110 дугаар тал/
7. Дээр дурьдсан Орхон аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Газрын зориулалт өөрчлөх тухай” А/436 дугаар захирамжаар иргэн **, ** нарын гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн атлаа яг ижил байршилд байрлах иргэн **гийн хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсаныг захиргааны байгууллага тэгш байдлыг хангах зарчмыг алдагдуулсан гэж үзэх үндэслэлтэй.
8. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” гэж заасан.
9. Хариуцагч талаас иргэн **г зохих зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн гэх боловч Аймгийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалт, газар зохион байгуулалтын техникийн зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 3 дугаар хурлаар **гийн хүсэлтийг “Амины орон сууцны зориулалттай газрыг нийтийн орон сууцны зориулалттай болгон өөрчлөхийг 75 хувийн саналаар дэмжиж шийдвэрлэсэн” тул түүнийг эзэмшиж буй газраа зориулалтын дагуу эзэмшээгүй гэж шууд буруутгах боломжгүй.
10. Хэрэв захиргааны байгууллага газрын зориулалтыг өөрчлүүлэхээр гаргасан **гийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол энэ тухайгаа үндэслэл бүхий байдлаар түүнд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй, түүнчлэн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасанчлан шударга ёс, тэгш байдлыг хангаагүй гэж дүгнэхээр байна.
11. Монгол улсын хэмжээнд газрын харилцааны талаарх нэгдсэн бодлогыг Газрын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмаар зохицуулах бөгөөд түүний хэрэгжилтийг хангах нь захиргааны байгууллага, албан тушаалтны хувьд үүрэг болно.
12. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-т “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 21 дүгээр зүйлийн 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 60 дугаар зүйлийн 60.1.2-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга”, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж тус тус заасан.
13. Нэгэнт Аймгийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалт, газар зохион байгуулалтын техникийн зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар **гийн хүсэлтийг “Амины орон сууцны зориулалттай газрыг нийтийн орон сууцны зориулалттай болгон өөрчлөхийг 75 хувийн саналаар дэмжиж шийдвэрлэсэн байх тул аймгийн Засаг дарга хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд **гийн хүсэлтийг шийдвэрлэх эрхтэй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид шууд даалгасан шийдвэр гаргах үндэслэлгүй.
14. Тодруулбал, шүүх нэхэмжлэгчид газрын зориулалт өөрчлөх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, ямар үндэслэлийн улмаас шийдвэрлээгүй нь тодорхойгүй байх тул захиргааны байгууллага уг газрын маргааныг өөрөө шийдвэрлэж, дахин шинэ акт гаргах замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэлтэй байна.
15. Иймд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
16. Хэрвээ шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гараагүй тохиолдолд нэхэмжлэгч нь зохих журмын дагуу газар эзэмших хүсэлтээ захиргааны байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх, захиргааны байгууллага нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө байрлах газарт газар эзэмшүүлэх асуудлыг захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.
17. Нэхэмжлэгчийн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Барилгын үйл ажиллагаатай холбоотой баримт бичгүүд холбогдох зөвшөөрлийг олгохыг даалгах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэхүү шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
18. Нэхэмжлэгч ** нь барилга байгууламж /шинээр/ барихдаа Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1, 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх хэсэгт заасанчлан холбогдох газарт хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаарх хүсэлтээ гаргаагүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан тул шүүх шууд хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй.
19. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 106.4, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 60 дугаар зүйлийн 60.1.2, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтуудыг баримтлан **гийн Орхон аймгийн Засаг дарга /**/, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /дарга **/-т тус тус холбогдуулан гаргасан “Орхон аймаг Баян-Өндөр сум ** багийн **-р хорооллын ** хэсэг ** тоот хаягт байрлалтай 1122 м.кв талбайтай нэгж талбарын ** дугаартай газрын зориулалт өөрчлөх талаар гарсан 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх “Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын техникийн зөвлөл”-ийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 3-р хуралдааны шийдвэрээр иргэн **д холбогдох хэсгийг хэрэгжүүлж, захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Орхон аймаг Баян-Өндөр сум ** ийн **-р хороолол ** хэсэг ** тоот хаягт байрлах 1122 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай газрын зориулалтыг нийтийн орон сууцны зориулалттай болгон өөрчлөх захирамж гаргахыг Орхон аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, Орхон аймгийн Засаг дарга нарт даалгах” нэхэмжлэлийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч **ийн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Барилгын үйл ажиллагаатай холбоотой баримт бичгүүд холбогдох зөвшөөрлийг олгохыг даалгах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэхүү шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын санхүүгээс тус тус 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ